Бясалгагч үгсийн сууринд

Утга зохиол судлаач Уртнасангийн Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” хэмээх   уран зохиолын шүүмж ном саяхан хэвлэгдсэн. Түүний  энэхүү номд дэлхийн болон Монголын уран зохиолын орчин үе, нэн шинэ үеийн гол төлөөлөгчдийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлог, хэл хэллэг, зохиолын тойм зэргийг орчин цагийн шүүмж судлалын салбарын шинэлэг бичлэгийн хэлбэр болох уран зохиолын эсээ байдлаар бичжээ.

Энд багтсан зохиолчдын бүтээл туурвил нь орчин цагийн тулхтай уншигчдын зайлшгүй унших, эргэцүүлэх ёстой бүтээлүүд гэсэн үүднээс сонгон, зохиолчийг зохиол бүтээлийнх нь түвшинд аль болох нээж, цааш дэлгэрүүлэн унших үүд хаалгыг аль болох том онгойлгож өгөхийг зорьсон байна. Тиймээс бид Утга зохиол судлаач Уртнасангийн Бямбанямын "Цаг хугацаа хэлнэ" номоос  Д.Урианхайн яруу найргийн тухай шүүмжийг  хүргэж байна.

Байгаль бол хамгийн урт настай яруу найрагч гэж Уилт Уитмений хэлсэн үг бий. Хамгийн анх үгээр хэлэхийн аргагүй сайхны мэдрэмжийг эсвэл тоочиж боломгүй гуниг санаашралыг үзээд хэн нэгэн дуу алдсан бол тэрхүү харсан зүйл нь байгаль л байсан биз ээ. Германы зохиолч, алдарт “Шилэн эрхиний наадаан” романы зохиолч Херман Хэссед “Яруу найрагч” гэж нэг өгүүллэг бий дээ. Үйл явдал нь товчхондоо Хань Фу гэгч нэгэн эр сайн яруу найрагч болохоор төрсөн гэрээ орхин өвгөн даяанчид шавь орохоор шийдсэн тухай. Мань шүлэгч эр шуудхан яруу найргийн эрдэмд суралцахаар зорьсон ч өнөөх өвгөн түүнийг хөгжим тоглуулж, байгалийн сайхныг ажиглуулахаас өөрийг үл хийлгэжээ. Он цаг одсоор. Хань Фу тэсвэр тэвчээрээ алдан нутагтаа буцаж очоод эцэг эх, сүйт бүсгүйгээ хараад хачин их гуниг төрсөн ч тэдэнтэй уулзсангүй. Энэ үедээ тэр хүний гүйцээж амссан жаргалаас мэдрэмж төрөхгүйг ухаардаг. Тийн байгалийн сайхан бүхнийг, хүсэн тэмүүлэхийн амтат мэдрэмжийг хүртээд жинхэнэ яруу найраг туурвисан талаар эл өгүүллэгт гарна. Тэгэхээр байгаль бол яруу найргийн эх үүтгэл нь гэсэн суут найрагчийн үг дэгс биш бололтой.

 Гунихруу талын элгэнд ганц шувуу эргэх нь ч - уйлах шиг

Гадаа жалгын эхэнд чөдөртэй морь үүрсэх нь ч - уйлах шиг …

Яагаад эзгүй хээр талд ганц шувуу уйлахад даган уйлж, гадаа морь үүрсэхэд сэтгэл дэнсэлнэ гэж. Ер нь мөрүүдийн эхний хэсгийн дүрслэлд “уйлах шиг” гэсэн зүйрлэл хэр зохицох вэ? Өгүүлбэрийн утгыг хөөж харвал ганц шувуу эргэх, морь үүрсэх гэсэн хөдөөх дүрслэл ямар ч гуниг төрүүлэхгүй, энгийн хуурай дүрслэл шиг л санагдана. Тэгвэл зүгээр ч нэг тал биш гунихруу талын элгэнд ганцхан шувуу эргэж буйг харах нь яг л зах хязгааргүй амьдралын дунд ганц хүн бөгтийж явах шиг мэдрэмж төрүүлбэл яах вэ? Тэр чинь яг л уйлах шиг гунигтай биз дээ. Гадаа жалгын эхэнд ганцхан чөдөртэй морь хаанаас ч юм ижлээ эрэн үүрсэнэ. Яг л ганцаардаж цөхсөн хэн нэгэнд бусдын халуун дулаан үг эсвээс хажууд нь суугаад санаа алдах хэн нэгэн дутдаг шиг “ганцхан морь” бас л уйлах шиг. Дүрээр сэтгэх сэтгэлгээнд морь, шувуу, тал, жалгандаа гол нь биш, тэндээс тэмтрэгдэж буй мэдрэмж, сэрэл хийсвэрлэл цөм нь болдог.

“Намар морио услахуй” нэрт шүлэг нь,

 Ганц шувуу шанд эргэнэ…

Яагаад ч юм бэ

Яст мэлхий мөлхөх шиг удаан эргэнэ… гэж эхлээд

Ганц шувуу ганцаараа шанд эргэх нь

Газарт далавчаа гээчхээд хөөрхий

Өдөржин эрэх мэт

Өрөвдмөөр, цуг нисэлцмээр харагдана...

 Ердөө намар орой худаг дээр морио услах зуураа тэртээ дээр удаан шанд эргэх ганц шувууны талаар ийн бичжээ. Ерөөсөө ганц шувуу шанд эргэх нь гунихруу дүрслэл гэтэл “газарт далавчаа гээчхээд” хэмээн хүншүүлж, шувууны нэг газраа эргэлдэн буй шалтгааныг тэс өөр шалтгаан болгон хувиргаж, тэгэхдээ бүр тэрхүү гунихруу зураглалыг “цуг нисэлцмээр” гэсэн хөөрхийлөл ивснээр намрын орой, ганц шувуу, ганц морьтой хүн, зэлүүд худаг гээд ер бусын уйтай мэдрэмжийг бодитжуулаад ирнэ. Иймээс л Гёте “Яруу найрагчийг танья гэвэл төрсөн нутгийг нь зорь” гэж зөвлөсөн биз.

 Галын дөл шиг

Ганц улаан навч

Намрын салхинд тасраад

Тэнгэр өөд хийсэж явна.

Би уулын бэл рүү

Уруудаж явахдаа зөрлөө.

Энэ богино шүлгийг “Тэнгэр өөд хийсэх”, “Уулын бэл рүү уруудах” гэсэн эсрэгцэл, “…зөрлөө” гэсэн төгсгөл нь хачин их санаашралтай, цаг хугацааны талаарх бясалгалын шинжтэй болгочихсон шиг санагддаг. “Галын дөл шиг”, “Ганц улаан навч” намрын дүрслэл, уй ганцаардлыг сануулах бол “Тэнгэр өөд хийсэж явна” гэсэн эхний өгүүлбэрийн төгсгөл цааш хэрхэн үргэлжлэхийг уншигчид асуулт хэвээр орхичихно. Магад тэр навч дараа жилийн хавар цэцэг болоод ургах уу, бороо болоод орох уу, өвөл нь цас болоод будрах уу, дахин навч болоод дэлгэрэх үү, хэний ч үл мэдэх хувирал руу хийсэж яваа. Энэ бол байгалийг мөнхийн эргэлт гэдгээр зүйрлэн сэтгэсэн хэрэг. Гэтэл хүн буюу зохиолч зөвхөн нэг чиглэлд бэл рүү уруудаж яваа. Энэ бидний л ёс. Бид төрөхөөс эхлээд үхэх хүртэлх нэг л чиглэлд зорчигсод шүү дээ. Бас түүнд:

… Голын бургасанд хоёр дуугай шувуу

Гомдсон ч ижлүүд шиг, баярласан ч ижлүүд шиг

Өөд өөдөөсөө дуугай нисэх нь

Учрах ч юм шиг, зөрөх ч юм шиг харагдан

Харахаас нүд халтирам… гэх нэгэн шүлэг бий.

 Голын бургасанд хоёр шувуу нисэлдэн буйг яруу найргийн мэдрэмжээр хайр сэтгэл, хүн хүнээ гэх тэмүүлэл, хагацлын гашуун нясуун гээд асар өргөн сэдэв болгон урлачхаж. “Гомдсон ч ижлүүд шиг, баярласан ч ижлүүд шиг” гэсэн нь тэднийг хэзээ ч салж хагацашгүй нэгэн үл мэдэг сэжим холбож буйг сануулна. Муудаж сайдаад холдлоо гэхэд ахан дүүс, аав эжий, амраг сэтгэлээсээ бүрэн дүүрэн зугтаж чадна гэж үү. Энэ бол ертөнцөд биднийг уяж орхисон мөнхийн хүлээс. Дараагийн мөр нь “Учрах ч юм шиг, зөрөх ч юм шиг”. Энд ирэхэд уншигчийн сэтгэлийн хөндүүрт шүлэг хэдийн хүрч, зохиолч хэлэлтгүй “Харахаас нүд халтирам” хэмээн уншигч дуу алдах вий. Д.Урианхайн байгалийн үзэгдэл, жам ёсны хувирлыг хүний амьдрал, хувь тавилантай зүйрлүүлсэн шүлгүүд яруу найраг дахь хуурай зүйрлэл, дүрслэлийг хэд хэдэн шат ахиулсан юм даг. “Алтан шаргал навч”, “Мөнгөн сар”, “хөх манхан тэнгэр” мэтийн дүрслэл, зүйрлэлийг утгын зүйрлэл болгон урласан. “Намрын навчинд өргөх шүлэг” нь,

 Ургаж өөдлөөд, унаж газарладаг

Учир тавилантай шаргал навчис аа!

Өлмийдөө элбэг зай олоод гишгэлгүй өнгөрөөе дөө, би

Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа! гэж эхлээд төгсөхдөө

… Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө

Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ! … гэж үргэлжилнэ.

 Эхний мөрийн эхлэл “ургаж өөдлөөд, унаж газарладаг” гэсэн нь байгалийн жам ёсны тухай атал дараагийн мөрөнд өлмийдөө зай гарган зайчлаад өнгөт хорвоогийн эргэлтийг нь ёсоор дуусгая гэсэн бясалгал, нигүүлсэл рүү хувирч, хамгийн сүүлийн мөрөнд эл шүлэг зүгээр навчист хандан хэлсэн үг биш тэр чигээрээ хүний жам ёсны дуулал болж хувирдаг. “Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!” гэж. Өөрөөр хэлбэл, түүний эл шүлэг зөвхөн навчны хавар ургаж намар унадаг жам ёсоор бүхий л амьд амьтны тавилан заяа, ертөнцийн эргэлтийг эргэцүүлсэн бясалгал маягтай яруу найргийг бүтээчхэж байгаа юм. Түүнд бас ганц мөртэй шүлэг бий. Нэр нь “Захиа”.

 Дугтуй дүүрэн өвөл

Шүлэг нь ердөө л энэ. Шүлгийн эхний хоёр үгийг хэвээр нь үлдээгээд сүүлийн үгийг солих боломжтой. Тэр дугтуй дотор дүүрэн зун ч, намар ч эсвэл бүр хавар, дүүрэн цас, дүүрэн бороо, дүүрэн салхи ч байх боломжтой. “Өвөл” гэсэн үг зөвхөн зохиогчийн захианд хандсан хандлагыг илэрхийлсэн үг болохоос шүлгийн хамгийн гол санаа нь “Дугтуй дүүрэн …” гэсэн этгээд атлаа энгийн илэрхийлэлд үлдэж байна.

Түүний санаашрал “болжмор жиргэх, хээр талаар морьтой хүн таваргах, өвөлжөөнөөс намрыг хиаг ханхлах, бор гэрт гал шаргалтах, хаврын үдэш гадаа бороо шиврэх”. Хэн нэгний тоож ч хардаггүй эгэл боргил бүхнийг тэр амьд явах шалтгаан болгосноороо эх орны тухай, өөрийнхөө бие философийн тухай, эгэл энгийнээс сайхныг олж харахын тухай “том” дуулал бүтээжээ. Энэхүү шүлэг,

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!

Тэр шувуунд би хачин их хайртай!

Тэртээ уулын хормойд ой шуугьж л байвал би амьд явна!

Тэр эгшгэнд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа! хэмээн үргэлжилнэ.

Түүнтэй би нэг л удаа нүүр тулан уулзсан. Ажлын шугамаар билүү дээ. Бидний хамт татуулсан нэг зураг байдаг юм. Өөрөөр зохиолчийн хувь ертөнцийг мэдэхгүй. Хажуугаас нь харвал өтгөн сахалдаа түүртэн зүүрмэглэх мэт толгой гудайн явна. Бодолхийлж буй нь тэр байх. Тэр их бодлоо цалгиачих вий гэхдээ хачин зөөлөн, аядуу алхдаг. Тэр цалгилан буй бодолдоо,

Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх!

Маргааш шиг ойрхон байх!

Магад ирэх Үхэл шиг

Давтагдахгүй байх!... хэмээн бясалгадаг биз.

Тиймдээ хүний амьдрал нулимс шиг, инээд шиг хуучин, үхэх шиг, төрөх шиг магад. Ийм амьдрал халуун, давтагдашгүй, гол нь сэрүүн байх хэрэгтэй. Д.Урианхайн ертөнц тийм л энгүүн агаад өр нимгэн байдаг.

У.Бямбанямын “Цаг хугацаа хэлнэ” номоос, 174-179-р хуудас

 


avatar
    • зочин
    • 172.69.254.*

    энэ үнэхээр сайхан.... хөнгөн атлаа гүн гүнзгий... сайхан ном байна лээ...

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3264

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%