Нийтлэл 05 сарын 08, 2018

Бид ч гэсэн амьдрах чадвартай Монгол иргэнээ бэлдье

Хүүгийн маань сургуульд “Гамшгаас хамгаалах дэвтэр” гэсэн гарчигтай дэвтэр тараасан юм. Сонирхон үзэхэд “Чи өөрөө, өөрийгөө хамгаална” гэсэн тодотголтой бөгөөд, хэрвээ газар хөдөлбөл хүүхэд өөрийгөө хэрхэн яаж хамгаалах талаар дараах зөвлөгөөг өгсөн байлаа. Жишээ нь:

Гэрт нь дээрээс унаж орж ирэхээр том тавилга, хагарч бутрах эд зүйлс байгаа аюултай хэсгүүдийг олох, аюулгүй өөрийгөө хамгаалах боломжтой орчин хаана байгааг мөн олж тогтоох, 
Хүчтэй газар хөдлөлтөд орон гэр нь нэрвэгдэн, нурах аюултай үед, гадаа эсвэл өөр газар байрлах бол ойр орчимд хаана илүү аюулгүй газар байгааг олж мэдэх, нүдлэх,
Хүүхэд өөрийгөө хамгаалах, аюулгүй байхын тулд өөр юу юу хэрэг болох вэ гэх зэргээр тулгарч болох асуудлуудыг дэвшүүлж, хүүхдээр тунгаан бодуулж, хариуг нь бичүүлэх аж.

Газар хөдөлбөл ингэ, тэг гээд зүгээр нэг захиж зөвлөөд орхих биш, дээрх шиг бодитоор төсөөлүүлж, хаана ямар аюултай зүйл байгааг хүүхдээр өөрөөр нь эргэцүүлж бодуулах нь илүү үлдэцтэй байдаг бөгөөд энэ нь гамшгаас хамгаалах боловсролд маш чухал үйлдэл юм. Ер нь хүүхэд гэлтгүй эцэг эх бидэнд ч “За байз хаана, юу билээ?” гэж эргэцүүлэн тунгаах боломжыг олгосон хэрэгтэй дэвтэр санагдлаа. Газар хөдлөлт, хар салхи зэрэг байгалийн гамшиг ихтэй Япон орны боловсролын байгууллагаас, гамшгийн үед өөрийгөө хамгаалах мэдлэгтэй иргэн бэлтгэж буй олон аргын нэг нь тус дэвтэр бөгөөд, Японы боловсролын зорилтод “Амьдрах чадвар”-ыг хөгжүүлэх гэж заасан байдгийн тод жишээ юм.

Харин Монголчууд бид хойч үеэ юунд залж, хэрхэн хүмүүжүүлж байгаа билээ?

Ямарваа нэгэн аюул, гамшиг тохиолдоход өөрийн биеэ хамгаалах чадварыг бид үр хүүхдэдээ зааж сурган, өвлүүлж чадаж байгаа юу? 

Улаанбаатар хот газар хөдлөлтийн хэд хэдэн идэвхтэй бүсүүдээр хүрээлэгдсэн ба нийслэл хотын маань ойролцоо найм хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж унах, хүн амын 30-60 хувь нь өртөх магадлалтай. Нийт 656 сургуулийн 164, 688 цэцэрлэгийн 148 нь газар хөдлөлтөд огт тэсвэргүй, шууд нурах эрсдэлтэй гэсэн судалгаа байх аж.

Улаанбаатар хотын ойр орчмын газар хөдлөлтийн хэмнэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгэн үе, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гадны аж ахуйн нэгжүүд болон гадаад ажилчиддаа толгой компаниудаас нь сануулга өгөх түвшинд хүртэл хурцдаж, яригдсан байхад Монголчууд бид мэдээ ч үгүй өнгөрсөн байх жишээтэй. Газар хөдлөлт гэдэг зөвхөн арлын орны асуудал биш, Монголчууд бидэнд ч тулгарч болзошгүй том гамшгийн нэг юм.

Хүчтэй газар хөдлөлт гэдгийг мэдэхгүй, ямар ч ойлголтгүй өсчихсөн насанд хүрэгсдэд хэр аюултай талаар, хэрхэн бэлтгэлтэй байх талаар хэлж ойлгуулах хэцүү. Иймд боловсролын байгууллага, сургууль, цэцэрлэгийн түвшинд гамшиг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгийн үед авах арга хэмжээний талаар нийтлэг ойлголттой болох, тэдгээрийг сургалтын хөтөлбөрийн агуулгадаа тусгах, гамшиг тохиолдсон үед мөрдөх заавар, зөвлөмж боловсруулж, бэлдэх хэрэгтэй. 
Мөн сургууль, цэцэрлэг тус бүр гамшгаас хамгаалах үйл ажиллагааг ажлын агуулгадаа илүү тодорхой тусгах, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны хамрах цар хүрээ, хийгдэх ажлуудаа эргэн нэг харах хэрэгтэй мэт. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлт болсон нөхцөлд нуугдах, зугтан гарах талаарх мэдээллийг хэрхэн хүүхдүүддээ хүргэх, хэн удирдах, аюулгүй газарт очих хүртлээ ямар дүрэм баримтлах, очсоны дараа авах арга хэмжээ гэх мэт маш олон асуудлыг авч үзэн, тэдгээрт бэлтгэж, сургуулилалт хийх зэрэг асуудлын талаар юм.

Гамшиг гэдэг нь бидний эв тухыг тааруулж ирдэг зүйл биш. Хүүхдүүд гэр гэртээ эцэг эхийнхээ хамт байх үед, сургууль цэцэрлэг дээрээ байх үед, нийтээрээ гадуур үзвэр, амралт, зугаалганд явж байх үед ч тохиолдож болно. Сургууль, цэцэрлэг дээр байгаа хүүхдүүдийн хувьд хичээл зааж байгаа багш та ангид байгаа хүүхдүүдээ хэрхэн яаж хамгаалах вэ? Танд энэ талаарх зөв ойлголт, хэрэгтэй мэдлэг байгаа юу? Зам тээврийн хөдөлгөөн зогсож, хүүхдүүд явах боломжгүй эсвэл очих газаргүй болж сургууль дээрээ хэдэн өдөр хонож өнжих нөхцөл үүсэхэд, багш та тэдний эцэг эхийг орлож, амь насыг нь хариуцан ажиллаж чадах уу? Хүүхдүүдийн хоол унд, дулаан байлгах, бие засах асуудлаас нь авахуулаад олон зүйлийг БАГШ хариуцаж шийдвэрлэх болно. Эргэн тойронд чинь эвдэрхий барилгын нуранги үүсч, гал түймэр гарч, аюулгүй газар руу дүрвэн, зугтах шаардлага дахин дахин давтагдаж ч болно. Энэ бүхэнд СУРГУУЛЬ та, ЦЭЦЭРЛЭГ та, БАГШ та бэлэн үү?

Иймд гамшгаас хамгаалах боловсролыг түгээж, Монголынхоо хойч үедээ сургаж, хэвшүүлэхэд багш, сурган хүмүүжүүлэгч, сургууль цэцэрлэгийн оролцоо маш чухал юм.

“Амны билгээс ашдын билэг гэдэг юм. Битгий муу ёрлоод бай” гээд суулгүй, сардаа ядаж нэг хичээлийн цаг буюу ердөө 40 минутыг гамшгаас хамгаалах боловсролд зориулж хүүхдүүдээ сургах, мөн багш нараа тогтмол сургалтанд хамруулж, дадлагажуулж байхыг уриалж байна.

Бид ч гэсэн “АМЬДРАХ ЧАДВАРТАЙ” Монгол иргэнээ бэлдэе. Өөрийн биеийг өөрөө хамгаалж, аварч үлдсэн хүн л бусдад гараа сунгах боломжтой. Япон улс Фүкүшима мужийн Оокава бага сургууль. 2011 оны 3 сарын 11нд болсон газар хөдлөлтөөр цүнамид нэрвэгдэж, 11 багш, ажилчид, 74 сурагчид эндсэн. Энэ нь тухайн газар хөдлөлтөөр хамгийн их багш, сурагчдаа алдсан сургуулиар тооцогдсон. Гамшгийн дараа, энэ сургуулиас яагаад ийм олон хүүхэд эндэж, талийгаач болсон талаар тусгай багийг томилон ажиллуулж, олон судалгаа шинжилгээг хийсэн байна. Судалгааны үр дүнд багш ажилчид нь гамшиг буюу цүнамигаас хамгаалах талаар бүрэн мэдлэггүй, гамшиг үүссэн тохиолдолд авах арга хэмжээ нь тодорхойгүй, бэлтгэл сургуулилалт хангалттай явагдаж байгаагүй нь тодорхой болсон. Иймд сургуулийн удирдлага, мөн сургуульд бүрэн хяналт, анхаарал тавиагүй орон нутгийн байгууллагууд тус тус хариуцлага алдсанаас үүдэлтэй гэж дүгнэжээ. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon