Нийтлэл 09 сарын 14, 2018

Зохиолч Казүо Ишигүрогийн тухай сонирхолтой 10 баримт

Монсудар хэвлэлийн газар Нобелийн шагналт зохиолч Казүо Ишигүрогийн бүтээлүүдээс хамгийн алдартай нь болох “Өдрөөс үлдсэн зүйл” романыг албан ёсны эрхтэйгээр монгол уншигчдадаа хүргээд удаагүй байгаа билээ. . Үүнтэй холбогдуулан зохиолч  Казүо Ишигүрогийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

Казүо Ишигүро хэдий Япон гаралтай ч бүх романаа англи хэлээр туурвисан 

1954 онд Японы Нагасаки хотод төрсөн тэрээр гэр бүлийнхээ хамтаар Японоос Нэгдсэн Вант улсад 1960 онд нүүж ирснээсээ хойш гуч орчим жилийн дараа буюу 1989 онд л Япон сангийн хөтөлбөрт хамрагдаж дахин хөл тавьсан аж. Тиймээс ч Ишигүро япон зохиолч Кэнзабүро Оэд өгсөн ярилцлагадаа эхний хоёр романд нь гарч буй япон орчин үнэн хэрэгтээ төсөөллөөс нь урган гарсныг дурдаж: “Би сэтгэлийн нягт холбоотой энэ чухал орныхоо тухай өөрийн гэсэн тод төсөөлөлтэй өссөн...

Англид би энэ төсөөллийн Япон орны дүр зургийг сэтгэлдээ улам бүр нарийн тодорхой болгож байлаа”

 хэмээн ярьсан нь бий.

Бүкерийн шагналд дөрвөн бүтээлээрээ нэр дэвшиж байсан

Тэрээр 1989 онд Өдрөөс үлдсэн зүйл (The Remains of the Day) романаараа уг шагналыг хүртсэн юм. “Бүдгэрэн харагдах толгод” (A Pale View of Hills), “Булшлагдсан аварга биет” (The Buried Giant) хоёроос бусад Ишигүрогийн роман, өгүүллэгийн түүврүүд бүгд уг нэр хүндтэй шагналд нэр дэвшжээ. “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч” (An Artist of the Floating World), “Биднийг өнчин байхад” (When We Were Orphans), “Намайг бүү явуулаач” (Never Let Me Go) романууд нь Бүкерийн шагналд нэр дэвшсэн бөгөөд 2005 онд шүүгчдийн бүрэлдэхүүн Ишигүрогийн “Намайг бүү явуулаач”, Жон Бэнвиллийн “Тэнгис” (The Sea) роман хоёрын хооронд санал хуваагдаад эцэстээ Бэнвиллийг сонгосон юм.

Хамгийн отгон Нобелийн шагналтан

2017 онд Шведийн академиас Ишигүрод “Сэтгэл хөдлөлийн маш их хүч шингэсэн романууддаа дэлхий ертөнцтэй холбогдох хуурмаг холбооны цаадах гүн хавцлыг нээж харуулсны учир” Нобелийн шагналыг хүртээсэн билээ. Түүнчлэн тэрээр 2018 онд Английн хатан хаанаас “Сэр” цол хүртжээ.

Ишигүрогийн зөвхөн эхний хоёр ном нь л Японы тухай өгүүлдэг 

Үүнээс хойших бүх романых нь үйл явдал Их Британид өрнөнө. Эхний хоёр романы үйл явдал нь Японд өрнөдөг хэдий ч тэр япон уран зохиолыг төдий сайн мэдэхгүй, уран бүтээл нь япон уран зохиолтой ер төсгүй гэдгийг ярилцлагууддаа олонтоо дурджээ. 1989 онд өгсөн нэгэн ярилцлагын үеэр түүнээс япон гарал үүсэл нь түүнд хэрхэн нөлөөлсөн тухай асуухад,

“Би японоор ярьдаг гэр бүлд, япон эцэг эхтэй өссөн учир англи хүмүүсээс ялгаатай. Эцэг эх минь энэ улсад их удаан амьдарна гэдгээ ойлгоогүй учир намайг япон үнэт зүйлстэй аль болох ойр өсгөхийг хичээсэн. Миний гарал үүсэл өөр, би бусдаас өөр сэтгэдэг, харах өнцөг минь бусдаас бага боловч ялгаатай”

 гэж ярьжээ. 

Түүнчлэн Ишигүро 1990 оны нэг ярилцлагадаа “Хэрэв би зохиолоо нууц нэрээр бичээд, номын хавтас дээрээ өөр хэн нэгний зургийг ашиглавал ‘Энэ хүн надад нөгөө япон зохиолчийг санагдуулж байна’ гэж хэлэх хүн гарахгүй” хэмээсэн нь бий. Гэхдээ Ишигүрогийн уран бүтээлд зарим япон зохиолчийн нөлөө бий. Түүнчлэн япон кино, ялангуяа Ясүжиро Озү, Мизио Нарүсэ нарын найруулсан кинонууд уран бүтээлд нь багагүй нөлөөлсөн гэдгийг Ишигүро өөрөө хүлээн зөвшөөрдөг.

Ишигүро хоёр гол зохиолдоо дайны үеийг сонгосон нь нарийн учиртай

Өдрөөс үлдсэн зүйл романы ихэнх үйл явдал дэлхийн II дайны үеэр Английн нэг лордын эдлэнд хөвөрнө. “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч” (An Artist of the Floating World) хэмээх Ишигүрогийн хоёр дахь романы үйл явдал харин 1945 онд Япон улс дайнд бууж өгсний дараах сэргэн босголтын үед, Японы нэргүй нэгэн хотод өрнөдөг. Уран бүтээлдээ түүхийн энэ цаг мөчийг сонгон өгүүлэх болсон шалтгаанаа Ишигүро “Хүмүүсийн үнэт зүйл, үзэл бодол тодорхой цаг хугацааны дараа шинэ сорилтой нүүр тулж, хүмүүс урьдын үзэл бодол нь буруу байсныг ухаарахаас өөр аргагүйд хүрэх тухай сэдэв анхаарлыг минь татдаг учир би дайны өмнөх болон дараах үеийг бүтээлдээ сонгож авах дуртай” хэмээн тайлбарлажээ.

Ишигүрогийн романууд тодорхой шийдэл санал болголгүй төгсөх нь олонтоо

Дүрүүдэд тулгарсан асуудлууд өнгөрсөндөө, шийдэлгүйгээр хоцорно гэсэн үг. Тиймээс ч романуудын төгсгөлд ихэнхдээ гунигт эвлэрлийн өнгө аяс мэдрэгддэг. 

Гол дүрүүд өнгөрсөнд хэн байснаа, одоо хэн болсноо хүлээн зөвшөөрч, ийнхүү зөвшөөрснөөрөө дотоод амар амгаланг мэдэрч байгаа мэт сэтгэгдэл уншигчдад төрнө. Үүнийг хамгийн тод мэдрүүлэх хоёр зохиол нь Өдрөөс үлдсэн зүйл ба Хөвөгч ертөнцийн уран бүтээлч юм.

Ишигүрод нөлөөлсөн зохиолчид

Өөрт нөлөөлсөн зохиолчдодоо Достоевский, Прүст нарыг багтаадаг. Түүний уран бүтээлийг Салман Рүшди, Жейн Остин, Хенри Жеймс нарынхтай ойр гэж үзэж, жишиж харьцуулдаг ч ийнхүү зүйрлэхийг Ишигүро зөвшөөрдөггүй.

Ишигүрогийн зохиолууд англи хэлээрх шилдэг бүтээлүүдийн жагсаалтад байнга багтдаг 

2006 онд The Observer сонины зүгээс 150 зохиолч, шүүмжлэгчдэд англи хэлээрх хамгийн сайн романыг нэрлэх санал тавьж гаргасан шилдэг романы жагсаалтад Өдрөөс үлдсэн зүйл наймдугаар байр эзэлжээ. 2007 онд Guardian сонины зүгээс “Уншихгүй байх аргагүй номууд”-ын жагсаалтыг гаргахад Өдрөөс үлдсэн зүйл багтсан төдийгүй 2009 онд “Хүн бүрийн унших ёстой мянган ном”-ын жагсаалтад энэхүү амжилтаа давтсан байна. Ишигүрогийн 2005 онд бичсэн “Намайг бүү явуулаач” (Never Let Me Go) романыг нь Тайм сэтгүүлээс оны шилдгээр нэрлэсэн төдийгүй 1923–2005 онд англи хэлээр хэвлэгдсэн зуун шилдэг романы жагсаалтдаа багтаажээ.

Хамгийн алдартай Өдрөөс үлдсэн зүйл романаа ердөө нэг сарын дотор бичиж дуусгажээ 

Ишигүро 1987 оны зун бүхий л анхаарлаа зохиол бичихэд төвлөрүүлэхээр шийдэж өглөө есөн цагаас орой арван цаг гучин минут хүртэл өдрийн хоолны нэг, оройн хоолны хоёр цагийн завсарлагатайгаар ажиллахаар төлөвлөгөө гарган эхнэр Лорнатайгаа ойлголцсон байна. Эцэст нь ердөө нэг сарын дотор Өдрөөс үлдсэн зүйл роман нь бэлэн болов. Энэ хугацаанд Британийн гэрийн үйлчлэгчид, хоёр дайны хооронд үеийн улс төр, гадаад бодлого зэргийг судалж, ялангуяа британи улс төрийн онолч, эдийн засагч, зохиолч Харольд Ласкигийн бүтээлүүдтэй танилцжээ. Харин Стивенсийн дүрийн тухайд Фрэнсис Форд Копполагийн “Яриа” (The Conversation) киноны гол дүрээс буюу бусдын яриаг нууцаар бичиж, энэ салбарт “Америкийн хамгийн төгс мэргэжилтэн” байхыг хичээдэг нэгнээс санаа авсан байж магадгүйгээ Ишигүро энэхүү нийтлэлдээ дурджээ.

Өдрөөс үлдсэн зүйлроманы төгсгөлийг дуунаас санаа авч өөрчилсөн

Ишигүро Том Уэйтсийн дуунаас санаа авч зохиолдоо өөрчлөлт оруулжээ. Тэрээр Өдрөөс үлдсэн зүйл романыхаа гар бичмэлээ хэдэнтээ уншсаныхаа дараа сэтгэл ерөнхийдөө хангалуун байсан ч нэг л зүйл дутуу мэт санагдаад байж. Нэг орой гэрийнхээ буйдан дээр хэвтээд америк дуучин Том Уэйтсийн өглөө эрт хайрт бүсгүйгээ оронд нь орхиод, замд гарч, галт тэргэнд сууж буй нэгэн эрийн, магадгүй нэгэн цэргийн тухай “Рюбигийн гар” дууг сонсож байхдаа дууны дунд хэсэгт “сэтгэл минь шаналлаа” гэхийг сонсоод, сэтгэлийн хөдөлгөөнөө нууж, “чанга” эр мэт дүр эсгэсээр өнөөг хүрсэн эр тэрхэн мөчид зовлон шаналалдаа дийлдэн, цөхрөлөө зурвас харуулж буйг Ишигүро анзаарчээ. 

“Англи даамал минь сэтгэл хөдлөлөө зохиолын төгсгөл хүртэл уншигчаас нууна гэж бодож байсан ч би одоо шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй гэдгээ ойлгов. Романы төгсгөл тийш, болгоомжтой сонгосон нэг мөчдөө би түүний хуяг дуулгыг авч хаях ёстой, зузаан дуулганы цаанаас маш эмгэнэлтэй хүсэл тэмүүлэл цухасхийх учиртай байлаа” гэж тэрээр зохиолоо хэрхэн бичсэн түүхээ Нобелийн лекцийнхээ үеэр уншигчидтай хуваалцсан юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon