Аз эзийн дундах оршихуйн асуулт буюу хүн хэрхэн өлсдөг тухай

Кристиана хотоор нэгэн өлсгөлөн эр тэнэнэ. Халаасандаа сохор зоосгүй, элэгдэж гандсан хувцас, хугархай харандаанаас өөр эд хогшилгүй. Дуудах нэргүй, дуурсах алдаргүй. Өөрийн гэх зүйл нь өлсгөлөнд нэрвэгдэж тартагтаа тулсан алд бие нь, цахиур хагалсан нийтлэл бичих чин хүсэлтэй. Төлбөрөө төлөөгүйн улмаас саяхан байрнаасаа хөөгдсөн, нийслэл хотод хээрээр гэр, хэцээр дэр хийж явна. Хөдөө тосгондоо харьж, гэдэс дүүрэн, мөр бүтэн амьдарч бололгүй л. Даанч бүтээн туурвих их хүсэл нь хэрхэх билээ?

Бүх зүйлс өнгөө өөрчлөн үхдэг сэрүүн сайхан намрын улирал иржээ. Удахгүй өвөл болно. Ингэхэд надад толгой хоргодох газар, үгүй ээ ядахдаа дулаан хувцас бий бил үү? 

Хантаазаа уржигдар дэнчиндээд  хазгар хөгшинд хоол авч өгсөн, хөнжлөө өчигдөр барьцаалаад  мөнгөө үрчихсэн, дэлгүүрийн худалдагч хүүгийн андуурч өгсөн хариултыг гуйлгачин охинд бэлэглэчихсэн.
Хоосон гэдэс хоржигнон дуугарч хоол нэхнэ. Өлсгөлөн миний тархийг ч мөн идэж байна. Хатсан зоргодос шүлсээрээ зуурч залгиж үзлээ, хань нөхрөөс дутуугүй ганцхан ширхэг харандаагаа зажлахыг шахлаа, хувхай ясыг нохой мэт мэрж ч үзлээ, хуруу гараа хоолтой андууран таслахыг шахлаа. Харанхуй намайг нөмөрнө. Эд эс бүрд минь харанхуй нэвчиж, бие минь харанхуйд уусан нэгэн цогц болж байна. Хэрвээ бурхан гэж байдаг юм бол намайг авраач. Зовлонт амьдрал минь намайг туйлдуулж, тэмцэх хүч надад үлдсэнгүй.  Даанч чи намайг сонссонгүй. Оршин байдаг нь үнэн бол буг чөтгөрөөс дор амьтан юм, чи. Үхэлтэй нүүр тулсан ч би чиний эрхээр жаргахгүй. Түүний оронд тамд тарчилсан минь дээр.

“Өлсгөлөн” нэрт энэхүү зохиолоороо Норвегийн зохиолч Кнут Хамсун уран зохиолын алтан номд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Учир юун хэмээвээс, урьд өмнө нь хэн ч хүний сэтгэлзүйг ийм нарийн задлан шинжилж, бие махбод болон сэтгэлийн мэдрэмжийг ийм тодорхой илэрхийлсэн нь үгүй билээ. Далд утгын чамин шигтгээ, символизм, пароди зэрэг орчин үеийн уран зохиолын нарийн элементүүдийг ч чадамгай ашигласан аж. Франц Кафка, Марсель Прүст, Хэнри Миллер нарын зохиолчид ч түүнийг үнэлэн биширдэг байсан нь учиртай. 

Stream of consciousness буюу “бодлын урсгал” хэмээх аргыг хамсун шиг ийм сайн ашиглаж, хүний тархин доторхыг нүднээ дурайлгаж чаддаг нь тун цөөн.

Зохиолчийн намтар бичсэн зүйлээсээ дутахгүй сонирхолтой. Чухамдаа Кнут Хамсун “Өлсгөлөн” романаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бичжээ. Хүүхэд насны тамлал дүүрэн амьдралаасаа арай гэж салан, Кристиана (өнөөгийн Осло) хотыг зорьж зохиолч болохоор сэтгэл шулуудсан түүний зам дардан байсангүй. Зохиол бүтээлийг нь хэн ч тоогоогүйн зэрэгцээ амьдрал нь ядуу тарчиг, өлсөж үхэхийн наахнуур л гол зогоон, өдөр хоногийг арай чамай өнгөрүүлнэ. Тэрбээр шинэ тивийг зорин, амьдралаа цоо шинээр эхлэхийг хүссэн ч найдвар нь талаар болов. Зүсэн зүйлийн хар бор ажил хийж явсаар залхав, тэр ч бүү хэл хүнд өвчин амийг нь авч одох шахжээ. Гэсэн ч тэр эндээс олон юм сурч, их ч зүйл олжээ. Хамгийн чухал нь зохиолч маань өөрийг нь нэр алдрын туйлд хүргэсэн “Өлсгөлөн” романыхаа санааг Кристианагийн боомтын хажуугаар өнгөрч байхдаа олсон юм.

Зохиолын үйл явдлыг ерөнхийд нь авч үзвэл тун энгийн. Нэр нь үл мэдэгдэх залуухан зохиолч Кристиана хотоор тэнүүчилнэ. Зохиол, нийтлэл бичих хүслээр дүүрэн ч ходоод нь түүнийг цаг үргэлж зовоож, толгой хоргодох газар бодсоор тархи нь завгүй. Яваандаа өлсгөлөн түүнийг аажмаар идэж, оюун ухаан, сэтгэн бодохыг нь ч самууруулна. Нэг үгээр бол: Хүн хэрхэн "өлсдөг" вэ?

Гэхдээ зохиолыг задлан шинжлээд үзвэл тун өргөн сэдвийг хамарсан аж. Тухайлбал, нэргүй хүүрнэгч маань 1848 гэсэн тоог зай завсаргүй сараачдаг нэгэн хэсэг зохиолд бий. Яагаад тэгсэн юм бол? 1848 он бол Европ дахиныг хамарсан их хувьсгалын жил. Маркс Энгельс нар ч “Эв хамт намын тунхаг” бүтээлээ тус онд туурвисан. Энэ мэтийн жижиг зүйлсээс харахад л зохиол улс төр, нийгмийг шүүмжилсэн болох нь шууд харагдана. Угаас орчин үеийн уран зохиол хамаг байдгаа шууд дэлгэчих биш дээ. Түүнчлэн шашныг, бурхныг шүүмжилсэн олон хэсгийг харж болно.

Өлсгөлөн... Мэдээж энэ бол зохиолын гол сэдэв. Гэхдээ зохиолч маань зөвхөн бие махбодын өлсгөлөнг ярьсангүй; оюун санаа, ёс суртахууны өлсгөлөнг өгүүлж, уншигч олны өмнө олон асуулт тавьдаг. Нэгэн удаа гол дүрийн нэргүй хүүрнэгчид “аз дайрч”, худалдагч хүү хариулт андууран өгч, мань эр “бөөн мөнгө”-тэй болно. Гэсэн ч ёс суртахуун, жудаг гээч зүйл нь зулгааж, мөнөөх мөнгөө хэрэглэж чадалгүй ядарсан нэгэнд өгч орхидог. Өөрөө тийм нөхцөл байдалтай байж шүү. Магадгүй та бид энэхүү үйлдлийг нь солиотой хүний хийрхэл гэж харж магадгүй. Тийм бол дахин нэг удаа эргэцүүлээд үзэхэд гэмгүй л болов уу.

 Хүнийг хүн болгодог зүйл чухам юу юм бол?

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%