Нийтлэл 02 сарын 01, 2019

ХЭЛЭХ ҮГ БАЙНА: Манайх E-visa эсвэл Шенген маягийн тогтолцоо нэвтрүүлж болохгүй гэж үү?

Зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны төвийн (ERINA) энэ жилийн хурал тун чухал сэдвүүдээр болж өнгөрлөө.

Дэлхийн эдийн засгийн форумын Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индекстэй холбоотой хэсэг миний анхаарлыг хамгийн ихээр татсан, мөн эмгэнэлтэй санагдсан хэдэн зүйл хэлмээр байна.

Нийт 136 улсыг хамарсан судалгаагаар бид 102-т жагсаж байна. Бодлогын түвшинд болон гадны зочдод үзүүлж буй нийгмийн тааламжит орчин болон дэд бүтцийн хувьд тун муу байгаа ажээ.

Жишээ нь бодлогын түвшинд аялал жуулчлалыг хэр чухалчилж авч үздэгээрээ бид Япончуудаас даруй 6 дахин муу, олон улсад нээлттэй байдлаараа 12-аас илүү дахин муу үзүүлэлттэй гарчээ.

Агаарын тээврийн дэд бүтцийн хувьд Япончуудаас 5 дахин бага, газрын тээврийн хувьд 12 дахин муу байжээ.

Дэд бүтцийн хоцрогдлын хувьд бид бүгдээрээ ямар байгаагаа мэднэ, харьцангуй буурай хөгжилтэй улс учир бусад хүмүүс ч ойлгоно.

Харин төрийн үйлчилгээтэй маань холбоотой асуудлууд дээр тэрнээс илүүтэйгээр хоцорч байгаа нь л үнэхээр харамсалтай.

Уул нь Хойд Америкаас 14 цаг гаруй нисээд Хятадад ирчихсэн байгаа 3 сая хүнийг бид алдмааргүй байна. Европоос асар хол зам туулаад ирчихсэн байгаа 6 саяыг ч гэсэн мөн адил. Хятадаас манайх руу уул нь 2 цаг гаруйхан нисээд л ороод ирнэ шүү дээ.

Жилийн 9 сая хүний зах зээл бэлээхэн байхад бид Хойд Америк, Европоос жилд ердөө л 160 мянгыг авч байна.

Гадны хүмүүст найрсаг хандлаа гээд биднээс нэг их зүйл уначихгүй шүү дээ, ямар хамаг юмаа тавиад туучих гэж байгаа биш. Бусад үндэстнүүдээс дутахгүй байхад л болно.

Бодлогын түвшинд, жишээ нь бидний муулуулаад байгаа визны хувьд бид бас л илүү уян хатан байж болно шүү дээ.

Хятадын виз гаргуулаад ирчихсэн Америк, Европын жуулчдыг бид заавал дэд бүтэц муутай, миний мөн олонтаа сонсож байснаар хүнд суртал ихтэй элчингүүдээрээ оруулж виза гаргуулах шаардлагатай юу?

E-visa, эсвэл бүр Шенген маягийн тогтолцоо нэвтрүүлж болохгүй гэж үү? Европ явж үзсэн хүмүүс Европын Холбооны нэг улсын визтай бол бусад улсууд руу зүгээр л яваад болоод байдгийг мэднэ. Америк, Европын иргэд манайд ирээд харлаад байвал гэж.

Өөр нэг зүйл нь агаарын тээврийн салбарын монопольчлол болон авилга. Яагаад Европ, Америкчуудад зориулаад Солонгос+Монгол, Япон+Монгол гэсэн багцын аялал зохион байгуулдаггүй юм бол гэсэн миний асуултанд Солонгосын хамгийн том аялал жуулчлалын компани болох HanaTour-ын захирал Jung Ki-Youn гол нь тийзийн үнэ болохгүй байна, Солонгосоос Япон руу 3000 йенээр (72000 төгрөг) ч нисэж болж байсан шүү дээ гэж хариулав.

Уул нь холоос ирсэн зочдод нүүдлийн болон суурьшмал соёл иргэншлийг багцлаад, зэрэг үзүүлэх аялал эрэлт сайтай баймаар юм шиг.

Хятадын Нэг бүс-Нэг зам хөтөлбөрийн хүрээнд Хятадаас Казахстанаар дамжин Герман хүрч байгаа тээврийг хариуцсан Nippon Express компаний ерөнхий менежер Inui Takehito-гаас төмөр замын өргөн болон нарийн царигтай холбоотой ямар асуудлууд гарч байна гэж асуусан асуултын хариулт нь мөн сонирхолтой санагдав.

Франц, Испаний зарим төмөр зам дээр ч ийм асуудал байгаа шүү дээ гэж тэрээр хариултаа эхлэв. Казахстанд 40-50 чиргүүлтэй вагоныг кранаар 3 цагийн дотор шилжүүлэн ачиж байгаа, бичиг цаасны асуудлаа цэгцэлж байхад үндсэндээ яг таарч байна гэв. Мөн дугуйнууд нь автоматаар солигддог вагоныг JR компани хөгжүүлж байгаа юм байна гэж ойлгов.

Хурлын дэлгэрэнгүй мэдээлэл болон илтгэлийн материалуудыг https://www.erina.or.jp/en/ -ээс авч болно.

Сэтгэгдэл бичих

    • Баатар
    • 2019-02-10

    Сонирхолтой, тусгаж авмаар саналууд байна. Тэр визний асуудал, агаарын тээврийн үнийг бууруулах асуудал хоёр бол хийж болохоор л ажлууд санагдаж байна.

arrow icon