Нийтлэл 12 сарын 17, 2020

Олон улсын уурхайчдын баярын өдөрт

Германы ёслолын дүрэмт хувцастай уурхайчид:

Янз бүрийн ажил мэргэжлүүдэд өөрсдийн баяр ёслол, тэмдэглэлт өдөр байдаг уурайчид бидэнд ч бас өөрийн гэсэн баярын өдөр бий. Жил бүрийн 12-р сарын эхээр Баруун Европ, Хойд Америкийн олон улс орнууд уурхайчдын баярын өдрөө тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай Монголын уурхайчдын баяр ч удахгүй болно.

Дэлхийн өнцөг булан бүрд уурхайчдын баярын өдөр хэзээ болдог хэрхэн яаж тэмдэглэж өнгөрүүлдэг, ямар ач холбогдолтой тухай товч танилцуулга хүргье.

Хүн төрөлхтөний түүх, соёл иргэншил, нийгмийн дэвшил хөгжилд олон төрлийн ашигт малтмал эрдэс баялгийг олборлон ашиглаж эхэлсэн нь тэр дундаа төмөр олборлон ашиглаж чаддаг болсон нь түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Төмөр, нүүрс, алт зэс гээд  олон  ашигт малтмалуудыг ухаж олборлодог уурхайчны ажил мэргэжил нэн эртний мэргэжил юм.

Эрдэс баялгийг олборлож ашиглахын тулд ил далд уурхай, баяжуулах үйлдвэр, металл боловсруулах үйлдвэр, уурхайчдын тосгон, мэргэжлийн уурхайчид бий болсоноор уурхайчдын амьдралын хэв маяг, баяр ёслол, сүсэг бишрэл, соёл, ёс заншил, өв уламжлал гээд олон зүйлүүд шинээр бий болсон.

Бидний унаж хэрэглэж байгаа унаа машин, цахилгаан мотор, сансарын техникээс эхлээд хамгийн жижиг микро схемүүд гээд хүний хэрэгцээт бүхий л бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд эрдэс түүхий эд материал хэрэгтэй товчхондоо хүн төрөлхтөний соёл иргэншилийн түүх бол уурхайчдын ухаж олборлосон эрдэс баялаг, металлын хэмжээтэй шууд холбоотой.

Манай гарагийн аж үйлдвэржилтийн дэвшил хөгжил, нийгэм эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбар маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Олон улс оронд Гэгээн Барбарагийн дурсгалын өдөр буюу жил бүрийн 12-р сарын 4-иийг “Уурхайчдын баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд бурхан тэнгэр уурхайчдыг ивээн тэтгэх өдөр гэж үздэг.

Гэгээн Барбара (Грек: Αγία Βαρβάρα) гэдэг нь католик шашины арван дөрвөн Ариун гэгээн туслагчдын нэг бөгөөд III зууны үед өнөөгийн Ливан улсын Баалбек хотын Хелиополис Финикияд  амьдарч байсан залуу бүсгүй тухай юм.

Түүний тухай түүх домогт өгүүлсэнээр Барбарагийн эцэг Диоскур Бага Азийн эзэнт гүрний хаан Максимианий язгууртан ноёдын нэг байсан бөгөөд гоо үзэсгэлэн төгөлдөр охиноо олны нүнднээс далд өөрийн эзэмшлийн цайз цамхагт хориж цагддаг нэгэн байжээ. Тэрээр гадаад орчилон ертөнцийн амьдралаас тусгаарлагдсан  хорвоо ертөнцийн амьдралын тухай зөвхөн цамхагийн жижиг цонхоор таниж мэддэг байсан.

Нэг удаа эцэг Диоскур нь түүнийг баян хүнд богтлож өгөхөөр цамхагаас гарахыг зөвшөөрсөн. Харин Барбара охин Илиополисийн Христиан шашинтануудтай учирч загалмайн шашинтан  болсон байна тэр тухай эцэг Диоскур олж мэдээд ихэд уурлан охиноо баривчлан хотын захирагч Мариант хүргэж өгсөн гэдэг. Түүнийг Христийн шашинаас татгалзахыг шаардан харгис хэрцгийгээр тамлан зовоосон боловч охин өөрийн итгэл үнэмшилээс татгалзаагүй гэдэг.

Муу санаат хотын захирагч Мариан түүний эцэгт охиноо өөрөө шүүх эрх олгосон бөгөөд эцэг Диоскур охиноо цаазаар авахыг зөвшөөрөн Гэгээн Барбарагийн толгойг тас цавчсан байна. Хожим нь Диоскур ба хотын захирагч Мариан нар бурхан тэнгэрийн гэсгээл шийтгэл хүртэж, хоёулаа аянга цахилгааны гал дөлд шатаж  үхсэн юм.

Тэднийг хөнөөсөн аянга цахилгаан, гал дөлийн хөнөөлтэй холбоотойгоор их бууны мэргэжлийн цэрэг, зэр зэвсэг үйлдвэрлэгч нар, уурхайчид гээд тэсрэх дэлбэрэх бодистой ажилладаг, амь насаа алдах эрсдэл өндөртэй ажил эрхлэдэг хүмүүсийг Гэгээн Барбара ивээн тэтгэдэг гэсэн сүсэг бишрэл бий болж түүнд амь насаа даатган авран хамгаалах тухай залбиран мөргөж  тахин шүтэх болсон билээ.

Ромд XII зуунаас Ариун Гэгээн Барбарагийн дурсгалын өдрийг хуанлийд оруулан тэмдэглэж эхэлсэн. Гэгээн Барабарийн дурсгалын өдрийг Ромын католик сүм хийдүүд жил бүрийн 12-р сарын 04 өдөр,  Орос Грек гэх мэт (Oртодокс) үнэн алдартаны шашины сүм хийдүүд 12-р сарын 17-ны өдөр тэмдэглэдэг.

Христийн шашинтанууд Гэгээн Барабарийг гэнэтийн болон санаатай харгис хэрцгий аллага үхэл зовлонгоос хамгаалагч хэмээн итгэж үнэмшин  бишрэн шүтдэг.

 Гэгээн Барбарагийн хөрөг,Францад 1520-30 онд хийгдсэн Гэгээн Барбарагийн баримал (Villeloup, Aube)

Гэгээн Барбара нь уул уурхай ба уурхайчидтай нягт холбоотой гэж үздэг учир түүний зураг хөрөг, баримал уурхай дотор уурхайчдын гэр орон, хот суурин, сүм хийдэд олон байдаг.

Газрын гүнд хөлс хүчээ шавхан ажиллаж байсан олон уурхайчид уурхайн нуралт дэлбэрэлт, хорт хий утаа гээд олон аюул осолд өртөн амь насаа алдаж байсан түүхэн баримт олон бий. Тэд Гэгээн Барбарагийн дурсгалын өдөр түүнийг уул уурхайн ажиллагсадыг ивээн тэтгэж аюул осолгүй, олз омог ихтэй ажиллуулж өгнө үү? хэмээн сүсэглэн залбирдаг түүхэн уламжлалтай болсон.

Германы  Schacht Konrad (зүүн), Schacht Asse II (баруун) уурхайнуудад байдаг  Гэгээн Барбарагийн баримал шүтээн:

Энэ баярын өдрийг уурхайчид сүм хийдэд очиж мөргөл үйлдэх, ёслолын жагсаал парад, төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах мөн зочид төлөөлөгчид урих хүлээн авах, уулзалт ярилцага, хурал цуглаан, үдэшлэг зугаалга, үдшийн зоог, галын наадам гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулаж ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

ОХУ болон хуучин ЗХУ-н бүрэлдэхүүнд байсан улс орнууд:

Манай хойд хөрш ОХУ–н маркшейдерийн холбоо, уул уурхайн салбарын олон нийтийн байгууллагууд 2011оны 09-р сард  хамтран хуралдаад  жил бүрийн 12-р сарын 17 өдрийг   “ Уурхайчдын баярын өдөр” болгон  тэмдэглэх тухай тогтоол шийдвэр гаргасан байна.

Хуучин ЗХУ болон түүний бүрэлдхүүнд байсан БНУлсууд жил бүрийн 8-р сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагийг “День шахтёр” буюу “Уурхайчдын өдөр”  болгон тэмдэглэдэг байсан бөгөөд тэд энэ баярыг бараг хагас зуун жил  тэмдэглэж ирсэн түүхтэй.

ЗХУ-н нүүрсний аж үйлдвэрийн сайдын 1947 оны 9-р сарын 10 ны өдрийн тушаалаар “Уурхайчдын баярын өдөр” бий болгон тэмдэглэх тухай тогтоол баталсан байдаг. Ингээд хамгийн анхны Уурхайчдын баярын өдрийг 1948 оны 8-р сарын 28 ны өдөр тэмдэглэсэн. Алдарт уурхайчин Алексей Стаханов 1935 оны 8-р сарын 31-ны өдөр 5 цаг 35 минутанд 102тн нүүрс гаргаж тухайн үеийн нормоо 14 дахин давуулан биелүүлж рекорд амжилт тогтоож байсан билээ. Энэхүү амжилтаас хойш  ЗХУ-н олон нүүрсний уурхайнуудад Стахановчууд, Стахановын хөдөлгөөн , Стаханов шиг ажиллах гэсэн үг хэллэг ойлголт, хүсэл эрмэлзлэл, уриа лоозон уурхайчид дунд бий болсон.

Стахановчуудад зориулсан дурсгалын хөшөө:

Дэлхий дахины олон улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд уурхайчдын хүнд бэрх, шаргуу хүч хөдөлмөр үнэтэй хувь нэмэр оруулдаг тухай дээр бичсэн билээ. 

Орос орны эдийн засгийн хөгжлийн гол тулгуур болсон нүүрс хими, металл боловсруулах үйлдвэрүүдийн түлш түүхий эдийг хангадаг нүүрс металл олборлогч олон мянган уурхайчид баярын өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүлдэг сайхан уламжлал  тэр цагаас тогтсон байна.

Тэдний олборлосон эрдэс түүхий эд, нүүрсний тоо чанараас хотын орон сууцны барилга байгууламжийн халуун дулаан өвөлжих нь мөн боловсруулах  үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа бүтээгдэхүүний тоо чанар бүтээмж ихээхэн  шалтгаалдаг. Орос орны уурхайчид баярынхаа өдөр ажил хөдөлмөрийнхөө ололт амжилтыг онцлон тэмдэглэж, шагнал урамшуулал гардуулах, хурал цуглаан, уулзалт ярилцлага зохион байгуулах, ахмад уурхайчид даа ёслол хүндэтгэл үзүүлэх алдаршуулах, амралт зугаалга,  концерт тоглох, алдар нэртэй жүжигчин дуучид урилгаар ирж тоглох гэх мэтээр  олон арга хэмжээ зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг.

ОХУ-н болон бусад БНУлсын уурхайчид “Уурхайчдын баярын өдөр”  ёслолын дүрэмт хувцсаа өмсөж хэрэглэн баярын олон арга хэмжээнүүдэд оролцдог уламжлалтай.    Өнөөдөр ч гэсэн ийм уурхайчдын баярын өдрийг  ОХУ, Казахстан, Кыргызстан, Украин, Беларусын олон нүүрс олборлогчид тэмдэглэсээр байна

Казахстанд гэхэд “Уурхайчдын баярын өдөр” -ыг жил бүрийн 8-р сарын 26 ны өдөр тэмдэглэж байхаар ерөнхийлөгийн зарлиг 2003 оны 11-р сард гарсан. Нүүрс металл олборлолт Казахстаны эдийн засгийн хөгжлийн нэг том тулгуур үзүүлэлт бөгөөд тэд нүүрсний нөөцөөрөө дэлхийд 8-р байрт эрэмблэгдэн дэлхийн нийт нүүрсний нөөцийн 4% тэднийд байна.

Өнөөдөр Казахстанд 33 компани тэр дундаа 28 үндэсний компани нүүрс олборлолт эрхлэн явуулж жил бүр 97 сая тонн нүүрс олборлож байна. Казахстанд “Уурхайчдын баярын өдөр“ ахмад уурхайчид, хөдөлмөрийн сайчуудынхаа алдар гавъяаг алдаршуулан магтан дуулах, тэргүүний уурхайчдаа шагнаж урамшуулах, ажлын амжилт бүтээлээ тэмдэглэн хурал цуглаан, уулзалт ярилцлага, концерт тоглох гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулж өндөр дээд хэмжээнд өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг.

АНУ болон Европын улс орнууд:

АНУ-н Үндэсний уурхайчдын баярын өдөр ”National Miner's Day” жил бүрийн 12-р сарын 06-ны өдөр болдог. Америкийн Баруун Виржиниа мужийн Уурхайчдын нийгэмлэгийн (MDMAWV) ерөнхийлөгч Рой Ли Күүк санаачилан сенатор Бёрд, Рокфеллер, Рейд нарын  хүчин чармайлтын ач буянаар Сенатын тогтоол 2009 оны 12-р сарын 03-ны өдөр гарч “Үндэсний уурхайчдын өдрийг” тэмдэглэж байхаар тогтсон байна.

АНУ-н уул уурхайн түүхэнд Өмнөд Вержиниа мужийн уурхайд 1907 оны 12-р сарын 06 ны өдөр нуралт болж аюултай осол гарч 361 уурхайчин амь насаа алдсан харамсалтай явдал болж байсан. Тиймээс энэ өдрийг амь эрстсэн уурхайчдын дурсгалыг хүндэтгэн санан дурсах, эр зориг, хүч чадал төгөлдөр уурхайчдын хүнд хүчир хөдөлмөрийг магтан дуулж алдаршуулах баярын өдөр  болгон тэмдэглэдэг болсон байна.

Их Британи, Испани, Итали, Герман, Норвеги, Польш гэх мэт европийн улс орнууд Уурхайчдын баярын өдрийг жил бүрийн 12-р сарын 04 нд тэмдэглэдэг.

Польшид гэхэд энэ өдрийг геологи уул уурхайн салбарын бүх ажиллагсадын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Тэд аюул осолтой эрсдэл ихтэй, хүнд хүчир мөртөө нэр хүндтэй ажил эрхэлдэг уурхайчдын баярын өдрийг “Барборка” гэж нэрлэдэг бөгөөд олон зууны турш ёслол төгөлдөр тэмдэглсээр ирсэн түүхтэй.

Энэ баярын нэр нь амь бие сайн үйлсэд зориулсан баатарлаг үхэл, хүнд бэрх тарчлаан зовоолтыг тэсэж даван туулж сайн үйлс бүтээгч ажил үйлсийг ивээн тэтгэгч гэж үздэг Гэгээн Барбарагаас гаралтай юм.

Мөн газрын доор осол аюултай ажил эрхэлдэг Польшийн  уурхайчдад Сченск Бозе (Бурхан адислаг) гэсэн өдөр тутмын сайхан мэндчилгээ байдаг.

Польшийн уурхайчид баярын өдрөө уламжлал ёсоор өглөө эрт Гэгээн Барбарагийн дурсгалын хүндэтгэн сүмд очиж мөргөл үйлдэх, уулзалт цуглаан жагсаал зохион байгуулдаг. Баярынхаа өдөр ёслолын иж бүрэн дүрэмт хувцасаа өмссөн уурхайчид хотын гудамж талбайд цуглан гуулин хөгжмийн аятай хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж уурхайчдын сүлд дуугаа дуулцгаадаг уламжлалтай.  

Энэ баярын үеээр хотын гудамжинд концерт тоглох, урлаг уран сайхны тоглолт, хөгжөөнт тоглоом, хурал цуглаан, уулзалт ярилцлага, үдэшлэг зугаалга, үдшийн зоог, хүлээн авалт гээд олон  арга хэмжээ зохион байгуулагддаг. Эдгээр олон арга хэмжээнд бүх уурхайчид тэдний гэр бүлийнхэн бүгд оролцдог уламжлалтай бөгөөд уурхайчдын эхнэр ээжүүд ч уурхай үзэх аялал, сүмд мөргөл үйлдэх, ээжүүдийн уулзалт ярилцлага гээд олон арга хэмжээнд оролцдог байна.

Уурхайчдын баярын өдөр уурхайн захиргаанаас ахмад уурхайчдыг тэтгэвэрт үдэж гаргах, ахмад уурхайчид шинэ залуу уурхайчид, оюутан сурагчидтай үдэшлэг уулзалт ярилцлага буюу «Karczmy piwne» (Пивная корчма) зохион байгуулдаг байна.

Уурхайчид энэ «Karczmy piwne» Пивная корчма үдэшлэг уулзалтанд оролцохоор ирэхдээ ёслолын дүрэмт хувцасаа заавал өмсөж хэрэглэсэн байх ёстой бөгөөд Польшийн уурхайчдын ёслолын дүрэмт хувцас нь хар костюм, өдтэй малгай зэргээс бүрддэг.

Малгайн өдний өнгө (цагаан, улаан эсвэл хар) нь уурхайчдын зэрэг дэв, цол, албан тушаалаас хамааран өөр өөр байдаг. Уурхайчид ёслолын дүрэмт хувцсаа зөвхөн Барорка баярын үеээр төдийгүй аливаа олон нийтийн арга хэмжээ хурал цуглаан, хурим найр, оршуулга болон бусад улс төр нийгмийн олон арга хэмжээ ёслолд өмсөж хэрэглэх дүрэмтэй.

Баярын үеээр уурхайчдын уулзалт ярилцлага уламжлалт ёс дэгтэй зохион байгууллагддаг ба урт ширээний нэг талд ахмад уурхайчид нөгөө талд шинэ залуу уурхайчдын төлөөлөгчид суудаг бөгөөд хоёр тал уусан пивоны тоогоор, пиво уултын хэмжээ хурд гээд олон өрсөлдөөн тэмцээн зохион байгуулдаг.

Ийнхүү пивоны ширээний ард сууж байхдаа уурхайчдын тухай янз бүрийн анекдот хөгжилтэй явдал, ажил хөдөлмөр, амьдралын онцлогийн тухай харилцан ярилцаж ажлын туршилгаа хуваалцан, уурхайчны тухай дуу дуулцгаан суудаг байна.

Энэ уулзалт ярилцлагийн үеээр дундаж зуунаас уламжлал болон ирсэн шинэ залуу уурхайчид тангараг өргөж уурхайчны эгнээнд багтан орох ёслолын ажиллагаа болдог.

Шинэ залуу уурхайчин хоёр ахмад уурхайчны барьсан арьсан хормогч дээгүүр үсрэн гарах ёстой бөгөөд түүний дараа алдар хүндтэй ахмад уухайчин билэг тэмдэг болсон сэлмийг түүний мөрөн дээр тавьж тангараг өргүүлдэг.

Уурхайчны тангараг өргөсний дараа ахмад уурхайчин өөрийн эдлэж хэрэглэж байсан ажлын багаж хэрэгслийг түүнд албан ёсоор гардуулан хүлээлгэж өгөх бөгөөд Lis Major титэм өмсүүлэн уурхайчны ёслолын хувцас албан ёсоор олгон уурхайчин ахан дүүсийн эгнээнд элсэн орсонд тооцдог байна.

Уурхайчдын эхнэрүүд хүртэл «Сombry babskie» нэртэй албан бус уулзалт ярилцлага зохион байгуулан пиво ууж харилцан ярилцан суудаг уламжлал бий.

Польшийн Краков хотын Уул уурхай, металлургийн их сургууль дээр жил бүрийн уурхайчдын баярын өдөр  (AGH) Advent-томоохон бөмбөг хийх гэх мэт олон арга хэмжээнүүд зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэдэг.

 

Залуу уурхайчны тангараг өргөх ёслол:                            Уурхайчдын баярын жагсаал:

Польшид зуун гаруй уурхай ажиллаж байсан ба чулуун нүүрс, хүрэн нүүрс, зэс, мөнгө, давс олборлож байсан бөгөөд олон жилийн турш нүүрсний экспорт Польш улсын эдийн засгийн өсөлтийн нэг гол тулгуур нь байсан билээ. Тэдний  давс олборлогч уурхайчид өөрсдийн ивээн тэтгэгч Гэгээн Кинга гэсэн бурхантай түүнийгээ тахин шүтдэг байсан.

Энэхүү Барборка буюу урхайчдын баярыг Польшид төдийгүй уул уурхайн эртний түүх соёл уламжлалтай Герман, Чех зэрэг улсуудад ч мөн маш өргөн дэлгэр хэмжээнд  тэмдэглэдэг уламжлалтай.

Германд энэ баярыг "Barbarafeier" гэж нэрлэдэг бөгөөд ёслолын дүрэмт хувцасаа өмссөн уурхайчид баярын жагсаал, уулзалт ярилцлага, хурал цуглаан гээд олон арга хэмжээ зохион байгуулдаг. Анх Германд XVIII зууны үед уурхайчид тусгай дүрэмт хувцас өмсөж хэрэглэж эхэлсэн бөгөөд өөр бусад төрийн албаны ажилтануудаас ялгарах онцлогтой болсон гэдэг.

 

Шилдэг уурхайчидад шагнал гардуулах ёслолын ажиллагаа:

Германд уурхайчид хар өнгийн дүрэмт хувцас өмсөж хэрэглэхийг 1949 онд албан ёсоор батлалсан бөгөөд уурхайчдын дүрэмт хувцасны элдэв гоёл чимэг зүүлтүүд нь өөр өөрийн гэсэн үүрэг зориулалттай  юм байна.

Жишээлбэл уурхайчны малгайнд хатгасан гоёлын зүүлт чимэглэл болсон өд нь тэсэлгээний цооногийг цэвэрлэхэд ашигладаг сойзны бэлэгдэл, богино нөмрөг нь дээвэр дээрээс ус дуслахаас хамгаалах зориулалттай, цээживч ханцуйвч дээрх тусгай халаас нь гал хамгаалагч, тэсэлгээний утааг бууруулах зориулалттай гэж үздэг.

Уурхайчны дүрэмт хувцас өмсөж хэрэглэх эрх бүхий хүн бие бялдар, сэтгэл зүй, ёс суртхууны өв тэгш хүмүүжил төлөвшилтэй, мэргэжлийн өндөр ёс зүй, мэдлэг чадвар туршилагатай, эр зоригтой, хамтач нөхөрсөг зан төлөвтэй, байгаль экологийн өндөр мэдлэгтэй байхыг шаарддаг.

Германы уул уурхайн хотуудад осол аюулаас урьдчилан сэргийлэх залбирал мөргөл үйлддэг Гэгээн Барбарад зориулсан олон сүм дуган баригдсан. Германд бүтээгдсэн Гэгээн Барбарагийн үзэсгэлэнтэй уран барималыг Польшийн уурхайд авчирч байсан түүх баримт ч бий.

Монгол Улс

Манай улсад Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1922 оны 12 дугаар сарын 25-нд шинэ тулгар Ардын Засгаас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар манай улсад уул уурхайн салбар үүсэж хөгжих суурь тавигдсан гэж үздэг бөгөөд энэ өдрийг “Уурхайчдын баярын өдөр”  болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Ардын засгийн газраас 1923 онд уул уурхайн дүрмийг шинээр батлан гаргаж, алт, үнэт чулуу, нүүрс, хужир, шохой зэрэг байгалийн баялгийг олборлох газрыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байжээ.

Ингээд 1938 онд Налайх-Улаанбаатарын хооронд нарийн төмөр зам тавьснаар нүүрс тээвэрлэсэн галт тэрэгний цуваа нийслэл хотноо, гэрэл гэгээ, илч дулаан нэмж эхэлсэн түүхтэй. Монгол улсын ашигт малтмалаа олборлон ашиглаж ирсэн түүх тийм ч урт биш.

Гэхдээ 1913 онд Богд хаан зарлиг буулгаж, ”Монгол улсын дотор алт мөнгөний зэрэг олон зүйлийн уурхай нээх дүрэм”-ийг бий болгосон нь байгалийн баялгаа ашиглахтай холбогдсон анхны албан баримт болсон байна. Ийнхүү Орос, Герман, Франц, Бельги, Хятад зэрэг орны хувь нийлүүлсэн “Монголор” хэмээх нийгэмлэг байгуулагдан Ерөө голын сав газраар алт олборлож эхлэхэд анхны энэ дүрмээр үйл ажиллагааг нь зохицуулж, олсон орлогынх нь 17,5 хувийг Богд хаант Монгол улс авдаг байсан түүхэн баримт бий.

Дэлхийн олон улс орнууд дотор зөвхөн алттай эсвэл зөвхөн нефтийн цооногтой улс цөөнгүй бий. Харин манай оронд Мендлеевийн үелэх системийн бүх элемент бүртгэгдсэн нь Монгол орон ашигт малтмалын арвин их баялагтай улс орон болохыг харуулж байгаа билээ.

Өнөөдөр уул уурхайн салбар манай орны эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна.

Манай уурхайчид баярынхаа өдөр алдар гавьятай ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн алдаршуулан магтан дуулах ажлынхаа амжилт бүтээлийг үнэлэн дүгнэх хурал цуглаан уулзалт ярилцлага, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, шагнал урамшил олгох, үдэшлэг уулзалт, концерт тоглох гээд олон арга хэмжээ зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай.

Сүүлийн үед манай улсад уул уурхай хурдацтэй хөгжиж байгаа хэдий ч уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник технологийн мэдлэг чадвар дутмаг, техникийн бүрэн бус байдал, хариуцлаггүй үйл ажиллагаанаас болж байгаль экологийн сүйрэл хохирол, хүний амь нас эрстэх, бэртэх гэмтэх, техникийн эвдрэл гэмтэл гарах гээд асар их хор хохирол учирч байгааг бид мэднэ. Уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас олон аймгийн газар нутаг сүйтгэгдэж, ард иргэд хохирч үлдсэн нь нууц биш.

Хариуцлагатай уул уурхайн ажлын хүрээнд өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон мэргэжлээрээ бахархадаг, мэргэжлийн ёс зүй, түүх соёл, өв уламжлалаа мэддэг хүндэтгэдэг түүнийг дагаж мөрддөг хадгалдаг,байгаль орчинг хайрлан хамгаалдаг, хууль ёсыг дээдэлдэг, өндөр ёс суртхуунтай уурхайчин бэлтгэн гаргах шаардлагатай байна.

Ийм ёс зүйтэй уурхайчныг бий болгон төлөвшүүлхэд “Уурхайчдын баярын өдөр” чухал ач холбогдолтой арга хэмжээ бөгөөд энэ баярын үеээр зохион байгууллагддаг олон арга хэмжээг зөв хүмүүжил төлөвшил олгох чиглэлрүү илүү түлхүү анхаарч зөв зохистой бодлого явуулж зохион байгуулдаг байвал олон уурхайчны сэтгэлд тааламжтай  байх болов уу?

Ямар ч мэргэжлийн хүнд өөрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлдэг ажил хөдөлмөр бизнесс, ажлын бүтээмж ба хийсэн ажлаараа бахархан баярлах бусдаас үлгэр дууриал авах, туршилга судлах,  үүрэг хариуцлага хүлээн тангараг өргөх, өөрийгөө хүндлүүлэх баяр ёслолын өдөр гэдэг маш сайхан эерэг мэдрэмж төрүүлдэг зөв хүмүүжил төлөвшил олгодог ховорхон агшин байдаг.

Манай уурхайчид ч гэсэн бусад орнуудын уурхайчид шиг ёслолын дүрэмт хувцастай болж түүнийгээ  баяр ёслол, улс төр нийгмийн арга хэмжээний үед өмсөж хэрэглэдэг болох нь уурхайчдын өөрийгөө хүндлэх, үүрэг хариуцлага дээшлэх, мэргэжийн нэр хүндийг нь өсөн нэмэгдүүлэх боломж олгох юм.

Мөн уурхайчны мэргэжлийн дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг бий болгож түүнийгээ насан туршдаа баримтлан ажиллах тухай тангараг өргөх ёслол үйлддэг соёл уламжлал бий болгох нь хариуцлагтай уул уурхайг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тус нэмэртэй байх болно.

 

Монгол Улсын Зөвлөх Инженер:Д.Отгонбаатар

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, Технологийн Сургууль

Сэтгэгдэл бичих

arrow icon