Нийтлэл 10 сарын 24, 2018

Үзэгний үзүүрээр сайхан үйл мэтгэе

Үзгийг заавал гараараа биш амаараа, хөлөөрөө гээд хэрэв чи л хүсвэл юугаар ч барьж болно. Харин үзэгний тань үзүүр үргэлж сайхан зүйлсийн тухай бичиж сайхныг зурж, сайхан бүхнийг бусдад түгээдэг гэж итгэе.

Би энэхүү нийтлэлээрээ нэгэн сайхан үйл мэтгэх гэсэн юм. Сайхан үйл гэдэг өөрөө хэмжээлшгүй. Учир нь сайхан сайн гэх тодотгол өөрөө хязгааргүй өргөн хүрээтэй учир энд тэдгээр сайхны өчүүхэн нэгэн хэсгийг дурдаж үүгээрээ бас нэгэн зүйлийг уриалах гэсэн юм.

Хүн бүрт өөр өөрийн гэсэн  хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бий. Зарим нэг нь дэлхийд алдараа дуурсгасан  дуучин, тамирчин,  бүжигчин  аль эсвэл инженер, багш болно  гэх мэт харилцан адилгүй зорилгынхоо төлөө тэд өнөөдөр зогсолтгүй  тэмцэнэ. Харин зарим нэг нь зүгээр л эрх чөлөөтэй алхаж бусдад өрөвдүүлэхгүй амьдрахыг хүснэ.  Нэг л өдөр анхаарал болгоомжгүй хүний үйлдэл, мөн өөрийн алдаанаас болж хоромын төдийд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх тодотгол зүүсэн үүндээ хэзээ ч бөхөж гутарч яваагүй тэдний тухай тэднээс онцлон бийрний үзүүрээр хөгжим уралдаг нэгэн бүсгүйн тухай энд хуучлан, түүний бүтээсэн бүтээлийг үгээр урлахыг хичээе.

Төрийн шагналт ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит дүрслэх урлагийн Анима сургуулийг мэдэх хүн олон байх. Тэр дундаа тус сургууль жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульдаа элсүүлж урлагийн замд хөтөлдгийг та бүхэн мэдэх биз ээ. Үүнийг нэг нь болж урлагийн тогоонд чанагдаж яваа Ч.Энхсайхан одоо 26 настай. Гаднаас харвал тэр хүүхэд шиг булбарай цагаан царайтай, жижигхэн биетэй долгионтой хар үстэй сэргэлэн цовоо сайхан эмэгтэй.

Хэдийгээр түүнд бусадтай адил хоёр хөл дээрээ алхаж, бусдын адил өөрийн дураар хийхийг хүссэн бүхнээ бусдын тусламжийг харалгүйгээр хийх хувь тавилан тохиогоогүй ч түүнд гайхалтай сэтгэлийн тэвчээр, бас эр зориг, сурч мэдэх,хөдөлмөрлөх гэсэн аугаа хүсэл бий.

Энхсайхан  төрөлтийн хүндрэлийн улмаас тархины саажилттай болж гар хөл нь ихэд чангарч тэргэнцэр дээр суух болсон ч амьдралыг гэгээлэг сайхнаар өдөр бүр зурдаг. Гараараа биш амаараа. Мэдээж хэрэг амаараа бийр барьж зураг зурна гэдэг гараараа бийр барьж зурахаас хэд дахин хэцүү гэдгийг уншигч та гадарлаж байгаа байх. Тэрээр байгалийн сайхныг хөгжмийн зэмсэгтэй хослуулан зурдаг.

Түүний зургуудын тэн хагасыг хөгжмийн зэмсгийн зураг эзэлнэ. Хэдийгээр гадаад ертөнцтэй  харилцаж, бусадтай сайн  ярьж ойлголцож чадахгүй өөрийн сэтгэлийн баяр баяслаа аялгуут хөгжмөөр илэрхийлж сурчээ.

Тэр бас зөвхөн ямар нэгэн зүйлийг хараад дууриаж зурах биш өөрөө сэдэвчлэн зурахдаа ч гаргууд сайн. Тухайлбал түүний өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй төрсөндөө, бусдаас өөр байгаадаа шаналан байж зурсан хэд хэдэн зураг үнэхээр өр өвтгөнө. Нэг талд нь бурхан нэг талд  нь чөтгөр зурсан зургаа тэрээр ээждээ тайлбарлахдаа бурхан бол хүмүүс, чөтгөр бол би хэмээн тайлбарлаж. Мөн нэгдүгээр сургуулийн урд талын гарцаар гарах үед эрсдэлтэй санагддагаа ч тэр дараах зургаар илэрхийлсэн байсан.

Зураг зурж байгаад ядарвал хамар болон эрүүгээрээ төгөлдөр хуур тоглож буцаад л эрч хүчтэй болж чаддаг. Тэр ихэнх тохиолдолд өөрийн хэлэх гэсэн санаагаа бусдад сайн ойлгуулж, өөрөө бүрэн дүүрэн ойлгож чадахгүй ч хүний сэтгэл хөдлөлийг их сайн мэдэрдэг. Тиймдээ ч бусдыг ч гэсэн өөрийн сэтгэл хөдлөлийг царайнаас минь бас зургаас, хөгжмөөс нь мэдрээсэй гэж хүсдэг.

Хөөрхий дөө гэж өрөвдөх хэрэггүй тэд үүнд хамгийн дургүй

Энхсайхантай адил биеийн хөдөлгөөн нь хоригдсон ч  өдийг хүртэл амьдралыг гэгээлгээр харж өөрийн амьдралдаа эзэн болж яваа олон хүмүүс бий. Тухайлбал Ted Mongolia-ийн тайзнаас өөрийгөө ялан дийлж бичиг үсэг сурсан тухайгаа, их сургуульд сурч улс төр судлаач мэргэжил эзэмшсэн тухайгаа илтгэл хэлэлцүүлж чадахгүй сандардаг байснаа ялан дийлснээ хуваалцсан Болороо, Түгээмэл хөгжил ТББ байгууллагын гишүүд, Хогоо багасгая хөдөлгөөнд өөрийн биеэр оролцож хог ангилахыг уриалж буй Зоригоо зэрэг мундаг залуусыг нийгэм хүлээн зөвшөөрч тэднийг дэмжиж байгаа нь сайшаалтай.

Гэхдээ иргэдийн ухамсар өөрчлөгдсөн ч төрийн тогтолцоо халамж үйлчилгээ, тогтсон хэв маяг өөрчлөгдөхгүй байгааг энд сануулмаар байна.

Тухайлбал 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40.3-д “Төрийн захиргааны төв байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх асуудлыг тусгаж, хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг тэдний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн тогтвортой орлого бүхий байнгын ажлын байрыг шинээр бий болгоход зарцуулах учиртай. Гэтэл төрийн болон төсвийн байгууллагын дөнгөж 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байна гэсэн статистик бий. 

Ажил дээр гарч ирэхэд ялгаварлан гадуурхалт, бусдын өрөвдсөн харц тэднийг хамгийн ихээр өвтгөж ганцаараа хийсэн бэлтгэл, ганцаараа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг та ганцхан үг, санамсаргүй хийсэн үйл хөдлөлөөрөө баллаж орхиж битгий орхиоч.

Эндээс юу хэлэх гэсэн бэ гэхээр тэдэнд зориулж тусгай техник хэрэгсэл, тусгай хөтөлбөр халамж байж болох ч тэдний ажлуулах тусгай ажил, сурах зүйлс гэж битгий ялгаач гэж хэлэхийг хүссэн юм.

Үзэгний үзүүрээр сайхан үйл мэтгэе

Үгээр хүнийг алж ч болж амьдруулж ч болно гэдэг. Энэ эрх тэр дундаа дөрөв дэх засаглал болох сэтгүүлч бидэнд илүү давамгай байдаг.

Бидний мэдээлснээр тэднийг хүлээж авч тэднийг дүгнэдэг учир хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлах сэтгэлгээг бид л үгүй хийж чадна.Үүний тулд эхлээд өөрсдийнхөө хандлагыг дараа нь бусдын хандлагыг өөрчлөе.

Тэднийг бусдаас дутуу хийж чадахгүй тэдэнд халамж хэрэгтэй байна гэж өрөвдөхөөсөө өмнө тэдний хийсэн бүтээснийг бусдад сурталчилан таниулж, өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээхэд бага ч гэсэн тус хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол тодорхой хэмжээгээр хөдөлгөөн нь хоригдсон ч алхам алхамаар бага багаар хөгжсөөр байдаг бидний л адил хүмүүс.  Сэтгүүлч таны бас миний  бичсэн дулаахан үг тэдний ажиллаж хөдөлмөрлөх үүд хаалгыг үргэлж нээж өгдөг байгаасай. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon