Нийтлэл 02 сарын 27, 2021

Боловсролын салбарын реформыг цаг алдалгүй хийхэд бид бэлэн үү?

Монгол Улсын Засгийн газар 2020-2030 онд “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцооны шинэчлэл” хийж хэрэгжүүлэхээр урт хугацааны бодлогоо томъёолж тодорхойлсон ба боловсролын багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж боловсролын салбарын шинэчлэлийг цаг үетэйгээ нийцүүлэхээр идэвхийлэн ажиллаж байна. Удирдлага гэдэг ойлголтыг аливаа тулгарсан асуудлуудыг шийдэхэд мэдлэгийг ашиглах урлаг ба шинжлэх ухаан гэж тодорхойлсон байх нь бий. Үүний цаад утга нь удирдах албан тушаалтнууд шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг олж авах боломжтой байдаг гэсэн үг. Онол бол шинжлэх ухааны судалгааны эхлэл ба төгсгөл бөгөөд онолын мэдлэг захиргааны, удирдлагын түвшинд гаргах шийдвэрийг чиглүүлж өгдөг. Онолгүйгээр мэдлэгтэй болох үндэс суурь гэж бараг байдаггүй, учир нь мэдлэг мэдээлэл олгохуйц, чанартай судалгаанууд онолд үндэслэн хийгддэг. Гэсэн хэдий ч боловсролын удирдлагын онол, судалгаа нь бусад салбартай харьцуулахад харьцангуй шинэ бөгөөд практикт бүрэн дүүрэн ашиглагдахгүй байна гэсэн үзэл хандлага түгээмэл байсаар байгаа юм.

Аливаа  асуудлыг өргөн хүрээнд эргэцүүлж авч үздэг, шийдэл олоход мэдлэг чадвар дутагдаж магад гэдгээ мэдэрсэн удирдах албаны хүмүүс, улс төрчдийн хувьд ямар нэгэн шийд гаргах гэнэтийн хүслээ дарж, эргэлзээтэй итгэл үнэмшилдээ түшиглэлгүйгээр онолын талыг баримтлах нь нийтлэг ажээ. Алдаатай итгэл үнэмшил, нэг талыг баримталдаг үзэл хэзээ ч арилахгүй, гэхдээ логикоор учир зөвийг нь бодож олоход голлосон оюун санааны жанжин шугам дотор тэдгээрийг хянаж үзэх нь зүйтэй. Онол нь санаа бодлыг орлохгүй боловч аливаа шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэгч болно гэдгийг боловсролын бодлого боловсруулагчид, улс төрчид ойлготол хүлээж суух гэдэг бол өөрөө санаа зовоосон асуудал байх шинжтэй.

Түүнчлэн монголчуудын боловсролыг эрхэмлэн шүтэх хандлага тун өвөрмөц, ойлгоход нарийн төвөгтэй төдийгүй  энэхүү ил юм шиг хэрнээ үл үзэгдэгч, сонирхолтой нөхцөл байдалд өргөн далайцтай нарийн судалгаа хийж дүгнэн шинжилж үзэх шаардлагатай мэт. 

Нийгмийн салбарын эрдэмтдийн үзэж байгаагаар боловсролын системийн ардчилал нь нийгмийн анги давхаргын ялгааг тэгшитгэх, ялангуяа эцэг эхчүүдийн зүгээс хүүхэддээ хөрөнгө оруулах тэгш бус боломж, чадавхийг устгаж үгүй болгон эрх тэгш байдлыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Ардчилсан нийгмийн тогтолцоог сонгоод 30 жил болж байгаа манай улсын хувьд боловсролын салбар хэрхэн ардчилагдаж багш, сурган хүмүүжүүлэх үүрэг рольтой хүмүүс ардчилал, эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийн талаарх үнэт зүйлс, ардчилсан нийгмийн мораль, ёс суртахууныг хүүхэд багачуудад хэрхэн дамжуулан зааж сургаж байна вэ. Ерөнхийдөө боловсролын бодлого нийгмийн анги давхаргын хүрээнд үүсгэсэн сүлжээн дотроос гарч чадахгүй эргэлдэх хооронд улс төрчид, бизнесменүүд, боломжийн амьдралтай айлууд, төрийн албан хаагчид, сонирхлын бүлгүүдийн хүүхдэдээ боловсролоор дамжуулан оруулж буй хөрөнгө оруулалт нь лав нийгмийн тэгш байдалд чиглэсэнгүй гэж үзэж байна.   

Манай улсад “тэр сургуульд сурсан, төгссөн” гэсэн имиж, намтар, найз нөхөд, танил талын хүрээ нь хүүхдийнх нь ирээдүйд ашигтай, ажил амьдралд нь чухал хөшүүрэг болно гэсэн ойлголт түгээмэл учраас нийгмийн тодорхой бүлэг, иргэд, эцэг эхчүүд сайн гэгдэх сургуулиудын талаар мэдээлэл цуглуулан сонголтоо хийдэг.  Тэд олдсон мэдээллээ боловсруулж ашиглах ур чадвартай, боловсролын салбарт нөлөөлөх, хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийхдээ шийдэмгий байна. Шинэ цагийн зарим монголчууд мөнгөтэй, бэл бэнчинтэй тул цаг зав гарган сургуулиудыг судалж шийдвэрээ гаргаж, унаа тэрэгтэй учраас хотын хаанаас ч сайн, шилдэг гэж үзсэн сургуульд хүүхдээ төвөггүй зөөж хүргэдэг. Олимпиад уралдаан, өдөр өнжүүлэх, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гээд хүүхдээ хөгжүүлж болох бусад зүйлст мөнгө хангалттай зарж анхаарал хандуулахын зэрэгцээ салбар салбарт ажилладаг алба хашдаг хүмүүс хоорондоо танил найз нөхдийн сүлжээ үүсгэн хамтардаг. Нийгмийн анги давхаргын эрх мэдэл, эд баялагтай хэсэг, мөн эрх мэдэлтнүүдэд ойр төрийн албан хаагчид өөрсдийгөө тойруулан, хүрээлэлдээ зориулан барьсан “цайз хэрэмтэй”, хурдан морь, бөх, үнэтэй байр сууц, машин, албан тушаал, эрх мэдэл, намчирхал гэх зэргээр цайз хэрмээ бэхжүүлэх ажлыг тасралтгүй хийнэ. Боловсролыг чухалчлах сэтгэлгээтэй бүлэглэлүүдийн хувьд дунд боловсролын системийг мөн зальжин ашиглаж үл үзэгдэгч цайз хэрмээ өргөтгөн барьж бэхлэхээ ч үл мартана.

Нэг талаар гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд, элчин сайдын яамд, үндэстэн дамнасан корпорациудын эзэд, ажилтнуудтай зэрэгцээд шинэ цагийн баячууд өндөр төлбөртэй гадны хөрөнгө оруулалттай олон улсын сургуулиудад мөнгө хайрлалгүйгээр хүүхдээ сургаж чадаж байна. Мөн чанартай боловсролыг хүсэмжилсэн бийлэгжүү эцэг эхчүүдийн хүүхдээ сургадаг чамгүй төлбөртэй дотоодын хувийн сургуулиудын бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байна.

Дээхнэ үед улсын 1, 11, 23 гэх зэрэг цөөн сургуулиудад хүүхдээ багтаах гэж гүйлддэг байсан хүмүүс Кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулиуд байгуулагдсныг алга ташин хүлээж авав. Учир нь цагийн аясаар гүнзгийрүүлсэн сургалттай гэх тодотголтой сургуулиуд хоцрогдсон мэт эцэг эхчүүдэд, зарим төрийн албаны ажилтнуудад санагдаж, илүү чанартай боловсрол олгох, үнэ төлбөр багатай сургуулиудыг эрэлхийлж байсан нь биелсэн хэрэг. Гэвч төрийн өмчит Кембрижийн хөтөлбөртэй сургууль улсын хэмжээнд гуравхан байгаа нь одоогийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа тул яван явсаар УИХ-ын гишүүдээр дамжуулан төрийн өмчит Кембрижийн сургуулиуд улам олныг (80-100 орчим) барих хэрэгцээ шаардлага байна хэмээн парламент, засгийн газрын хэмжээнд лоббидоход хүргэлээ. Үүнийг лоббичид маань нэгэн арваны өмнө олон улсын түвшинд баталгаажсан, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын системийг бий болгох зорилготойгоор эхлүүлсэн төслийн хэрэгжилт, үйл явц, үр дүнг биш, төслийн хүрээнд сургалтын стандарт, үндэсний хөтөлбөрийг сайжруулахад туршилт хийж боловсронгуй болгох зорилгоор байгуулсан цөөн Кембрижийн сургуулийг зогсоо зайгүй улиглан ярьж, “олон ядуу айлын хүүхэд сургаж байгаа” хэмээн сайрхан магтаж байгаагаас тод харж болно. Дээр үеэс үр хүүхдийнхээ нийгэмд эзлэх байр суурийнх нь төлөө сонголт хийж ирсэн хүмүүсийн хувьд иймэрхүү өөртөө итгэлтэй, “асуудлыг шийдвэрлэж буй шийдэмгий байдал” хүүхдүүдэд нь үе залгамжлан удамшиж үлддэг. Нэр бүхий лоббич гишүүд, нэрд гарах хүсэлтэй улс төрчдөд манай дунд боловсролын систем бүхлээрээ дэлхийтэй хөл нийлүүлэх эсэх, түүний тулд ямар бодлого хэрэгжүүлж өнөөгийн саад бэрхшээлийг даван туулах, тэрхүү “Монгол-Кембрижийн боловсролын санаачлага” төслийн үр дүн, алдаа оноо, ахиц дэвшлийг шүүн хэлэлцэх зэрэг асуудлууд ямар ч хамаагүй, зөвхөн Кембрижийн хөтөлбөртэй олон сургууль барьж гомдоллоод байгаа хүмүүсийн хүүхдүүдийг багтаах нь маш чухал байгаа юм. Тиймээс байхгүй байгаа Кембрижийн сургуулийн “багш нарыг сургах” нэрийдлээр НИТХ-аас төсөв хүртэл гаргуулан тонгочиж, бужигнуулж байдаг бадрангуй парламентын гишүүдтэй ажгуу. Эргэн сануулахад эрх баригчид дээр дурдсан төслийг 2011 онд эхлүүлэхдээ “Бага, дунд боловсролын стандартын шинэчлэлийг хэрэгжүүлснээр манай бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөр, сургалтын чанар нь олон улсын түвшинд баталгаажиж, ерөнхий боловсролын сургуулийн сургалт нь сурагчдыг олон улсын түвшинд өрсөлдөх түвшний мэдлэг, боловсролтой, сурах эрмэлзэлтэй төдийгүй суралцах арга, чадвартай өөртөө итгэлтэй, үндэсний өв уламжлал, соёлоо хайрлан хамгаалж, хөгжүүлдэг, эх орноороо бахархдаг, бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгох байдлаар зохион байгуулагддаг болно” хэмээн зорилго дэвшүүлж байсныг санаж, хариуцлага нэхмээр байгаа юм.        

Нөгөө талаар хүн амын дийлэнх олонхийн хувьд энгийн амьдралтай, үнэнч шударгаар ажиллаж амьдрахыг илүүд үздэг иргэд, амьдралаа чадан ядан залгуулдаг хүмүүс тул хүүхдүүддээ зориулсан иймэрхүү сонголт хийх тал дээр овсгоо самбаа, заль мэх уралдуулалгүй, харъяаллын дагуу тойргийн ЕБС-д хүүхдүүдээ сургадаг.

Нийгмийн “үл үзэгдэгч” цайз хэрмийг уйгагүй босголцож явсны үр дүнд шударга ёс гээч зүйл боловсролын салбарын хээл хахууль, авилга, ёс зүйгүй байдлын өмнө бөхийсөн гэдгийг бүгд мэддэг хэрнээ судалгааны тоо баримт дурдасхийн, хол хөндий байдлаар цэрвэн ярьж бичдэг. Боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсийг 20, 30 жилээр байж болох доод түвшинд “амжилттай барьсан” учраас амьдралаа сайжруулах арга хайгаад салбарын бодлогын цоорхойгоор элдэв сонирхолтой эцэс төгсгөлгүй нөхөрлөсөн нь тэгш бус байдал, шударга бусын үүр уурхайг бүтээв. Энэ байдал даамжирч, хүрээ хаяагаа тэлж нийгмийн тодорхой бүлгүүд, төрийн байгууллагуудтайгаа хамт хүч хавсран сургуулийн дотоод үйл ажиллагаанд оролцдог, нөлөөлдөг хэм хэмжээг нэгэнт тогтоосон. Жишээ болгоход манай улсын тэргүүний, шилдэг гэгдэх нэр нөлөө бүхий, улсын нэгэн сургууль байна. Сургуулийн удирдлага, менежерүүд гээд (зарим багш нартайгаа хамт) тодорхой бүлэглэл үгсэн хуйвалдаж, тойргийн бус сурагчдыг өндөр үнэтэй авлигаар авч дассан, хэвшсэн “авилгын соёлтой”. Тойргийн бус ч тус сургуульд хүүхдээ сургахыг хүссэн хэдэн зуун эцэг эх, дарга ангийнхан, баячууд, зиндаагаа тогтоох хүсэлтэй хүн бүрийн бэл бэнчингээр ханцуйн завсарт хүүхэд бүрийн тоогоор 5, 10 сая, хэд гурван мянган долларууд явдаг. “Боодолтой мөнгө эгнүүлж өрсөн ширээнд цуг суугаад долларын үнэтэй виски дээгүүр нь тулгаж амжилтаа тэмдэглэдэг” гэдгийг нүдээр хараагүй ч хүүхэд элсүүлэх ханш 1 саяас 10 сая, 2000-7000 доллар хооронд хэлбэлздэг гэж ам дамжин яригддаг нь нууц биш. Нэг тоо бодоод үзье. Ойролцоогоор, хичээлийн жилийн эхэнд дунджаар 250 хүүхэд (тойргийн бус) нэмэлтээр, хүүхэд бүрээс 5 саяыг аваад 1-р ангид элсүүлдэг гэхлээр 1 тэрбум 250 сая төгрөг олж байна. Үүн дээр өдөр өнжүүлэх, секц дугуйлан, бусад ангид хүүхэд нэмж авдаг гээд бусад нэмэлт орлого, бизнесийн мөнгөний тооцоо бийг санах хэрэгтэй. Судалгаа хийж үзэхэд тус сургуулийн 3500 сурагчдын 70 хувь буюу 2450 нь тойргийн бус харьяалалтай байгаа нь нотлогдож байсан гэх бөгөөд ангиудыг марш парад шиг хайрцаглаад, зайгүй чигжчихдэг болохоор сурагчид хөлсөө цувуулж, шилээ харан, номхон командтай сууцгаадаг аж. Боловсролын чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын дийлэнх ажилтнуудын хүүхэд мөн тэнд сурдаг гэдэг ч сонин содон сонсогдоно. Сүүлийн жилүүдэд 10-аад захирал сольсон, хүслээр нь болоогүй ямар ч захирлыг “унагаж чадах” тэр газарт шүүхийн шийдвэр хэрэгжихгүй, холбогдох төрийн байгууллагууд ч арга хэмжээ авахгүй өөгшүүлж, зарим нь хамтарч “ашгаа хувааж” бужигнуулснаар доторх бүлэг авилгачид айх зүйл алга гээд даналзаж байдаг. Сурагч багачуудад энэ бусармаг зүйлсийг ааш аяг, үг үйлдэл, харилцаа хандлагаараа “суулган” үлдээж байгаа нь Монголын ирээдүйг хорлож байгаа ёс суртахууны засаршгүй доголдол, гутамшигт үйлдэл мөн. Гэтэл иймэрхүү мэдээ мэдээлэл гаргахгүй байхыг “дээрээс” үүрэгдэж, хэвлэл мэдээлэлд нөлөөлдөг гэхээр боловсролын салбар бүрэн ардчилагдаж хүний эрх, шударга ёс, нийгмийн тэгш байдал гүйцэд тогтсон уу гэдэгт та бид өөрсдөө хариулах хэрэгтэй болж байна. Товчхондоо боловсролын салбарт авилга, ёс суртахууны ялзрал, бусармаг байдал хэрхэн хүчээ авч хэнд ч дийлдэхгүй зомби болтлоо томорсныг илтгэх хамгийн гунигтай жишээ юм. Ийм сургуулийн соёл, уур амьсгал, хэм хэмжээг өөрчлөхөд тусгай стратеги боловсруулж сургууль доторх албан ба “албан бус удирдлага, баг”-тай ажиллах, судлах, хамтрахаас эхлэх ба удаан хугацаанд тасралтгүй үргэлжилж үр дүнд хүрдэг төвөгтэй процесс байдаг гэж үздэг.   

Төрийн өмчит Кембрижийн сургуулиудын хувьд шийдэх асуудлууд зөндөө байдаг ч тэнд шийдэл санал болгох гэж биш “хэдэн хүүхэд оруулах” зорилготойгоор ажлын айлчлал хийдэг яамны газрын дарга байна. Боловсролын салбарт авилга, ёс зүйгүй байдал ноёлсон энэ цаг үед боловсролын шинэхэн сайд өндөр төлбөртэй сургуулиудын хувьсах зардлыг хасч байгаагаа сүр дуулиантай мэдэгдэнгээ “хувийн сайн сургуулиудын хөгжлийн загварыг улсын сургуулиудад хуулж болох юм байна” гэж зарлаж байна. Тэдгээр арга хэмжээ аваад байгаа сургуульд хүүхэд нь сурдаг манайд суугаа ЭСЯ, ОУ-ын байгууллагуудын албаны хүмүүстэй уулзаж ажил хэрэг ярих болбол юу хэлж, өөрийгөө аргалж байгаа бол гэж бодохоор инээдтэй. Хувийн сургуулиуд хэт өндөр төлбөртэй сургахыг дэмжихгүй байгаа ч шат дараалалтай алхам хийж, бодлогоор зохицуулж, ялангуяа яриа хэлэлцээний замаар зөвлөлдөж шийдэх нь чухал. Ард нь өөрсдөө эрхээ хамгаалах чадваргүй, насанд хүрээгүй хүмүүс буюу хүүхдүүдийн сурч боловсрох эрх, академик эрх чөлөөний асуудал хөндөгдөж байгаа учраас лоббич гишүүдийн шахалт, ИНБ-уудын бодлогын нөлөөллийн өнцгийг харгалзахдаа олон талаас нь нухацтай авч үзэж шийдэх ёстой.

Сүүлийн үед боловсролын салбарын тэгш бус байдлыг их хөндөн ярьж бичдэг болжээ. Equity Theory буюу тэгш байдлын тухайд ажлын байран дахь нийтлэг шударга бус байдлыг зарим эрдэмтэд (Greenberg, 1993; Tyler, 1994; Folger, 2005) “тэгш бус байдал” хэмээн нэрлэснээр уг онолын үндэс тавигдсан байдаг. Нөөцийн хуваарилалтад хэрэглэгддэг ‘процедурын шударга байдал’ (‘procedural justice’ Greenberg, 1997, 2000; Greenberg Colquitt нар, 2005) гэдэг ойлголт нь энэхүү онолын үндсэн ухагдахуун бөгөөд бид өөрсдийгөө болон бусдыг хооронд нь харьцуулалт хийх замаар тэгш ба тэгш бус байдлыг гаргаж ирдэг. Ижилхэн ажил хийж байгаа шинэ залуу ба ахмад туршлагатай багш нарын хувьд ахмад багшийн эзлэх байр суурь, авах цалин урамшуулал илүү байдаг. Онолын хувьд бидний харьцуулж буй хүмүүсийн орц\гарцын харьцаа нь (ажилласан жил, ажлын ачаалал, бүтээмж г.м) ижил түвшинд байвал адил тэгш хандсан байна гэж үздэг. Хэрэв орц, гарцын харьцаа нь адилхан биш, зөрүүтэй бол шударга бус хандсан гэж үзснээс болоод тэгш бус байдлын мэдрэмж бий болно. Тэгш бус байдал нь хүсмээр зүйл биш бөгөөд бид аливаа тэгш бус байдлыг арилгах гэж хичээн чармайх нь зүйтэй. Тэгш бус байгааг мэдрэх нь ажил хийх сэдэл тэмүүллийг бууруулдаг. Ерөнхийдөө сургуулийн удирдлага, багш, сурагчдын зүгээс шударга бус байдал, тэгш бус харьцаа хандлагыг мэдэрч байгаа үед тэдний ажил хийх, сургах, сурах хүсэл эрмэлзэл огцом буурч хуулах, ажлаа оромдох, дүр эсгэсэн хуурмаг байдал гэх зэрэг дүрэм, журмын бус арга ашиглах санаа сэдэл ихсэх магадлал өндөр байх талтай. Өнөө үед гэр бүлийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, боловсролын чанар хүртээмжийн асуудлуудыг тэгш бус байдалтай мөн нягт холбон авч үзэж байна. Тиймээс шударга байдлыг хангах ёс зүйтэй, чухал бодит  үндэслэл, учир зүйтэй хэм хэмжээг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны стандартын агуулгад оруулах зайлшгүй хэрэгтэй болоод байна.

20-р зууны хоцрогдсон бид хэд 21-р зууны иргэдийг бэлдэхэд маш болгоомжтой хандаж ядаж хойч үеэ хойш нь чангаахгүй байхыг хичээх хэрэгтэй болжээ. Хэзээ ч хэнд ч дийлддэггүй захирал, менежер, багш, дарга, мэргэжилтнүүд ажиллаж байдаг эрин үед амьдарч байгаа гэхээр нэгэнт үүргээ гүйцэтгэсэн, социализмын үеэс угшилтай боловсролын чиглэлийн төрийн байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг зоригтой өөрчилж төгөлдөржүүлж байж системийн хөгжлийг хангах арга замыг хэлэлцэх нь зүй ёсны асуудал мөн хэмээн санана. Бид боловсролын салбарыг удирдах сэтгэл зүтгэлгүй, асуудал шийдвэрлэх чадамжгүй төрийн албан хаагчид дарга ангийнхантай, санаа сэтгэл гундуухан, улс төрчдийн оролцоо энэ тэрхэн яриад байгаад баймааргүй байна. Мөн эрхээ хамгаалах чадваргүй, нас бие гүйцээгүй сургуулийн бяцхан хүүхдүүд авилгын бохир гэмт хэргийн гол оролцогчид болон хохирч, хүүхдээр минь шантааж хийх вий гэсэн эцэг эхчүүд үнэнийг далдлан, санаа сэтгэл нь хямран амьдарсаар байхыг ч тэвчмээргүй байна. Сүүлийн жилүүдэд боловсролын удирдлагын хомсдол, чанар, хүртээмж, үр дүнгийн талаар нийгэмд ширүүн маргаан, шүүмжлэл өрнөж, хүмүүс бухимдлаа ил тод илэрхийлсээр байна. Улсын төсвөөс санхүүжих хэдий ч бүх хүүхдээсээ сургалтын төлбөр авдаг, ойлгомжгүй улсын сургууль байна. Өргөн уудам нутагт тархан байрласан хөдөөгийн сургуулиудыг хөгжүүлэх, тавьсан зорилгодоо хүрэхэд нь дэмжин тусалж мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх сургуулийн хөгжил хариуцсан мэргэжилтэн, зөвлөхүүд дутагдаж байгаа болохоос хааяа гэнэт очин шалгаж бужигнуулж “найрлаад” буцдаг төрийн албаныхан огт дутагдахгүй байна. Хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхэд, залуусын сурч боловсрох эрхийг хангах талаарх бодлого шийдвэрүүд нь хүний эрхийн мэдрэмжгүй, боловсролын үйлчилгээ нь ихэнх тохиолдолд хүүхдийн чадвар алдагдалд хандсан, тэдний бодит эсвэл байж болох согогт төвлөрсөн, мөн тэдний чадамжийг урьдчилан тодорхойлсон сөрөг төсөөллөөрөө боломжийг нь хязгаарлахад чиглэсэн хэвшмэл ташаа ойлголтыг агуулсан хэвээр.  Ерөөс ямар нэг бүтцийн өөрчлөлт зохицуулалт хийлгүйгээр ямар ч хүүхдийг боловсролын тогтолцоонд нийцүүлэхийг тэгш хамран сургах хэмээн төсөөлснөөр боловсролын тогтолцоо хүүхэд бүрт хүрч үйлчлэхгүй, хүүхэд бүр боловсролын үйлчилгээнээс үр ашиг хүртэхгүй байна. Энэ бүгд нийлээд бидэнд сайхан яриа, гоё санаа биш, бодит үйлдэл хийж ажил хэрэг болгох механизм, мэдлэг туршлага хослуулсан мэргэжлийн манлайлал, шинэ зууны боловсролын реформ хэрэгтэй гэсэн ойлголтын цэг дээр ирж төвлөрчээ.

Тиймээс боловсролын хууль эрх зүйн шинэчлэлтэй хамт энэ салбарт үйлчилж буй маш олон дүрэм журам, тушаал зааврыг судалж дүн шинжилгээ хийх, хэрэгцээгүйг нь хүчингүй болгож устгах, бусдыг нь нэгтгэх, өөрчилж сайжруулахын зэрэгцээ сургуулийн чанарын үнэлгээний системийг буй болгож ажиллах хэрэгтэй байна. Нэмж тодруулахад, дотоодын нэгдсэн чанарын үнэлгээний системийг PISA шалгалт орлох боломж тааруу бөгөөд боловсролын үнэлгээний иж бүрэн тогтолцоог бий болгож, салбарын бүхий л асуудлыг өргөн хүрээнд харж, ялангуяа багшийн үнэлгээний системийг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх шаардлагатай байна.

Төрийн байгууллагууд сүр бадруулан очиж сургуулийн коридороор нааш цааш алхаж олдсон мэдээллээ ч анализ хийлгүйгээр торгууль төлбөр тавиад сануулга өгөөд гарч ирж хэвлэлд мэдээлэл өгөн “би ажил хийсэн шүү” гэж дээр байгаа дарга нартаа дохио өгөх бүүр ямар ч явцгүй, улиг болчихлоо. Ганц хоёр очоод, хэдэн хуудас бөглөөд л сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны хэвийн байдал, зөрчил доголдлыг илрүүлж олж засаад донгодож сануулаад эсвэл зөвлөөд явчихна гэж бодож сэтгэж ажиллах нь энэ цаг үед тохирч байгаа эсэхийг холбогдох төрийн албан хаагчдаас, удирдлагуудаас нь асууж, нээлттэй хэлэлцүүлмээр байна.

СЭЭБҮНХ (Сургуулийн Эцэг Эх, Багшийн үндэсний Нэгдсэн Холбоо) хөдөө алслагдсан орон нутагт хэрэгжүүлсэн төслийнхөө хүрээнд хэрхэн сургуулийн үйл ажиллагааг сайжруулах талаар ажиллаж “сайн сургуулийг дэмжих аргачлал” (ССДА)-ыг бүтээсэн. ССДА-ыг сургуулийн чанарын үнэлгээний гарааны баримт бичиг болгон түүнийг баяжуулж боловсронгуй болгох замаар сургуулийн үйл ажиллагаанд үнэлгээ мониторинг хийх, цаг үеийн шаардлагад нийцсэн чанарын үнэлгээний тогтолцоотой, дагаж мөрдөх бичиг баримттай болъё. “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “боловсролын салбарын хүрээнд судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөгжлийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх удирдлагын тогтолцоог бэхжүүлж, олон талт түншлэлийг бий болгоно” хэмээн заасан билээ. Бодлогын баримт бичигтээ “хөдөлмөрийн нөөц хязгаарлагдмал, мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэгтэй хүний нөөц дутмаг” гэдэг нь улс үндэстний хувьд сул тал болсныг онцолсон, боловсролын салбарыг хөгжүүлэх нь бүх нийтийн үйл хэрэг мөн гэж үзсэн зэргээс харахад холбогдох төрийн байгууллагууд, боловсролын болон хүний эрх, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, хүний эрхийн форумын гишүүд, судлаачид, эрдэмтэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс бүрдсэн бүтэц бүхий, СӨББ, ЕБС-ийн хөгжлийг тасралтгүй хангах чиг үүрэгтэй бие даасан, хараат бус “Боловсролын Удирдлагын Академи”-тай болох нь хамгийн зөв гарц байж болно. Ингэснээр,

  • Стандарт, хэмжилзүйн газраас баталдаг ЕБС-ийн багшийн стандарт, сургуулийн стандартыг мөрдүүлж, хянаж шалгах, боловсронгуй болгох
  • Сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудыг мерит зарчмаар сонгон шалгаруулж томилох, сургаж бэлтгэх
  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд цогц үнэлгээ мониторинг хийх
  • Онол практик хослуулсан сургалт явуулж, боловсролын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх
  • Сургууль, цэцэрлэгт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх
  • Сургалтын чанарын үнэлгээний системийг эзэнжүүлж цогц удирдлагаар хангах

зэрэг салангид чиг үүргүүдийг нэгтгэн зангидаж ажиллах, боловсрол, сургалтын байгууллагуудын хөгжлийг хангаж болох юм гэсэн санал бодолтой явдгаа хэлэхийг хүссэн юм.

Байгууллагын онолын үүднээс авч үзэхэд сургууль бол (бүх ЕБС хамаарна) хувь хүний, соёлын, улс төрийн, сурган хүмүүжүүлэх ухааны ба бүтэц бүрэлдэхүүний гэх зэрэг таван чухал элементийг агуулсан нийгмийн нээлттэй систем юм. Сурах, сургах үйлийн орчинд эдгээр элементүүдийн харилцан үйлчлэлийн үр дүнгээр сургуулийн хөгжлийн дүр зураг тодорч үйл ажиллагаа нь зохицуулагддаг. Сургалт нь сургуулийн үндсэн үйл ажиллагаа бөгөөд ерөнхийдөө бехавиоризм, когнитивизм, конструктивизм, ко-конструктивизм зэрэг онолоор тайлбарлагддаг нарийн төвөгтэй, цогц үйл явц билээ.

Сургуулийн эцсийн зорилго нь сурагчдын сурч боловсрох боломжийг олгож эрхийг хангах явдал бөгөөд сургуулиуд бусад төрлийн байгууллагуудаас ялгаатай нь суралцахуйн төлөөх байгууллага мөн. Энэ утгаараа сургуулийн суралцагчид нь ирээдүйгээ бүтээх бүх талын мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, олон өөр үзэл бодлыг уралдуулан сэтгэлгээний шинэ хэв маягийг үүсгэж хамтач хүсэл эрмэлзэлтэй байх, хамтран суралцахад сурах, улмаар тухайн сургуульд учирч буй асуудал, бэрхшээлээ амжилттай шийдвэрлэж инновацийг дэмжих чадавхийг өргөжүүлдэг гэж барууны боловсролын судлаачид үзэж байна. Хэрэв сургуулиуд суралцахуйн төлөөх байгууллага юм бол бүх төрлийн сургалтын байгууллагуудын соёл, уур амьсгалыг нээлттэй болгох, суралцахуйн үйл ажиллагааг бодьтой дэмжиж сурагчдыг өөртөө татах, өөрсдийн үйл ажиллагаагаа зохицуулан ажиллах боломжийг бүрдүүлэх, сургалтын үйл ажиллагааг гажуудуулсан хууль бус, ёс зүйгүй улс төрөөс зайлсхийх арга замыг бодож олох ёстой. Түүнчлэн өөрчлөлт авчрах манлайлал, нээлттэй, тасралтгүй харилцаа, шийдвэр гаргах, ялангуяа хамтын шийдвэр гаргах зэрэг нь сургуулиудын суралцахуй төлөөх хөгжлийг хангах чухал механизмууд учраас бидэнд шинэ цагийн шаардлагад нийцэх бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага хэрэгтэй байгаа юм. Ингэснээр орчин үед зөвхөн цаг үеийн асуудал биш, сайн сургууль болж ажиллахад хуучин оршиж буй болон шинээр үүсэн гарч ирж буй бэрхшээлтэй асуудлуудад үр дүнтэй хариу үйлдэл хийх чадвартай болгож сургуулиудыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн чадавхи, нөөцөө бүрдүүлнэ. 

Боловсролын удирдлага гэж ерөнхий ярихаасаа илүү СӨББ, ЕБС, ИДС, коллеж гэх зэргээр сургалтын үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагуудыг хөгжүүлэхдээ сонирхолтой, сорилттой, бүтээлч байдлыг дэмжсэн бүтэц бий болгох, олон үе шат дамжсан байдлаас мэргэжлийн, стандартад суурилсан хяналт үнэлгээ рүү шилжих, чөдөр тушаа болсон дүрэм журмуудыг устгах, нэгтгэх, өөрчлөх, боловсронгуй болгоход анхааръя.

Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхийн тулд дотоод сургалтын систем, сургуулийн соёл, уур амьсгал, эрх мэдэл ба хүсэл эрмэлзэл, тэгш байдал бүгд зохицон нийлж ажилласнаар үр дүнд хүрч сайн сургууль болж суралцагчдын сурлагад ахиц дэвшил гарах ёстой.

Монгол улсад хүүхдүүдийн сурч боловсрох эрх нэгт тавигддаггүй гэдгийг цар тахлын үеийн хямралт байдалд арга хэмжээ авч байгаа эрх баригчдын үйлдэл харуулж байгаа юм. Цар тахал гарч дэлгэрээгүй 2019-2020 оны хичээлийн жилд бүх шатны сургалтын байгууллагуудыг хааж төсөв хөрөнгөө хэмнэн өөр ангилалд шилжүүлэн зарцуулсан. Энэ хичээлийн жилийн хувьд мөн төсвийн хэмнэлт хийж хүүхдүүдийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьсан хэмээн тайлбарлаж, хичээл эхлэхийг хойшлуулж байна гэж хардах үндэслэл ч байгаа.

Боловсролын хуулийн шинэчлэлийн асуудал ид яригдаж, бүх багш нар сургууль, эцэг эхчүүдээс санал авч боловсруулж байгаа нь сайн хэрэг. Боловсролын салбарын удирдлагын дуу хоолой, бүтээлч оролцоо, манлайллыг үзэж сонсох, улмаар боловсролын яамны газар хэлтсүүд, дарга мэргэжилтнүүдийн барьж буй бодлого хөтөлбөртэй нь нарийн танилцах, тэнд шилэгдсэн боловсон хүчнийхээ үнэ цэнтэй санал санаачлагыг ойлгож мэдэх хэрэг ч бидэнд байгаа. Тиймээс энэ удаа зөвхөн БШУЯ-ны сайд, дэд сайд, ТНБД,    газар хэлтсийн дарга нараас бүрдсэн бодлогын хэлэлцүүлэг сонсох санал гаргаж байна. Удирдлагын манлайлал үзүүлэхээ илэрхийлсэн боловсролын сайд ба түүний баг, хамт олноос боловсрол эзэмших тэгш байдал, авилга ёс зүйгүй байдлаас тогтолцоогоороо салах, хувийн сургуулиуд, Кембрижийн хөтөлбөртэй улсын сургуулиуд, мөн боловсролын чанарын үнэлгээний тогтолцоо, төсвийн зарцуулалт зэрэг олон асуудлаар хууль эрх зүйн шинэчлэл хэрхэн хийгдэх тухайд ур ухаанаа уралдуулсан бодлогын мэтгэлцээнийг нь үзэх хүсэлтэй байна. Боловсролын салбарын амин чухал шинэчлэлийг эхлүүлэх цэг дээр очих үүрэгтэй, эрхтэй хүмүүс нь очмоор байна.

Боловсрол судлаач Г.Баянзул

Сэтгэгдэл бичих

    • Гэрэлээх
    • 2021-02-28

    Мундаг байнаа. Баянзул дээд сургуульд их мэрийлттэй сайн сурагч байсан, одоо бүүр мундаг болжээ, бахархаж байна.

    • Гэрэлээх
    • 2021-02-28

    Мундаг байнаа. Баянзул дээд сургуульд их мэрийлттэй сайн сурагч байсан, одоо бүүр мундаг болжээ, бахархаж байна.

arrow icon