Нийтлэл 01 сарын 05, 2022

Анхны баяжуулагч нар буюу Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагчид

"Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн ЗХУ-н геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгасан. Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг эзэмших Техник, эдийн засгийн үндэслэл  батлагдаж 1973 оны 2 дугаар сарын 20-нд уг ордыг ашиглах талаар /хуучин нэрээр/ БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд түүхэн хэлэлцээр байгуулагдсан. "Эрдэнэт" үйлдвэр байгуулах тухай гэрээнд Монголын талаас нам төрийн тэргүүн, Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн талаас Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар гарын үсэг зурсан. Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж байсан. Ийнхүү ЗХУ-ын олон хотоос 15 мянган гаруй мэргэжилтэн, Монгол орны өнцөг булан бүрээс 5 мянга гаруй хүн эвлэл, комсомол, намын илгээлтээр шинэ үйлдвэр, шинэ хот барьж байгуулна хэмээн Эрдэнэтэд нэгэн зэрэг хуран цуглаж эрч хүчтэй хамтран ажилласан түүх 1973 оноос эхлэлтэй билээ.

Зууны манлай бүтээн байгуулалт Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах ажил ийнхүү эхэлсэн түүхтэй бөгөөд Дэлхийд тэргүүлэх 10 том үйлдвэрийн нэгний тоонд багтах аварга том үйлдвэр барьж байгуулах ажил ид өрнөж Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулж эхэлжээ. Тэр үед шинээр байгуулагдаж буй Эрдэнэт үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилтнууд, ажилчдыг төр засгийн бодлогоор гадаад дотоодын их дээд, дунд шатны  сургууль, техникийн мэргэжил олгох сургуулиудад сургаж бэлтгэж эхэлсэн билээ. Энэ бодлого шийдвэрийн дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт анхны мэргэжилтэй ажилчин, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн ууган сургууль Дархан хотын Политехникумд “Ашигт малтмал баяжуулалтын техникч” мэргэжлээр анхны элсэлт авч мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ.

Ирээдүйн Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай Ашигт малтмал баяжуулалтын мэргэжлээр политехикумд элсэлт авч анхны төгсөгч нар 1976,1978 онуудад төгсөж эхэлсэн юм. Бид тус сургуульд 1974-1978 онд суралцаж төгссөн Монгол Улсын анхны ашигт малтмал баяжуулалтын техникч нар болцгоосон төдийгүй нам төр, улсын бодлогоор бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилтнууд байсан юм. Политехникумд анги удирдсан багш маань МУИС төгссөн залуухан багш С.Дэнжин байсан бөгөөд багш маань оюутнууд бидэндээ маш их анхаарал халамж тавьдаг, эелдэг боловсон харилцаатай, тэвчээртэй, мэдрэмжтэй, шударга чин сэтгэлтэй багш байлаа. Тэрээр сургууль төгсөөд удаагүй ч оюутнууд бидэндээ үлгэр дууриалал үзүүлсэн маш хичээнгүй, ажил хэрэгч, өндөр шаардлагатай сурч мэдэхийг эрхэмлэдэг багш байсан төдийгүй бид одоо ч эрхэм багштайгаа холбоо харилцаатай байдаг.

Манай мэргэжлийн багш уулын уурхайн тэнхимийн эрхлэгч Ж.Далхаа мөн багш Б.Базар нар байсан бөгөөд эрхэм багш нар маань ЗСБНХУ-н Москва, Ленинград хотуудын алдар түүхтэй уул уурхайн их сургуулиуд төгссөн Манай улсын анхны баяжуулагч инженерүүд шилдэг мэргэжилтнүүд байсан юм. Тэд Монгол Улсад анхны ашигт малтмал баяжуулалтын мэргэжилтнүүд бэлтгэж эхэлсэн төдийгүй тэдний сургаж хүмүүжүүлсэн бэлтгэсэн олон арван шавь нар нь уул уурхайн салбарын шилдэг тэргүүний мэргэжилтнүүд, менежер, инженер техникийн ажилтнууд болцгоосон билээ.

Хамгийн тод жишээ гэхэд л “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-г анх ашиглалтанд орох үеээс нь эхлээд бүх л түүхийн  туршид техник техологийн шат дамжлага бүрд тэр ч байтугай  үйлдвэрийн ерөнхий инженер, орлогч захирлын түвшинд хүртэл тэдний шавь нар баяжуулагч инженерүүд ажиллаж байна. Бид 1978 оны 1-р сард политехникум төгсөөд тухайн үеийн ГУУЯамны томилтоор Монгол-Зөвлөлтийн хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт“ үйлдвэрт ирж шинэ баригдаж буй үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалт, эхний ээлжийг залгаж ажиллуулах үйл ажиллагаанд гар бие оролцож ажилласан анхдагчид нар болцгоосон.   

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах, ажиллах хүчнийг бэлтгэх ажил нам төрийн бодлого, шийдвэрийн дагуу зэрэг хийгдэж 1978 оны 12-р сарын 14-нд “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр ээлж ашиглалтанд ороход шинэ үйлдвэр ч ажиллахад бэлэн, шинэ ажилчид ч мэдлэг чадвар эзэмшсэн бэлтгэгдсэн байлаа.  Монгол Улсад аж үйлдвэр техникийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ууган сургуулийн төгсөгч нар улс орныхоо өнцөг булан бүрд ажиллаж эх орноо хөгжүүлэх их үйлсэд чинь сэтгэлээ зориулан манлайлан ажиллаж амьдарч байдаг. Өнөөдөр манай сургуулийн төгсөгч нар эх орныхоо хөгжлийн түүчээ нь болсон уул уурхай эрчим хүчний салбарт ажиллан улс нийгэм айл өрх бүрийг гэрэл гэгээтэй, халуун дулаан байлгаж, гал голомтын хийморийг сэргээж байдгаар бахархаж явдаг даа.

Бид политехникумыг 17-уулаа төгссөн бөгөөд шинээр баригдаж буй Баяжуулах үйлдвэрийн шат дамжлага, цех хэсэг бүрд ажиллаж 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаж байсан түүхэн цаг мөчийн эзэд болцгоосон билээ.

Анхны баяжмал ачигдаж буй агшин БНМАУ-н Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗХУ-н Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга И.Т.Новиков нар.

 Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн барилга баригдаж буй байдал.1977он

Тухайн үеийн БНМАУ-н нам төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Зөвлөлтийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга И.В.Архипов нар үйлдвэрийн тээрэм ажиллуулах автомат залгуурын товчийг дарснаар, Эрдэнэт үйлдвэрийн “цагийн хүрд” эргэж эхэлсэн түүхтэй  бөгөөд өнөөдөр 43 дахь жилдээ амжилт бүтээлээр арвин ажиллаж байна.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон билээ.

Эрдэнэт Үйлдвэр маань ирээдүйд ч олон жил ажиллах эрдэс баялаг хүдрийн нөөц, техник технологийн хүчин чадалтай төдийгүй бидний бэлтгэж сургаж үлдээсэн залгамж халаа болсон мэдлэг чадвар бүхий уурхайчин, баяжуулагч дүү нар ч байгаа гэж бодоход сайхан байна.

Манай ангийнхан анх Эрдэнэтэд ирээд илгээлтийн эзэдэд зориулсан Говилын нийтийн байранд буудлан төвхөнөж ажил амьдралын их гараагаа эхлэж байлаа. Уул уурхайн  баяжуулалтын техникийн мэргэжилтэй биднийг тухайн үед хэрэгцээ шаардлагатай газар бүрд хувиарлан тус бүр Зөвлөлтийн мэргэжилтэн багшад даалгаж өгч байсан.

Тухайн үед үйлдвэр уурхайнууд ахмад туршлагатай ажилтан шинэ залуу ажилтнуудыг халамжлан хүмүүжүүлэх, туршлага мэдлэгээ хуваалцах зааж зөвлөх, үлгэрлэн манлайлах үйл ажиллагааг маш сайн зохион байгуулдаг байлаа.

Багш шавийн барилдлагаа тогтоон ажиллах энэ сайхан уламжлал шинэ залуу ажилтнууд бие дааж ажиллах амьдрах чадвар хурдан эзэмшихэд маш их ашиг тустай сайхан өв уламжлал байлаа.

Удахгүй ашиглалтад орох гэж байсан Бутлуурын цехэд Д.Алтангэрэл багш нь Сахаров.А.А, А.Ноосгой багш нь Содовский.В.Н, Л.Эрдэнэхүү багш нь Стюп.Ю.Н нар ажиллаж байсан. Нунтаглан баяжуулах цехэд тээрмийн машинистаар томилогдсон Ш.Гэзэгт, Г.Баярсайхан, Т.Пүрэвдорж  нарын багш нь Яхно.В.Н,

Хөвүүлэн баяжуулагчаар Я.Нянраг, Б.Сэлэнгэ нар томилогдсон,  Шүүн хатаах хэсэгт П.Цогтбаяр багш нь Самохин.А.С, Д.Дамдинсүрэн багш нь Трас.К.Н, Л.Сүхбаатар багш нь Тузов.А.В, Ц.Хаянхярваа багш нь Суслов.Б.Н, Я.Мөнхбаатар багш нь Медведев.Е.И.,

Урвалжийн цехэд хуваарилагдсан Л.Дарьсүрэн багш нь Тамара.Л.В, Ц.Төрбат, А.Өлзийхутаг нар ажиллаж байсан нь саяхан мэт санагдана.

Сургуулийн ширээний араас ирсэн дөнгөж 20 нас хүрч байсан бидэнд Орос Зөвлөлтийн мэргэжилтэн багш нар маань ажил мэргэжил, ахуй амьдралын асар их зүйл зааж сургаж  ажил амьдралын баялаг туршлагаа сэтгэл харамгүй хуваалцаж байжээ.

Өнөөдөр ахмад уурхайчин болсон бидэнд тэр үед тэднээс сурч мэдэж авсан ажил амьдралын асар их туршлага, мэдлэг чадвар, хандлага хүмүүжил амьдралын маань дадал зуршил болсон төдийгүй хойч үедээ өвлүүлэн үлдээх өв соёл болжээ.

Амралтын өдөр загас барих, шорлог хийх, гэр орондоо засвар үйлчилгээ хамтран хийх, цэцэг ногоо тарих, хатгамал хатгах, спортын олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах, баяраа хамт тэмдэглэх, ажлын цагийг баримтлах, ажил үүрэгтэй хариуцлагатай хандаж төлөвлөгөө нормоо хэрхэн биелүүлэх, хамт олонтойгоо тоглож наадаж элэгсэг нөхөрсөг харьцаа тогтоож харилцан тусалж хамтран ажиллах гээд олон сайхан соёл, зан үйлийг тэднээс сурч мэдэж дадал зуршил болгож авсан байна.

Ер нь Орос “ах” нараас Монголчууд бид маш их зүйлийг сурч мэдэж авсныг бидний үеийнхэн бүгд хүлээн зөвшөөрөх байх.

Нэгдүгээр ээлж ашиглалтанд орсон анхны жилүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн нийт ажиллагсдын 72 хувь нь ЗХУ-н мэргэжилтэн, 28 хувь нь Монгол ажиллагсад байсан бөгөөд Монгол хүн уул уурхайн салбарт хэрхэн мэргэшиж, мэдлэг чадвартай болсныг “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад болон бидний түүх намтраас харж болно.

Ямар ч инженер техникийн ажилтнууд  үйлдвэрийн анхан шат буюу жирийн ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж шат дамжилга бүрийг дамжин ахиж дэвшин ажиллаж суралцсаар мэргэжлийн ажлаа хийх хэмжээнд дадлагажиж, туршлагаждаг байсан бөгөөд бид ч тийм замаар ажиллаж ирсэн түүхтэй билээ.

Ингэж анхан шатнаас нь ажил мэргэжилд суралцах нь Эрдэнэт үйлдвэрийн алтан дүрэм байсан, байсаар ч байх удирдлага менежментийн шилдэг зарчим юм.

Бидний үеийхэн болон үйлдвэрийн анхдагч нар, олон ахмад инженер техникийн ажилтнууд одоо ч тэр түүхэн замналаа бахархалтайгаар дурсан ярьдаг үр өгөөжтэй шилдэг арга болохыг нь хүлээн зөвшөөрдөг.

Бид Эрдэнэт үйлдвэрийн цех хэсэг нэгж бүрд олон жил үр бүтээлтэй ажиллах хугацаандаа ажил мэргэжил, техник технологийг бүрэн төгс эзэмших, туршлага хуримтлуулах, хүмүүстэй ойлголцож эвтэй найртай хамт ажиллах, хөдөлмөр хамгаалал, сахилга дэг журам, цаг хугацааг баримтлах гээд олон сайн чанарыг өөрийн болгосон гэж үздэг билээ.

Тэд дараагийн үеийн шинэ төгсөгч, залуу баяжуулагч нартаа үйлдвэрийн техник технологийг сурах эзэмшихэд сэтгэл харамгүй зааж сургадаг, тусалж дэмждэг, халамжлан хүмүүжүүлдэг  үнэхээр үлгэр дууриалалтай шилдэг ажилтан, мэргэжилтнүүд байсан юм.

Тэр тухай баяжуулагч инженер Д.Отгонбаатар дурсан ярихдаа... “Би тэдний төгссөн сургуулийг1986 онд төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ирж ажилд орж байх үед  намайг өмнөх төгсөгчид ялангуяа анхны баяжуулагч ах нар маань маш сайхан хүлээн авч ажил амьдралын гараагаа эхлэхэд олон зүйл дээр тусалж дэмжиж байсныг дурсан санахад сайхан байна.

Би тэдгээр  баяжуулагч нартай дарга цэрэг, багш шавийн барилдлагатай олон жил хамт ажилласан  тэднээс их зүйлийг сурч мэдэж авсан” гэжээ.

Эрдэнэт үйлдвэр маань 40 гаруй жил тасралтгүй ажиллах хугацаандаа олон мянган хүнд хөдөлмөрийн хүмүүжил, сахилга бат, баг хамт олонч байх, цагийг хатуу баримтлах гээд олон давуу талуудыг бат бэх суулгаж, “Сайн ажиллавал сайхан амьдарна” гэдэг үгийн учгийг тайлж ойлгуулсан юм даа.

Баялаг бүтээгч үйлдвэр маань ажиллагсдынхаа гэр бүлийн орлого, элбэг баян амьдралын эх үндэс болсон төдийгүй номин ногоон “суварга” эх орны эдийн засгийг тэтгэн тэжээдэг түүчээ нь болсон билээ. 

Бид ажил амьдралынхаа 40 гаруй жилийг Эрдэнэт хотод өнгөрүүлж, Энэ үйлдвэрийг анх ашиглалтанд орох үеээс нь эхлээд бүх л түүхийн  туршид техник технологийн шат дамжлага бүрд технологийн ажилчин, бригадын дарга, ээлжийн мастер, ахлах мастер, цех хэсэг, үйлдвэрийн дарга гээд олон ажил албанд амжилт бүтээлтэй ажиллаж байлаа.

Бидний дундаас Ш.Гэзэгт маань Уулын баяжуулах Эрдэнэт Комбинатын үйлдвэр эрхэлсэн орлогч захирлын түвшинд хүртэл ажиллаж байсныг бахархалтайгаар дурсан бичих сайхан байна.

Манай ангийнхан Эрдэнэт үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөн үйлдвэрийн ахмад ажилтнууд болцгоосон төдийгүй төр засгийн дээд шагнал “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”,“Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын ойн медалиуд, Социалист хөдөлмөрийн таван жилийн гавшгайчид, ЗХУ-н “Ударник”, хот аймаг, үйлдвэрийн хөдөлмөрийн аварга, ЗХУ-н “Улс түмний найрамдлын одон, “Тэргүүний уурхайчин”, “Хүндэт баяжуулагч”, “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” гээд олон гавьяа шагнал, одон тэмдгийн эзэд болцгоосон билээ.

Түүнээс гадна ажил мэргэжил, эрдэм боловсролын хувьд өсөж дэвшин олонх нь цаашид их сургуульд суралцан бакалавр, магистрын зэрэг хамгаалсан төдийгүй бидний дундаас Техникийн ухааны доктор, Зөвлөх Инженер, Шилдэг баяжуулагч, Шилдэг удирдагч менежер, Багш сурган хүмүүжүүлэгч, нам эвлэл, улс төрийн гарамгай ажилтан, спортын мастер,  ардчиллын анхдагч,  МХЗЭ-н Их Хурлын төлөөлөгч гээд олон алдар цолтон төрсөн.

Өнөөдөр бид бүгдээрээ гавьяаныхаа амралтанд гарцгаасан хэдий ч бидний ажил үйлс өөдрөг, амьдрал ахуй тэгш сайхан, үр хүүхэд өнөр өтгөн, инээд баяслаар дүүрэн амьдарч байгаа  нь Эрдэнэт Үйлдвэр, Эрдэнэтийн овооны маань ач буян гэж үргэлж залибран мөргөж явдаг даа.

Эрдэнэт уул маань эрдэм мэдлэгийн уурхай болтугай...

Бид манай ангийхан ийм амжилтыг бүтээлцэж явснаараа бахархаж явдаг.

Ашигт малтмал баяжуулалтын 2-р курсын оюутнууд 1975он Дархан хот

 Политехникумын нэг ангийн Т.Пүрэвдорж, П.Цогтбаяр, Ш.Гэзэгт нар хамт ажилладаг барилагчин Орос цэргийн хамт,  Эрдэнэт Үйлдвэрийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байх үед 1978оны 5-р сар

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн холын зайн гүйлтийн багийн гишүүдийн дунд нэг ангийн Д.Дамдинсүрэн маань байна 1978он

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн гүйлтийн багийн гишүүд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, МХЗЭ–ийн Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэв,  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц нарын хамт 1978он,

 

Сургууль төгсөлтийн 35 жилийн ойн баяр багш Л.Дэнжин, багш В.Базар нартай хамт 2009он Эрдэнэт хот,

 

Нэг ангийн нэг ширээний нас чацуу андууд өдгөө хал үзэж хашир суусан ахмад уурхайчид Эрдэнэт Үйлдвэрийн анхдагчид болжээ. Мэргэжлийн багш В.Базарын хамт 2008он Эрдэнэт хот,

.

Мэдээг бэлтэгсэн: “Эрдэнэт Үйлдвэр”ТӨҮГ-н анхдагч, ахмад баяжуулагч: Я.Мөнхбаатар
Монгол Улсын Зөвлөх Инженер: Д.Отгонбаатар
2021 он.11-р сар 25нд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon