Нийтлэл 02 сарын 26, 2015

Буян

 Би нэгэнтээ өөрийн твиттер хуудаснаа “Сумочид бишгүй л хандив өргөдөг, манай үндэсний бөх барилддаг бөхчүүд хумсаа тэнийлгэх цаг нь болсон доо” гээд биччихсэн чинь зарим нэг нөхөд өөдөөс сөргөөд янз янзын юм яриад байхаар нь арай дэлгэрэнгүй бичмээр санагдаад...

 Манай бөхчүүдийн дийлэнх нь улсын цолонд очих үед "цолны найраа" гээчийг хийж санхүүгийн асуудлаа Нутгийн зөвлөлөөр, зуучлалын асуудлаа нутгийн ахмад цолтой бөхчүүдээр хийлгэж улсын цол авдаг нь нууц биш. Улсын цол авсаныхаа дараа "Манай нутгийнхан олигтой бэлэг сэлт өгсөнгүй" энэ тэр гэж гоншигнож суусан начин, харцагын яриа нэг биш удаа сонсож явлаа. Зарим нэг жиргээчид "Манай бөх сумо шиг мэргэжлийн спорт биш, тийм их орлого олдоггүй тул хандив, тусламж өгөх боломжгүй" гэх мэтээр бөхчүүдээ өмөөрлөө.

 Албан ёсоор мэргэжлийн спорт гэж зарлагдаагүйтэй нь санал нэг байна. Гэхдээ өнөөдөр улсын цолтой бөхчүүд бөх барилдахаас тэс өөр ажил хийж байгаа нь хэд вэ анзаараарай. Тэдний үндсэн ажил бол бөх барилдах, бэлтгэл хийх. Цалин, орлогыг нь ивээн тэтгэгч компани, байгууллагууд өгч байна. Ер нь бол үндэсний бөх мэргэжлийн спорт болсон гэхэд хилсдэхгүй. Манай бөхчүүдийн орлого сумочидтай харьцуулбал бага боловч Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн, үзүүрлэсэн бөхчүүдэд аварга, арслан цолыг нь мялааж 200,0-500,0 сая төгрөгийн орон сууц хэд хэдийг, 100,0-200,0 сая төгрөгийн авто машин хэд хэдийг ивээн тэтгэгч компани нь, Нутгийн зөвлөл, найз нөхөд, хөгжөөн дэмжигчид нь бэлэг болгон өгдөг. Энэ бол ард түмний хайр, хүндэтгэлийн нэг хэлбэр. Үүнийг анзаарсан залуу бөхчүүд сүүлийн үед маш эрчимтэй бэлтгэл хийж Наадамд ядахад нэг түрүүлчихвэл амьдрал ахуйнхаа асуудлыг шийдчих боломжтой юм байна гэж харж байна. Үүнийгээ дагаад бөхийн барилдаан ч үзүүштэй, өрсөлдөөнтэй болж байгааг дурьдах нь зөв юм.

 Аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтонгуудын бас нэг амьжиргаа, орлогын эх үүсвэр нь энэ тэндхийн тендер авах, бараа материал "нутгийнхаа дарга ах"-ын байгууллагад шахах, төрийн том сайд дарга нар дээр орж элдэв асуудал шийдвэрлүүлэх гэх мэт ажлууд байдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тухайн сумаас төрсөн нэг бөх түрүүлж, үзүүрлэхэд Засаг дарга ядуу, баяныг үл харгалзан малчин айл бүрээс мал "хүчээр" татаж цуглуулж бэлэглэх үзэгдэл ч хавтгайрсан байдаг. Гэхдээ би бөхчүүдийг заавал хандив, тусламж өгөх ёстой гээд байгаам бишээ. Хандив, хүмүүнлэгийн буяны тусламж гэдэг бол сэтгэлийн л юм байдаг. Ард түмнийхээ хайр, буянд хөлбөрч явахдаа багахан ч гэсэн хариу барихад болохгүй зүйлгүй. Их сумогоос зодог тайлсан ч ёкозуна Асашёорү Д.Дагвадорж Хүүхдийн эмнэлэг барина гээд л гүйж явааг нь харахад үнэхээр бахархмаар. Хэзээ ч билээ, Г.Өсөхбаяр аварга шуурганд өртөж гэр оронгүй болсон Архангайн иргэдэд гэр бэлэглэлээ гэсэн сайхан мэдээ урсаж байсан.

 Би уг нь яг ямар байвал хаа хаанаа их зүгээр, аятайхан юм бол л гэж бодоод байгаа юм. Жишээ нь Увс аймгийн Баруунтуруун сумаас Б.Ганбат арслан, С.Мөнхбат аварга хоёр байна. Тэндээс бас нэг төрсөн начин нь Б.Эрдэнэбилэг ч гэж бий. За начин ч дүүрч. Аварга, арслан хоёр жаахан алгаа дээш нь харуулаад тэнийлгэхэд л Баруунтуруун суманд сэндвичээр барьсан орчин үеийн биеийн тамирын заал, гаднаа хөлбөмбөгийн хиймэл зүлэгтэй талбай байгуулж болхоор. Заалных нь үүдэн дээр "Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат нарын нэрэмжит Спортын танхим" гээд биччихсэн... Хүүхэд, залуучууд хичнээн их баярлаж, спортоор хичээллэж, чөлөөт цагаа зөв зүйлд зарцуулж, эрүүл саруул амьдрал сонгох бол. Магадгүй энэ бөхийн удамт нутгаас ирээдүйн аварга, арслангууд төрөхийг үгүйсгэхгүй. Завханы хоёр гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нар сайхан сэтгэлийн гараа сунгавал сумынхаа /аймгийнхаа/ төрөх эмнэлэгт ээжүүдийн төрөх ор /сүүлийн үеийн/ 2-3 ширхэгийг аваад өгчих бяр бол байгаа даа. Ер нь нутгийн бөхийн галаас боломжтой, том цолтой бөхчүүд нь “гуялаад” аймаг, сумынхаа эмнэлэгт оношлогооны тоног төхөөрөмж, ор авч өгөх, сургуульд компютер авч өгөх, адаглаад хүүхдийн цэцэрлэгт тоглоом авч өгөх зэргээр тусладаг гоё жишиг тогтоочихвол тун хэрэгтэй дээ. Эцсийн бүлэгт бөхчүүдийн минь хандив тусламжаар очих зүйл маань эргээд нөгөө малаа хандивласан малчин, түүний хүүхдэд үйлчилж буян болно. 

 Хандив, бэлэг сэлтэнд ч бас өөрийн гэсэн маркетинг байдаг. Саяхан ёкозуна Харумафүжи II дугаар төрөх эмнэлэгт сүүлийн үеийн төрөхийн түргэний машин бэлэглэсэн байсан. Миний ойлгосноор уг машиныг яг ч Харумафүжи өөрөө мөнгийг нь гаргаад авчихаагүй юм шиг байна лээ (би эндүүрч байж магад). Харин Харумафүжигийн шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигч нөхөд тусласан байх жишээтэй. Манайд ч гэсэн бөхчүүд нутгаас гаралтай пэнзгэр компанийн захирлуудыг лоббидож сум, орон нутагтаа бага сага юм шидүүлэх нь буруу биш.

Эцэст нь дахиад хэлье. Хандив, тусламж гэдэг сэтгэлийн л юм байдаг юм. Заавал өгөх ёстой юм биш шүү, найзууд аа. 

 

PS: Монгол Үндэсний бөх бол үеийн үед өвөг дээдсээс бидэнд уламжлагдан ирсэн сайхан өв соёл, түүх билээ. Монголын ард түмэн бөхөөрөө бахархдаг, бөхөө хүндэлдэг, дээдэлдэг. Цаашид ч ийм байгаасай гэж хүснэм.

Сэтгэгдэл бичих

arrow icon