Нийтлэл 03 сарын 26, 2015

Монгол улс өрсөлдөх чадвартаа хөрөнгө оруулах хэрэгтэй байгааг анхаарууллаа

trends.mn манай улсын ойрын жилүүдийн гадаад дотоод мөнгөний урсгал, өр төлөх график, хөрвөх чадвартай, мөнгөний дотогш чиглэсэн урсгал үүсгэх салбарт хөрөнгө зарцуулах шаардлагатай байгааг нийтэлсээр буй. Азийн Хөгжлийн Банкнаас гаргасан “Азийн хөгжлийн төлөв 2015” тайланд ч ойрын жилүүдэд Монгол улсыг олон улсад өрсөлдөх чадвартай салбарууддаа хөрөнгө оруулах шаардлагатай гэж зөвлөжээ. Улмаар эдийн засгийн өсөлт 3%- тай байх таамаг гаргасан байна. Хоёр оронтой эдийн засгийн өсөлтөөр гайхуулж байсан цаг саяхан тул сэтгэлээр унамаар бага тоо боловч хөгжлөөс илүү халамж, хэрэглээг хавтгайруулсан  хоёр оронтой тооны араас харуусахын оронд хасах өсөлт үзүүлээд ч хамаагүй суурь нь хазгай төсөв, мөнгөний бодлогоо засаж авах цаг. Ингээд АХБ-аас гаргасан төлвийг тоймлон хүргэе:

 

Азийн хөгжлийн банкнаас: Монгол улсын макро эдийн засаг 2015 онд

Монгол улсын хувьд төлбөрийн тэнцлийн хямрал, мөнгөний хатуу бодлого явуулах хэрэгцээнээс үүдээд эдийн засгийн өсөлт удаашрах болно. 2014 онд 7,8% байсан өсөлт 2015 онд 3% байна гэж таамаглажээ. Гадаад орчин таатай, уул уурхайн хөрөнгө оруулалт эргэн сэргэнэ гэж үзвэл 2016 онд 5% хүртэл сэргэж ирэх магадлалтай аж.

Төсөв, мөнгөний тэлэх бодлогын дүнд 2014 онд хамгийн өндөр саруудад 14,9%-аар хүртэл өссөн хэрэглээний үнэ 2015 оны 2 сард 9,3 % болж саарч ирээд байгаа агаад Монголбанк 2016 оны эцэс гэхэд 7 % болгох зорилготой.

Монголын засгийн газрын хувьд амжиргааны доогуур түвшинд амьдарч буй иргэдийн халамжийг таслахгүйн хамт өрийн төлбөр, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалангаа мөнгө, төсвийн хумих бодлого явуулж төлбөрийн тэнцлийн хямралаас хэрхэн гарах нь  хамгийн ойрын сорилт болоод байна. Улсын нэрлэсэн өр 2010 онд ДНБ-ий 31% байсан нь 2017 онд 77,4% болж өссөнөөс гадна төсөв, төлбөрийн тэнцлийн нийлбэр алдагдал ДНБ-ний 11,5% болж оргилдоо хүрсэн.

Хөгжлийн банкны балансыг төсөвт тусгах зэргээр зарим зохистой алхамууд хийгдэж байгаа ч нэн ялангуяа зээлийн хөрөнгийг гол үйлдвэрлэлийн салбаруудынхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зарцуулах зэрэг өрийн менежмент амин чухал шаардлагатай байна. Олон улсын хөрөнгийн зах зээлд томхон төлбөрүүд буцааж төлөх 2017-2018 он ойрхон байгааг мартаж болохгүй.

Илүү тогтвортой өсөлтийн хэв загварт орохын тулд уул уурхайн хамаарлаас гарч олон салбарт эдийн засгийг хөгжүүлэх нь хийгдэх ёстой гол ажлын нэг хэвээр байна.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon