Хятадын нэг хүүхдийн бодлого хил даван “заналхийлж” байна

Хятадын нэг хүүхдийн бодлого 30 жилийн тэртээгээс эхтэй. Тухайн үед айл бүр дор хаяж 4 хүүхэдтэй, хятадын хүн ам болон төрөлтийн тоо ихэссэн байв. Улмаар хоол, усны хомстол үүсэх аюул тулгараад байлаа. Ийнхүү 1979 онд Коммунист нам Хятадын хүн амын өсөлтийг хязгаарлах зорилгоор “Нэг хүүхдийн бодлого”-ыг нэвтрүүлсэн. Тэд хоол, усны гачигдлаас сэргийлж, хувь хүний хөгжлийг сайжруулна хэмээн итгэж, 20-р зууны төгсгөл гэхэд хүн амаа 1,2 тэрбумд барихаар төлөвлөж байв. Нэг хүүхдийн бодлогын хүрээнд дээрх сайн талуудыг төлөвлөж байсан ч тэс өөр үр дүнд хүргэх болсон. Улсын хүн амын хэт хөгшрөлт, ажиллах хүчний багасалт, аборт ихэссэнээс эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд учрах сөрөг нөлөө гэх мэт...Гэвч энэ бүхнээс илүү “хүйсийн тэнцвэргүй байдал” үүссэн нь дан ганц Хятад төдийгүй Ази номхон далайн улсуудын тулгамдсан асуудал болоод байна.

 Хятадын эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 1971 оноос хойш 336 сая аборт хийгдэж, 196 сая хүн үргүй болж, 403 сая ерөндөг тавигджээ.

 Уг бодлогын хүрээнд айл тус бүр нэг хүүхэдтэй байх бөгөөд хэрэв илүү хүүхэдтэй болбол нийгмийн халамжийн хураамж төлөх ёстой.Хятадууд эрэгтэй хүүхдийг гэр бүлийн залгамж гэж үздэгээс хосууд голцуу эрэгтэй хүүхэд төрүүлэх болсон. 2014 оны байдлаар 100 охин тутамд 116 хүү төржээ. Мөн 1,3 тэрбум хүн амтай Хятад улсын хүйсийн харьцаа алдагдаж, эрэгтэйчүүдийн тоо 30 сая орчмоор илүүдсэн байна.

“Борлогдоогүй” эрчүүдийн тоо хэрээс хэтэрч, хятадын гэрлэлтийн асуудал хилийн чанадад ч заналхийлж эхэллээ. 2020 он гэхэд Хятадад 24 сая “борлогдоогүй” эрчүүд байна гэсэн тоо бий. Энэхүү хүйсийн тэнцвэргүй байдлаас болж Хятадад гадаад сүйт бүсгүйн “импорт” ихэсч, хүний наймааны бизнес цэцэглэх болжээ. Эмэгтэйчүүдийг хулгайлах, наймаалах, ажилд зуучлах нэрийдлээр хятад хүнтэй суулгах явдал Ази номхон далайд ихэсчээ. Тэр дундаа Камбож, Мянмар, Вьетнам улсад хүчээр гэрлүүлэх явдал их болов. Сүйт бүсгүйн хомстлоос гадна нутгийн уугуул эмэгтэйг гэргийгээ болгох нь өртөг өндөртэй байдаг аж. Ийм гэрлэлтэд дор хаяж 120,000 Юаны бэлэн мөнгө, машин, бүрэн тохижуулсан шинэ байшин бэлдэх хэрэгтэй. Иймээс Хятад эрчүүд эдийн засгийн хувьд ашигтай эмэгтэйг сонгох болсон. Гэвч Хятадад ийм гэрлэлтийг зохицуулах, эмэгтэйчүүдийг хамгаалах хуулийн хамгаалалт үгүй. Хосууд маргалдах, эрх нь зөрчигдөх тохиолдолд аль аль талдаа хуулиар хамгаалах боломж байхгүй учиргадаад эмэгтэйчүүд хууль эрх зүйн хувьд “үл үзэгдэх” бэр болон хувирдаг. Ингэснээр эмэгтэйчүүд халдлагад өртөх, бэлгийн мөлжлөг болоход өөрөөс нь өөр хэн ч хамгаалахгүй гэсэн үг.

 Даамжирсан “Сүйт бүсгүйн худалдаа” Ази номхон далай ч гэлтгүй манайх шиг хөрш улсад заналхийлэхгүй гэх баталгаа үгүй. Сүүлийн 10 гаруй жилд хүний наймаа болон хилийн чанадад Монгол эмэгтэй амиа алдсан хэргүүд олон гарсан. Харин ийм гэмт хэргийг зөв зохистой шийдсэн нь цөөхөн. Манай улсад зөв шийдэл, бууруулах бодлого, Монгол эмэгтэйчүүдээ хилийн чанадад хамгаалах хамгаалалт дутмаг байх шиг. Хятадын засгийн газар 2013 оны сүүлээс нэг хүүхдийн бодлогоо сулруулж, хоёр хүүхэдтэй болохыг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ингэснээр хүн ам зүйн гажуудал тэгширч, хүйсийн харьцааны тэнцвэргүй байдал үгүй болно гэж итгэж байгаа. Гэвч энэ бол урт хугацааны дараа хүлээгдэж буй үр дүн. Ойрын хугацаанд хил давсан заналхийлэл оршсоор л байх болно.  

Хаврын тэнгэр шиг төртэй, хууль эрх зүйн баттай хамгаалалтгүй манайх шиг улсад үндэсний хэмжээнд аюул учруулах магадлалтай энэ мэт асуудлыг эртнээс харж, анхаарч үзэх хэрэгтэй байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4990

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%