Нийтлэл 05 сарын 07, 2015

Агааржуулагчийн хэрэглээ дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлнө

Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөн, улам бүр дулаарсаар байна. Үүний хэрээр хүмүүсийн агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэх болсон. Өнөөгийн эдийн засаг, цаг агаарын байдал үргэлжилсээр байвал 13%-тай байгаа өнөөдрийн агааржуулалтын хэрэглээ 2100 он гэхэд 70%-д хүрэхээр байгаа аж.

АНУ-ын судлаачид Мексикт цаг уур, эдийн засгийн өсөлт агааржуулагчийн хэрэглээнд хэрхэн нөлөөлж буй талаар судалгаа хийж, улмаар агааржуулагчийн хэрэглээ өсөх тусам эрчим хүчний хэрэгцээ, агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн урсгал зэрэгцэн нэмэгдэхийг тооцоолон гаргажээ. Тэд уг судалгаандаа Мексикийн 25 сая айл өрхийн цахилгааны зардал, АНУ-ын үндэсний цаг уурын мэдээллийн төвөөс авсан цаг уурын өөрчлөлт эрчим хүчний хэрэглээнд хэрхэн нөлөөлж болох тухай, climatewizard.org - оос цаг уурын урт хугацааны урьдчилсан таамаг зэрэг мэдээллүүдийг ашигласан байна. Түүнчлэн 27,000 Мексик айлын орлого болон цаг уурын өөрчлөлт агааржуулалт хэрэглэх шийдвэрт хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Ингэснээр тэд өөрчлөгдөж буй уур амьсгал эрчим хүчний хэрэглээнд хэрхэн нөлөөлж болохыг тооцоолон гаргасан юм. Тэдний судалгаагаар гурван зүйл тодорхой болов:

  • Нэгт, Мексикт энгийн өдөр 65ºF , 70ºF хэмтэй байдаг аж. Цаг агаар 90ºF хэмд хүрэхэд эрчим хүчний хэрэглээ 3,2% -иар өсдөг байна. Харин дунджаас доогуур температур эрчим хүчний хэрэглээнд тийм ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг баталжээ.
  • Хоёрт, Халуун бүсэд агааржуулалт хэрэглэх эсэх нь орлогоос шууд хамааралтай байдаг байна.10,000$-аар тэдний орлого нэмэгдэх бүрд агааржуулалтын хэрэглээ 27%-иар өссөн байв. 25,000$-аас өсөх тусам агааржуулалтын хэрэглээ 75%-д хүрч байлаа. Харин сэрүүн бүсэд өндөр орлоготой ч агааржуулалтын хэрэглээ 10%-иар доогуур байжээ.
  • Гуравт, дээрх хоёр үр дүнг, цаг уурын урт хугацааны урьдчилсан таамагтай нэгтгэн харвал айл өрхийн орлого жилд 2%-иар нэмэгдвэл энэ зууны эцэс гэхэд агааржуулагчийн хэрэглээ 71%-д хүрэхээр байгаа аж.

Дээрх судалгаанаас харахад дэлхийн дулаарал болон эдийн засгийн өсөлт хүмүүсийн агааржуулалтын хэрэглээнд шууд нөлөөлж байна. Нөгөөтээгүүр, энгийн агааржуулалтын үнэ ч зах зээлд буурах хандлагатай байгаа аж.

Үүний хэрэглээ өсөх тусам эрчим хүчний хэрэглээ, агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ ихсэж, дэлхийн уур амьсгалын байдал улам аюултай түвшинд очих магадлалтай гэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon