“Улаан орхимжны давалгаа”, Цэндийн Доржготов

            “Монголын сонгомол уран зохиол-1” номонд хэвлэгдсэн төрийн шагналт, зохиолч Цэндийн Доржготовын “Улаан орхимжны давалгаа” хэмээх энэхүү роман Монгол хүн бүрийн элэг зүрхэнд харуусал халаглалыг авчирдаг их хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлдэг нь үзтэл нэрнээсээ илэрхий. Их хэлмэгдүүлэлтийн үеэр 20-30 мянган хүн цаазлагдсан гэдэг боловч уг тоонд ороогүй өч төчнөөн мянган хүн бий гэж үздэг. “Ганга сайранд нууцаар цаазалсан хэдэн зуун лам хуврагийн шарил үерийн усаар гол мөрөн, нуур тойромд урсаж ороод, тэдний орхимж салхины аясаар усны мандал дээр улаан давалгаа адил харагдаж байсан” гэж нутгийн хөгшчүүлийн ам дамжсан ярианаас сонссоноо зохиолч номынхоо өмнөтгөлд цохож хэлсэн нь бий. Тийм ч учраас номоо ийнхүү нэрлэсэн болов уу. Миний хувьд С.Эрдэнийн “Хойт насандаа учирна”, С.Пүрэвийн “Усны гудамж” гэх зэрэг хэлмэгдүүлэлтийн сэдвээр бичигдсэн дорвитой бүтээлүүдийг уншиж байсан ч “Улаан орхимжны давалгаа” шиг элэг зүрхийг эмтэртэл эмгэнэн гашуудуулсан нь үгүй.

Магадгүй энэхүү роман ардчиллаас өмнө Монголын уран зохиолд нөлөөлж байсан социалист нийгмийн үзэл суртлаас ангид бичигдсэн учир түүхийн алдаа эндэгдлийг хайр найргүй шүүмжлэн дэлгэж харуулснаараа зүрхэнд илүү хүрсэн биз ээ.

     Зохиолын гол үйл явдал Архангай аймгийн Хашаат суманд өрнөж буй боловч Монгол нутагт туссан хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг тэр чигт нь харж болно. Залуу насандаа Эрдэнэзуу хийдэд шавилан сууж байгаад хэлмэгдүүлэлтийн үед дотоод яамны тусгай төлөөлөгч буюу “ногоон малгайтан” болж, хожмоо хувьсгалын ахмад зүтгэлтэн гэгдэх болсон Туваан лам гэгч насны эцэст өвдөж зовохын эрхэнд залуу насандаа амиа хаацайлахын тулд эвдэж сүйдэлсэн боржин чулуун дээр сийлсэн бурхан багшийн хөрөг бүхий Булган ууланд аврал хайж ирэхдээ өнгөрсөн амьдралаа эргэн дурсаж байгаагаар зохиолын үйл явдлыг харуулжээ. 


Цагийн ороо бусгааг ашиглан алдар нэр, эрх мэдэл, эд баялаг горилогчид улам олширч, санасандаа л хүрч байвал садан төрөл, амраг хайрт, анд нөхөд, аав эжийгээ ч золиосолж чадах “хүний мөсгүй, хүйтэн чулуун зүрхтнүүд” байдгийг Дотоод яамны тусгай төлөөлөгч Лувсанбалдангийн дүрээр, аргагүйн эрхэнд амьд үлдэхийн төлөөнөө атгахан зүрхэндээ үлдсэн “хүн чанар”-ын өчүүхэн хэлтэрхийгээ хөндий цээжиндээ булшилж орхиод, хүчтэний өлмийг үнсэж явах арчаагүй дорой хүмүүс байдгийг Туваан ламын дүрээр, шударга үнэний төлөө шулуухан үгээ хэлж чадах, худал хуурмагийн төлөө хэзээ ч өөрийгөө худалдахгүй, эр чадалтай, эгэл цагаан санаатай хүмүүс эргэж хуйсганасан цөвүүн цагт ч байсаар л байдгийг Эрдэнэзуу хийдэд Туваантай хамт шавилан сууж байгаад хар болсон Банзарын дүрээр, орчлонгийн явдлыг таньж мэдээд, өөрийг нь тамлан алах нүгэлт хүмүүнийг ч өрөвдөн хайрлах бодь сэтгэлтэн байдгийг Агваан ламын дүрээр тун чадварлаг харуулжээ.

Амьд үлдэхийн тулд итгэж сүсэглэж явсан эрхэм бүхнээ уландаа гишгэсэн Туваан лам шиг хүмүүс хэчнээн байсан бол?, хувийн өс хонзон, хүсэл тачаалаа хангахын тулд гэмгүй хүмүүсийн амь амьдралаар тоглосон “Лувсанбалдангуудхэр олон байсан бол?, үүлэн сүүдрээс халхалж өсгөсөн үрээ цагийн шуурганд алдчихаад, хэчнээн олон эжий аав цээжнийхээ махыг барж, дээлэндээ хатсан бол?, хань нөхрөө хилс хэргээр цаазлуулчихаад хэчнээн олон бүсгүй энгэрээ нэвтэртэл уйлж суусан бол?, хамгийн гол нь эх сайхан орон минь хэчнээн олон эрдэмт хөвгүүд, эрэлхэг зоригт эрсээсээ хагацсан бол? Тэр хүмүүс эх орныхоо төлөө цусаа урсган тэмцэж яваад амиа алдсан бол өөр хэрэг, туйлшрал хэмээгчээс эхтэй тэнэг мунхаг үзэл санааны золиос болж амиа алдсан нь л юу юунаас илүү харамсалтай. 


Ерөөс уг зохиолын гол үзэл санаа нь хэт туйлширсан үзэл санаа ямар их хор уршиг тарьдгийг харуулсанд оршино. Буруутан болж цаазлагдсан бүхэн ариун гэгээн үйлстэн байгаагүй нь мэдээж, буу тулгаж цаазалсан болгон арилсан дотортой адгийн амьтад байгаагүй нь тодорхой. Тэд ердөө л хэт туйлширсан үзэл санаа, харгис тогтолцооны л золиос болсон хүмүүс. Дотоод яамнаас тогтоож өгсөн тоогоор хүн баривчилж чадахгүй бол өөрөө эсэргүү болдог учир тусгай төлөөлөгчид нормонд нь хүргэхийн тулд урьдын өшөөтэй буюу дургүй хүмүүсээ элдвээр шалтаглан баривчилдаг, тэдгээр баривчлуулсан хүмүүс нь эргээд тусгай төлөөлөгчдийг эсэргүү болгон мэдүүлэг өгдөг, тэгээд л өчигдөрхөн дарга даамал хийж, дээд эрх ямба эдлэн, өч төчнөөн гэмгүй хүмүүст хилс хэрэг тулган, харгис хатуу эрүү шүүлт тулгаж байсан “тусгай төлөөлөгчид” өнөөдөр өөрсдөө хувьсгалын эсэргүү болоод, шоронд орж, шороонд булуулдаг тийм л тогтолцоо үйлчилж байжээ. 


Уг зохиолд харуусаж халаглахын туйлд хүргэдэг нэг хэсэг бий. Хувьсгалын эсэргүү хэмээгдэж цаазлуулахаар ачигдаж ирсэн олон лам хуврагуудын дунд нэгэн бүсгүй байв. Тэрээр харанхуй нүхний амсар дээр хүлээтэй хэвтэж байхдаа хамаг хүчээ шавхан зугтах боловч буудуулж үхнэ.

Хорхойд хоргүй тэр хөөрхий бүсгүй гоо сайханд нь шүлэнгэтэн тачаадаж, шунан дурласан дотоод яамны төлөөлөгчийн хүслийг хангаагүйнхээ төлөө эсэргүү болж, нормын тоог бөглөсөн гэдгээ ч мэдэхгүй.

Олон хоног тамлуулж тарчлан, тэртэй тэргүй үхэх болсон атлаа юуны тулд эцсийн хүчээ шавхан зугтсан юм бол доо? Утсан чинээ улаан амиа л аврах гэж тэр үү? Үгүй ээ, ард үлдсэн өндөр настай эжий, өвчтэй охиноо бодож л хамаг хүчээ шавхсан даа гэж бодоход юутай харуусмаар, халагламаар... 
Энэ мэт гэмгүй хүмүүс хэчнээн олон хэлмэгдсэн бол?


Аймшигт хэлмэгдүүлэлт болсноос хойш далаадхан жил өнгөрчээ. Гэвч ардчилал ялсан 1990 он хүртэл хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр арилаагүй л байсан юм. Бурхандаа залбирах эрхгүй буурлууд маань ханцуй дотроо чимээгүйхэн маань уншдаг байсан тэр цаг саяхан даа саяхан... Бид түүхийн алдаа эндэгдлээ мартах учиргүй юм. Мартах учиргүйн учир нь дахин алдах эрхгүйд байгаа юм. Залбирах минь: Эх орон минь энх амгалан байх болтугай.

 

Б. Сувддулам


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3264

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%