Нийтлэл 06 сарын 29, 2015

Цэцийн гишүүн төдийгүй Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурорыг нийтийн сонсголоор томилох нь хуулийн засаглал тогтоход тустай

Энэхүү нийтлэлийг УИХ-ын эрхэм гишүүд та бүхний саруул ухаанд зориулав.

Нийтийн сонсголын тухай хууль гэсэн маш чухал хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьсныг УИХ 2015 оны 6 сарын 25-ны өдөр хэлэлцсэн ч хойшлуулжээ. Зөвхөн УИХ-аас томилогддог албан тушаалтнууд дээр нийтийн сонсгол хийхээр уг хуулийн төсөлд орсон нь хэтэрхий явцуу болжээ. Ерөнхийлөгчөөс УИХ-д танилцуулж эсхүл түүнтэй зөвшилцөж томилдог албан тушаалтнууд дээр нээлттэй сонсгол хийх тухай хуульд нэмж тусгах шаардлагатай гэж үзэж байна. Ялангуяа, хуульчдынхаа дунд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хууль зүйн мэдлэг, ур чадвар, туршлага төдийгүй ёс зүй, зан төлөвөөрөө хамгийн шилдэг хуульчид л Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокуророор томилогддог байх нь манай Үндсэн хуулийн зарчмын шаардлага. Нэр дэвшигч ийм шаардлагыг хангаж байгаа эсэхийг мэдэх нэг шалгарсан арга бол тэднийг нийтийн сонсголоор хэлэлцүүлэх юм. Сүүлийн хорин таван жилд шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй эсхүл ийм эргэлзээ нь тайлагдалгүйгээр эдгээр албанд томилогдсон хүмүүс цөөнгүй бий. Цөөхөн жишээг дурдъя.

 

Үндсэн хуульд заасны дагуу Цэцийн гишүүн бол “хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй” хүн байх ёстой ч ийм хүмүүс дандаа томилогдож байгаагүй. Цэц үндсэн хуулийн шүүх юм бол “улс төрийн өндөр мэргэшилтэй” гэж улс төрч хүн биш гэдэг нь тодорхой бөгөөд шүүгчээр томилогдох шаардлага хангасан хүн л томилогдох нь зүй ёсны. Цэцэд хуульч биш төдийгүй хууль зүйн бакалавргүй хүмүүс цөөнгүй томилогдож ирсэн. Миний мэдэхээр хоёр түүхч, хоёр инженер томилогдож байсан. Эд нарын олонх өөр өөрсдийн мэргэжил, салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс хэдий ч хуульчийн мэргэжилгүй байхдаа томилогдсон. Эдгээр мэргэжлийн бус хүмүүс бараг бүгдээрээ улс төрийн карер хөөж байсан. Жишээ нь, миний сонссоноор Цэцэд 1992-2004 онд ажиллаж байсан Д.Чилхаажав гишүүн хуульч биш байсан. Түүхч Ж.Болдбаатар Цэцэд хэд хэд улиран томилогдсон. Одоо хоёр хүн байна. Цэцийн гишүүн Т.Лхагваа бол түүхийн багш бөгөөд Ховдод хэд хэдэн удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан улс төрч. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат инженер мэргэжилтэй ч Цэцийн гишүүнээр томилогдож, улиран ажиллаж байна. П.Очирбат гишүүн үндсэн хуулийн шүүгч байж хувийн компанийн удирдлагад ажиллаж 24,000 долларын цалин авдаг гэж хэвлэлээр бичигддэг бөгөөд үе үе уул уурхайн асуудлаар улс төржсөн ярилцлага өгдөг. Ийм үйл ажиллагааг жирийн шүүгч явуулах хориотой. П.Очирбат гишүүн мэргэжлийн биш, дээр нь шүүгчийн ёс зүйн зөрчил гаргадаг гэж олон нийтэд харагддаг. Хуульч биш хүмүүс Цэцэд очсоныхоо дараа л хууль, Үндсэн хуулийн талаар суралцдаг байх. Уг нь, Б.Чимид багш шиг хүлээн зөвшөөрөгдсөн хуульчид л Цэцэд томилогддог байвал үндсэн хуульт ёс бэхжихэд тун дөхөмтэй бөгөөд олон улсад ч ийм жишигтэй Үндсэн хуулийн хувь заяаг шийдүүлэх эрхийг мэргэжлийн бус хүмүүст 6 жил өгдөг, тэгээд тэд ихэнхдээ дахин дахин томилдог. Цэц өөрийнхөө бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрх, үйл ажиллагаа явуулахад баримтлах журмыг зохицуулсан хуулиудын төслийг өөрсдөө боловсруулж саяхан Ерөнхийлөгчөөр өргөн бариулсан. Энэ төсөлдөө анх зөвхөн хуульч хүн Цэцийн гишүүнээр томилогдох санааг оруулсан байсан ч яг өргөн барьсан төслөөсөө уг санааг хассан байсан нь харамсалтай. Хуульч биш гишүүд нь үүнд нөлөөлсөн үү, бүү мэд. 

 

Бүх насаараа томилогдож хууль юу вэ гэдгийг эцэслэн шийдвэрлэдэг Дээд шүүхийн шүүгчдийг томилоход УИХ дээр нийтийн сонсгол хийх хэрэгтэй. Дээд шүүхэд нэр дэвшигчийн талаар янз бүрийн хэл ам яригдаад л байдаг тэр нь албан ёсны хэлэлцүүлэгт огт ордоггүй, энэ талаар нь нэр дэвшигчдээс тайлбар авдаггүй. Жишээ нь, нэг шүүгч Шүүхийн мэргэшлийн хороонд гишүүнээр ажиллаж байхдаа давж заалдах шатны шүүхийнхээ ерөнхий шүүгчид нэр дэвшиж томилогдсон, дараа нь Дээд шүүхийн орон тоо зарлагдангуут Шүүхийн мэргэшлийн хорооныхоо ажлыг өгч нэр дэвшээд Дээд шүүхэд хэдхэн сарын өмнө томилогдсон. Уг нь хуулийн засаглал төлөвшсөн оронд шүүгчийг сонгон шалгаруулах хорооны гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд аливаа шүүгч эсхүл Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшдэггүй бөгөөд бүрэн эрх нь дууссаны дараа 3-5 жилдээ ч нэр дэвшдэггүй. Учир нь, сонгон шалгаруулах хорооны гишүүн хорооныхоо шалгалт, сонгон шалгаруулалтын бүх нарийн ширийн зүйлийг мэддэг, бусад гишүүдийг нь таньдаг болсон байдаг. Ийм хүн шүүгчид нэр дэвших нь ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж, бусад нэр дэвшигчээс шударга бус давуу байдал олж авдаг учраас нэр дэвшихийг нь хориглодог. Дээрх нэр дэвшигчийн талаар сүүлийн жил орчим нэр дэвшигчдийн болон хуульчдын дунд яригдаад л байсан. Уг нь, Шүүхийн захиргааны хуулийн 29.3 болон Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийн 3.1, 4.3-т үүнийг бусад оронтой адилхан зарчмын хувьд хориглосон байдаг ч Шүүхийн ерөнхий зөвлөл үүнийг тоогоогүй, УИХ болон Ерөнхийлөгч огт юу ч хэлээгүй томилчихсон.

 

Улсын ерөнхий прокуророор шаардлага хангаагүй хүмүүс томилогдож байсан жишээ бий. Хуульч биш хүн Улсын ерөнхий прокурор болж байсан гэж Х.Тэмүүжин гишүүн чуулганы хуралдаан дээр хэллээ. Одоогийн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан бол мөрдөн байцаагчийн ажил насаараа шахуу хийсэн учраас тэрээр хуульчийн зөвшөөрөлтэй байсан ч энэ албан тушаалын шаардлага хангаагүй гэж хэлэх үндэслэлтэй. Хуульч хүн мөрдөн байцгаагчаар ажиллаж болох ч мөрдөн байцаагчийн ажил бол хуульчийн ажил биш гэсэн олон улсын жишиг бий. Тиймээс, энэ хоёр ажил хоёр өөр ур чадвар, мэдлэг, туршлага шаарддаг. Мөрдөн байцаагч гэмт хэрэг гарсан эсэх нотлох баримт цуглуулдаг бол прокурорт хууль хэрэглэдэг. Тэгээд ч, М.Энх-Амгалан мөрдөн байцаагчаар ажиллаж байсан төдийгүй мөрдөн байцаагчийн сургууль төгссөн бололтой. Цагдаагийн дарга энэ хүн Улсын ерөнхий прокурор болоод дараа нь хэд хэдэн цагдааг прокурорын удирдлагад томилсон. Жишээ нь, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2015 оны 04-р сарын 01-ний өдөр тушаал гаргаж, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Тамгын газрын дарга Б.Үнэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд мөрдөн байцаагч Ц.Арвинбуудайг томилох шийдвэр гаргасан гэж мэдээлсэн. Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаад байсан ч сонгон шалгаруулалтыг буцааж, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан цагдаагийн хурандаа Б.Амгаланбаатарыг томилсон тухай хэвлэлээр бичсэн. Цагдаад хяналт тавих чиг үүрэгтэй Улсын ерөнхий прокуророор цагдааг томилдог улсад яаж эрх зүйт төрийг дээдлэх вэ гэдэгт олон нийт итгэхэд бэрх. Цагдаа-Улсын ерөнхий прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хууль ягштал мөрдөгдөж, хүний эрх баталгаатай хамгаалагдаж байгаад сайн хяналт тавьж чадах нь эргэлзээтэй. 

 

УИХ-ын гишүүд зүгээр нэг асуулт асуусан болоод өнгөрөх болон судалгаа, мэдээлэл бүхий хүмүүсийг оролцуулсан сонсгол хийх хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай. Нийтийн сонсголыг бас популизмтай андуурч болохгүй. Нээлттэй шүүх хуралдаанд хэн дуртай нь дуртай үедээ үг хэлээд үймүүлээд байдаггүйтэй адилхан хатуу чанд дэг нийтийн сонсгол дээр үйлчлэх хэрэгтэй. Нийтийн сонсголоор томилогдох албан тушаалд хамаарах ажлаар мэргэшсэн судлаач эсхүл эдгээр хүмүүстэй холбоотой тодорхой фактыг мэддэг хүмүүсээс үнэнийг хэлнэ гэсэн тангараг авч мэдээлэл сонсоно. Жишээ нь, үндсэн хууль судлаачид Цэцийн гишүүнд нэр дэвшигч дээр үндсэн хуулийн мэдлэг, хууль тайлбарлах ур чадвар, туршлага, ёс зүй, үнэт зүйл дээр нь мэргэжлийн дүгнэлт гаргаж танилцуулж болно. Эсхүл, нэр дэвшигч өмнө нь ноцтой ёс зүйн зөрчил гаргаж байсан тухай мэддэг хүнээр үг хэлүүлнэ. Тэгээд УИХ-ын эрх бүхий гишүүд эргэлзээгээ тайлах хүртлээ асуулт асууж, "байцааж" болно. Энэ бүх мэдээлэл нь УИХ эсхүл Ерөнхийлөгч тухайн этгээдийг томилох эсэх шийдвэр гаргахад тустай бөгөөд ийм үндэслэлээр томилохоос татгалзах боломжтой болдог. Үгүй бол одоо нэр дэвшигчийн талаарх хангалттай мэдээлэл тэнд очдоггүй учраас буруу хүнийг томилж алдаа гаргадаг.

 

Бүх насаараа эсхүл урт хугацаагаар хуулийн өндөр албан тушаалд томилогдох хүмүүсийг мэдлэг, ур чадвар төдийгүй зан чанар, ёс зүй гээд бүх талын мэдээллийг хангалттай сонсож, уг албан тушаалд тэнцэхгүй нэр дэвшигчийг томилдоггүй жишиг тогтох ёстой. АНУ зэрэг оронд нийтийн сонсгол ингэж ажилладаг. Жишээ нь, 1987 онд тус улсын Ерөнхийлөгч Роналд Реган Роберт Борк гэж хуульчийг АНУ-ын Дээд шүүхэд нэр дэвшүүлсэн ч Сенат (парламентын дээд танхим) дээрх сонсголоор түүний хуулийн тухай хэт туйлширсан үзэл ил болж, эцэстээ түүнийг томилохоос татгалзахад хүрсэн. Дээд шүүхийн шүүгч Кларанс Томас залуу байхдаа өөрийн туслахад бэлгийн дарамт үзүүлж байсан нь ил болж бараг томилогдож чадахгүй байдалд хүрч байв. Монголд ийм тохиолдол гарч байгаагүйн нэг шалтгаан нийтийн сонсгол хийдэггүйтэй холбоотой.

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурорыг Үндсэн хууль болон хуульд үнэнч байгаасай гэсэн шалтгаанаар ард түмнээр сонгуулдаггүй. Гэхдээ, тэднийг томилох бүрэн эрх бүхий этгээд нь нэр дэвшигч хэн нь хэн бэ гэдгийг нээлттэй хэлэлцүүлж мэдээлэл авсны дараа зөвхөн шаардлага хангасан хуульчийг томилдог болохгүй бол мэдлэггүй, ур чадваргүй, ёс зүйгүй хүмүүсээр эдгээр албан тушаал дүүрч улс орон болон иргэд хохирно. Хуулийн засаглал бол хүний засаглал биш. Хуулийн амин сүнсийг ойлгодог хүмүүс л хууль хэрэглэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд л хууль амилж, хуулийн засаглал жинхэнэ утгаар тогтдог. Хууль зүйн мэдлэггүй, ур чадваргүй эсхүл ёс зүйгүй хүнд ийм эрх мэдэл өгвөл хуулийн биш хүний засаглал тогтдог жамтай.

 

Жич: Би уг нь хүний тухай ярих, ялангуяа сөрөг зүйл ярих дургүй. Гэвч, дээр дурдсан хүмүүсээр албан тушаал хашуулснаас үүсэх үр дагавар нь нийтийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа учраас тэдний талаар бичихгүй байж чадсангүй. Тэд өөрсдөө ингээд албаа хашаад дуусдаг байж, гэхдээ муу жишээ нь дараагийн муу жишээг гаргахгүй байх сургамж болоосой. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon