Нийтлэл 08 сарын 10, 2015

Дэлхийн 2-р дайн: Шинзо Абэ хөршүүдээсээ уучлал хүсэх болов уу, яах бол?

        Удахгүй бидний хэлж заншсанаар Чөлөөлөх дайн дууссан, Япон бууж өгсөн 70 жилийн ой болох гэж байна. Энэ ойд Хятад улс их ач холбогдол өгч, сүрт жагсаал хийж, олон улсаас зочид төлөөлөгч хүлээж авахаар бэлтгэж байгаа билээ. Дэлхийн хоёрдугаар дайнд бид ЗХУ-ын хамгийн үнэнч холбоотон байсан төдийгүй ялалт байгуулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан хэмээн дэлхийд үнэлэгддэг. Тиймдээ ч ЗХУ-ын Улаан талбайд болсон түүхэн жагсаалд манай цэргүүд оролцож, жагссан юм. Харин Япон улсын зүгээс бидэнд дайны төлбөр болгон "Говь" комбинат болон Өлзийт хороололд өнчин хүүхдийн асрамжийн газар байгуулж өгч байсан түүхтэй.

  

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Конгрессын хамтарсан хуралд оролцон, илтгэл тавьсан. Илтгэлдээ Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Япон улс дэлхийд зовлон учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч уучлал гуйгаагүй юм. Илтгэлийг чих тавин сонсож суусан Хятад, Өмнөд Солонгос, АНУ-д түүний хэлсэн энэ богинохон хүлцэл таатай санагдсангүй. Гэхдээ энэ сарын 15-нд болох Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хийх албан ёсны илтгэлээс нь их юм хүлээж буй нь тодорхой.

Тиймдээ ч Абэ Японы шилдэг эрдэмтдийн тусламжтайгаар илтгэлээ бэлдэж, тус арга хэмжээд хөрш улсуудтайгаа харилцах харилцаандаа дэвшил гаргахаар хичээж байна. Олон нийтийн дунд ч түүнийг хөршүүдээсээ уучлалт хүсэх болов уу, яах бол? гэсэн эргэлзээ бий болоод байгаа юм.

Япон улс дайн дууссанаас хойш олон улсад хэмжээлж баршгүй их хувь нэмэр оруулж, аль хэдийн дайны машинаас энх тайвныг дээдлэгч улс болон өөрчлөгдсөн. Тэдний одоогийн дүр төрх, хийсэн үйл нь хэний ч нүдэнд тодорхой. Тиймээс Шинзо Абэ дайны тухай болоод тухайн үеийн нөхцөл байдлыг ярих замаар уучлал хүсэх магадлалтай юм.

Түүний хувьд Японы чин сэтгэл, 70 жилийн өмнөх дайны талаарх Ерөнхий сайдын ойлголтыг илэрхийлэх нь юу юунаас чухал. Хандлага үгнээс хүчтэй байдаг учир тэр үгнээс гадна илтгэл тавих баййр байдалдаа ихээхэн анхаарал хандуулах болов уу. Үүний зэрэгцээ энх тайвны төлөө тэмцдэг улсын Ерөнхий сайдын нүдээр улсынхаа ирээдүйг яаж харж байгаа нь үзэгчдийн хувьд сонин байна. Олон улсын хамтын нийгэмлэгт Япон улсыг ямар байр суурьтай байх, ирээдүйд энх тайвныг бий болгоход ямар зорилттой ажиллах тухайгаа илтгэлдээ оруулах болов уу хэмээн таамаглаж байна.

Дайн дууссанаас хойш 70 жил өнгөрсөн ч одоо ч Зүүн Азийн зарим улсад дайны сүүдэр оршсоор байгаа билээ. Японы Ерөнхий сайдын тавих илтгэл, цаашлаад уучлал гуйх эсэх нь ирээдүйн хөршүүдтэйгээ харилцах харилцаанд хүчтэй нөлөө үзүүлж ч болзошгүй. Тиймээс түүнийг Дэлхийн хоёрдугаар дайны тухай юу ярихыг хөрш улсууд төдийгүй дэлхий ч чих тавин хүлээж сууна.  

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-10

    Мэр сэр дориун юм гарах юм

    • Зочин
    • 2015-08-10

    Америкчууд Япончуудаас уучлалт гуйгаагүй өнгөрсөн үе рүүгээ буруугаа чихээд бултсан тэгэхээр Япончууд Хятадуудаас уучлалт гуйх юул болдоо.....

arrow icon