Нийтлэл 03 сарын 05, 2016

ГЭМГҮЙГ ЗЭМЛЭХ ЭРСДЭЛ

Төр бидний өгсөн хүчийг ашиглан биднийг хэлмэгдүүлэх ёсгүй, Мөрдөн байцаар албыг хэний дэргэд байгуулах вэ зэрэг нийтлэлээр шүүх, цагдан хорих явцад хүний эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл хүргэж ирсэн. Өчигдөр харин ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид 81 хоног хоригдож, 4 хоногийн өмнөөс өлсгөлөн зарлаж эхэлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга асан Г.Дэнзэнгийн биеийн байдал муудаж, ухаан алдсан хэмээх мэдээлэл гарч, энэ сэдэв олны анхааралд орж ирлээ. Ямар нэг ерөнхий сэдэв бие хүн, олны танилын жишээн дээр олон нийтэд илүү ойр тусаж, танил сэдэв нь болж харагддаг.Угтаа хоригдож, өлсгөлөн зарлаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь ганц Г.Дэнзэн биш, бүр амиа алдсан эмгэнэл ч гарч  Монголын шүүх П.Амарсайхан агсны хэргээр анх удаа бурхан болсон хүнд ял оноосон удаатай.  1-6 сар цагдан хориод  2, 3 удаа байцаагаад батлан даалтад гаргах юм уу, үе үе Тэнгри Холдингийн Х.Анхбаяр, хурандаа Д.Цогтбаатар зэрэг хоригдогсдын эргэлзээ төрүүлэм захидал хэвлэл мэдээллээр түгдэг.

Ямар нэг pattern буюу хэв маягтай үзэгдэл олон давтагдаж байвал түүний цаана cause буюу үндэс суурь, pattern-ийг хэвлэж байгаа хэв дардас маягийн системийн, бүтцийн асуудал оршин байх нь олонтаа. Ийм хэв маягтай асуудал үе үе дэгдээд байгаагийн цаад учир шалтгаан юунд байна вэ? Үүний хариултыг ухаж тунгаалгүйгээр нэг удаагийн үзэгдэл дээр шуугилаа гээд нэмж гарах эрсдлийг унтрааж чадахгүй.  Хууль хүчний байгууллага улс төр, нам бүлэглэлтэй холбоо сүлбээтэй болж, тэдий эрх ашигт үйлчилдэг, хурандаа цагдаагийн үзэмжээр шийддэг болсон тухай дээр дооргүй ярих болсон ч няцаахад ч хэцүү батлахад ч хэцүү ийм үндэслэлээр тайлбарлаад дуусгах бас хэцүү. Харин хэрвээ хэн нэгэнд тийм сонирхол төрөхөд системийн хувьд боломжтой байна уу үгүй юу гэдгийг харах, хэрэв байвал системийг өөрчилж байж эрсдэлийг багасгана.

Хууль зүйн үүднээс нийтлэгч Л.Нинжбат өнгөрсөн зургадугаар сарын 12-нд тоо баримттай сонирхолтой нийтлэл хүргэсэн. “Хувь хүнийг хэрэгт холбогдуулах цагдаа ба иргэний харилцааны явц хүний эрх зөрчихгүй байгаа эсэхэд хэн хяналт тавих вэ” гэсэн  иргэн-төрийн  нэн эгзэгтэй харилцаа 2014 оны нэгдүгээр сард хууль өөрчлөгдсөний дүнд  гуравдагч этгээд бус цагдаа өөрөө өөрийгөө хянадаг маягийн, зурагт үзүүлсэн шиг гарах гарцгүй битүү бүтэцтэй болсон. 

Иймэрхүү бүтэцтэй системд хамгийн их машиндуулсан гэж болох Н.Алтанхуяг мөрдөн байцаах албыг прокурорт буцаах хуулийн төсөл өргөн барьснаас хойш яг хоёр сар өнгөрч байна. Энэ хугацаанд хэд хэдэн сонирхолтой үйл явдал болсон.  Засгийн газраас  тусд нь Мөрдөн байцаах албаны хууль өргөн барина гэх үндэслэлээр уг хуулийн төслийг дэмжихээс татгалзсаны дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуулийн төслийг түүхэндээ анх удаа байх татаж авч(уг нь өргөн мэдүүлсэн тал л төслийг татаж авдаг)  уг төсөл ямар ч хуулийн үндэслэлгүй яах нь мэдэгдэхгүй алдарч, байх зуур зургадугаар сарын 19-нд Тагнуулын тухай хууль бултас хийж өргөн баригдаад тэр нь наадмын өмнөх өдөр долдугаар сарын 9-нд батлагдсан.  Хэрвээ үнэхээр хууль, хүчний байгууллагуудад хэн нөлөөтэй эсэх нь улс төрийн хүчний тэнцвэртэй холбоотой болсон бол энэ төрлийн хуулиудын хөдөлгөөн дунд Тавантолгойн хувь заяа, Засгийн газраас МАН-ыг гаргах эсэхэд АН дотор хэн нөлөөтэй байх нь шийдэгдэж ирсэн байж болох юм.

 Дээрх хуулиар ТЕГ ямар эрх мэдэлтэй байгууллага болж гарч ирэв гэдэг тусдаа асуулт. Харин хүний эрх зөрчсөн эсэхийг хөндлөнгийн, гуравдагч субъект хянах боломжгүй байдал арилсан уу гэвэл мэргэжлийн биш миний зүгээс харахад лав хараахан үгүй. Г.Дэнзэн гэхэд түүнийг цагдан хорьж байгаа явц хүний эрх зөрчиж байгаа эсэхийг хөндлөнгөөс объектив хяналт хийгдэхгүй байх эрсдэл агуулсан систем ажилласаар байна гэсэн үг. Гэм буруугүй нь шүүхээр тогтоогдоогүй байхад олон сараар цагдан хорих, хэдхэн удаа байцаах, хэвлэлээр яллаж нийгмийн гэмт хэрэгтэйн болгох гэх мэт зүйл боломжтой дутуу системдхөөрхөн Баярмаагийн ч хүргэн Дэнзэнгийн ч хүний эрхэнд халдах чадвар агуулсан институцийн заналхийлэл оршсоор байна.

 Төр иргэний харилцаа, төсвийн тааз, өрийн удирдлага мэтийг шийдэх хуулийг цагаан сар, наадмын өмнө машинддаг нь нөгөө талаар олон нийтийн анхаарлаас цэрвэдгийг харуулж байх шиг. Бүгд эсэргүүцээд шүгэлдээд ирэхээр сонгуулийн бор толгой дээр уулзахаас хойш араа боддог юм уу татаж авах удаа байдаг, монгол хэлний дүрмийн шинэчлэлийн хуулийн төсөл нэг жишээ нь.  Иргэд бид нэгд асуудлын мөн чанар, уг үндэс хаана байгааг мэдэж харж байх, хоёрт эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл гэх мэт уг суурь шалтгааныг авч үзэх процесст  “надад ч хамаатай” гэсэн сэтгэлгээгээр идэвхитэй оролцоо хийж, өөрийн дуу хоолойг гаргаж байж л  энэ мэт эгзэгтэй системийн гажуудал засрах магадлал нэмэгдэнэ. Ардчилсан нийгэмд гэмтэй нь зэмээ хүртэх ёстой, харин гэмгүй нь зэм хүртэх системийн эрсдэл нойл байх ёстой.  

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-08-11

    dajgui bna. suuliin ued ene site ih taalagdaad baigaa

    • Зочин
    • 2015-08-11

    too data ih bwal goy bna. Zugeer uguulber bolood ireheer bichij baigaa hunii sanaa l ywchih geed baina.

arrow icon