Нийтлэл 08 сарын 20, 2015

Хүмүүс яагаад “мөрөөдлийн” ажлаасаа гардаг вэ?

       Нэр хүндтэй компанид ажиллах нь найз нөхөд, гэр бүлийнхэнд тань таатай сэтгэгдэл төрүүлэх нь мэдээж. Тэд танаар бахархана. Гэхдээ таны хувьд ямар байна вэ? сэтгэл хангалуун байж чадаж байна уу?

Нийгэм бүхэлдээ маш олон тооны “худал” төөрөгдөл дунд живсэн байдаг. Жишээлбэл: Сургуульдаа маш сайн сурч чадвал, хичээлүүд дээрээ өндөр оноо авна. Тэгвэл маш сайн их сургуульд орж чадна. Сургуулиа төгсөөд маш сайн ажилд, тэр дундаа нэр хүндтэй том компанид ажилд орно. Гэр бүл, найз нөхөд, танилууд гээд бүх хүмүүс надаар бахархаж, аз жаргалтай, амар сайхандаа жаргана ч гэдэг юм уу, ерөнхийдөө л тэр чигтээ төөрөгдлүүд биш гэж үү?

Эцэг эхүүд хүүхдээ нэр хүндтэй компанид ажиллахыг нь, багш нар сурагчдад нь олон сайхан боломжууд нээгдэх мөчийг харахыг хүсдэг. Тиймээс л энэ олон төөрөгдөл, хүлээс бий болдог. Эдгээр зүйлс тийм ч хортой биш л дээ. Зарим тохиолдолд бидэнд ашигтай байх нь ч бий.

Гэвч үүнээс болж бусдын хувьд “төгс” хүн болох, “мөрөөдлийн” гэгддэг ажилд орох гэж хичээх нь эргээд тухайн хүн өөрөө сэтгэл санааны хувьд хямралд өртөх гол нөхцөл нь болдог. Иймээс л тэд "мөрөөдлийн" компани байсан ч хамаагүй ажлаасаа гарах сонголтыг хийдэг байна.

Google, Facebook гэх мэтийн дэлхийн хэмжээний компаниудад ажилладаг хүмүүс ч ажлаасаа гарахыг хүсдэг. Quora.com сайтаас “Хүмүүс яагаад Google, Facebook мэтийн мөрөөдлийн компаниудаас гардаг вэ?” гэсэн асуулгыг явуулсан байна. Хариулт ирүүлсэн ихэнх хүмүүс өөрийнх нь хүсэл зорилгод нийцээгүй, өөрийгөө олсон эсвэл дээр дурдсанчлан бусдын хүсэлд автсанаа мэдээд ажлаасаа гарсан гэх хариултыг өгчээ:

  • Том компанийн бодлого болоод ажлынх үр дүн бага байдаг нь таалагддаггүй. Үүний оронд ажлынхаа үр дүнг амархан мэдэрч болох жижиг компанид ажиллахыг хүссэн.
  • Өөрийн бизнесийнхээ санааг олсон. Тиймээс ажлаасаа гарч гарааны бизнесийг эхлүүлсэн.
  • Шинэ технологи, зах зээлийн талаар огтхон ч сонирхдоггүй. Тиймээс энэ талаар илүү бага мэдлэгтэй жижиг компанид орохыг хүссэн.
  • Өвчтэй эцэг эхээсээ болж өөр хот руу нүүх шаардлагатай болсон.
  • Өөр илүү гайхалтай ажлын санал ирсэн.
  • Мөнхийн залуу байхгүй гэдгээ ухаарсан учраас суурьшиж, тогтвортой амьдралтай болохоосоо өмнө аялахыг хүссэн.
  • Нэг л компанид удаан хугацаагаар ажиллахаас залхсан. Шинэ зүйлс туршиж, амьдралаа сонирхолтой болгохын тулд ажлаасаа гарсан.
  • Технологийн салбарт дургүйгээсээ болж гарсан. Үүний оронд зүгээр л малын эмч юм уу тогоочоор ажиллахыг хүссэн.

Анх яах гэж нэр хүндтэй, том компанид ажилд орох болсноо сайн мэддэг хүмүүс тэндээ ажилласаар л байдаг. Яагаад гэвэл энэ нь тэдний өөрийн сонголт байсан бөгөөд ирээдүйн зорилгоо тодорхойлчихсон байна гэсэн үг. Харин зарим хүмүүс нийгэмд үүссэн худал төөрөгдлүүдээс болж нэр хүндтэй компанид ажилладаг. Тэд бусдын хамгийн, хамгийн гэж үнэлсэн бүхэн өөрт нь ч хамгийн, хамгийн байна л гэж итгэдэг. Яг үнэндээ тийм байдаггүй. Тэдний өөрийн хүсэл зорилготой нийцэхгүй газарт ажилласнаар дараах асуудлуудтай нүүр тулж эхэлдэг:

  • Ажиллаж буй компанидаа нэр хүндээс нь болж орсон бол бие, сэтгэлийн хямралд орж эхэлнэ.
  • Гэр бүлийнхээ дарамт, тэдний хүслээс болж том компанид ажилд орсон бол мөрөөдлийн ажлаасаа гарахыг хүссэн ч үүнийгээ тайлбарлахаас айдаг.
  • Нэр хүндтэй, том компанид л ажилд орчихсон юм чинь надад таалагдахгүй байх нь огтхон ч хамаагүй гэж боддог. Хамгийн шилдэг компани ч хангалтгүй санагдаж байгаад тэд өөрсдийгөө л буруутгана.
  • Ийм компанид орсон нь анхнаасаа буруу байсан, амьдралынхаа хэдэн жилийг дэмий өнгөрөөлөө хэмээн боддог.
  • Нэр хүндээс нь болоод орхиж чадалгүй эцсээ хүртэл цөхрөн ажилладаг.

Google, Facebook шиг том компанид ажиллах мэдээж гайхалтай. Гэхдээ буруу шалтгаанаас болж ийм том компанийг сонговол байгаагаасаа дор байдалд орж, бүр урсгал дагуу хөвж ч мэднэ. Өөрсдийнхөө хэн болох, юу хүсч байгааг, хүсэл эрмэлзлээ хаана байгааг олж мэдээгүй хүмүүс хамгийн эмзэг байдаг. Ийм хүмүүс өөрсдийгөө залдаггүй учир гэр бүл, найз нөхөд эсвэл багшаасаа ямар нэгэн “дохио” өгөхийг хүлээж, түүгээр нь залагдан амьдардаг.

Бүх хүний хувьд нэг ижил зүйл хамгийн шилдэг байна гэж байхгүй гэдгийг ухаарч чадвал зөвхөн өөрийнхөө хамгийн шилдгийг олоход илүү хялбар болж ирнэ. Та хаана ч ажилладаг бай шийдвэр тань зөвхөн таных л байх ёстой.

Стив Жобсын хэлснээр “Чиний цаг хязгаартай. Тиймээс хэн нэгний амьдралаар амьдарч цагаа дэмий үрэх хэрэггүй.

Сэтгэгдэл бичих

arrow icon