Нийтлэл 09 сарын 09, 2015

Ном уншихад цаг гаргах болсноор илүү завтай болсон

       Интернет, энд бүх л сайхан зүйлс бий. Википедиа, Твиттер, мейл, TED-ын илтгэлүүд, Фэйсбүүк, Ютүүб мөн Харвард Бизнес тойм гэх зэрэг хязгааргүй олон гайхалтай эх сурвалжууд бий. Энд гэгээлэг зүйлс бас зовлонтой, хар бараан мэдээлэл байх нь ч бий. Ажил дээрээ сэтгэл санаагаар унана, гэр бүл, найз нөхөд дунд асуудал гарна. Үүн дээр нэмэгдээд сүүлийн үед дижитал мэдээллээр цангах болсноос үүдэлтэй стресс ч нэмэгдэж ирлээ.

Зургаан сарын өмнө л би энэхүү мэдээллийн урсгалд живж буйгаа, энэ бүхнээс залхаж буйгаа ухаарсан юм. Уул нь би ном унших их дуртай, номд хайртай. Гэвч 2014 онд ердөө дөрөвхөн ном уншсан байлаа. Ном бол миний сонирхол, амь зуулга байсан үе саяхан. Харин сүүлийн үед би бараг л ном уншсангүй, өөрөөр хэлбэл уншиж чадахгүй л байв. Үнэндээ би гайхаж эхэлсэн. Дижитал мэдээллийн урсгалаас үүдсэн стрессээс болж ердөө 3,4 өгүүлбэр уншаад л ядардаг болов.

  

Тиймээс үлдсэн амьдралдаа үүнийг зохицуулж, ахин ном уншиж эхлэхэд өөрийгөө сургаж чадах болов уу? Могойн хорыг эмчилгээний арга боловсруулахад хэрэглэдэгтэй адил хуучны мэдээлэл авах хэрэгсэл болох номыг дижитал мэдээллийн шинэ эрин үеэс шалтгаалсан стрессийг үгүй хийхэд ашиглаж чадах болов уу? хэмээн бодож эхэлсэн юм.

 

Нэгт бидний тархи шинэ мэдээлэлд илүү их татагддаг. Түүнчлэн мэдрэлийн дамжуулагч буюу допаминыг үүсгэх зүйлсийг ирж хайдаг бөгөөд энэхүү допамин нь биднийг таашааж болох бүхэнд илүү мэдрэмтгий болгож байдаг. Ингэснээр Шинэ мэдээлэл+допамин=таашаах үйл явц үүсдэг байна. Ингэж бид мэдээллийн урсгалд донтож эхэлдэг юм. Яг л бидний анхаарлыг байнга татаж байхаар бүтээгдсэн “машин” шиг.

Хоёрдугаарт, бидний тархи бусад эрхтнээсээ илүү их энерги зарцуулж байдаг. Дээрх шинэ мэдээлэлд донтох явдал асуудлын ердөө нэг тал нь. Харин нөгөө тал бол бидний ядрахад хүргэдэг тархины энерги зарцуулалт юм. Хүний тархи биеийн жингийнхээ 2%-ийг л эзэлдэг боловч биеийн нийт энергийн 20%-ийг зарцуулж байдаг. Биднийг амарч байх үед тархи ч мөн амардаг бөгөөд ингэхдээ нэг цагт 11 калор зарцуулдаг.  Харин юм уншихаар төвлөрөхөд 42 калор байдаг бол шинэ мэдээлэл маш ихээр хүлээж авах үед цагт 62 калор зарцуулдаг байна. Сэдвээс, сэдэв рүү байнга үсрэх нь тархинд муу байдаг бөгөөд маш их энерги алдана гэсэн үг юм.

 

 

 

Тэгвэл бид яавал дээр вэ?

Миний ажлын өдөр энэхүү мэдээллийн урсгалтай нягт уялдаатай байдаг. Бидний ихэнх нь ч ажлын цагаараа энэ бүхнээс зугтах аргагүй болдог. Харин миний хувьд ажлын цагаас гадуурх амьдарлаа энэхүү дижитал мэдээллийн урсгалаас холдуулах нь илүү үр дүнтэй арга шиг санагдсан юм. Би хоёр зорилгод хүрэхийн тулд гурван дүрмийг чанд мөрдөхөөр шийдлээ. Ингэснээр би ахин ном уншиж эхэлсэн бөгөөд тархиндаа энэ их мэдээллийн урсгалаас завсарлага авах боломж олгосон.

  1. Ажлаасаа ирээд, нөүтбүүк болон утсаа өөрөөсөө хол тавина. Ажил дээр ч, гэрт ч бид бүх зүйлстэй өөрийгөө холбоотой байлгах гэж хичээдэг. Гэвч үнэндээ оройн цагаар бидэнд тухайн мөчид нь хариулах шаардлагатай мэйл маш цөөн тоогоор ирдэг. Тиймээс энэ дүрмийг баримталснаар цаг зав их гарч байв. Ерөнхийдөө шөнө сайн амарсан оюун ухаан өглөө илүү үр ашигтай, бүтээмжтэй ажилладаг юм байна. Шөнө нь ажиллаад ядарсан, ачаалсан тархинаас хол илүү гээч.
  2. Ажлын долоо хоногт оройн хоолны дараа телевиз үзэхгүй байх. Мөн интернетээс хол байх. Энэ бол хамгийн үр дүнтэй өөрчлөлт байв. Ингэснээр оройн хоолны дараах хэдэн цаг миний хувьд хамгийн сайхан цаг болж хувирав. Хүүхдүүд орондоо орчихсон, аяга таваг цэвэрхэн. Тиймээс би зүгээр л номоо аваад, уншиж эхэлдэг. Энэ өөрчлөлтийг би хамгийн хэцүү нь байх болов уу гэж бодож байтал хамгийн амархан нь болж таарсан юм. Ном унших цагийг өөртөө гаргаж өгнө гэдэг жинхэнэ таашаал байлаа.
  3. Унтлагын өрөөнд ямар ч дэлгэц байх ёсгүй. Энэ бол дижитал урсгалаас зайлсхийх миний анхны алхам байсан. Заримдаа бусад дүрмийг зөрчих тохиол гарч байсан ч энэ л дүрмийг би нэг ч зөрчөөгүй. Орныхоо дэргэд гар утас, таблет, нөтбүкээ байрлуулахгүй байх нь мэйлээ шалгах, соошил медиад орох хүслийг багасгаж байв.

 

 

Дээрх гурван дүрмийг дагаж эхэлснээр амьдралд маань маш том өөрчлөлт гарсан төдийгүй шинэ мэдээллийн урсгалд донтохоо больсноор чөлөөт цаг маш их гарах болсон. Ном уншихад илүү их цаг гаргах болсноор юмыг тунгааж бодох цагтай болов. Ажлын асуудлаа шийдвэрлэхэд бүтээлчээр хандаж, төвлөрлөө сайжруулахад ч эерэг нөлөө үзүүлсэн. Стресс ч багасч, эрч хүч нэмэгдсэн юм.

Дижитал мэдээллийн урсгал улам хурдтай, маш их болсоор байна. Гэвч интернет бол ердөө 20 гаруй жилийн л түүхтэй, харин гар утсыг бид ердөө сүүлийн 10 жилд л идэвхтэй хэрэглэх болсон.

Тиймээс цаашид бид өсөн нэмэгдэх энэ үйл явцад хэрхэн амьдрах вэ?, мэдээллийн бус хүн төрөлхтний экосистемийг хэрхэн бүтээх вэ? гэдэгт л анхаарлаа төвлөрүүлж, суралцсаар байх биз ээ.

hbr.org

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-09-09

    bayarlalaa namuun.amjilt hvsye

    • шижрээ
    • 2015-09-09

    мундаг

arrow icon