Нийтлэл 10 сарын 12, 2015

САНАЛ БОЛГОХ НОМ: Ажлаар амьсгалсан он жилүүд

“Удирдлагын сэтгэл судлал” хичээл орж байсан багш маань 

Та нар Солонгосын Ерөнхийлөгч И Мёнбагийн “Ажлаар амьсгалсан он жилүүд” номыг уншсан уу?, ер нь уншаад үзэхэд зүгээр ном шүү

гээд И Мёнбагийн Вестинхаусын төлөөлөгчтэй хийсэн гэрээ, Улсын аюулыг хамгаалах Хорооныхонтой тохиролцсон нь зэрэг сонгодог жишээнүүдийг ярьдаг байлаа.

Хүнд тарчиг амьдралаас улс орныхоо хувь заяаг шийдэх хэмжээний хүн болтлоо дэвших хүртлэх амьдралын түүхээ чин сэтгэлээсээ сэтгэл хөдлөлийн болон уран зохиолын агууламжтай бичсэн энэхүү номыг авсан ондоо багтаан хоёр ч удаа уншиж билээ.  Ерөнхий сайдын тэтгэлэг аваад шууд худалдаж авсан анхны ном. Дараа нь эссэ бичлэгийн уралдааны шагналд авч хоёрын зэрэгтэй болсон ч аль алиныг нь номын сандаа нандигнан хадгалж, хааяа дахин сөхөн харж явна. 

“Үр хүүхдүүдээ нас биед хүртэл нь ганц хоног ч сэтгэл тайван байж үзээгүй ээж минь, өөрийнхөө төлөө эд зүйлс төдийгүй цаг хором ч зарцуулж чадаагүй ээж минь, ганц ч зүйлийг өөрийнх гэдэггүй байсан ээж минь...”[1]

гэх зэрэг өгүүлсэн нь хүний сэтгэлийг хөндөөд зогсохгүй, тухайн үеийн сэтгэл хөдлөлөө гаргаж,  цаашид унших сэдэл тэмүүлэл, тухайн номд шунан унших сонирхлыг төрүүлж чадсанаараа энэхүү ном олон хүний сонирхол татсан гэж бодож байна. Ингээд уншсан даруйдаа л ширээний номын тоонд оруулж, найз нөхөд, танилууддаа санал болгох болсон. “Ажлаар амьсгалсан он жилүүд”-ийн тухай “Biznetwork” сүлжээн дэх хэлэлцүүлэгт

“Энэ номыг 2-хон хоногт уншаад дуусгачихав. Маш их таалагдав. Тууштай зүтгэл, зоримог шазруун зан, үнэнч шударга байдал хүнийг юунд хүргэдгийг харуулсан үлгэр жишээ ном хэмээн ойлгож байна. Уншаагүй нь уншаарай. Уншсан нь share-лээрэй. Би бас буян түгээж, буян хураах гээд л энд юм бичиж байна.”[2]

гэсэн сэтгэгдэл оржээ. 

Орчин үеийн удирдлагын шинжлэх ухааны онолыг практикт буулгаж, ололт амжилт, алсын хараагаараа амьд домог болсон И Мёнбагийн номыг уншаад ийм зүйл амьдрал дээр байдаг байх нь хэмээн гайхаж бишрэх сэтгэл төрнө. “

Жинхэнэ мэргэжлийн менежер бол эзнээс илүүгээр эзэн шиг байх учиртай.[3]

хэмээн өгүүлсэн нь амин хувиа хичээх, минийх биш юм чинь гэх хоёрдмол сэтгэлээр ханддаг хүмүүст нэгийг бодогдуулах үг болой. Сүүлийн жилүүдэд хүний мөс чанар муудаж байна, амиа л бодож, ажил амьдралаа зохицуулж байна хэмээн яригдаж байгаа үед хөгжиж дэвшиж, дээшлэх зорилго тавьж буй хүн бүхэн нэгэн сэтгэлээр хандахын мөн чанарыг өөрийн үйлдэл, үг яриагаараа гаргадаг байснаа энэхүү номдоо өгүүлсэн нь бидэнд ихэд авууштай, сургамжтай санаа юм. Солонгосын нийгмийн тогтворгүй цаг үед оюутнууд хэрхэн дуу хоолойгоо нэгтгэдэг байсан тухай киноноос л үздэг байсан бол их хувьсгалд өөрийн гар биеэр оролцож байсан И Мёнбагийн тухай уншихад “Элсэн цаг”, “Сөүл-1945 он” зэрэг киноны гол дүрийн залуус нүднээ зурсхийн харагдаж билээ. Ямар сайндаа найз нөхдөдөө “Солонгос  кинон дээр гараад байдаг тэр оюутны жагсаал цуглаан чинь үнэн юм билээ штээ.”хэмээн хуучилдаг болсон юм.

 

 Нөгөөтэйгүүр Солонгос улсын төдийгүй дэлхий дахины томоохон өөрчлөлт, бүтээн байгуулалтуудыг энэхүү номноос уншиж мэдсэн. Тэр болгон миний мэдлэгийн цар хүрээг нэмж өгсөн. И Мёнбагийн “Ажлаар амьсгалсан он жилүүд”номоос сургамж авч, Монголын нийгэмд буй зарим асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэж болох арга замуудыг мөн  олж харлаа.

 Үүнд:

  • Сүүлийн жилүүдэд Монголын улстөрд бизнесменүүд ихээр орох боллоо гэж хүмүүс дургүйцэх боллоо. Тэд өөрсдөдөө зориулж хууль гаргаж байна хэмээн шүүмжлэлд өртөх нь бий харин И Мёнбаг “...бизнес эрхлэгч хүн улстөрд орох нь ажил хэрэгч хүний үзэл сэтгэлгээг оруулж ирж байна гэсэн утга учрыг агуулах ёстой.”[4]хэмээн өгүүлжээ. Юутай ч Солонгосын компани болон Солонгос улсыг дэлхий тавцанд хүргэхэд бодитой хувь нэмэр оруулсан  бизнесмен хүний үг энэ байжээ. Тэрээр энэ л зарчмаар улс төрд оролцож явна. Тийм учраас бид бизнесмен хүн улстөрд орлоо гэж үгүйсгэх биш тэднээс ажил хэрэгч хүний мөн чанарыг шаардаж ажиллуулах хэрэгтэй юм гэсэн санааг олж харлаа. Гол нь түүний өгүүлснээр тэдгээр хүмүүс маань ажиллаж чаддаг байх хэрэгтэй юм.
  • “Тэд өшиглөж эхлэв. Миний тэвэрч байсан зүйл бол сейф биш өөрийгөө хүндэтгэх сэтгэл байсан юмаа.”[5]хэмээн өгүүлжээ. Миний харснаар энэ үг номон дох хамгийн агуу, И Мёнбаг гэгч эрхмийг тэр чигт нь хайрламаар, хүндэтгэмээр сэтгэл төрүүлсэн үг байлаа. Хүн өөрийгөө хүндэтгэх сэтгэлтэй, өөрийнхөө урьдах ажилд эзэн байхын мөн чанарыг энэхүү номондоо өгүүлсэн нь залуус бидэнд үлгэр дууриал болохуйц, өөрийгөө хүндэтгэснээр бусдаас хүндэтгэл хүлээн авна гэсэн санааг авч амьдралдаа хэрэгжүүлэх сэдэл төрүүлсэн юм.
  • “Завгүй хүн л ажлаа амжуулж чаддаг юм.”[6]хэмээн И Мёнбаг өгүүлжээ. Залуусын хувьд цаг заваа зохицуулах, цагаа төлөвлөх тал дээр алддаг билээ. И Мёнбагийн ийнхүү өгүүлсэн нь залууст урам зориг өгч, ажлаа зохицуулах, завгүй байх нь буруу зүйл биш юм хэмээн өгүүлсэнтэй утга нэг ажээ. Ийнхүү тэсвэр тэвчээрийн гайхамшиг, ажил амьдралын амралтгүй өдрүүдээ өгүүлсэн “Ажлаар амьсгалсан он жилүүд” номыг уншаад Солонгос Улсын түүхийн гурван цаг үеийг бүтээлцэж байгаа аугаа хүнээр ялангуяа түүний ажилч хичээнгүй, үнэнч шударга, зарчимч, хүнлэг зан, удирдахуйн авьяасыг чин сэтгэлээсээ хүндлэх болж, “Хүн амжилтаасаа бус бүтэлгүйтлээс сургамж авдаг”[7], “Алдаагаа мартдаг хүн бас дахин мартдаг”[8]гэх үгүүдийг санаж, хийсэн тэмдэглэлүүдээ уншиж, хос номоо номын сандаа нандигнан хадгалж, уншиж, түүний сургамж дагуулсан амьдралын алхмуудыг санаж явна. Ер нь И Мёнбаг хэмээх судалгааны ажил эхлүүлэхэд ихэд үр дүнтэй, их сонин содон баримт, мэдээлэл гарч ирэх байх гэж таамаглаж байна. Мөн, үйл явдалд нь хөтлөгдөж, нулимс унагаж, гайхан биширч унших нөхцлийг бүрдүүлж, Монгол хэлнээ гайхамшигтай буулгасан орчуулагчдаа онцлон талархах хэрэгтэй боловуу.

“Арван таван тохой өндөр хашаан дотор хоригдон цаг нөхцөөж буй хоригдлуудыг хараад би өнгөрсөн өдрүүдийн цөхрөлөө нандин өв болгон хувиргаж чадав

.”[9]хэмээн өгүүлсэнчлэн Монголын мянга мянган залуус энэхүү номноос ухаарал, сургамж, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, өөриймсөг элгэмсэг сэтгэлийг олж авч гол нь боломжийг олж харсан гэдэгт итгэнэм. Амьдралын хүрд эргэсэн хэвээр байх цаг мөч бүхэнд ажлаар амьсгалж, амжилтаар жигүүрлэн Монголын И Мёнбаг болохын төлөө өдөр бүр урагшаа, залуусаа!

 

 

[1]  Орчуулагч Ж.Баттөр И Мёнбаг. Ажлаар амьсгалсан он жилүүд. УБ.,2009 86 тал

[2] http://baatarchuluun.blogspot.com/2010/06/blog-post_09.html

[3]  Мөн тэнд 29 тал

[4] Орчуулагч Ж.Баттөр И Мёнбаг. Ажлаар амьсгалсан он жилүүд. УБ.,2009 340 тал

[5] Мөн тэнд 107 тал

[6] Мөн тэнд 267 тал

[7] Мөн тэнд 203 тал

[8] Мөн тэнд 203 тал

[9] Орчуулагч Ж.Баттөр И Мёнбаг. Ажлаар амьсгалсан он жилүүд. УБ.,2009 86 тал

Сэтгэгдэл бичих

    • zov
    • 2015-10-12

    uchuuhen gar yuum

arrow icon