Нийтлэл 02 сарын 04, 2016

Хувьцаагаа хуваах нь хэнд ашигтай вэ?

1-р сарын 29-нд болсон Сүү ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компани нь одоогийн нэг ширхэг хувьцаагаа 1,000 хуваах шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэртэй холбоотойгоор хувьцааны ханш долоо хоногт 33 хувиар өсөөд байна.

Хувьцаа хуваах гэж юу вэ?

  • Сүү ХК-ийн жишээг авъя.
  • Сүү ХК нь нийт 344,000 ширхэг хувьцаатай
  • Нэгжийн үнэ 100,000 төгрөг гэе.
  • Тэгвэл одоогийн нэг ширхэг хувьцааг 1,000 хуваахаар шийдвэрлэсэн гэе.
  • Энэ тохиолдолд хувьцааны үнэ 100,000/1,000= 100 төгрөг болж буурна.
  • Харин хувьцааны тоо ширхэг 344,000*1,000=344,000,000 ширхэг болох юм

Хувьцаа хуваасны дараах үр дүн

Хувьцааны үнэ хямд болно: Хувьцааны үнэ хямд байснаар олон жижиг хувьцаа эзэмшигчтэй болох боломж бүрдэнэ.

Тоо олон болно: Гэхдээ хувь эзэмшилд өөрчлөлт орохгүй. Хувьцааны тоо олон байх тусмаа олон хувьцаа эзэмшигчтэй байх боломж нэмэгдэнэ

Хувьцааны шилжилт хийгдэхгүй: Хэвэндээ байна. Хувьцаагаа хуваасны дараа ямар нэг шилжилт хөдөлгөөн хийгддэггүй 

Хөрвөх чадвар нэмэгдэнэ: Ингэснээр хувьцааны арилжааны хэмжээ өсөхийн зэрэгцээ үнэ өсдөг. Энэ нь компанийн зах зээлийн үнэлгээг өсгөж гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай харьцахад тодорхой хэмжээний давуу талыг олгоно. Мөн нэмж хувьцаа гаргахад санал болгох үнийг багаар тогтоох боломжийг олгож олон хувьцаа эзэмшигчтэй болох нөхцөлийг бүрдүүлдэг. Олон хувьцаа эзэмшигчтэй, биржид хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаг байх нь компанийн нэр хүндэд эерэг нөлөөтэй байдаг.

Өнгөрсөн хугацаанд АПУ ХК, Таван толгой ХК-иуд хувьцаагаа хувааж байсан түүхтэй.

АПУ ХК-ийн хувьд 2008 оны долдугаар сард нэг хувьцааг 100 хувааж байв. Тухайн үед хувьцааны үнэ 54,000 төгрөг байсан ба 100 хувааснаар 540 төгрөг болсон байдаг.

Харин Таван Толгой ХК-ийн хувьд 2011 оны есдүгээр сард мөн нэг хувьцааг 100 хуваасан. Нэг хувьцааны ханш 730,000 төгрөг байсан ба 100 хувааснаар 7,300 төгрөг болж байлаа.  

Хувьцааг хуваасны дараагаар ханшид огцом өөрчлөлт гарсан нь анхаарал татсан юм.

АПУ ХК хувьцаагаа хуваасны дараах арилжаагаар ханш богино хугацаанд 69.4 хувиар, харин Таван Толгой ХК-ийн ханш 69.8 хувиар өсөв.

 

 

 

Ханшийн огцом өсөлтийн учир шалтгааныг дараах байдлаар тайлбарлаж болох юм. 

-Хувьцааг хувааснаар нэгжийн үнэ буурч, хувьцааны тоо олширч байгаа учир эргэлт нэмэгдэж тухайн хувьцааг арилжаалах хөрөнгө оруулагчдын тоо өснө. Ингэснээр эрэлт үүсч ханш өссөн.

-АПУ ХК ба Таван Толгой ХК нь үндэсний хэмжээний нэр хүндтэй, илтгэл даахуйц, зах зээлд танигдсан компаниуд байсан учир хөрөнгө оруулагчдад хувьцааны үнэ нь хямд санагдсан байж болох юм. Ингэснээр эрэлт үүсч ханш өссөн.  Тухайн үеийн нөхцөл байдал нь өнөөгийхтэй харьцуулахад харьцангуй сайн байсан учир хувьцаа худалдан авах чадвар бүхий хөрөнгө оруулагчид олон байсан. Ингэснээр эрэлт өсч ханш өссөн.

 Сүү ХК-ийн хуваалт ханшид хэрхэн нөлөөлөх вэ?

Сүү ХК-ийн ханш хувьцаа хуваасны дараа өсөх магадлал их байна. Учир нь тус компани нь 344,000 ширхэг хувьцаатай бөгөөд 322,723 ширхэг нь 3 хүний эзэмшилд, 21,277 ширхэг нь 268 хүний эзэмшилд байгаа нь төвлөрөл хэт их байгааг харуулж байна. Нөгөө талаас тус компанийн хувьцаанд хөрөнгө оруулах сонирхолтой жижиг хөрөнгө оруулагчид их байдаг ч олдоц муу, үнэ өндөр байгаа юм. Мөн тус компани Монголын зах зээлд танигдсан нэр хүндтэй зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн үндэсний үйлдвэрлэгч. Гагцхүү ханш хэдэн хувиар өсөхийг нэг хувьцааг хэд болгон хуваахаас голчлон хамаарахаар байна. Гэхдээ эдийн засгийн хямралт байдал эрэлтийг бууруулж ханшийн өсөлтийг хязгаарлах боломжтойг давхар тооцох хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-02-27

    ЗӨВ ШҮҮ

arrow icon