Нийтлэл 03 сарын 21, 2016

МОНГОЛ ОРОН ба түүний ХҮМҮҮС: Wall Street Journal-ын дуранд

Wall Street Journal-ын цахим сэтгүүлийн нүүр хуудаснаа "Mongolia: Land of Lost Opportunity" буюу "Алдагдсан боломжийн орон Монгол" нэртэй сурвалжлага нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Хөдөөний малчин залуу Г.Анхбаяр 6 жилийн өмнө дэлхий дахинд түүхий эдийн үнэ өссөн хаялга дор түмний хишиг аривжиж асан Улаанбаатарыг тэмцэж ирж билээ. 29 настай залуу аав бүх малаа зарж, орон нутгийн банкнаас мөнгө зээлээд, заримдаа -30 хэм давдаг хүйтэнд ч гялгар уутнаас өөр бүрхүүлгүй мухлагт жийнсэн өмд зарж амьдрахаар ирсэн нь тэр байлаа. Анхбаяр сард нэг удаа эхнэртэйгээ хамт урагшаа хил давж, жийнс дарж ирээд нэг бүрийг нь 20 мянган төгрөгөөр зардаг. Өнөөдөр гэхдээ даанч худалдан авагч ховор болжээ. Борооны дараах мөөг мэт сэргэж асан эдийн засгийн зун өсөөд унасан түүхий эдийн үнэтэй хамт улирч, Улаанбаатарт “өвөл” иржээ. Өдгөө 30 нэгэнт гарсан Анхбаяр өөртэй нь адилхан хотыг зорьж ирсэн үе тэнгийхнийхээ хамт өрөнд баригдсан өнөөдрөөс маргааш хаачихаа мэдэхгүй, ард үлдээсэн амьдралдаа харамсаж нэг гайхаж нэг сууна.

“Хонио, ямаагаа, үхрээ, адуугаа...би бүгдийг нь зарсан. Одоо яаж буцах билээ”

гэнэ.

“Би ийшээ сайн сайхан амьдрал хайж ирсэнсэн, одоо харин ирээдүйд итгэх итгэл алга даа”

Төв Азийн цээжинд орших өргөн уудам газар нутаг, 3 сая хүнтэй энэ орноос илүүтэйгээр хүсэл мөрөөдлөө түүхий эдийн үнэтэй хамт унагасан орон тийм ч олон биш болов уу. Асар их алт, нүүрс, ашигт малтмалын орд, өмнөд хөрш Хятадын хурдтай үйлдвэржилт... Монгол орон орчин үеийн дэлхийтэй хөл зэрэгцэх тасалбар гартаа хийсэн мэт харагдаж байж билээ.  Мянга мянган найдвар дагуулсан орд нээгдэж,  дэлхийн хамгийн том ашиглагдаагүй зэсийн орд Оюу Толгойн төсөл мөнгө дуудаж, Рио Тинто, Голдман Сакс зэрэг олон улсын компаниуд уул уурхайн лиценз, санхүүд хөрөнгө  оруулахаар хошуурч байх үесээр Монгол орон Minegolia хэмээх мөнгө, хөрөнгө, шунал дуудсан хоч хүртэл зүүсэн.

2011 он гэхэд Монгол дэлхий дээр хамгийн хурдтай өсөж байсан эдийн засаг болсон агаад Ерөнхий сайд асан Сү.Батболд энэ эрчээрээ дахиад 10 жил өснө гэж хэлж байсан удаатай. Уул уурхайн орлого хөдөө орон нутагт дэд бүтэц, ус, цахилгаан болно гэж итгэх хүн олон байсан. Даанч Монгол түүхий эдийн үнэ буцаж буухаас өмнө ажлуудаа амжуулж чадсангүй. Оюу Толгой хүртэл хөгжүүлэлт нь дутуу, харин зэсийн үнэ унаж 2005 оны түвшиндээ хүрчээ.

Канад, Бразил зэрэг уул уурхайн оргил үе дуусахтай зэрэгцээд шууд хямралд орсон зарим орныг бодвол Монголын эдийн засаг бага боловч өсөлттэй гарсан хэвээр. Гэхдээ 2013-2015 онд эдийн засаг нь хурдацтай унасан, уул уурхайгаас өндөр хамааралтай, хөгжиж буй орнууд нэг бол дотоод зөрчилтэй, нөгөө бол халдварт өвчин гэх мэтэд нэрвэгдсэн Өмнөд Судан, Сьерра Лион, Украйн гэх мэт орнууд байлаа. Дэлхийн Банк  хоёр жилийн өмнө Монголын эдийн засгийг  2016 онд 7,7 хувь өснө гэж үзэж байсныгаа саяхан 0,8 хувь болгов.

Анхбаяр шиг залуус цагийн салхинд бүр анх уул уурхайн халуурал эхлэх үеэс ч дор амьдралд шидэгдэв.

2010-2012 онд Сангийн сайд хийж асан Хасын Ч.Ганхуяг   “Бид том боломж, бидэнд олдсон үнэгүй унаанд суулгүй хоцорчээ. Хятадад юу ч болдог бай, тийш нь зарах ямар нэг юм олдоно гэж боддог байв, би буруу бодож байж” гэвэй.  

Улаанбаатараас холгүй тал газар Монголын хамгийн баян эрчүүдийн нэгнийх нь уул уурхайн халуурлын үеэр бариулсан 40 метр өндөр морь унасан Чингис хааны хөшөө бий. Хөшөө 800 жилийн өмнө Номхон далайгаас Түрэг хүртэлх их дайдыг эзэлсэн агуу үндэстэн эргэж сэрж буйг илэрхийлнэ.  

Чингисийн хөшөөний сүр хүч, үндсэн дэд бүтэц гэж юм бүрэн хөгжөөгүй Улаанбаатар нийслэлийн өнөөдөр хоёр тэнгэр газар мэт.

Хүн пиг чигжсэн дүүргийн эмнэлэгт хүмүүс корридорт гудас дэвсээд хэвтсэн харагдана. Ханиад хүрч эмнэлэгт хэвтэхэд хүрсэн 6 сартай Түмэнбаяр хүүгээ асарч буй 21 настай залуу ээж С.Пүрэвсүрэн ийн ярина:  “Манай өрөө 9 ортой. 18 хүүхэд 18 ээжийн хамт, өөрөөр хэлбэл 36 хүн нэг өрөөнд хэвтэж байна. Өрөөний агаар муу болохоор аль болох хүүтэйгээ корридорт байх санаатай”. Тэрээр ийм эмнэлэг олон баригдах, эсвэл ороо нэмээсэй гэж хүсэж байгаагаа хэлэв. Хотын төвд шинэ эмнэлэг барих урт настай төлөвлөгөө шүүгээн дээр амарсаар.

Пүрэвсүрэн ээж 5 км орчим алсад, орон нутгийнхан хот руу цутгахын хэрээр асар хурдтай хаяа тэлсэн дугуй цагаан уламжлалт сууцнууд чихэлдсэн гэр хороололд амьдардаг. Гэр хороололд Засгийн газрын статистикаар бол одоогоор 800 мянган хүн буюу хотын хүн амын талаас илүү нь амьдарч байна. Крантны ус гэх мэт суурь хэрэглээний дэд бүтэц бараг байхгүй.

Дэлхийн банкны тооцоогоор 6,3 хувь байсан ажилгүйдлийн түвшин 2015 оны эцэс гэхэд 8,3 хувь болж нэмэгдэж, эдийн засаг хямрахын хэрээр улам олон хүн амьжиргааны доод түвшнээс ч доош унах эрсдэлд нэрвэгдэж ирэв.

...

Монголын эдийн засаг  өнгөрсөн жил гэхэд S&P GSCI(түүхий эдийн зах зээлийн баримжаа болдог индекс. орч) индекст 20 хувийн уналт авчирсан Хятадын эдийн засгийн удаашралд өртөхийн ихээр өртөөд байгаа нь энэ билээ. Уул уурхай, ашигт малтмалаас өөр үйлдвэрлэлийн салбар бараг байхгүй, хамаг экспортынхоо 90 хувийг урагш нь ачдаг Монголоос илүүтэйгээр Хятадаас хамааралтай орон дэлхийд байхгүй.

Далайд гарцгүй, тээврийн олигтой дэд бүтэц байхгүйгээс хойш Монголын олборлогчид бусад байгалийн баялагтай орнууд шиг Энэтхэг гэх мэт шинэ зах зээлээс худалдан авагчийн эрэлд гарах боломж ч хязгаарлагдмал. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ч дашийн шог болжээ. 2015 онд дотогш чиглэсэн хөрөнгийн цэвэр урсгал бараг нойллож, Засгийн газрын өр 2009 оны түвшнээс хоёр дахин нэмэгдэж, 3,65 тэрбум доллар болсон агаад өнгөрсөн 6 жилийн хугацаанд гадаад өр 10 дахин нэмэгдэв.

Эдийн засаг цэцэглэж байхад Шангри-Ла тэргүүтэй буудлууд салбараа, Louis Vuitton, Швейцарь цагны Ulysse Nardin нар дэлгүүрээ нээхээр уралдаж байсан, одоогоор Швейцарь цаг лав энэ зах зээлийг орхижээ.

Өнгөрсөн 4 жилд үл хөдлөхийн үнэ дундажаар 35% унасан агаад УБ дахь үл хөдлөхийн агентлаг M.A.D. Investment Solutions-ын тооцсоноор 37000 шинэ байр эзэнгүй хоосон байгаа аж.

Зарим нь Монголын улстөрийн шийдвэргүй байдал, алдаатай бодлогыг буруушаана. Засгийн газар 2011 онд Тавантолгойгоос бүх иргэдэд үнэгүй хувьцаа хуваарилсан ч хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах оролдлого бүтэлгүйтсэний дараа буцаагаад нэг саяар худалдаж авах өрөнд оржээ. 2008 оны сонгууль угтаж бэлэн мөнгө тарааж, иргэн бүрт сар болгон 17 доллар тарааж үзжээ. УИХ гишүүн С.Оюун “Өнөөдөр ч төсвөөс тэр өрөө төлж байгаа” гэж ярилаа.

Монголын Засгийн газар Рио Тинто хоорондын үл ойлголцлын улмаас өмнийн Говь дахь Оюу Толгой ордыг хөгжүүлэх хөтөлбөр хэдэн жилээр хоцорч явна. Энэ төлөвлөгөөнд ахиц гарах нь гарсан. 12 сард Рио Тинто болон бусад хамтрагчид Нью-Йоркийн Empire State цамхагаас гурав дахин өндөр гүн бүхий далд уурхайг хөдөлгөхөөр  20 санхүүгийн байгууллагаас 4,4 тэрбум доллар зээлэхээр гэрээлсэн. Гэхдээ олборлолт хамгийн эртдээ 2021 онд эхэлнэ.

Энэ зуур хэдхэн жилийн өмнө тал нутагтаа тааваараа мал маллан амьдарч асан Анхбаяр хараахан дуусаагүй урт хүйтэн өвлийг гэр бүлтэйгээ хэрхэн давах вэ хэмээн санааширна. Хажуугийн лангууны худалдагч найзаасаа сар тутмын өрөө төлөхөөр мөнгө зээлэхэд хүрчээ.

“Төлж чадахгүйнээ...” уламжлалт давстай сүүтэй цайгаа оочих түүний амнаас ийм үг унав.

“Нэмээд зээл авах хэрэгтэй нь тодорхой, даанч мөнгөтэй хүн ер нь үлдсэнгүй. Одоо хэнээс хаанаас дараагийн зээлээ авах вэ, мэдэх юм алга даа...”

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-11-01

    Ишш ийм байж бас засаг төр нь Монгол бахархалын өдөр гэж... Улсаа Норвеги шиг болгочихоод донгосмоор юм.

    • бук
    • 2016-03-22

    Доор нь байгаа сэтгэгдлүүд нь их сонирхолтой байсан шүү. Гадныхны нүдэнд Монгол хэрхэн тусдагийг орон орны жишээн дээр харагдаж байна лээ.

arrow icon