М.В.Ломоносовын нэрэмжит МОСКВАГИЙН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ-тай танилцсан нь

2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Оросын хамгийн алдартай М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуульд зочлох ховор боломж тохиов. Тус сургууль бол ОХУ-д дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй хамгийн том сургалтын байгууллага бөгөөд Оросын оюун санаа, соёлын томоохон төвийн нэгд тооцогддог юм. 1755 онд байгуулагдсан Москвагийн их сургуулийг Оросын хамгийн ууган сургуульд тооцож болно. Сургуулийг санаачлан байгуулахад Оросын анхны академич, химич, физикч Михаил Васильевич Ломоносов голлох үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тийм учраас тус сургуулийг М.В.Ломоносовын нэрэмжит болгожээ. Москва хотод сурахдаа энгийн бусад сургуулиудаар орж үзэх санаа их байсан хэдий ч зав зай төдийлөн гарахгүй байсаар нэг мэдэхэд төгсөөд нутаг буцах болжээ. 

Москвагийн улсын их сургуулийн төв байр 1940-1950-иад онуудад Москва хотод баригдаж олонд "Сталины 7 өндөр" хэмээн алдаршсан 7 өндөр барилгын нэг нь юм. Их сургуулийн барилгын ажил 1949 онд эхлэж 1953 онд дууссан ба нийтдээ 36 давхар буюу 236 метр өндөр юм. Барилгын архитектороор Л.В.Руднев, С.Е.Чернышёв нарын мэргэжилтнүүд ажилласан ба барилгыг барихад ойролцоогоор 40 тонн ган төмөр, 12 сая тоосго ашигласан гэнэ.

Манай гэрээс тус сургуульд хүрэхийн тулд метроны "улаан шугам"-аар 5 минут орчим яваад "Университет" метроны станцад хүрэх ба тэндээс гараад 10 минут алхаад сургуулийн оюутны хотхонд/кампус/ яваад орно. Сургуулийн байрлалын эргэн тойронд олон төрлийн байгууламж байрлах ба тэдгээрийг архитекторын өвөрмөц шийдэл гарган засаж тохижуулжээ. Ер нь Москвагийн их сургууль нь бүхэлдээ 1000 гаруй барилга, байгууламжаас бүрдэх ба энэ бүхэн 1 сая кв/метр талбайг эзлэдэг байна.

Өнөөдөр Москвагийн улсын их сургууль нь 39 факультет, 15 шинжлэх ухаан-судалгааны институт, 4 музей, 6 салбар сургууль, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний парк, ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, 9 сая гаруй номтой шинжлэх ухааны номын сан, хэвлэлийн газар, интернет сургууль, соёлын төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус сургуулийн харьяа интернет сургуульд нь бүх Оросын хэмжээнд цуглуулсан 300 орчим гоц ухаантай хүүхдүүд хичээллэдэг. Тус сургууль нь 8 дотуур байртай ба тэнд гадаад дотоодын 12 мянган оюутнууд амьдардаг ажээ. Төв байрны яг үүдэнд 1954 онд босгосон М.В.Ломоносовын хүрэл хөшөө бий. Харин сургуулийн ар талд нь томоохон усан ориглуур(фонтан) байрлах ба биднийг очих үед өвлийн горимоос хараахан гараагүй байгаа бололтой ажиллагаагүй байв. "Капмус"-ын зүүн талд хөнгөн атлетикийн бэлтгэлийн төв, спортын задгай стадион, бэйсбол, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай байрлах ба гүйлтийн талбайд хэдэн оюутнууд гүйж явав.

Хэрвээ сургуулийн төв барилгыг эгц дээрээс нь харвал "Ж" үсгийн хэлбэртэй харагдах ба голын төв корпус болох "А, Н, П" блокуудад захиргаа, багш нар, хичээлийн танхимууд байрлан сургалтын үйл ажиллагаа явуулдаг бол "Б, В" блокууд нь оюутны дотуур байр юм байна. Сургуулийн удирдлага аюулгүй байдалд багагүй анхаарал хандуулдаг болохыг орох гарах гол хаалга, блокуудын дундах хаалган дээр буй хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагаанаас харж болохоор байв. Ямарч сургуульд байдаг оюутны эрч хүчтэй, түргэн хэмнэлтэй амьдралын өдөр тутмын зургийг эндээс харж болох ба сургууль дотор банк, цайны газар, бичиг хэргийн дэлгүүр, цэцгийн дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь содон харагдана.

Сургуулийн дотор ороод хамгийн түрүүнд төв "А" корпусын 26, 27, 28 дэхь давхаруудад байрлах байгалийн түүхийн музей(музей землеведения)-г үзэж сонирхов. Энэ музейнүүдэд мэргэжлийн ангийн оюутнууд хичээл сургууль ордог нь бодит байдалд ойртуулсан хамгийн сайн сургалтын хэлбэр юмдаа гэж бодогдож байв. Үүний дараа 32 давхарт байрлах цамхагт гарч Москва хотыг өндөр дээрээс харах гэсэн боловч боломж гарсангүй буцсан.
Өнөөдөр тус их сургуульд шинжлэх ухааны бараг бүх чиглэл буюу 128 чиглэлээр 40 мянга гаруй оюутан, мэргэжилтэн, аспирант, доктрантууд суралцаж байгаагаас гадна тус сургуулиас зохион байгуулдаг төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээнд 10 мянга гаруй дунд сургуулийн сурагчид хамрагддаг гэнэ. Эдгээр оюутан, залууст 2500 шинжлэх ухааны доктор(Sci.D), 6 мянга орчим доктор(Ph.D), 5 мянга гаруй мэргэжлийн багш нар хичээл ордог. Түүнчлэн тус их сургуульд Оросын шинжлэх ухааны академийн 300 гаруй академич болон сурвалжлагч гишүүд ажилладаг.


Манай монголчууд 1949 оноос эхлэн тус сургуульд суралцаж эхэлсэн ба одоогийн байдлаар 3 оюутан суралцдаг юм байна. Ингээд бидэнд энэ сургуулийг үзэх танилцах боломж олгосон Москвагийн улсын их сургуулийн орос хэл уран зохиолын ангийн оюутан Э.Бумдаа талархал илэрхийлье.


avatar
    • нямжаргал
    • 188.162.245.*

    Сайн бну төлбөр нь хэд бдаг юм бол

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5139

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%