МОНГОЛЫН ХЯМРАЛЫН ШАЛТГААН ба ГАРАХ ГАРЦ НЬ ЮУ БАЙЖ БОЛОХ ВЭ ?        

Монгол Улс хямралын байдалд байна. Хямрал олон хэлбэртэй, олон талт шалтгаантай. Хямралын илрэл нь бидний өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн бодит байдал, дүр төрх.  Тухайн хямралын асуудлаар биш харин хямралын шалтгаан, гарах гарц юу байж болох эсэхэд цөөн ч гэсэн эрээвэр, хураавар хэдэн санал байна.  

 

НАМЫН ба БАРЬЦААЛАГДСАН ЗАСАГ”        

1990 он. Ардчилсан хувьсгал. Гол уриа : Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх”.

Ардчилал бол ард түмэн өөрсдийн төлөө өөрсдөө байгуулсан өөрсдийнх нь засаг. Абрам Линкольн.

Гэтэл зарим улс төрч, судлаачдын үзэл, хэллэгээр : Ардчилсан шинэ сонголтын 26 жилийн хугацаанд бий болсон засаглал дахь ил ба далд голдуу аюул бүхий байдал нь ардчилсан, хуулийн засаг бодит утгаар тогтнох биш харин намын ба барьцаалагдсан засгийн шинж бүрдсэн, намын төрөөс төрсөн тэрбумтангуудын түрийвчинд төрийн бодлого явах болсон, улс төрийн нам бол засгийн эрх барих нэрээр халхавчлан бизнес хийх, ашиг олох пирамид тогтолцоо бүхий аппарат, арга, тоглоом гэсэн үзэл хэвшин тогтсон байна. 

Ф.Бастиа : “Хуульчлагдсан тонуулд өртсөн хохирогчид хууль тогтоогчдын эгнээнд шилжиж, мөн л тонуулчин болж, өөртөө зориулсан хууль гаргаснаар хуулийн нэр хүнд унаж, хууль дээдлэх ардчиллын гол зарчим алга болж байна.

Ж.Роулс : “Улс төрийн зохион байгуулалттай эрх ашгийн төлөө, мөнгөний байнгын эрэлд байгаа үед улс төрийн ардчилсан систем ажиллаж чадахгүй, уг системийн зөвшилцлийн эрх мэдэл саажсан байдаг. “Үл үзэгдэх гар” нь юмсыг буруу чиглэлд хөтөлж, олигопол (хэдхэн хүний хооронд өрсөлдөөн явагддаг хязгаарлагдмал зах зээл бүхий нөхцөл) байдлыг дэмжиж буй үед шударга бололцоог хязгаарлаж, тэгш бус байдлыг өөгшүүлдэг байна.

Авлигатай тэмцэх газрын 2008 оноос хойш жил бүр хийдэг “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөлөл”-ийн судалгаа бий. Тус судалгаанд: 

Улс төрийн намын ба намууд дамжсан бизнесийн бүлэглэлийн сүлжээ, барьцаалбар, захиалгат бодлого, ажиллагаа, томилгоо буюу ашиг сонирхлын дээд нийцэл, зөрчилт байдал бол улс төрийн авлигын гол арга, хэлбэр, шалтгаан болохыг тогтоосон байдаг. Энэ байдал эсрэгээрээ ардчилсан засаг, улс төр, эдийн засгийн хямрал, тогтворгүй байдлын шалтгаан болдог байна.     

 

Санал : Парламентын 2 танхимтай болох. Дээд танхим нь Улсын Их Чуулган, доод танхим нь Улсын Их хурал эсхүл нэршил өөр байж болно.

 

Улсын Их Чуулган нь засаг захиргааны нэгж болох сум болон дүүргийн хороо бүрийн сонгогчдын хамгийн олон санал авсан иргэдийн төлөөлөгч бүрээс бүрдэнэ. Улсын Их Чуулганд нэр дэвшигч нь өөрийн мэдлэг, туршлагаар хууль эрх зүй, чөлөөт эдийн засаг засаг, зүй  ёст улс төр, нийтлэг асуудал гэсэн 4 салбарын алинд илүүтэй хамаарахаа заавал сонгон баталгаажуулсан байна.

Улсын Их хурал нь Улсын Их чуулганы сумдын 32 төлөөлөгч, дүүргүүдийн хороодын 44 төлөөлөгч нийт 76 гишүүнтэй байна.

Улсын Их чуулганы сумдын 32 төлөөлөгч нь нийт сумдын төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хууль эрх зүй, чөлөөт эдийн засаг засаг, зүй  ёст улс төр, нийтлэг асуудал гэсэн 4 салбар тус бүрээс 8, дүүргүүдийн хороодын 44 төлөөлөгч нь нийт дүүргийн хороодын төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан хууль эрх зүй, чөлөөт эдийн засаг засаг, зүй  ёст улс төр, нийтлэг асуудал гэсэн 4 салбар тус бүрээс 11 төлөөлөгчөөс тус тус бүрдэх ба Улсын их Чуулганы нийт төлөөлөгч баталгаажуулж, сонгогдсонд тооцно.

Улсын Их Чуулган нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох, огцруулах, Улсын Их хурлын гишүүдийг сонгогдсонд тооцох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ыг тараах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, авлигатай тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар, улсын мөрдөн байцаах газар, аудит, Монгол банкны удирдлагыг сонгох гэх мэт Улсын Их Чуулганы бүрэн эрх, сонгууль, үйл ажиллагааны журмыг Үндсэн хууль, бусад хуулиар нарийвчлан тогтоох нь жич асуудал.  

 Саналын үндэслэл : Ардчилсан засгийг аюулд өртөхөөс хамгаалах, олон түмнийн төрийн үйл хэрэгт оролцох бодит оролцоо, боломжийг нэмэгдүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, иргэдэд сонгох, сонгогдох шударга, тэгш бололцоог илүү бодитой бүрдүүлэх, улс төр ба бизнесийн гүн бат сүлжээг саармагжуулах, улс төрийн намын барьцаалагдсан хийгээд хязгааргүй дур зоргын шинжтэй бодлого, үйл ажиллагааг хязгаарлах, төрийн залгамж чанарыг хангахад чиглэгдсэн ард түмний бүрэн эрх, хяналт хэрэгжих гол, бодит механизм болно.     

Нэгэнт  бүх шатны сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, иргэдэд татвар төлөгчдийн мөнгөнөөс олгох буюу санхүүжүүлэх бодит ямар ч боломжгүй учраас ард түмний бүрэн эрх, хяналт хэрэгжих механизм зайлшгүй байх ёстой болох нь бидний өнөөгийн амьдралаас урган гарч байна.  

 

 

ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ЗАРЧИМД НИЙЦЭЭГҮЙ САНХҮҮ, МӨНГӨ, ХАЛАМЖИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТ 

Яагаад инфляци, дефляци, дефолтын эрсдлийн түвшин “зохистой тааз”-аа давав, энэ тухай нийт даяар мэдээлэв.   Шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцсэн санхүү, мөнгөний бодлого, зохицуулалтыг бүрэн, зөв хийж, хэрэгжүүлж чадаагүй, ардчилсан эсхүл ардчилсан социалист эсхүл ардчилсан, социалист хоёр өөр бодлогыг хослуулахад чиглэсэн эсхүл гадна, дотнын санхүүгийн бүлэгт барьцаалагдсан шинж бүхий санхүү, мөнгөний бодлого хэрэгжүүлээд байна уу гэдэг нь зааглах боломжгүй болсон. Түмэн ард нь бараг бүгдээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үйлчилгээний шимтгэлд хамаг хөрөнгөө барьцаалсан, баглагдсанаас эцэстээ маш ихээр хохирч, зүдэрч байна, Хадгаламжийн татваргүй, хүү нь өндөр буюу хадгаламжийн оффшор бүс учраас гадна, дотны цөөн тооны этгээд олон тэрбум валют “хадгаламж”-аар байршуулан “өндөр хүүгээр хүүлж” байгаа. Далд эдийн засаг газар авсан, тэрбумтан, хөрөнгө оруулагч гэгдэх этгээдийн ихэнхи нь оффшор бүсэд хөрөнгөө байршуулсан, үйл ажиллагаа явуулдаг тухай судлаач, улс төрч, эдийн засагчид илүүтэй ярьж, бичсээр л байна.    

Санал :  Хадгаламжийн хүүгийн “1-ээс 0” рүү, зээлийн хүүгийн “1 оронтой дундаж хэмжээ” рүү тэмүүлсэн бодлого, зохицуулалт хийх ажиллагааг эхлүүлж, хэрэгжилтийг хангах шат дараалсан арга хэмжээ авах шаардлагатай.  

АНУ, Япон болон бусад улс орны төв банкны бодлогын хүү, арилжааны банкуудынх нь зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн бодлого, хэрэгжилтийг өөрийн орныхтой харьцуулахад маш хол зөрүүтэй байгааг харж болно. Учир иймд :   

- “хадгаламжийн хүүгийн “1-ээс 0” рүү, зээлийн хүүгийн “1 оронтой дундаж хэмжээ” рүү тэмүүлсэн бодлого, зохицуулалтын баримт бичиг боловсруулан, хэрэгжүүлэх арга хэмжээ авах, 

- банк, банк бус санхүүгийн байгууллагатай “үндэсний зөвшилцөл” хийх, хадгаламжийн хүүгийн “1-ээс 0” рүү, зээлийн хүүгийн “1 оронтой дундаж хэмжээ” рүү тэмүүлсэн бодлого, зохицуулалтыг дэмжсэн банк, банк бус санхүүгийн байгууллагыг дотно, гадны санхүүгийн эх үүсвэр, бусад бүхий л боломжит бодлого, зохицуулалтаар дэмжих,        

- банк, банк бус санхүүгийн байгууллагууд нэгдэх, нийлэх замаар олон улсын түвшний “үндэсний санхүүгийн томоохон нэгдэл” бий болгох оновчтой бодлого, зохицуулалтын арга хэмжээ авах, дэмжих,  

- хадгаламж эзэмшигч нартай мөн зөвшицлөл хийх, хадгаламжаа банкны хувьцаа болгон хувиргасан тохиолдолд хадгаламжийн татвараас чөлөөлөх, эсрэг тохиолдолд татварын хэмжээг “хэрэв хадгаламжаа урт хугацаанд байршуулсан бол бага, богино хугацаанд байршуулан татах тохиолдолд өндөр татвар тогтоох,  

- халамжийн өсөлтийг тэлсэн бодлого, зохицуулалтыг эргэх харах, хязгаарлах,

- улс эх орноо санхүүгийн хүндрэл, дампуурлаас аварахад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, албан тушаалтан, хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагч нарыг “Шударга журам”, “Бид ялав”-аас эхлээд Хөдөлмөрийн баатар, Улсын баатар хүртэлх улсын цол, медалиар шагнах, улсын элч, зөвлөх зэрэг албан тушаалд дэвшүүлэн дэмжих зэрэг цогц арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх гэх мэт.  

 Улс орны эдийн засгийн хүнд нөхцөлд дээрх арга хэмжээ нь төрийн бодлогын гол чиглэлд хамаарна гэж үзэж байна. Маргааш гэсээр түм буман хугацаа алдаж, боломжууд алдагдан, бидний ирээдүйн хөгжлийн гэгээ бүрхэг, бүдэг байх болно.     

Хадгаламжийн хүүгийн “1-ээс 0” рүү, зээлийн хүүгийн “1 оронтой дундаж хэмжээ”  рүү тэмүүлсэн бодлого, зохицуулалт бол мөрөөдлийн биш заавал хэрэгжих ёстой, чадах ёстой тулгамдсан асуудал.    

Шударга журам тогтож, бид ялах ёстой. Тэр цагт  олон түмэн одоогийнх шиг хямран элгээрээ хэвтэх биш дарамтаас ангижран босоцгоож, М.Фридманы хэлснээр “гагцхүү иргэд эрх чөлөө, өөрийн үзэмжээр хувь заяагаа сонгон, нийгэм өөрийн бүх чадавхиа шавхан урагшлах нөхцлийг бүрдүүлэх үй түмэн боломжууд чөлөөтэй нээгдэнэ”, төр, иргэн, хуулийн этгээдийн хөдөлмөрийн зөв хуваарь тогтож, төр өөрт үүрсэн зохиомол, хэт ачаалалт, үл гүйцэлдэх үүрэг, амлалтаас салах, А.Смитын тодорхойлсноор төрийн үүрэг, бүтэц, оролцоо маш цомхон, тодорхой, ойлгомжтой, зохистойтой бодлого, зохицуулалттай хэрэгжих суурь нөхцөл хангагдана. 

Санал : Авлигын эсрэг тууштай тэмцэх бодлого, зохицуулалтыг нарийвчлах

Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудал нь нэг улс орны төдийгүй дэлхий нийтийн анхаарал татсан тулгамдсан асуудал болоод байна.     

Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, Авилгалын эсрэг Лимийн тунхаглал, Ази-Номхон далайн орнуудын авилгалтай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Олон Улсын   бизнесийн байгууллагын үйл ажилпагаанд гадаадын албан тушаалтныг хахуульдах явдалтай тэмцэх тухай конвенци, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс баталсан бодлогын баримт бичиг зэрэгт : Улс төрийн хүрээн дэх авлига нь  ардчилалд аюул учруулдаг, шударга, сайн засаглалыг хямруулдаг, ардчилсан, соёлт нийгэм бүрийн үндэс суурь болсон хууль тогтоомжийг үл ойшоон зөрчдөг буюу хууль эрх зүйг үгүйсгэн, гажуудуулдаг, эдийн эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад саад учруулж, бизнесийн үйл ажиллагаанд өрсөлдөх чадварыг алдагдуулдаг, нийгмийн ядуу, эмзэг хэсгийн нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын эрх эрх чөлөөг хөсөр хаяж, мөн улс төр, ёс суртахууны ноцтой сөрөг үр дагавар бий болгодог, улс нийгмийн хөгжлийг удаашруулж мөн нийгэмд ялгаврлал үүсгэн, ялангуяа ядуу хэсгийг гадуурхаж, чөлөөт, эрх тэгш өрсөлдөөнийг үгүйсгэдэг гэх зэргээр түүний хор холбогдлыг онцгойлон анхааруулсан байдаг.  

Нууц биш нууц болсон улс төрийн авлига, түүний шалтгааны эсрэг оновчтой арга хэмжээ авахгүйгээр дасан зохицох, хий үзэгдэл болгон эзэнгүйдүүлэх, бодит байдалд бодит бус хандах эрх хэмжээ ардчилсан төрд байх ёсгүй билээ.  

Санал : Тендер, лиценз, концесс, татвар, гааль, төрийн санхүү, өмч зарцуулагдах бусад бүтэцэд “ШИЛЭН” бодлого, шалгаруулалт, зохицуулалт хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах цогц, оновчтой арга хэмжээ авах

 Санал : Төрийн нүсэр биш цомхон, чадварлаг бүтэц, төрийн албыг улс төржүүлэхийн эсрэг бодлого, зохицуулалтыг тууштай хэрэгжүүлэх  

Төрийн албаны тогтолцоо, схемийг эргэн харах, нүсэр бүтэц, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, цомхотгох, зарим ажил үйлчилгээг цахим сүлжээ ашиглаж хэрэгжүүлэх болон холбогдох иргэний нийгмийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авах нь чухал.

Гэхдээ одоогийн төрийн албан хаагчдыг бөөнөөр халах биш харин төрийн албаны шинэ бүтэц, бүрэлдэхүүн нэмэхгүй байх, төрийн зарим албан хаагч нарын тэтгэвэрийн насыг тодорхой хугацаанд тусгай горимоор богиносгох, эргээд уртасгах буюу хэвийн горимонд шилжих зэрэг бодлогын шинжтэй арга хэмжээг авч болох юм. 

Санал : Шударга, эрх зүйт хууль боловсруулах, батлан мөрдүүлэхэд онцгой анхаарах 

Хуулийн засаглал гэдэг нь урьдчилан тогтоосон цогц хууль “хууль тогтоох эрх мэдэл”-ийн дээгүүр байна, тодруулбал, улс төрийн эрх барьж буй хувь хүн өөрөө хуульд захирагдана гэсэн үг. Фрэнсис Фукуяма.

Хууль боловсруулахад мэргэжлийн хуульчид, эрдэмтэд, шинжээчийг өргөнөөр, чөлөөтэй оролцуулах, хэлэлцүүлэг тогтмол хийх, хуулийн төслийн талаар иргэдэд мэдээлэн хэлэлцүүлэх, санаа бодлыг өргөнөөр судлан тусгах, мөн УИХ-ын чуулганы хуралдааныг нийт гишүүдийн 3/4 хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос дээш саналаар хууль баталдаг болох, УИХ, ЗГ-ын эрх хэмжээг оновчтой зааглан ялгах, хяналт, тэнцлийг хангах шаардлагатай.  

Санал : Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг улам бүр төгөлдөржүүлэх, баталгаажуулах

Эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх, ардчилсан, хуулийн засаг орших суурь нөхцөл, баталгаа нь бие даасан, хараат бус шүүх эрх мэдэл. Энэ бол ардчилсан нийгэмд нэгэнт хэвшиж тогтсон үзэл,  хандлага, сэтгэлгээ юм.

Шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтаар төрийн эрх мэдлийг харилцан тэнцвэр, хяналттай байх 3 салаанд хуваарилсан, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа шүүх эрх мэдлийн хяналтаас гадуур байх бололцоогүй.   

“Хууль тогтоох эрх мэдлийн дээд урлаг бол шүүх эрх мэдлийг зөв зохион байгуулахад оршдог” гэж Монтескье үзсэн байдаг. Уг үзэл санааны агуулгаар авч үзвэл цаашид шүүх эрх мэдлийг зөв зохион байгуулахад чиглэгдсэн зарим зохицуулалтыг хийхийн тулд Үндсэн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсч байгаа болно.

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4995

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%