Нийтлэл 05 сарын 01, 2017

Хужаагаас аюултай хууль буюу Женкогоос аюултай'Зи' Нарантуяа нар

Б.Жавхлан, З.Нарантуяа нарын гишүүд ба тэдний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг Жонхуугийн танктай хужаагаас ч том аюул гэж үзэж байгаа шалтгаанаа аль болох товч, энгийн тайлбарлъя. Тэгэхийн тулд арилжааны банк ба хөрөнгө оруулалтын банк гэсэн ойлголтоо гялс тодруулцгаая.

Арилжааны банк: Энгийнээр, хэрэгцээнээсээ илүү мөнгөтэй хүмүүсээс хадгаламж татаж, хэрэгцээтэй байгаад нь хадгаламжаас өндөр хүүтэй зээлүүлэх замаар ашиг олдог

Хөрөнгө оруулалтын банк: Олон төрлийн үйлчилгээ эрхэлдэг ч аль болох энгийнээр: Үнэт цаас худалдах, худалдан авах, компаниуд хоорондын хувьцааны хөдөлгөөнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зэрэг хөрөнгө оруулалтын чанартай үйл ажиллагаа явуулж ашиг олдог.

Энэ хоёр холилдчихоор юу болдог вэ? Товчдоо нийт эдийн засгаас хадгаламж хэлбэрээр мөнгө татсан хэрнээ эргээд хэрэгцээтэй бизнест зээлдүүлж нийт эдийн засагт цус шахахгүй, өөрөө хөрөнгө оруулалтад эргүүлээд, нэг бол ганцаараа баянбүрд бариад нөгөө бол хүний мөнгө эрсдэлд оруулж тоглоод явах гэх мэт асуудлууд гардаг. АНУ-д 19-р зууны сүүлээс эрчээ авсан арилжаа, хөрөнгө оруулалтын банкны ээдрээг Их Хямралын дараа 1933 онд Glass-Steagall актаар тус тусд нь байхаар хуульчилсан. 2008 оны Леман шокоос хойш дахин салгах оролдлого үргэлжилж байгаа бол Японд сүүлийн үед Даива Шёокэн, Мизүхо Корпорэит гэх мэт хөрөнгө оруулалтын банк бие даах процесс эрчимжих хандлагатай.

Манай улсад яасан бэ? Яахав дэ, яалаа даа? ГОК-ын махинацаар Худалдаа Хөгжлийн банк нийт эдийн засагт үйлчилдэг арилжааны банк биш нэгэн групптээ зуу зуун саяар нь хийдэг хөрөнгө оруулалтын банк болж хувирсныг цусаар уйлаад ч  хямд хүүтэй төрийн зээл байтугай өндөр хүүтэй арилжааны зээл авч чадахгүй бизнесмэн та ч харсан, би ч харсан. Шунал ихдээд шулМАН-ы нэлээн бурангуй арга барилтай хавханд очиж орсноос биш ганц ГОК биш шүү дээ, ерөөсөө л нийт эдийн засгийн цусаар нэгэн биеийн эрүүл мэндээ тордох уралдаан манай банкууд дунд явж ирсэн. Нийтэд үйлчилдэг ипотек гэх мэтийг болохоор төрөөс мөнгө хэвлэж байгаад эргээд өртгийг нь ард түмэнд үүрүүлчихдэг, толгой ажиллана гэдэг нь тамтаггүй.

Өөрөөр хэлбэл бид Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульгүй ч арилжааны банкны арьс нөмөрсөн хөрөнгө оруулалтын банктай улс аа. Тэр нь ч Банкны тухай хуулинд заагдсан байгааг арилжааны банкинд хөрөнгө оруулалтын банкны чанартай зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн инстүүц буюу Санхүүгийн зохицуулах хороог тэргүүлж байсны хувьд, торомгор хар нүднийх нь өмнө ГОК мэтийн мега хөрөнгө оруулалт зохицуулах салбарынх нь хуулийг нь зөрчин барин өрнөж байхыг харж байсны хувьд З.Нарантуяа гишүүн мэдэхийн сайнаар мэдэж байгаа.

Тэгээд яах гэж тэртэй тэргүй Банкны тухай хуулиар зохицуулагдаж байгаа хэдэн үйл ажиллагааг хуулсан төдий мэт харагдах энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа хэрэг билээ?

Хуулиар гууль хийх гэж. Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөг байх ёстой гэжээ. Маи гоод, одоогийн ханшаар бараг 200 сая доллар. Дундаж хэмжээнд санхүүгийн мэдрэмжтэй хүнд пиво ууж байвал ууж дууссан хойно нь хэлэхгүй бол инээгээд нүүр рүү чинь цацаж мэднэ. Хөрвөөд л мөнгө, хөдлөөд л мөнгө болж байх ёстой олон улсын санхүүгийн захаас Монголын эдийн засагт 200 сая доллараа хэвтүүлж, тэрнээс ашиг хийхийн тулд тэрбум долларын актив үүсгэж эрсдэл үүрэх тэнэг байхгүй, үүсэх ч гүй уртаашаа өргөөшөө 10 тэрбумын авилгад идэгдсэн эдийн засагт. Мөн хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна гэжээ. Бөөн бөөнөөрөө 40 сая долларын зээл авчих бодит секторгүй гэдгээ Худалдаа хөгжлийн банкинд дэд ерөнхийлөгчөөр, Монгол банкинд хянан шалгахаар ажиллаж байсны хувьд Б.Жавхлан гишүүн бас мэдэхийн дээдээр мэдэж байх учиртай. Ерөөсөө хэлэх эрхийг 100 саяар цохиж алчих гээ л, гадаадын банкыг 100 тэрбумаар цохиж алчих гээ л, хуулинд хүссэн мөнгөн дүнгээ заагаад хүчирхийлээд хүчирхийлээд явчих шинжийн болжээ. Банкны хуулиас сэглэж авсан баахан найруулга муутай тэкст дээр хүн давахын эцэсгүй хоёр тоо тавьсныгаа хөрөнгө оруулалтын банк орж ирэхэд бэлдэж буй нарийвчилсан зохицуулалт гэжээ. 

Нөгөөтэйгүүр эндээс Б.Мэдрээ гуайн Bank of China ороод ирвэл бла бла хэмээн банкны нэр татаж ирж байгаад ярьсан ярилцлагыг уншиж болно. Хятадтай очиж эвийг тогтоогоод ирсэн М.Энхболд байтугай түй падлийгүй миний санаа зовмоор. Эсрэгээрээ ХХБ-ы экс дэд ерөнхийлөгч нь ийм хууль өргөн барьж байгаагийн цаана хоёр үзүүртэй туйлын башир, зальхай арга нуугдаж байх шиг. Жонхууны танк шиг хятадын банкны үлгэр нь ажиллавал нэг ялалт(Женко нараас илүү боловсролтой гэдэг утгаараа илүү ичмээр, илүү аюултай), хөрөнгө оруулалтын банк оруулж ирэхэд бэлдэнэ гээд зүтгүүлсэн энэ хууль батлагдчихвал мөн л манай наци банкныхны ялалт, юмыг мөн лаг хийж байнаа? Эрхзүйт төрт улсад хууль гэдэг ийм юм байдаг юм уу? Дээр нь утга авцалдаа, хэл найруулга. 

Одоо тэгээд лагийг нь гайхаж сууж байгаад батлуулах уу, яах уу? Батлагдчихвал хөөрхий хамаг шимээ 20-40 хувийн хүүнд шавахуулцан эдийн засагт хэдэн банк туйлдгаараа туйлж, туйлсан мөнгөнөөсөө миний мэдэх нэх сайхан залуугийн толгойлдог медиаг хүртэл базаж, нэг баянбүрдээ нийт эдийн засгийн амжилт болгон тархи угааж, сүр сүр форум дээр гоонжны дээдийг өмсөн хөлөө ачиж суугаад шударга ёс, чөлөөт өрсөлдөөний тухай сургаал айлддаг нь үргэлжилнэ. Тэгж суухын тулд л төрийн тамга, хууль батлах кнопын төлөө үхэлддэг нь энэ зэрэг бололтой.

Ер нь Монголыг тоож ирдэг танк ч гэж юу байхав, тэрбум долларын актив эргүүлэх банк ч гэж юу байхав. Тоож саах нь энэ хэд маань. Тоож сааж, тоож “хамгаалсаар” байгаад тэртэй тэргүй бодит сектор гэх юмгүй болоод өөрсдөө юу юугүй өнхрөөд орлоо, тэр айлгаад байдаг луугийнхаа аманд.

 

Холбоотой нийтлэл: Хатсан цэцэрлэгийн самуурсан иргэдэд

Сэтгэгдэл бичих

    • Найрсаг санал
    • 2022-03-09

    Гадаадын мэдээ/column шиг ойлгомжтой бүтэцтэй байвал сайхан байна. 'Barbara Mint - Pyramid Principle' -г санал болгоё. Уншдаг хүний хувьд найрсаг санал, no offense.

arrow icon