Харвардын Анагаах Ухааны Их сургуулийн хөтөлбөрийг Монголчууд эх орондоо хэрэгжүүлнэ

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын үндэсний хэмжээний Анагаах Ухаан, эрүүл мэндийн салбарын сургуулиудын эрдэмтэн, багш нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банкны Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд “Training to Teachers” буюу Т2Т (Faculty Development Training Program) хөтөлбөр Монгол Улсад хэрэгжихээр боллоо. Багш нарын чадавхийг дээшлүүлэх T2T хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэнээр Харвардын Анагаах Ухааны Их сургууль Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Харвардын Их Сургуулийн судалгаа шинжилгээний албан ёсны нэгж байгууллага “Монголын Эрүүл Мэндийн Үүсгэл” ТББ, Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа нар энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг зохион байгуулж, Харвардын Анагаах Ухааны Их сургуулийн удирдлагууд 2017 онд Монгол Улсад хоёр ч удаа айлчлан, БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяртай хамтран ажиллах санамж бичиг зурснаар энэхүү хөтөлбөрийн эхлэл тавигдсан билээ.

Харвардын Анагаах Ухааны Их сургуулийн энэхүү хөтөлбөр нь анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын эрдэмтэн, багш нарт клиникийн судалгаа, клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барилыг тэнхимийн болон зайны сургалтын хосолсон хэлбэрээр явуулдаг. Монголын нөхцөлд тохируулан боловсруулсан уг хөтөлбөр нь 9 сарын турш үргэлжлэх ба Харвардын Анагаах Ухааны Их Сургуульд хэрэглэгдэж буй заах арга зүйн орчин үеийн техник, Харвардын анагаахын их сургуулийн кэйс болон оролцоон дээр суурилсан, багаар ажиллах чадварыг сайжруулдгаараа онцлогтой. Түүнчлэн ‘’Critical thinking skills“ буюу шүүмжлэлт харьцуулалтын ур чадварыг эзэмшүүлэх юм. Сургалтад хамрагдаж Амжилттай төгссөн 100 хүнд Харвардын Анагаах Ухааны Их сургуулийн сертификат олгох аж.

Багшлах ур чадварт шавь суурьтай сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үнэлэх системчилсэн арга барил болон бүлэгт суурилсан сургалтууд хөтөлбөрт багтсан. Уг чадваруудыг багш нар сургалтын арга барилдаа шууд нэвтрүүлэх боломжтой бөгөөд анагаахын эмч, шүдний эмч, эрүүл мэндийн ажилтнууд, их дээд сургуулийн багш, удирдлагууд хамрагдах боломжтой аж. Сургалтыг Харвардын  Анагаах Ухааны Их сургуулийн сургалт, төлөвлөгөө, үнэлгээгээр мэргэшсэн ахлах багш нар гардан зааж, онлайн лекцүүд, хамтарсан төсөл, ганцаарчилсан болон бүлгийн сургалт, вебинараар шууд харилцах гэсэн холимог хэлбэрээр явуулна. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлснээр дараах үр дүнг хүлээж байгаагаа Харвардын Их сургуулийн багш нар онцолсон байна. Үүнд:

- Сургалтын танхим, тасагтаа насанд хүрэгчдийг хэрхэн сургах талаарх онолын суурь мэдлэгтэй болно

- Сургалтын хөтөлбөр зохиох сургалтандаа хэрэглэх үндсэн суурьтай болно

- Хүлээгдэж буй үр дүн болон суралцагчийн сурсан эрдмийн хоорондох зөрүүг бодитой үнэлж сурна

- Суралцагчдын түвшин болон сургалтын орчинд тааруулан сургалтын зөв төлөвлөгөөг сонгон сургах

- Сургалтын цогц арга барилыг бий болгож өөр өөр орчинд зөв хэрэглэж сурах

Мөн БСШУСЯ-ны Дээд Боловсролын Газрын дарга Т.Амаржаргалан, Азийн Хөгжлийн Банкны төслийн удирдагч Д.Мөнзул нар хэлэхдээ энэхүү хөтөлбөр нь Анагаахын заах арга зүйг шинэ шатанд гаргана гэжээ. 

Танхимын сургалтын тухай

Уг сургалт нь идэвхтэй, сурсан зүйлээ баттай сурах үйл явц, системчилсэн сургалтын хөтөлбөр зохиох болон суралцагчийн мэдлэгийг үнэлэх суурь чадавхийг өгөхөд чиглэгдэнэ. Мөн насанд хүрэгчдийн болон туршилтын боловсролын онолоос суралцаж өөрсдийн хичээлд хэрэглэх арга барилыг суралцана. Шавь төвтэй практик хичээлүүд нь эмч, багш нарт сурган хүмүүжүүлэхийн чадвар, арга барилыг суулгахаас гадна танхимын сургалтыг багшийн илтгэл, хэлэлцүүлэг, багийн дасгал ажиллагаа байдлаар явуулна.

Танхимын сургалт 1:

Хаана: АШУҮИС, Улаанбаатар хот

Хэзээ: 2017 оны 10 дугаар сарын 9-11 хооронд дараах сэдвээр хичээл заана.

- Шавь төвтэй анагаахын боловсролын онол

- Эмнэлзүйн ур чадварыг заах арга барил

- Өвчтөнд үзүүлэх үйлчилгээний мэргэжлийн ёс зүй

- Сургалтын хөтөлбөр боловсруулах үнэлэх суурь ухагдахуун

Танхимын сургалт 2:

Хаана: АШУҮИС, Улаанбаатар хот

Хэзээ: 2018 оын 5 дугаар сарын 28-31 хооронд

Энэ сургалтаар нотолгоонд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахыг голлон заана.

- Ажлын байрны үнэлгээ

- Загварчилал

- Боловсролын технологи

- Хөтөлбөрийн үнэлгээ

- Боловсролын тэтгэлийн талаарх суурь ойлголт

- Манлайлал

 

ОНЛАЙН ЛЕКЦҮҮД

Дөрвөн модул (бүлэг)-д хамаарагдах онлайн лекцүүд сургалтын туршид оролцогчдод нээлттэй байна.

Модул 1

Үр дүнтэй сургалт, төлөвлөгөө бэлтгэл гэсэн хүрээнд дараах сэдвүүдийн хүрээнд сургалт явуулна: Сургалтын орчныг тохируулан бэлтгэх, сургалтын зорилгыг тодорхойлох, хөтөлбөрийн зорилгыг хянах, суралцагчийн зорилыг ухуулах, суралцагчийн бие даасан байдал практикаас сурах үйл явцад бэлтгэх.

Модул 2

Хөтөлбөр зохиох: сургалтын хэрэгцээг тодорхойлохоос эхлээд хөтөлбөрийг үнэлэх хүртэл зургаан шатлалтай хөтөлбөр зохиох системчилсэн загварыг заах бөгөөд оролцогчид өөрсдийн судалгааг гүйцэтгэж эхэлнэ. Оролцогчид албан, албан бус далд хөтөлбөрийн тухай ойлголттой болно.

Модул 3

Анагаахын багш нарын сургалтын шилдэг арга барил модулд том бүлэгт заах, жижиг бүлэгт заах, эмнэлзүй заах арга барил, эмнэлзүйн эмчийн ухааныг заах, эмнэлзүйн дадал заах, сургах арга барилууд, амбулатори болон хэвтэн эмчлүүлэгчдийн тухай, сурсан зүйлийг батжуулах, мэргэжлийн ёс зүй заах болон үнэлэх үйл явц орно.

Модул 4

Үнэлэх гэсэн энэ бүлэгт суралцагчид, сургалтын хөтөлбөр болон багшийг үнэлнэ. Үүнд үнэлгээ хийх онолын үндэс, хөтөлбөр үнэлэх загвар, хоцрогдолтой суралцагчид зөвлөгөө өгч идэвхжүүлэх орно.

Хэрэгжүүлэх төслүүд болон оролцоо

Дараах төслүүдийг сургалтад хамрагдагсад бүгд хийж гүйцэтгэнэ. Энэ нь заасан хичлээлийг бататгах багийн ажиллагааг дэмжих зорилготой.

Сургалтын онолыг турших

Анагаах Ухааны боловсролыг заах янз бүрийн арга барил, стратегийг эзэмшин суралцагчид болон орчинд нь тохируулан хамгийн шилдгийг сонгох үйл явц. Үүний тулд оролцогчид өөрийн багт төрөл бүрийн сургалтын илтгэл тавьж зөв стратегийг сонгосон эсэхээ болон сайжруулах зүйлсээ ярилцана.

Судалгаа

Оролцогчид болгон өөрсдийн сургуульд хэрэглэж болох сургалтын хөтөлбөрийг модул болгонд нийцүүлэн төлөвлөгөө боловсуулахаас эхлээд нарийсгах хүртэл болон үе шаттай боловсруулна. Харвардын багш нар уг төсөл болгонд үнэлгээ өгнө.

Вебинар

Хардаврын Анагаах Ухааны Их сургуулийн мэргэжилтэн багш нар вебинарыг явуулна. Уг сургалт нь онлайн лекцийг батжуулан оролцогчдыг Харвардын багш нартай шууд харилцахад тусална.

Төгсөлтийн дараа

Энэ сургалтын бүх шалгуурыг хангасан оролцогч Харвардын төгсөгчийн статустай болж төгсөгчдийн сургалт, сошиал медиа бүлэгт элсэн орно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Холбогдох хүн: Ц.Энхжаргал-96099236

Э-шуудан : [email protected] 

Веб хаяг :  http://direct.externaled.hms.harvard.edu/t2t/mongolia/overview

Хаяг : 4 Блакфан тойрог, 4 давхар, Бостон, MA 02115

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4819

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%