Нийтлэл 10 сарын 17, 2017

О.Мишээл: Нэг хүүхдэд хүчирхийллийн талаар анхан шатны мэдэгдэхүүн өгөх нь нэг хүний амийг аварч байгаа хэрэг юм

Гэр бүлийн хүчирхийлэл, хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг Лантуун дохио ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн О.Мишээлтэй ярилцлаа.

Лантуун дохио ТББ-ын талаар товч танилцуулаач.

Лантуун дохио ТББ-ыг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаас нь үйл ажиллагаагаа явуулдаг. Төрийн бус байгууллагад төрийн хийж чадахгүй байгаа үүргийг нийгэмд гүйцэтгэх хариуцлага ноогддог. Хүний наймаа, хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг олон нийтийг уриалахаас гадна хүүхэд залуучуудад хүний наймаа, хүчирхийллийн талаар анхны мэдэгдэхүүн, ойлголтуудыг өгөх сургалтуудыг зохион байгуулдаг. Тухайлбал хүүхдэд хүүхдийн хэлээр ойлголт өгөх зорилготой Лантуу Хүү гэдэг дүрийг бий болгож ажиллаж байна. Манай байгууллага нь ямар ч улс төрийн нам, төрөөс хараат бусаар сайн дураараа нэг зорилгын дор нэгдсэн залуучууд ямар ч цалин хөлс, авахгүйгээр илүү сайхан нийгмийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг.

Үйл ажиллагааныхаа хүрээнд Ид шидийн оронг байгуулсан. Ид шидийн орон нь боловсролын төв, хамгааллын төв, цэцэрлэг, номын сан, сургалтын танхим, Монгол уламжлалын сургууль, хүүхдийн тоглоомын талбай, спорт цогцолбор, авто машины гражтай цогц байгууламж байгаа юм. Энэхүү байгууламж нь 12000 хандивлагчийн 1 тэрбум 21 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 сарын дотор баригдсан удахгүй үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажил хийгдээд явж байна. Цаашдын урсгал зардлыг мөн Ид шидийн агч хэмээх хандивын системээр авч явахаар төлөвлөж байна. Энэ долоо хоногоос албан ёсны боловсон хүчнүүд болох эмч, хуульч, багш, сэтгэл зүйч нар хүүхдүүдээ хүлээж авахаар ажиллаж эхэлсэн. Бид ойр хавийнхаа 2000 гаруй гэр бүлд судалгаа хийсэн байгаа. Амьжиргааны түвшин доогуур өрхийн 60 хүүхдийг цэцэрлэгт, эцэг эхчүүдийг нь сургалтанд хамруулах юм.

Хувь хүний хувьд яагаад Лантуун дохио ТББ-ын үйл ажиллагаанд сайн дураараа ажиллах болсон бэ?

Бид хүүхдүүддээ илүү сайхан нийгмийг, илүү гэрэлтэй ирээдүйг үлдээх ёстой. Миний хувьд үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлантай залуучуудад зориулсан Үүжгэнэ Жүүжгэнэ өглөөний уулзалтаас эхлэн нөхөрлөж, залуу хүн ямар ч байсан нийгэмдээ жоохон ч гэсэн өөрчлөлт хийх нь үр дүн, хүүхдийн хүчирхийлэл, хүний наймаа зэрэг нь аймшигтай гэмт хэрэг. Монгол улс хүний наймааны дамжин өнгөрүүлэгч орон байсан бол одоо өөрсдөө хүний наймааны орон болчихлоо. Бид нар нэг хүнд хүчирхийллийн талаар анхан шатны мэдэгдэхүүн өгснөөрөө нэг хүний амийг аварч байгаа юм. Нэг охинд л ийм ийм эрсдлийн улмаас чи хохирогч болдог юм шүү гээд мэдээлэл өгөхөд тэр хүнийг хамгаалж байгаа юм. Сүүлийн үед мөрөөдлөөр нь дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэг өсч байгаа. Хүмүүс нэг удаадаа л хашгираад өнгөрөх биш илүү далайцтай ажил хийхэд гар бие оролцох хэрэгтэй юм байна гэж шийдээд 5 жилийн хугацаанд багийн залуучуудтайгаа нийлэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, хамтран ажиллаж байна. Манай нийгэмд зайлшгүй шаардлагатай байгаа учраас залуучууд энэ ажилд идэвхитэй оролцох шалтгаан болж байна.

Лантуун дохио ТББ-ын гишүүн яаж болох вэ?

Манай ТББ нь жилд 2 удаа хавар, намар шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагаа зохион байгуулдаг. Анх гишүүн элсүүлж байхад 10 хүн ирдэг байсан бол түрүү 7 хоногт болсон шинэ гишүүн элсүүлэх үйл ажиллагаанд 350 гаруй залуус цугласан. Эдгээр залуусаар дамжуулан хүүхэд залуучуудад хүчирхийлэл, хүний наймааны ойлголтуудыг өгөх эдгээр гэмт хэргээс хэрхэн сэргийлэх талаар нийгэмдээ нөлөөлөх ажлыг зохион байгуулах юм. Жилийн туршид манайхаас явуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаагаас нь хамаараад жинхэнэ гишүүнээр бүртгэж авдаг.

Уржигдар болсон 5 настай охин хойд аавдаа хүчирхийлүүлсэн хэрэг нийгмийг ихээхэн цочирдууллаа.  Танай байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?

Одоогийн байдлаар бол охин бүрэн төрийн хамгаалалтанд орсон байгаа. Манай нийгэм бол маш богино хугацаанд үйл хэрэгт анхаарлаа хандуулчихаад буцаад мартчихдаг. 2 жилийн өмнө 4 настай охин хойд ээждээ зодуулж нас барахад нийгэм энэтэй адилхан тэр чигээрээ шуугиж байсан. Гэхдээ нэг удаа жагсаал хийчихээд л орхисон. Энэ жагсаалын зохион байгуулалтыг Лантуун Дохио ТББ хариуцаж хийсэн юм. 15000 гаруй жагсаалд оролцогчдын 5700 гарын үсгийг цуглуулж засгийн газарт гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиа батлаач гэсэн өргөх бичиг барьж байсан. Тэгээд хүчирхийллийн эсрэг хууль энэ 2 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн ч мөн л олон сайжруулах зүйл заалтууд байна. Жишээлбэл: эрэгтэй хүүхдийг хүчирхийлсэн этгээд эмэгтэй хүүхдийг хүчирхийлсэнээс бага ял авдаг заалт байна. Мөн 5 настай охины энэ хэрэг дээр охин шинжилгээ өгөхийн тулд 10000 төгрөг төлөх ёстой, төлбөрөөс хөнгөлөгдье гэвэл хороон дээрээсээ очиж тодорхойлолт авах шаардлагатай болж байгаа юм. 10000 төгрөгийг тэр жаахан охин төлөхгүй байх тогтолцоо байх ёстой. Зочид буудал нэртэй гэр хорооллууд дотор байгаа энэ шавар байшингууд дотор маш олон гэмт хэрэг үйлдэгдэж байна. 13 настай охин зочид буудал руу орж байхад ресепшн хориг тавьчихсан бол хүний амь эрсдээгүй байх байсан юм. Энэ мэт буруу тогтолцооны, процедурт байгаа алдаануудыг өөрчлөхийн төлөө зүгээр нэг жагсаад өнгөрөх биш илүү үр дүнтэй тэмцэл хийхээр иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эхчүүд, сайн дурын гишүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөөд байна. Хууль цааз батлагдчихлаа одоо боллоо гээд орхиж болохгүй.  

Гэр бүл салалт, эрэгтэйчүүдийн боловсролын түвшин гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэж харж байна?  

Тодорхой хувь нь. Хүүхэд хамгааллын төвд сүүлийн нэг жилд хандсан хүүхдүүдийн 52 нь хөндлөнгийн хүнд, 24 нь ойрын төрөл садандаа, 17 нь хойд аавдаа, 11 нь найздаа, аав, ах, эгчийн найзад 10 хүүхэд, хөршдөө 9, тодорхойгүй байдлаар 9, төрсөн аавдаа 7, төрсөн ахдаа 6, танидаг хүндээ 4 нь хүчирхийлүүлсэн байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд юуг чухалчилж байна вэ?

Эцэг эхийн хариуцлагатай байдал маш чухал. Охин хүүхэдтэй аавууд охинтойгоо хэрхэн харьцах вэ? охин хүүхдээ хэдэн нас хүртэл нь усанд оруулах вэ? зэрэг нарийн асуудлуудыг судлах, хэрвээ өөр хүн хүүхдийнх нь биед зүй бусаар халдвал хэн, хэнд хандах ёстой вэ зэрэг асуудлуудыг өөрсдөө судалж, хүүхдүүддээ зааж сургах нь хамгийн чухал.  Зөвхөн эмэгтэй хүүхдийн гэхгүй эрэгтэй хүүхдүүдийн эцэг эхэд ч бас хамаатай. Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлгүй орчинд амьдрах ёстой. Хүүхэд эрсдэлд орвол хамгаалуулах ёстой гэдэг энэ асуудлыг хөндөж ажиллаж байна.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon