Нийтлэл 10 сарын 20, 2017

АМЬДРАЛ САЙХАН: Амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг миний хүү

Улаанбаатар хотод 1 сая 300 мянга гаруй хүн ажиллаж хөдөлмөрлөж амьдардаг. Эдгээр хүмүүс бүгд эрч хүчтэй, өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэйгээр өглөө ажилдаа яарч, орой гэрлүүгээ хайртай ханьдаа, энхрий үрсдээ яардаг. Тэгвэл тэдний энэ завгүй амьдралын цаана ямар адал явдал, ямар сонирхолтой түүх нуугддаг бол. Бид Улаанбаатарт амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайн сайхнаас эхлээд амьдралын алдаа оноо, эрээн бараан бодит дүр зургийг сурвалжлан хүргэдэг билээ. Манай энэ удаагийн дугаарт “Elegance” салоны гоо сайханч Х.Мөнгөнтуяа оролцон өөрийн амьдралын түүхээ хуваалцсан юм.

Намайг Хүрлээгийн Мөнгөнтуяа гэдэг. Хүмүүс намайг ихэвчлэн сормуус Мөнгөө гэж дууддаг. Би та бүхэнд амьдралдаа бахархаж, нандигнаж явдаг хоёр зүйлийнхээ тухай хуваалцмаар байна. Нэгдүгээрт би өөрөөрөө бахархаж, өөрийгөө нандигнадаг. Би гэдэгт миний аав ээж гэр бүл , миний мэргэжил багтана. Намайг төрүүлж өсгөж өдий хүргээд, надад дээд боловсролтой мэргэжилтэн болох боломжийг олгосон ээж аав минь яах аргагүй миний бахархал, миний амьдралын хамгийн нандин хүмүүс.  Би 2011 онд “ Сити” дээд сургуулийг “гоо засалийн технологич, стилист”  мэргэжлээр төгссөн. Гоо засалч гэдэг зүгээр нэг хүний нүүр будаад нүүр болон гарт иллэг хийдэг мэргэжил биш л дээ. Гоо зүйн ухаан, сувилахуй ухаан, сэтгэл засал гээд олон зүйлийн цогцыг бүрдүүлж байдаг юм. Ийм мэргэжил эзэмшиж түүгээрээ хүмүүст үйлчилж байгаадаа их баяртай байдаг. Үүнээс  гадна миний нэрийн хуудас болсон нэг зүйл бол “сормуус”. Сормуус бол хүний нүдний гол чимэг. Дэрвэлзсэн урт сормуустай охид бүсгүйчүүд цаанаа л цоглог эрч хүчтэй харагддаг шүү дээ. Тийм болохоор би охид бүсгүйчүүдэд сормуус суулгаж өгөхөөс гадна өөртөө итгэх эрч хүчийг бас бэлэглэж байна гэж өөрийгөө урамшуулдаг юм. Хүмүүсийн дунд сормуус суулгах тал дээр янз янзын ойлголт байдаг л даа. Үүнээс нэг зүйл миний сэтгэлийг маш их эмзэглүүлдэг. Тэр нь сормуус суулгуулаад өөрийн сормуус уначихлаа гэж ярьдаг. Гэтэл онолын хувьд огт тийм ойлголт байдаггүй. Угаасаа сормуус 60-90 хоногийн дотор унаж төлжиж байдаг хамгийн хурдан ургадаг үс. Харин сормуусыг буруу нааснаас болж ургалт нь зогсох тохиолдол байдаг ч арьснаас мм-ийн зайтай, зөв цэвэрхэн наавал ямар ч асуудал гардаггүй. Надаар үйлчлүүлдэг охидоос ямар ч гомдол ирж байгаагүй харин ч өдөр бүр эрч хүч бэлэглэх баярлалаа гэдэг үгсийг сонсоод мэргэжилдээ улам дурлаж, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг.

Амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг бол миний хүү

Миний амьдралын хамгийн нандин зүйл бол миний хүү. Амьдрал гэдэг хөлгүй далайд хөл алдахгүй шүү гэж хичээсээр ажил гэр гэж завгүй явсан надад өгсөн бурхны хамгийн том бэлэг бол миний хүү. Эмэгтэй хүн бүр л хүүхэдтэй болж ээж болдог энэ бол жам ёсны л зүйл. Гэхдээ миний хүү бол их онцгой хүү. Би айлын том охин болохоор аав ээждээ тус дэм болж дүү нараа харж хандах гээд хоёрдугаар курсээс эхлээд л өдөр шөнөгүй маш хичээнгүй ажиллаж эхэлсэн. Хоногтоо 3-4 цаг унтах ч үе байсан.  Энэ үед би ямар ч дархлаагүй маш сул биетэй болсон байсан тул 2011 онд хэвлийд минь бүрэлдсэн хүүхэд маань гэдсэндээ өсөлтгүй болчихсон байсан юмХэвлийд минь бүрэлдээд 4 сар хүрчихсэн байсан үр минь эхогоор харахад цэг төдий л зүйл харагддаг байлаа. Хүмүүс наад хүүхэд чинь одоо төрөх боломжгүй эмнэлэг явж авахуулах хэрэгтэй, чиний эрүүл мэндэд аюултай гэж хэлж байсан. Энэ үед надад үнэхээр хэцүү байсан. Үнэхээр л тэнгэр хөмрөх шиг санагдаж яагаад заавал би гэж бодсоор анхны үрээ алдсан юм. Харин тэр үед би бурхнаас надад хүүг минь заавал буцааж өгөөрэй л гэж гуйж байсан. Хүүгээсээ ч бас миний хүү ээждээ эргээд ирээрэй ээж нь эдгээд, хүүгээ хүлээж байна гэж шивнэсэн.

Тэгээд үнэхээр л миний хүү ээжийнхээ гуйлтыг сонсож 2013 онд надад эргэж ирсэн юм. Энэ үеэс миний амьдрал гэрэл гэгээ аз жаргалаар гэрэлтэх болсон. Хүүгээ өсөж том болохыг харж өдрөөс өдөрт шулганан хөөрхөн хөөрхөн зүйл ярьж хорвоотой танилцаж буйг нь харах миний амьдралын хамгийн сайхан мөч. Хүү минь одоо 4 настай. Би 800 өрөө байртай болно. Тэгээд бүгдээрээ тэнд байна. Бас би ерөнхийлөгч болоод ээжийгээ жаргалтай байлгана гэж ярьдаг их хэвлүүхэн хөөрхөн  хүү шүү. Би үүнээс илүү зүйл амьдралаас хүсдэггүй ээ. Надад элэг бүтэн гэр бүл, өхөөрдөм хөөрхөн хүү минь, өсөж дэвжин дээшлэх боломжтой ажил мэргэжил маань байна. Энэ бүхэн байхад л хангалттай. Харин эдгээр зүйлсээ үргэлж бүтэн авч явахын төлөө би цаг ямагт хичээх болно.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon