Нийтлэл 10 сарын 30, 2017

Сэтгүүлзүйн үндсэн таван зарчим

Сэтгүүлзүйн ур чадварын зарчим, үнэ цэнэ, үүрэг хариуцлагыг тодорхойлсон олон тооны ёс зүйн дүрмүүд, дүрэм журам, мэдэгдэл байдаг бөгөөд "Сэтгүүлзүйн ёс зүйн сүлжээ"-ний зүгээс гаргасан дараах таван нийтлэг зарчмыг ethical journalism сайтаас орчуулан хүргэж байна. 

1. Үнэн ба нягт нямбай байх зарчим
Сэтгvvлчид "Үнэн"-ийг үргэлж баталгаажуулж чадахгvй ч бодит баримтыг чухалчлах нь сэтгvvлчийн ёс суртахууны үндсэн зарчим юм. Алдаа мадаггүй, үнэн зөв мэдээллийг хүргэхийн тулд үргэлж тухайн мэдээтэй холбоотой баримтуудыг нэг бүрчлэн нарийвчлан шалгах ёстой байдаг. Мэдээллийг баталгаажуулах боломжгүй бол боломжгүй гэдгээ хэлэх ёстой.
2. Хараат бус байх зарчим
Сэтгүүлчид бие даасан дуу хоолой байх ёстой. Улс төр, эдийн засаг, соёлын аль алиных нь онцгой ашиг сонирхлын төлөө албан ба албан бус байдлаар ажиллах ёсгүй бөгөөд уншигч, сонсогч, үзэгчиддээ аливаа улс төрийн нам, санхүүгийн бүлэглэлүүдийн сонирхлын зөрчлөөс ангид гэдгээ батлах ёстой. 
3. Шударга ба үл ялгаварлах зарчим
Ихэнх түүхүүд хамгийн багадаа хоёр талтай. Тал бүрийг хэсэгчлэн тайлбарлах үүрэг хүлээхгүй ч гэсэн тухайн сэдэв тэнцвэртэй байх ёстой. Бодит байдал үргэлж бидний хүссэн шиг байдаггүй бөгөөд сэтгүүлзүй магадгүй ихэвчлэн харгис, хэрцгий хүмүүнлэг бус байдалтай нүүр тулдаг. Аль нэг талыг баримтлалгүй, ялгаварлан гадуурхахгүйгээр мэдээллээ хүргэх нь үзэгч, сонсогч, уншигчдад итгэл найдварыг бий болгодог.
4. Хүмүүнлэг энэрэнгүй байх зарчим
Сэтгүүлчид хэнд ч, ямар ч хор хохирол учруулах ёсгүй. Зарим сэдэв магадгүй сэтгэл өвтгөсөн, эмзэглүүштэй байж болох ч сэтгүүлчийн үг, зураглал бусдын амьдралд хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж тооцоолох ёстой
5. Хариуцлагатай байх зарчим
Мэргэжлийн болон хариуцлагатай сэтгүүлзүйн баталгаа нь сэтгүүлчид хариуцлагаа хүлээх чадвартай байх явдал юм. Алдаа хийвэл алдаагаа засч залруулах ёстой бөгөөд энэхүү залруулга нь дүр эсгэсэн төдий биш, чин сэтгэлээсээ байх ёстой. Уншигч, сонсогч, юу бичиж эсвэл хэлэхийг өөрчилж чадахгүй ч сэтгүүлчид шударга бус байсандаа уучлал гуйж залруулга заавал хийж байх ёстой.

Сэтгэгдэл бичих

arrow icon