Нийтлэл 11 сарын 03, 2017

Ц.Мөнхтуяа: Долларын ханш өсөөд байхад багш нарын цалин яагаад нэмэгдэхгүй байна вэ?

V” телевиз болон “Trends.mn” сайт хамтран үзэгч, уншигчдад илүү өргөн хүрээгээр мэдээллийг хүргэхээр хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа төдийгүй хамтын ажиллагааны хүрээнд бид “V” телевиз телевизийн дэлгэцэнд буусан сонирхолтой, хүртээмжтэй нэвтрүүлгүүдийг уншигчдийн хүртээлд хүргэхээр ажиллаж байна. Энэ удаа “V” телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын “Шударга ярья” ток шоу нэвтрүүлгийн шинэ дугаарт БГД-ийн 40-р сургуулийн багш, Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц. Мөнхтуяа оролцсоныг тоймлон хүргэж байна.

Б.Болдбаатар: Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо хэзээ байгуулагдав? Ямар шалтгаанаар байгуулагдав?

Ц. Мөнхтуяа: Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо нь 2017 оны 8 сарын 10-ны өдөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. 8 сарын 6-ны өдөр анх СӨБ, ЕБ-ын багш нарын групп байдаг юм. Энэ групп дээр анх багшийн цалин муу байна бид нар бага цалингаар ажиллаж байна гэдэг пост бичсэн байгаа. Энэ постыг дагаж 2 хоногийн дотор 20 гаруй мянган багш нэгдэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 10-ны өдөр түр хороогоо байгуулаад боловсролын үйлдвэрчний эвлэлтэйгээ нэгдээд ийм үйл ажиллагаа явуулах гэж байна гэж мэдэгдээд уулзсан. Ингээд 10-ны өдрөөс эхлэн тасралтгүй 3 сарын нүүрийг үзэж байна. 3 сар гудамжинд тэмцлээ. Ямар нэгэн үр дүн гарсангүй учраас ЗГ-т болон Боловсролын яаманд удаа дараа хандаж  шаардах бичиг хүргүүлсэн байгаа. Энэ бүхний үр дүнд Боловсролын яам, Сангийн яаманд хэлэлцээр болж байна.

Б.Болдбаатар: Энэ хэлэлцээрээр юу яригдаж байна?      

Ц. Мөнхтуяа: 2017 оны улсын төсөвт бол эмч багш нарын төрийн байгууллагын ажилчдын цалинг нэмэх боломжгүй гэсэн ЗГ-ын хариу байгаа. Тийм учраас бид нар үндсэн цалин нэмэх боломжгүй юм бол бидэнд бас гарц гаргалгаа байна. Үр дүнгийн урамшуулал гэдэг мөнгийг багш нарт өгдөг. Энэ бол үндсэн цалинд хамааралгүй. Үр дүнгийн урамшуулал 45 хувийг сардаа 15 хувиар бодоод өгөх ёстой боловч бид нар яг гар дээрээ сарын 15 биш 6-7 хувийг л авдаг. Тийм учраас үр дүнгийн урамшуулал буюу 45 хувь дээрээ 15 хувийг нэмээд улсын төсөвт хүндрэл болохгүйгээр энэ асуудал дээр ийм байр суурьтай байна гэдгийг хэлмээр байна. Багш нар энэ дээр үр дүнигйн урамшууллын төсөв суугдчихсан 45 хувь дээр бид нар 15 хувийг нэмээд 60 хувь болгох л асуудал яригдаж байгаа.

Б.Болдбаатар: Энэ 15 хувийг ямар үндэслэлээр нэмж байгаа вэ?

Ц. Мөнхтуяа: 300 мянга гараад ирлээ ш дээ. Энэ дээр багш нар ямар байр суурьтай байгаа вэ гэхээр үнэхээр нэг удаагийн 300 мянга төгрөг бол бид нарын амь амьдралд ач холбогдол бүхий мөнгө биш л дээ. Тийм учраас үр дүнгийн урамшуулал 45 хувь улсын төсөвт суугдчихсан учир тэр мөнгөн дээрээ 15 хувийг нэмүүлээд 60 хувь болгоод сар болгон 20 хувийг л авъя гэж байгаа. Энэ дээр нэмэгдээд эрсдэл, эрүүл мэндийн нэмэгдэл авъя гэсэн санал гаргаад байгаа.

Б.Болдбаатар: Та хэдэн төгрөгийн цалинтай вэ?

Ц. Мөнхтуяа: 520, 530 мянган төгрөгийн цалинтай.

Б.Болдбаатар: Банкинд хэдэн төгрөгийн зээлтэй вэ?

Ц. Мөнхтуяа: 380 мянган төгрөгийн зээл төлдөг.

 

Б.Болдбаатар: Багш нарын цалинг нэмэхэд монгол улсад эдийн засгийн үндэслэл байгаа юу? Эдийн засгийн үндэслэлийг тооцоолоод гаргах мэдлэг чадвар бас байгаа юу?

Ц. Мөнхтуяа: Багш нар өнөөдөр эдийн засгийг тооцоолоод сууж байх хүмүүс биш л дээ. Төр засгийн алдаатай бодлогын золиос болоод явж байгаа. Эдийн засагчид биш учир хар ухаанаараа ярихад 2012 онд долларын ханш 1240 төгрөг байхад багш нарын цалин 400 доллар байсан. Гэтэл 2017 онд бид нарын цалин яг адилхан байгаа. Долларын ханш 2460 болсон хэрнээ бид нарын цалин 200 доллартай тэнцэж  байна. 400 доллар авч байсан багш нар маань 200 доллар болчихсон байж байгаа. Тийм учраас бид нар инфляци өсөөд байдаг бид нарын цалин хэвэндээ байгаад байдаг. ЗГ, үйлдвэрчний эвлэлийн холбоо маань яагаад инфляци өсөөд байхад багш нарынхаа цалинг бага багаар яагаад нэмээд яваад байгаагүйм бэ ингээд өсгөөд явж байсан бол бид нар өнөөдөр ийм байдалд ороод ингэтлээ банкны дарамт, ажлын байрны дарамтанд ороод явахгүй ш дээ. Тухайн шат шатны байгууллагууд нь багш нарийнхаа эрх ашгийн төлөө явж чадаагүй учраас багш нар доороосоо ийм ширүүн тэмцэл гарч ирж байгаа байхгүй юу? Багш нар өнөөдөр ядарчихсан байна ипотекийн зээлээр байр авъя гэхээр уучлаарай таны цалин хүрэхгүй байна гэж байна. Тийм учраас ах дүүгээ гуйгаад зээл авахуулж байна шүү дээ.

Б.Болдбаатар: Та бүхэнтэй Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага хэр зэрэг хамтарч ажиллаж байгаа вэ? Яагаад гэхлээр багш нарын цалин нэмэх, аж амьдралыг нь сайжруулах гээд ирэхээр хамгийн түрүүнд гол тэмцэгч нь МҮЭХ байх ёстой. Энэ байгууллага нь дотроо салбар зөвлөлтэй. Энэ салбарын зөвлөл хэр ажиллаж байна?

Ц. Мөнхтуяа: Өнөөдөр хамгийн их харамсаж байгаа зүйл нь МҮЭХ багшийн цалин нэмэх үйл ажиллагааг дэмжээд явах байтал бид нарын эсрэг буруу сурталчилгаа хийж яваад маш их харамсаж байгаа.

Б.Болдбаатар: Улс эх орон хүүхдийнхээ мөнгийг хасах уу яах уу гэж байгаа. Эдийн засгийн боломж тийм байна ийм байна гээд байгаа. Монгол улсад учруулж байгаа банкны дарамт гээд аймар зүйл байна. 8 хувийн хүүгээр 100 саяын зээл аваад 20 жилийн дараа төлөхөд 300 гаруй сая болгож төлөхөөр болж байгаа. Ийм хүнд нөхцөлд нэгнийхээ цалинг нэмэх юм бол нөгөө нь ар араасаа түрээд улс орныхоо хэмжээгээр үймээн болоод эдийн засгийн хүндрэлийг дааж чадахгүй юм бишүү?

Ц. Мөнхтуяа: Улс бол бодлого барих хэрэгтэй л дээ. Монгол улсын засгийн газар ялангуяа багшийн асуудлаа 27 жил хаясан. Багшаа өндийлгөх цаг нь болсон. Өнөөдөр багш өндийхөд боловсрол дагаад өндийнө. Чанартай, чадвартай багш нарын тоо нэмэгдэнэ.

Б.Болдбаатар: Ё.Отгонбаяр сайдыг Багшийн хөгжлийн ордонг байгуулахад, дараа нь Лу.Гантөмөр сайдыг Европын болон Америкийн стандартын багшийн боловсролын тухай ярьж байхад хамгийн өндөр боловсролтой хүн нь багш байх ёстой юм байна. Багш өндөр боловсролтой байж байж буцаагаад өндөр боловсрол түгээдэг гэсэн. Заримдаа бас яаж энэ хүн өөрөө ийм байж хүн боловсруулдаг юм бэ гэсэн зүйл байдаг. Үнэндээ багшлах хүн хүч, орон тоо хүрэлцэхгүй тал байгаад байна. Тэгээд үүнийг чадваржуулах тал дээр боловсролын байгуулага сургууль өөрөө, хувь хүн өөрөө мэдлэгээ дээшлүүлж чадваржуулах тал дээр юу хийдэг вэ?

Ц. Мөнхтуяа: Багш нар бол хангалттай чадвартай. Гол нь стресс дарамт их байна. Хүүхдээ сургахаасаа илүү цаасны дарамт их байдаг. 40 минутын сургалт явуулдаг багш маань үндсэн ажил нь хоёрдугаарт болоод цаасны ажил нь нэгдүгээрт тавигддаг ийм тогтолцоо руу явж байгаа. Тэгэхээр бид нар үүнийг засахын тулд нэгдүгээрт 40 минутын хичээлийг чанаржуулах явдал юм.

Б.Болдбаатар: Ур чадварын шалгалт зайлшгүй байх ёстой юу?

Ц. Мөнхтуяа: Ер нь бол байх ёстой. Мөн мэдлэг мэргэжил сэтгэл. Сэтгэлгүй багш нар их байна.

Б.Болдбаатар: Одоогийн дунд сургуулийн хүүхдүүдийн сургаж байгаа боловсролын системийг ямар түвшинд байна гэж үзэх вэ?

Ц. Мөнхтуяа: Ер нь бол маш олон сиситемийг нэвтрүүлж байна. ЗГ солигдох болгонд бодлого нь өөрчлөгдөөд ирэхээр сурлагын чанарт маш их нөлөөлнө. Дарамт, ачаалал ихсэнэ. Яг нэг хөтөлбөр дээр 4 жил гаршаад ирж байтал энэ бишээ гээд явангуут тэнд ажиллаж байгаа багш сурагчдад ачаалал болоод сургалтын чанарыг дээшлүүлэх биш бүр доошлуулаад байгаа. Гэтэл өнөөдөр бас нэг санаа зовж байгаа зүйл бол 20 30 мянган долларын төлбөртэй хувийн сургуулиудад хүүхдээ өгч байгаа. Өндрөөр үнэлээд. Хувийн сургуулиудын багш нар тийм өндөр цалин авч байгаа нь багшийг үнэлж байна. Энд боловсрол чухал болоод байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon