Нийтлэл 11 сарын 15, 2017

Стокгольмын синдром

 Одоогоос арваад жилийн өмнө шалгалт шүүлгээ дуусгачихаад толгойгоо амраангаа оюутан цагийн дурсамж сийлэхээр сургуулийнхаа дүү охинтой Санкт-Петербургээс Финлянд, Шведийн аяллын багц аван үүргэвчээ үүрээд “гараад шидчихлээ”. Хельсинкт өмнө нь хэд гурав очиж байсан болохоор аяллын маршрут онц шинэ биш, цааш явах аялал л илүү сонирхол татаж байлаа. Төсөөлөл хэзээд том байдаг хойно их хүлээлттэй. Стокгольмд ирлээ. Аяллын маршрут дагуу олон ч сайхан газраар явж юм үзэв. Аяллын багийнхан уулзах цаг газар товлоод хэсэг хэсгээрээ тараад өгөв. Юу гэж нэг газраа байгаад байх вэ? ойр хавиар явж өглөө. Нэг мэдсэн дүү охины гар цүнх алга. Дотор нь пасспорт, түрийвч, үнэмлэх карт, утасны сим, зургийн аппаратын карт, түлхүүр гээд хол газар яваа хүний бүх амь амьдрал нь “няад”! Шок, сандрал, айдас, CCTV, цагдаагийн газар, ..., хамгийн ойрын Монголын консул 500 км, хагас бүтэн таарсан, танихгүй газар, таних хүнгүй, жижигхэн 2 ази охин, байгаа бэлэн мөнгө нь 2 хүнд төлөвлөөгүй зүйлд хэд хоног яавч хангалтай биш. Хоёулаа бичиг баримтгүй мөнгөгүй бол дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болох байсан болохоор нэгнийх нь байхгүй ч ядаж нөгөөдөх нь пасспорт түрийвч утастай үлдсэнд Стокгольмын хулгайчид талархангаа дөхөв. Гэхдээ хулгайчид үнэхээрийн талархаж баярласан бол Стокгольмын синдром гэгчийг тусах байсан санж.

1973 онд Шведийн Стокгольмын нэг банкинд дээрэмчид халдаж ажилтнуудыг барьцаалжээ. Барьцаа 6 хоног үргэлжлэв. Болох зүйл ч болдгоороо болж цагдаа нар сайн ажиллаж, барьцааныхан суллагдаж, дээрэмчдэд ч зохих ёсны шийтгэл оноов. Гэтэл барьцааныхан дээрэмчдэд өршөөл үзүүлэхийг гуйцгааж, гэмт хэрэгтнүүдийг хамгаалах сан байгуулж, мөнгө босгож, шоронд эргэж очицгоох болж, улмаар барьцааны хоёр эмэгтэй нь дээрэмчидтэй гэрлэв. Хуулийнхан, сэтгэлзүйчид энэ хачирхалтай тохиолдлыг Стокгольмын синдром гэж нэрлэх болжээ.

Аюултай нөхцөл байдалд орж сэтгэлзүй нь цочролд орсон үед аюултай байдалд хүргэсэн гэмт этгээдүүдийн гаргасан зарим нэг өгөөмөр зан байдал хохирогчдод таалагдаж улмаар татагдаж, баярлаж, тэдний талд орох сэтгэцийн эмгэг үүсч болдог байна.

Хүүхэд бүр Beauty and the Beast киног мэднэ. Араатны атганд орж, орчноос тусгаарлагдсан бүсгүй араатанд аажмаар татагдаж дурладаг. Зохиомол зүйл учраас араатны дотор сайн жинхэнэ хүн байж таардаг. Үүнтэй төстэй хэргүүд цөөнгүй байдаг. Хулгайлагдаж, барьцаалагдаж зовж хохирсон ч барьцаалагч этгээдэд дурлаж, буруугүй гэж нотлон гэм бурууг өгдөггүй хачирхалтай хэргүүд зөндөө байдаг.

Стокгольмын синдром гэр бүл, нийгэмд ч үүсэх нь бий. Гэр бүлийн түрэмгийлэгчийн уур уцаар гэр бүлийн уур амьсгалыг тодорхойлж, аюул, айдсыг мэдэрч гэр бүлийн гишүүд түрэмгийлэгчийн аясыг аль болох дагаж эхэлдэг байна. Түрэмгийлэгч нөхөртэй ч санхүүгийн боломжоос шалтгаалж, эсвэл хүүхдүүдээ бодоод, эсвэл ухаанаа алдсан хайртайдаа, түүнгүйгээр амьдарч чадахгүйдээ, эсвэл хүмүүсийн хэл амнаас айгаад гээд салж чаддаггүй тэсвэртэй эхнэрүүд байдаг. Өөрийгөө хохирогч болсныг ухаарахгүй, түрэмгийлэгчийн хийсэн үйлдлийг зөвтгөж, бусдаас өмөөрч хир халдаахгүйг хичээдэг. Гэртээ согтуу ч бай эрүүл ч бай ирээд эхнэр хүүхдүүдээ айлгадаг нөхөр хааяадаа “хүн” шиг байгаад байвал бурхан мэт хүндлэгдэнэ.

Түрэмгийлэгч аавтай, Стокгольмын синдромтой ээжтэй гэр бүлийн хүүхэд сэтгэцийн эмгэгтэй болж өснө. Тийм гэр бүлийн эмэгтэй хүүхэд томроод эцэг шигээ л хүнийг олж суун цикл үргэлжлэх нь ч бий.

Стокгольмын синдром үүсэх нөхцлүүд гэвэл: Хохирогч сэтгэлзүйн эсвэл бие махбодийн хувьд ямар нэг хэцүү аюултай түгшүүртэй нөхцөл байдалд орно. Гадны орчин, мэдээллийн чөлөөтэй урсгал хаалттай нөхцөлд хохирогчдын сэтгэл санаа цочирч, өөр зүйл бодох эргэцүүлэх сэхээгүй, шинэ нөхцөл байдалд маш хурдан дасах хэрэгтэй болно. Энэ хооронд түрэмгийлэгчдийн зүгээс хохирогчдод илээр ямарваа муу зүйл хүргэхгүй, байтугай заримдаа өгөөмөр тусч зан гаргана. Тухайн нөхцөл байдлаас гарах, мултрах арга хохирогчид байхгүй санагдаж дорой муутайгаа эвлэрнэ. Түрэмгийлэгчийн дургүйг хүргэж уурлуулж гомдоож юу ч үгүй болохоос айж гарын аясаар нь хөдөлнө. Аажимдаа тухайн нөхцөл байдалд хүрсэн явдал хохирогчийн өөрийн буруугаас болсон, өөрөө л гэм буруутай, хөөрхийлөлтэй хувь заяатай гэх мэдрэмж итгэл сууна. Яваандаа түрэмгийлэгч бол ганц ивээгч нь, туслагч нь, аврал нь болон хувирна. Орчноос хэдий чинээ их тусгаарлагдана төдий чинээ Стокгольмын синдромд хүчтэй ордог байна.  

Нийгэм дэх Стокгольмын синдромын зарим шинж:

  • Ард иргэд асуудлаас асуудал дунд огтхон ч чөлөө завгүй. Ард нийтийг мэдээллийн шуурга, хэрэггүй хогон мэдээлэл дунд умбуулж, харанхуй бүдүүлэг байлгана. Асуудал байнга зохиож, зохиомол асуудлаар ч бай ард иргэдийн сэтгэлзүйг байнгын шахуу айдсын, аюулын нөхцөл байдалд тогтоон байлгана.
  • Ард иргэд төрөөс хамааралгүй байх боломжгүй, төр л бүгдийг шийднэ, идэх хоол, эрүүл мэнд, орон байр, ажил төрөл, босох суух бүгд төрөөс хамааралтай гэж сэтгэнэ. Нам төргүй юм үгүй.
  • Төр иргэдийг аварч ивээлээ хайрлана. “Өгөөмөр” хишиг иргэдийг баярлуулна, магнайг тэнийлгэнэ.
  • ...

гээд уншигч та энэ жагсаалтыг цааш нь төвөггүйхэн үргэлжлүүлж дөнгөнө.

Эхэнд өгүүлсэн адал явдал тэгээд цааш яасан бэ гэж үү? Стокгольмын синдромд өртөлгүйхэн шиг Монголын өргөмжит консулыг зорин Финляндад ирж, Москва дахь Монголын элчингээс “хар” пасспорт гаргуулан нутагтаа эсэн мэнд харьж амар сайхандаа жаргасаан.

Холбоотой нийтлэл:

Оюуны хуйлраа ба агуу ихийн хэнээ 

Оюуны өлсгөлөн ба нийгмийн маазраа

Оюуны ядуурал ба заримдаг шинжлэх ухаан 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2021-01-01

    Монголд хамгийн их тархсан Стокгольмын синдром бол орос ах .орос ахдаа хир халдаахгүй

    • Зочин
    • 2017-12-25

    ийн*

    • Anonym
    • 2017-11-18

    Сонирхолтой сэдэв сонгон бичсэн байна. Германд оюутан байхдаа сэтгэл зүйн хичээл дээр олж мэдэж авсан олон синдромуудын нэг нь Стокгольм синдром. 2003 онд маш олон герман, Швейцари, Нидерландын жуулчид бараг 6 сар сахарын цөлд Мароккогийн гэмт этгээдүүдэд барьцаалагдан олон сар Марокко, Мали дамжин сахарын цөлөөр явсан. Нэг жуулчин эмэгтэй нь ус дутагдсанаас ам насаа ч алдсан. Германы гадаад явдлын яам болон элчин сайд нь маш сайн олон сар уйгагүй ажилж, бас маш их мөнгөөр бараг найдваргүй болчихсон байсан барьцаалагдсан иргэдээ суллаж авч чадсан юм. Суллагдсан, олон сар барьцаалагдан ёстой сахарын цөлд амьдаараа голио болох шахсан жуулчид сүүлдээ барьцаалсан гэмт этгүүдээ өмөөрөх, тэд нарын сайхан сэтгэл, барьцаалсан шалтаг ыг нь бараг зөвтгөн ярьж байхыг мэргэжилтнүүд Стокгольм синдромоор тайлбарлаж байсан.

    • Бумтүм
    • 2017-11-18

    • Энхбат
    • 2017-11-17

    Монгол илрэлийг нь 'Хөмөрсөн тогооны синдром' гэж нэрлэмээр юм бна

    • ergelzee
    • 2017-11-16

    mundag =sedviig hundjee ,, ghdee yag odoo bgaa baidlyg tusgasan bolohoos herhen shiidverleh talaar olj unshsangui n haramsaltai ... herheh vee gsn gargalgaa heregtei bna sh dee ...

    • Би
    • 2017-11-16

    Монголчууд л хулгай хийнэ дээ

arrow icon