Нийтлэл 12 сарын 07, 2017

2017 онд 114 шинэ нэр төрлийн эм импортоор орж иржээ

Импортоор орж ирж буй эмийн чанар, баталгаат хугацаа, аюулгүй байдлыг хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд бүртгэл мэдээлэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Тэгвэл  Монгол улс эмийн бүртгэл мэдээллийн лайсмэд  програмыг шинэчлэн ашиглалтад  оруулж нийт 8470 нэрийн эмийн бүтээгдэхүүний бүрэн мэдээллийн санг бүрдүүлжээ.

Эрүүл мэндийн салбарын нэгэн чухал асуудал бол  эм эмнэлгийн салбарын тоног төхөөрөмжийн чанар, баталгаат хугацааны  асуудал байдаг.  Хэдий чинээ баталгаатай, чанартай эм, тоног төхөөрөмж хэрэглэнэ тэр чинээгээр эмчилгээний үр дүн тодорхойлогддог. Монгол улс 2017 онд 114 төрлийн импортын эм, 28 нэрийн үндэсний эм, 106 нэр төрлийн уламжлалт эм, 13 нэр төрлийн эмийн түүхий эд, 366 нэрийн оношлуурыг улсын бүртгэлд шинээр бүртгэж 327 нэрийн эмийн бүртгэлийн сунгалт хийсэн байна. Түүнчлэн импортын 5994 экспортын 22 эм эмнэлэгийн хэрэгсэл хилээр нэвтэрснийг бүртгэн авч хяналт шалгалт хийжээ.

Мөн Монгол улсад импортоор их хэмжээний эм орж ирж байгааг бүртгэн мэдээллэхээс гадна хэрэглэх заавар зөвөлгөөг олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх нь чухал байдаг. Гэвч ихэнх импортын эмүүд гадаад хэл дээр байдаг. Эмч мэргэжилтнүүд болон эм зүйч нар төдийлөн сайн тайлбарладаггүй.  Тиймээс эм ханган нийлүүлэгчид гадаадын аль нэг улсаас эм оруулж ирэхдээ эхний ээлжинд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн материалд тухайн улсын хэл дээрх хэрэглэх заавраас гадна Монгол хэлээр бичсэн зааврыг давхар орчуулж хавсаргана. Үүний тулд ханган нийлүүлэгч дотроо бүтээгдэхүүнийхээ зааврыг Монгол хэл дээр орчуулах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. 

Ийнхүү мэдээний сан бүрдүүлэн эмийг бүртгэх мөн импортын эмэнд хяналт шалгалт хийх болон эмийн тайлбар хэрэглэх зааврыг олон нийтэд хүртээмжтэй болгосноор иргэд эрүүл мэндийн болон эм хангамжийн байгууллагууд эмийн талаар мэдээлэл авах, улмаар эмийн чанар аюулгүй байдлыг хангах, эмийн зохистой хэрэглээг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon