Нийтлэл 12 сарын 25, 2017

Б.Булганчимэг: Дээрээс гэдэг үгээ болих хэрэгтэй

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноороо Солонгосын “Шинэ тосгон хөдөлгөөн”-ийн Орхон аймаг дахь салбарын удирдагч Б.Булганчимэгтэй  ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: “Шинэ тосгон хөдөлгөөн” анх Орхон аймагт яаж нэвтэрсэн юу хийгдэж байгаа тухай танилцуулахгүй юу?

Б.Булганчимэг: 2009 онд энэ хөдөлгөөн эхэлж иргэдийн оролцоотой яаж амьдрах орчноо өөрчилж болох вэ гэдэг асуудлаар хэлцэл хийгээд энэ ажлыг эхлүүлж байсан. Гэр хорооллын 4 багийн иргэдтэй уулзаад амьдрах орчноо хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудлаар хэлэлцэх үед иргэд маш идэвхтэй оролцсон. Иргэдийн хүсч байгаа зүйл маш энгийн өөрсдийнхөө гудамжны урдуур аюулгүй зам бий болгох, эргэн тойрондоо мод тарих эдгээр асуудлууд эхний шатанд яригдаж байсан. Бид иргэддээ хамгийн түрүүнд аюулгүй байдал чухал гэсэн үүднээс хүүхдийн тоглоомын талбайг анх хийсэн. Орхон аймагт 4 тоглоомын талбай 2 явган хүний замыг хийж эхлүүлсэн.

Д.Жаргалсайхан: “Шинэ тосгон хөдөлгөөн” гэж юу вэ?

Б.Булганчимэг: Солонгосын “Шинэ тосгон хөдөлгөөн” гэдэг маань иргэдийн оролцоотой өөрсдийнхөө амьдрах орчин орлогыг нэмэгдүүлнэ гэсэн үндсэн зорилготой. Үүнд төрийн оролцоо мөн чухал ч төр сэтгэлд хүрэхээр ажиллахгүй дэмжихгүй байна.

Д.Жаргалсайхан: Хүүхдийн мөнгө өгөхтэй холбогдуулан олон хүүхэдтэй малгүй айл хүүхдийн мөнгөөр амьдарч болоод байна. Туслах малчин гэдэг олдохоо байлаа ийм зүйл зарим аймаг сумдаар яригдаад байгаа. Үүнтэй санаа нийлж байна уу?

Б.Булганчимэг: Хүүхдийн мөнгө өрхийн амьжиргаанд нэмэр болж байгаа нь үнэн. Сар бүр 20 мянган төгрөг авч байна. Өрхийн амьжиргаа доогуур иргэд хүүхдийн мөнгөө авах юмсан, хүнсний эрхийн бичиг авах юмсан гэж боддог. Хүнсний эрхийн бичиг нь амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүнсний дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр байгаа.

Д.Жаргалсайхан: Хичнээн хэмжээний хүнсний зүйлийн дэмжлэг үзүүлдэг вэ?

Б.Булганчимэг: 3 жилд нэг удаа өрхийн амьжиргаа тогтоох судалгаа гэж явдаг. Энэ судалгааны үр дүнгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур орлоготой өрхүүдийг хамруулдаг. Насанд хүрсэн хүн сарын 13500, насанд хүрээгүйчүүд сарын 6500 төгрөгөөр үнэлж мөнгөн дүн олгодог. Энэ мөнгөн дүнгээ хүнсний дэлгүүрүүдэд шилжүүлээд өрх сар бүр хүнсний зүйлээ авдаг.

Д.Жаргалсайхан: Энд ямар хүнсний бүтээгдэхүүнүүд багтсан байдаг вэ?

Б.Булганчимэг: Монгол улсад үйлдвэрлээгүй бүтээгдэхүүнийг авч болно. Монгол улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бол заавал авах ёстой. Энэ нь маш сайн тал юм. Нэг талаараа үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж буй нэг бодлого. Нэг багаас 200 гаруй өрх энэ эрхийн бичгийг авдаг.

Д.Жаргалсайхан: Энэ хөдөлгөөнийг цааш нь авч явахад юунд анхаарах ёстой вэ?

Б.Булганчимэг: Юм хийе гэсэн иргэдийг дэмжих хэрэгтэй. Дэмжихдээ санаачилж буй ажлын цар хүрээг нь олж харах хэрэгтэй. Жилдээ хоёр удаа нэг хүн нэг мод төслийг хэрэгжүүлэхэд тэр хүн мод тарьдаг. Би өөрийнхөө багийн 5 иргэнийг дэмжээд мод үржүүлгийн газартай болгож байна. Нэг га газар 2000 суулгац суулгаад усны асуудлыг яриад явж байхад хамгийн түрүүнд төрийн байгууллага гүний худаг барих асуудлыг зогсоосон гэж хариулж байна. Бид нар усгүй бол мод яаж тарих юм бэ? Дээрээс шийдвэр ирээд зогсоосон гэж байгаа. Дээрээс гэдэг үгээ болих хэрэгтэй. Төр нь туслахгүй байгаа болохоор иргэд өөрсдөө мод үржүүлээд дэвшилтэт зүйл хийх гэж байхад дэмжихгүй байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon