Нийтлэл 02 сарын 05, 2018

Д.Миеэгомбо : Үндсэн хуулийн цэц улс төрөөс бүрэн хамааралтай болсон байна

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Ц.Нямдорж зэрэг зарим гишүүнийг эргүүлэн татах болон У.Хүрэлсүхийн Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан асуудлаар хуульч О.Алтангэрэл,  Д.Миеэгомбо, Б.Жавхлант, Н.Мөнхзул нар Үндсэн хуулийн цэцэд хандаад буй талаар мэдээлэл хийлээ. Эдгээр асуудлуудыг цэц  эхнээс нь шийдвэрлэж эхэлсэн байна. Тухайлбал, Б.Наранхүү гишүүнтэй холбоотой гомдлыг цэц өнгөрөгч баасан гарагт хэлэлцээд маргаан үүсгэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

 

Үндсэн хуулийн цэц улстөрөөс бүрэн хамааралтайн дээр гишүүд нь улстөрийн төгсгөлийн карьераа хийдэг газар болсон байна. 

Энэ талаар хуульч Д.Миеэгомбо: "УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах асуудлаар бид хуулийн цэцэд хандсан. Гэхдээ энэ асуудлаар маргаан үүсгэх боломжгүй гэж цэц үзсэн. Уг нь ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн хүлээсэн үүргийнхээ дагуу ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн, чуулган болон байнгын хорооны хуралдаанд тэдний дуу хоолой болон оролцох ёстой. Эдгээр хуралдаануудад суухгүй байгаа нь УИХ-ын гишүүний үүрэг, ард түмний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэн цэцэд хандсан юм. Уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан  хянан хэлэлцсэн.  Бид энэхүү хуралдаан болохоос өмнө Н.Жанцанг сольж өгнө үү гэсэн хүсэлт цэцийн даргад гаргасан боловч түүнийг солиогүй. Учир нь цэцийн гишүүн Н.Жанцангийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны таван сард дууссан. Мөн  УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй  ямар нэгэн байдлаар холбоотой гэж үзсэн. Гэвч энэ хүнийг солиогүйгээр барахгүй Н.Жанцан гишүүн биднийг утсаар дарамталсан. Иймд бид дараагийн шатанд асуудлыг тавих болно. Түүнчлэн иргэн хүн цэцэд гомдол гаргахад хэн гэдэг гишүүн дээр хуваарилагдсан болохыг хэлдэг байсан. Одоо дотоод журамдаа өөрчлөлт оруулсан гэх шалтгаанаар иргэний гомдол аль гишүүн дээр очсныг хэлэхээ больсон. Цэц өнөөдөр улстөрөөс бүрэн хамааралтайн дээр гишүүд нь улстөрийн төгсгөлийн карьераа хийдэг газар болсон байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль дээдлэх” гэсэн зүйлийг зөрчиж байгаа асуудлаар хуульч Б.Жавхлант өнөөдөр хуулийн цэцэд хандсан. Энэ талаар түүнээс тодрууллаа.

УИХ-ыг гишүүн Ц.Нямдоржийг Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Яг ямар хууль заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ? 

Энэ бол цэвэр хуулийн асуудал. Монгол улс Үндсэн хуулиа батлаад 26  жил болж байна. Манайд Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх асуудалд дорвитой арга хэмжээ авч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Бидний гаргаж буй мэдээлэл бол Монгол улс Үндсэн хуульт ёсыг хэвшүүлэх, хууль дээдлэх үндсэн зарчмыг хэрэгжүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг дэвшүүлж байгаа юм.  Манайд Үндсэн хуулийг зөрчиж, хуулиа хэрэгжүүлэхгүй, хянаж шалгахгүй байгаа өчнөөн асуудал байгаа. Үүний  нэг илрэл нь л Ц.Нямдорж сайд. Түүнээс биш энэ тухайлсан улс төрчдөд, намд  чиглэсэн асуудал биш. Хуулийн хувьд УИХ гишүүн хуулинд зааснаас бусад хангамж санхүүжилтийг гуравдагч этгээдээс авахыг хориглосон байгаа. Сайдын өөрийн хийсэн мэдээллээр танилыхаа байрыг түрээслэн амьдардаг. Хоёр тал хоорондоо тохирсон учир хууль зөрчсөн үйлдэл биш гэдэг. Харин бидний харж буйгаар тансаг зэрэглэлийн орон сууцанд эд хөрөнгө хөлслөх төлбөргүйгээр ашиглалтын зардлыг төлөөд амьдарч байгаа нь УИХ-ын гишүүн Үндсэн хуульд заагдсанаас илүү хангамжийг авч байна гэж харж байна. Энэ нь Үндсэн хуулинд заасан хууль дээдлэх ёсыг зөрчиж байна гэж харж байна. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийг биелэж байгаа эсэх, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянах томоохон үүрэгтэй. Харин Үндсэн хуулийн цэц өөрөө энэ ажлаа хийж байна уу гэдэг ч ойлгомжгүй байна.

Белла Виста хотхонд орон сууц хөлслөхөд талбайн хэмжээнээс хамааран cap тутамд 3 сая төгрөгөөс 12 сая төгрөгийн хөлсийг хөлслөгч этгээд хөлсүүлэгчид төлж байгаа нь зах зээлийн өнөөгийн ханш гэж та бүхэн үзсэн байсан. Тэгвэл энэ авилгатай холбоотой асуудал биш үү. Авилгатай тэмцэх газар мэдэгдэх ёстой биш үү?

Бид үүнийг авилгалын хэрэг мөн эсэхийг яг одоо байгаа мэдээллээр шийдэх боломжгүй. Бид гарын доор байгаа, олон нийтэд хүрсэн мэдээлэл дээр тулгуурлаад энэ үнэхээр Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл мөн үү, үгүй юу гэдгийг шалгуулахаар хандсан. Асуудлыг цэц хүлээж аваад ямар арга хэмжээ авах нь цэцийн асуудал.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдтэй холбоотой зөрчил байна гэж мэдэгдсэн. Энэ талаар?

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 6 жил. Одоогийн байдлаар хугацаа нь дуусгавар болсон Д.Наранчимэг, Н.Жанцан  гэх хоёр гишүүн байна. Гэтэл яагаад өдий болтол бүрэн эрхийн хугацаа нь дууссан гишүүд  бүрэн эрхээ хэрэгжүүлээд яваад байна. Яагаад түүнийг нөхөн томилох ёстой инститүц хуулиа хэрэгжүүлээд, дараагийн хүнийг нөхөн томилохгүй байгаа гэдэг нь сонин байгаа учир энэ талаар цэцэд хандсан ч хүлээж аваагүй.

Засгийн газрыг ч бас Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэж цэцэд хандсан.  Үндсэн хуулийн аль заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байна?

Засаглалын гурван салбар гэж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал гээд. Энэ бол Монгол улсын Үндсэн хуулиар гурван засаглалын хэлбэрийг тодорхой зааж өгсөн. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсран хийж болно гэж заасан байгаа. Гэхдээ болно гэсэн зүйл бүгдийг хийж болно гэсэн өргөн агуулга биш. Үндсэн хуулийн үзэл санаа нь УИХ хуулиа тогтоогоод гаргасан хуулийг нь Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Өнөөдрийн бүрдсэн Засгийн газар өөрөө их хурлын гишүүдээс 100 хувь бүрдсэн. Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй кабинет өөрсдийн хэрэгжүүлэх хуулиа, зарцуулах төсөвөө батална. Энд засаглал хуваах онолын зөрчилдөөн гарч байна.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon