DE FACTO МЭТГЭЛЦЭЭН: Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох нь зөв үү

"ДеФакто хэлэлцүүлэг" нэвтрүүлгээр "Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох нь зөв үү" сэдвийг хөндөв. Мэтгэлцээнийг эдийн засагч Д.Жаргалсайхан хөтлөн, санхүүч Д.Ангар, Хасбанкны зөвлөх Д.Болд нар оролцон байр сууриа илэрхийлсэнийг тоймлон хүргэе.

  

Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөлд зээлийн жилийн хүү 18 хувиас ихгүй байна гэж заасан

 

Д.Ангар: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь зөв. Банк зуучлалын үйлчилгээ л үзүүлэх ёстой. Гэтэл сүүлийн 27 жилд банкууд мөнгөтэй хүн, мөнгө хайж буй ААН-үүдийг холбох, зуучлалын үүргээ гүйцэтгэж чадсангүй. Учир нь зуучлалын өртөг өндөр байна. Бид гадаадын шилдэг туршлагуудыг хуулбарласаар ирлээ. Гэхдээ зээлийн хүүг хязгаарладаг системийг нь орхигдуулчихсан. Өнөөдөр 80 орчим улс энэ системийг хэрэглэж байна. 

С.Болд: Өртөг өндөр байгаад юу нөлөөлж байна вэ? Бид асуудлын учир шалтгаантай нь тэмцэх ёстой. Түүнээс хүүг хязгаарлан, богино хугацааны арга хэмжээ авах нь буруу. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоосон улсууд хүссэн үр дүндээ хүрээгүй.

С.Болд: Бид асуудлын үр дагавартай биш, учир шалтгаантай нь тэмцэх ёстой. Манай эдийн засгийг 20-40 оноогоор үнэлж ирсэн. 1990-ээд оноос хойш бид нийт 15 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хүлээж авсан. Гэтэл энэ мөнгө угаагдаж байгаа юм шиг буцаад гараад явчихдаг. Энэ схемээр олон жил явж ирлээ. Одоо эдийн засаг 27 их наяд төгрөг болж, тэлжээ. Зээлийн хүү 48 хувь байсан бол одоо 19 хувь болсон.

Зээлийн хүүд дээд хязгаар тавьснаар бичил, жижиг дунд бизнес эрхлэгчид рүү зээл хүрэхгүй болчихдог эрсдэлтэй. Зээлийн нийлүүлэлтэд муугаар нөлөөлдөг. Урт хугацаанд харин ч хүү өсдөгийг Латин Америк, Африкийн олон орны жишээ харуулдаг. Болив, Колумб, Зимбабве, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Кени ийм шийдвэр гаргаад үр дүнд хүрсэнгүй. 

Д.Ангар: Дундаж зээлийн хүү 18-29 хувь байна гэж Монгол банк цахим хуудсандаа мэдээлдэг. Энэ тоо эргэлзээтэй. Учир нь бизнесийн зээлийн сарын хүү 2.5 хувь байна. Жилийн 30-36 хувийн зээл олгодог шүү дээ. Банкууд үүнийг Монголд байх ёстой хүү гэж тайлбарладаг. Энэ байдал эдийн засгийг ямар бүтэцтэй болгов гэдгийг харах ёстой. Үүний тулд манай том компаниудыг харъя. Оюутолгой, Эрдэнэт, Мобиком, араас нь банкууд жагсана. Уул уурхайн эсвэл импортын бараа оруулж ирээд, худалдаа эрхэлдэг компаниуд л банкны өндөр хүүг төлж дийлнэ. Бусад нь чадахгүй. Экспортын орлоготой компаниуд л Монголд ашигтай ажиллаж байна.

Д.Ангар: Бизнесийн зээлийн сарын хүү 2.5 хувь байна. Жилийн 30-36 хувийн зээл олгодог шүү дээ. Тэгвэл Америкт технологи, хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд тэргүүлж байна.

С.Болд:  Жилийн 36 хувийн зээл олгодог банк одоо байхгүй

С.Болд: Монгол банканд ажиллaсан хүний хувьд хэлэхэд Монгол банк худлаа статистик гаргадаггүй. Тэгвэл Монголын бүх эдийн засгийн үзүүлэлт буруу болно. Жилийн 36 хувийн зээл олгодог банк одоо байхгүй. Та олон жилийн өмнөхийг ярьж байна. Банк бусын зээлийн хүүг бол би мэдэхгүй. Мэдээж бүх мэдээлэл ил тод байх ёстой. Үүний тулд хууль гарган, хүч хэрэглэх нь буруу.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зарчмуудыг банкууд хэрэгжүүлдэг. Жишээ нь хэрэглэгчид зориулсан оновчтой бүтээгдэхүүн л санал болгоно. Хэрэглэгчийн даах хэмжээний зээлийг л олгоно. Зээл авснаар амьдрал нь сайжрах ёстой. Банк өөрөө ч зээлдэгч. Иймд ямар эх үүсвэрээр зээл олгож байгаагаа ил тод тайлагнах ёстой. Тэгвэл мөнгө хүүлж байна гэх хардлага буурна. Үнэхээр мөнгө хүүлж байна гэж үзэж байгаа бол тайлагналаа ил тод болгох ёстой. Хуулийн төсөлд зээлийн жилийн хүү 18 хувиас ихгүй байна гэж заасан. 

Д.Ангар: Би 36 хувь гэж тоо зохиож хэлээгүй. Бизнесийн зээлийн хүү нь жилийн 48 хувьтай банк одоо ч бий. Банк мөнгөтэй хүнийг ААН-тэй холбох ёстой. Гэтэл 100 сая төгрөг болон түүнээс хэмжээний хадгаламжтай 9900 хэрэглэгчийг өөртөө татахын төлөө банкууд хоорондоо өрсөлдөж байна.

Хадгаламжийн өндөр хүү нь явсаар зээлийн хүү дагаад өндөр байхад нөлөөлсөн. Харилцах дансны үлдэгдэлд хүү тооцдогийг хүчингүй болгох хүсэлтээ банкны захирлууд өөрсдөө  хэлж байсан. Хэрэв хүүг хүчээр тогтоох хууль баталчихвал хадгаламжийн хүү жилийн 9 хувь руу бууна. Тэгсөн ч өндөр хүү шүү дээ. Хурууны үзүүрээ ч хөдөлгөлгүй хүүгээс ашиг олох нь дэлхийд байхгүй өндөр өгөөж. Дэлхийн дундаж 5-8 хувь байгаа. 

Хадгаламжийн өндөр хүү нь явсаар зээлийн хүү дагаад өндөр байхад нөлөөлсөн. 

Хөтлөгч Д.Жаргалсайан: Манайд инфляц гэж аюултай үзэгдэл бий. Төв банк инфляцыг дангаараа хянаж чадахгүй. Зээлийн бага хүүтэй орнуудад их хэмжээний хуримтлал бий учир хүү бага байна. 

Д.Ангар: Инфляц дэлхий нийтийн асуудал. Хадгаламж эзэмшигчдийн тоо улам өсөх ёстой. Гэтэл бид өнөө 9900 хүнээ л баяжуулаад байна. Инфляц хүнийг баян ядуугаар нь ялгадаггүй. Бүгдийнх нь орлогыг яг адилхан хэмжээгээр хумсалдаг. Харин баячууд энэ алдагдлаа хадгаламжийнхаа хүүгийн орлогоосоо нөхчихдөг.

Ипотекийн зээлийн хүүг төрөөс 8 хувь гэж тогтоосон нь бас л хязгаар тавьсан нэг хэлбэр 

С.Болд: Ийм хууль баталбал бид их том ухралт хийнэ. Эдийн засгийн суурь асуудалтайгаа тэмцэхгүй хэрнээ үр дагавартайгаа тэмцэх нь биднийг хилийн чанадад их муухай харагдуулна. Гадаадын хөрөнгө оруулалт буурна. Хөрөнгийн хомстол бол бидний гол асуудал.

Хадгаламжийн төвлөрөл байгаа гэдгийг би хүлээн үед зөвшөөрнө. Асуудал хүүндээ биш юм. Өндөг тахианы маргаан болох гээд байна. Хуримтлал найдвартай, тогтвортой салбарыг л чиглэдэг. Энэ нь банкны буруу биш. Бусад салбаруудыг хөгжүүлэх шаардлага бий. Хадгаламж эзэмшигчид мөнгөө хаана байрлуулахаа өөрсдөө шийднэ. Ипотекийн зээлийг харахаар хүмүүс хуримтлалаа үнэнчээр цуглуулсан байна. Харин хувьцааг урт хугацаанд эзэмших сонирхолгүй байна. Мөн манай улс дундаж ангигүй байгаа нь ч сөргөөр нөлөөлж байна.

Хөтлөгч: Та хөрөнгийн биржийн захирал байсан хүн шүү дээ. Энэ зах зээлийг хөгжүүлэхэд ямар саад учирдаг вэ?

Д.Ангар: Энэ бол сүүлийн 27 жилийн буруу бодлогын уршиг шүү дээ. Банкны захирлууд банктай холбоотой ямар нэг хууль батлах гэхээр Төрийн ордонд орж, хүчтэй лобби хийдэг. Банкны бүх хадгаламжид төр баталгаа гаргасан хууль баталсан хэрнээ хөрөнгийн зах зээлийг хар нүх гэж зарласан. Мөн татварын тэнцвэргүй бодлоготой байсан бол одоо хадгаламжаас 10 хувийн татвар авдаг боллоо. Энэ бол түүхэн шийдвэр. Бас нэг зүйлийг онцлоход төрийн бүх төсөл, хөтөлбөрүүд банкаар дамжин хэрэгждэг. 

Иргэний асуулт: Ипотекийн зээлийн хүүг төрөөс 8 хувь гэж тогтоосон нь бас л хязгаар тавьсан нэг хэлбэр юм. Ингэснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?

Америк, Япон, Солонгост энэ хуулийг баталсан. Ингэснээр хууль бус зээллэг тархсан.

С.Болд: Төр зарим салбарыг зориуд дэмжин, тодорхой хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ипотекийн зээл эх үүсвэртэй байснаараа онцлог. Мөн хуримтлал үүсгэх, дундаж давхаргыг бэхжүүлэх гэх мэт давхар ач холбогдолтой байсан.

Банкууд гаднаас зээлийн эх үүсвэр татан төвлөрүүлээд зээлээ төгрөгөөр олгодог. Ханшийн эрсдэлээ өөрсдөө үүрдэг. Чанаргүй зээлийн хэмжээ 2008 оны хямралын үе шиг өссөнгүй. Банкуудын зардлыг өсгөдөг бас нэг хүчин зүйл нь инфляц. Сүүлийн хоёр жилд л нам дор түвшинд байна. Одоогийн 6 хувийг дээш нь алдаж болохгүй.

Тэгэхээр зорилтот зах зээлд зориулсан зээлийн бүтээгдэхүүнд хязгаар тавьж болно. Банкууд 17 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож байсан шүү дээ. Мөн шалгуур нь их өндөр байсан. Ипотекийн зээлдэгч 29 мянгаас 92 мянга болж өслөө. 

Иргэний асуулт: Америкт мөн ийм хууль баталсан юм билээ. Ингэснээр ямар нөлөө гарсан бол? 

С.Болд: Америк, Япон, Солонгост энэ хуулийг баталсан. Ингэснээр хууль бус зээллэг тархсан. Европт юу болсон гэхээр зээлийн илүү сайн бүтээгдэхүүүн хөгжүүлэх шаардлагагүй болсон. Ийм хортой. Ерөнхийдөө банкны салбарын инноваци зогссон.

Д.Ангар: Энэ хууль сөргөөсөө эерэгээр илүүтэй нөлөөлсөн. Одоо Япон хамгийн бага хүүтэй орон. Өмнө нь хамгийн өндөр хүүтэй улс байсан юм. Хууль бус бүлэглэлүүд нь банктай холбогдсон тул хүчээр хууль гаргасан. Банк, банк бус, ломбард ч одоо жилийн 2-оос илүү хүүтэй зээл гаргаж болохгүй. Ингэж хүчээр буулгасан. Эс бөгөөс банкууд өөрсдөө хэзээ ч буулгахгүй. Америкт жилийн хүү 8 хувиас хэтрэхгүй боллоо. Бид буруу зүйлийг нь хуулбардах гээгүй.

Иргэний асуулт: Өрсөлдөөн бий болсноор хүү буурах уу? 

Д.Ангар:
 Бид технологийн хувьд хамгийн сүүлийн үеийн шинэ бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна. Харин банкууд энэ хөгжлөөс хоцорчихсон. Зөвхөн бидний үйлчилгээг л авдаг гэж тулгадаг.

Гадны банк нэвтрээгүй хоёр улсын нэг нь Монгол. Нөгөө нь Хойд Солонгос. Тэд ямар бодлоготой нь тодорхой. Солонгосын Имарт нэвтэрлээ. Бүх дэлгүүр дампуурах нь гээд л байан. Жилийн дараа юу болов? Өрсөлдөөн бий боллоо. Шангри Ла нэвтрээд бүх зочид буудал хаалгаа барина гээд л байсан. Иймд гадны банканд зөвшөөрөл өгөх нь зөв.

Асуулт: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн18 хувь болгосны дараа юу болох вэ?

Гадны банк нэвтрээгүй хоёр улсын нэг нь Монгол. Нөгөө нь Хойд Солонгос.

Д.Ангар: Зээл өөрөө үйлчилгээ юм. Одоогийн 30 хувийн хүү баялаг бүтээх, ажлын байр бий болгох бүх боломжийг хаадаг. Гэхдээ хуулийн төслийн сургаар банкууд хүүгээ бууруулж эхэллээ. Захиалгат ярилцлагууд өгч, эсэргүүцэж байсан бол одоо сарын 1.6 буюу жилийн 19-20 хувийн хүү амлаж байна. Тэгэхээр банкуудад хүү бууруулах орон зай байсан л байна.

С.Болд: Манай улсын гадаад валютын нөөц 3 тэрбум ам.доллар боллоо. Гадаад эдийн засаг сайжирлаа, цаашид  тогтвортой байх шинжтэй байна. Нүүрсний экспортын орлого 1 тэрбумаар, гадаадын хөрөнгө оруулалт мөн 1 тэрбумаар өссөн.

Засгийн газар гадаад эх үүсвэрээс зээл авахыг илүүд үзэж байна. Энэ бүхэн зээлийн хүүг бууруулах боломж олгосон. Өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй, хөрвөх чадвартай банкууд л хүүгээ бууруулсан. Гэнэн таамаглал хийж болохгүй. Одоо жигнэсэн дундаж хүү 19.5 хувь  байна. Дахин хэлэхэд хүү өндөр байна гэдэг нь эрсдэл өндөр байгаагийн л дохио юм. Инфляцаа нам түвшинд үргэлжлүүлэн барьж, эдийн засгийн зөв бүтцэдээ анхаарах хэрэгтэй. 

Д.Ангар: Банкууд их харалган байна. Уг нь энэ хуулийг хамгийн их дэмжсэн нь банкууд. Учир нь хадгаламжийн хүүгээ дийлэхгүй байна. 240 тэрбумын цэвэр ашигтай ажиллахын тулд Засгийн газрын бондыг ихээр худалдаж авсан. Иймд зээлээ зогсоосон. Барилгын компаниудад зээл өгөхөө больсон. Төр татвар төлөгчдийн мөнгөө жил бүр 500-600 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасны өндөр хүүнд төлдөг. Энэ орлогоор л банкууд оршин тогтнож байна. 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5133

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%