Салбаргүй байгаль орчны МЭРГЭЖИЛТЭН

Хамаарах харъяалах тогтсон нэг салбаргүй ч салбар бүрт хэрэгцээтэй байгаа байгаль орчны салбарын байгаль орчны мэргэжилтнүүд бид чинь маш өргөн хүрээг хамарсан байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж ажилладаг тул бидэнд маш өргөн мэдлэгтэй бас өндөр ур чадвартай байх шаардлага тавигдаж байна.

Байгаль орчны мэргэжилтэн нь бүх салбарын байгаль орчны асуудлыг мэддэг бас шийдвэрлэж чаддаг байх албатай юу гэвэл үгүй, боломжтой юу гэвэл тийм.

Байгаль орчны мэргэжилтэн (Environmental Professionals) ер нь ямар ажил хийдэг вэ?

  • Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтыг удирдах,
  • Байгаль орчны сөрөг нөлөөллийг үнэлэх, бууруулах,
  • Экологийн бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээхэд дэмжлэг үзүүлэх ажлуудыг тус тус хийдэг.

Байгаль орчны энэ их том салбарыг 3-н үндсэн салбарт хувааж дээрх ажлыг хийхэд мэргэжилтэн ямар мэдлэг чадварууд эзэмшсэн байх , ямар чиглэлүүдээр мэргэших талаар системтэйгээр тайлбарлахыг оролдъё.

Салбар A

Хүрээлэн буй орчны хамгаалал (Environmental Protection)-хариуцсан байгаль орчны мэргэжилтэн нь хүрээлэн буй орчныг бохирдохоос хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах, бохирдлыг арилгах мэдлэг чадваруудыг эзэмших. Үүнд;

  1. Агаарын чанар хамгаалах,
  2. Усны чанар хамгаалах,
  3. Хөрсний буюу газрын чанар (нөхөн сэргээлт) хамгаалах,
  4. Хог хаягдлын менежмент хийх,
  5. Орчны эрүүл ахуйг хангах.

Салбар B

Байгалийн нөөцийн менежмент (Resource Management)- хариуцсан байгаль орчны мэргэжилтэн нь байгалын нөөц ашиглалтыг удирдах мэдлэг чадваруудыг эзэмших. Үүнд;

  1. Хүн төрөлхтний хэрэгцээт эрчим хүчийг бий болгоход үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг үнэлэх, нөлөөг бууруулах,
  2. Усан орчин ба хуурай газрын амьтан, ургамал (биологийн төрөл зүйл) тэдгээрийн төрөл зүйл, экосистемийг судлах, хамгаалах,
  3. Хүний хэргэцээг хангах зорилгоор үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, төрөл бүрийн аж ахуй эрхлэх, ашигт малтмал, газрын тос, байгалийн хий олборлох, дэд бүтэц болон хот байгуулалтыг хийхдээ байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, байгалийн нөөцийг хадгалах, хамгаалах.

Салбар C

Байгаль орчны тогтвортой байдал буюу тогтвортой хөгжил (Environmental Sustainability)- хариуцсан байгаль орчны мэргэжилтэн нь Салбар A болон Салбар B-ийн мэдлэг чадваруудыг тодорхой хэмжээнд эзэмшсэн байх ба дараах нэмэлт мэдлэг, чадваруудыг эзэмших. Үүнд;

  1. Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхдээ байгаль орчин, нийгмийн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэж явах стратегийг хэрэгжүүлж тогтвортой хөгжих, хүн төрөлхтний ирээдүй хойч үеийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй байлгах, тэдэнд нөөц үлдээх арга замуудыг тодорхойлох,
  2. Байгаль орчны болон тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, сургалт хийх,
  3. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэгт тулгуурласан судалгаа, туршилтыг хийж байгаль орчны салбарт нэвтрүүлэх болон хэрэглэх,
  4. Оролцогч талуудын ашигт сонирхолд нийцсэн, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, эдийн засгийн хувьд үр ашигтай сайн туршлага, бодит судалгааны үр дүнгүүдийг бодлого, хууль тогтоомж, стандартуудийг боловсруулахад ашиглах,
  5. Олон нийтийн харилцааг удирдах, олон нийтэд тогтвортой хөгжлийн талаар нэгдсэн зөв ойлголт өгөх, байгаль орчны талаар анхаарах асуудлуудыг энгийнээр олон нийтэд түгээх.

Байгаль орчны менежер (Environmental manager) байхын тулд мэргэжилтэн та дээрх бүх мэдлэг чадваруудыг тодорхой хэмжээнд эзэмшсэн байх ба менежер хүнд байх шаардлагатай бусад хувь хүний ур чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй болж байна.

Байгаль орчны менежментийн систем (Environmental Management System)-ийг байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, төрөл бүрийн аж ахуй эрхлэх, ашигт малтмал, газрын тос, байгалийн хий олборлох, дэд бүтэц болон хот бүтээн байгуулалтыг хийх явцад хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлага болсон. Мөн байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, хүн төрөлхтний эрүүл, аюулгүй байдлыг хангах, байгалийн нөөцийг хадгалах, хамгаалах тухай байгаль орчны менежментийн төсөл, төлөвлөгөө боловсруулж удирдан хэрэгжүүлэх мэдлэг чадвар эзэмшсэн байх нь бүх салбарын байгаль орчны менежерт тавигдаж байна.

EnvironmentalManager

Хөгжлийн явцад үүсч бий болж байгаа байгаль орчны томоохон асуудлуудыг богино хугацаанд оновчтой арга замаар шийдвэрлэх, технологийн дэвшилтэй зэрэгцэн хөгжих шаардлага байгаль орчны мэргэжилтнүүдийн өмнө тулгарч байна. Иймд мэдлэг, боловсрол, ур чадвар өндөртэй байх нь мэргэжилтэн таны үнэлэмжийг өсгөх нь гарцаагүй болж байна.

Монголд

  • Байгаль орчны салбарын мэргэжилтнээ мянга, чадавхаа мянга, сонирхлоо мянга хуваасан байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг ассоциаци, нийгэмлэг, холбоо, төв, хүрээлэн, хөдөлгөөн гэх төрийн бус байгууллагууд олширсоор ...
  • Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг гэж ярьсаар нийгэм эдийн засгийн хөгжил нь тухайн байгаль орчныхоо экологийн даацад хязгаарлагддаг гэдгийг үл тоосоор …
  • Мэргэжлийн биш, мэргэжилтэн болоогүй хэн дуртай нь байгаль орчны асуудлаар улс төр, шантаажлал хийсээр...
  • Мэргэжлийн биш хүмүүс салбарын төрийн захиргааны байгууллагуудад нийтийн төлөө биш, хойч үеийнхээ төлөө биш хоног өдрийн төлөө ажилласаар...

Монголын байгаль орчны салбарын хөгжилд, байгаль орчны мэргэжилтнүүдийн мэдлэг чадварт ахиц, дэвшил гарах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд салбартаа чиглэл чиглэлээр мэргэшиж мэддэг бас чаддаг асуудлууд дээрээ л тус тусынхаа хувь нэмрийг оруулж, оролцож явах нь байгаль орчны мэргэжилтнүүд бидний эх оронч үйлдэл мөн билээ.

 Д.Өлзийбаяр

МБОМХ


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4669

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%