Нийтлэл 04 сарын 03, 2018

 100 ЧУХАЛ СЭДЭВ: “БАЯЛГИЙН САН” нэвтрүүлгийн тэмдэглэл

Тавантолгойн тендер тойрсон хэрүүл эрчээ авч байсан 2015 оны намар даа, Эрдэнэчимэг экс гишүүний “Тавантолгойн гэрээг гацаасандаа баяртай байна” хэмээх гарчигтай ярилцлага гарч олон хүний хараал идсэн.  Харин манай редакцын хувьд мөн адил “гацаасандаа баяртай” байсан гэхэд хилсдэхгүй.  Уг нь гацаах гэхээсээ гэрээний зарим нөхцөлд гэрэл тусгаж, олон нийтийн шаардлагаар дамжуулан сайжруулах бодлого барьж байсан ч яаж дууссаныг та бид мэднэ. Тухайн үед элдвээр хэлэгдэж байсан ч Эрдэнэт үйлдвэрийн дуулиан гэх мэт иргэд сонгогчдын нүдийг нээсэн зарим асуудал гарсны ачаар одоо тайлбарлах боломж бүрдэв.

Эсэргүүцээд байсан шалтгаан нь уг гэрээний хувилбар тогтолцооны дэвшил авчрахгүйд байв. Тогтолцоо гэдэг нь товчдоо хөрөнгийн зах зээлийг хэлж байна. Цаашлаад уул уурхайн баялаг хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын механизмаар дамжаад баялгийн санд хуримтлагдаж арвижиж байдаг, тэр нь нийгмийн сайн сайханд үйлчилж байдаг системийг хэлж байна.  

Уг нь манай улс ийм системтэй болох зорилго тавиад 1072 хувьцаа гэгчийг гаргаж иржээ. Тэр цагаас хойш 8 жил өнгөрчээ. Эрдэнэс Монгол компанийн дор хувьцаат компани байгуулж, түүний 20 хувийн хувьцааг ард түмэнд эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр. Бид цаасан дээр бол 6,4 тэрбум тонн сайн чанарын нүүрсний орд бүхий уурхайн 20 хувийг эзэмшдэг “баян” ард түмэн.  Энэ баялаг чинь бодитоор таны амьдралд буудаггүй нь жишээлбэл нүүрсний үнэ өсмөгц та хувьцаагаа үнэтэй зарах буюу эсвэл таны авах ногдол ашиг өсөх гэх мэтийг нөхцөлдүүлдэг тогтолцоо хөгжөөгүйгээс болж байдаг.  Дээр дурдсан гэрээ хийгдсэн бол эндээс урагш ахих дэвшил гарахгүй бөөний худалдаа, түрээс маягийн л орлого орох байсан гэсэн үг. Тухайн үед мөн л “100 ЧУХАЛ СЭДЭВ”  нэвтрүүлгээр Ж.Оджаргал нүүрсний үнэ тонн тутам 80-145 доллар байхад 202-536 сая доллар төсөвт орно, хувьцаа бол түүний дараах төрийн өөрийнх нь асуудал гэж тайлбар хийж байлаа. Гэрээг пиардагсад доллар өсч, төсөв улайж ирсэн хэцүү үед өнөөдрийн уушиг гэгчээр төсвөө бод гэж хүчтэй сурталдаж байв.  Үнэхээр ч долларын ханш тэнгэрт хадаж, дээр дооргүй хямарч байсан нь нэн саяхны түүх ээ. Энд гэрээний санал тавьсан хувийн компанийг буруутгах санаа байхгүй ба төрийн бодлогын хувьд тухайн үеэс одоо юугаараа илүү гарах ёстойг сануулах зорилгоор түүх сөхсөн болно.

Харин төр, инстүүцийн хөгжил сул байхад том төсөв юу дагуулдгийг бид өглөө сэрэхэд л нэг шижигнэсэн залуу боловсон хүчнээ шоронд ачиж буй өнөөдрөөс харж байна. Төсөв хэд дахин томорч ирсэн талаар энд тоймлож байсан. Хаалттай компани төрд ч бай, хувьд ч бай барьцаа, шахааны бай болж эцсийн дүндээ Монголын сайн сайханд шингэх ёстой төсвөөс хэд нь хаана шамшигдаж байгааг хэн ч мэдэхгүй өнгөрдгийг Эрдэнэт тойрсон элдэв луйвраас бас харж байна. Төсөв томорч, төр томорч, түүнийг дагаад элдэв тендер, луйвар газарч авч, улстөрийн хэрүүлд живж, залуусын хувь заяагаар тоглосоор... одоо хангалттай биш үү?

Одоо хангалттай.

“Баялгийн сан” сэдвээр хийх нэвтрүүлгийн баг хуралдах үеэр Уул уурхайн сайдын хэлсэн үг. Одоо хангалттай, хийх хэрэгтэй. Хийхийн тулд олон нийтэд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Ингээд аль болох олон орны практикаас харуулсан, өнөөгийн Монгол дахь тогтолцооны асуудал ба цаашдын боломжийг эрэлхийлсэн 100 ЧУХАЛ СЭДЭВ нэвтрүүлгийн дугаар хийгдсэн юм.

Бидний монголчуудыг төсөв тойрсон улстөрдөө живж байх зуур бусад улс үнэхээр тасарчээ.  Нэг триллион доллар хүрсэн Норвегийн сан байг гэхэд хамгийн ойрын Казахстан улсын Самрук-Казына үндэсний баялгийн сан. Тус сан олон улсын компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын болон татварын орлогоос төвлөрүүлсэн хувьцаат компани хэлбэрийн баялгийн сан юм. Сангийн хөрөнгөөс инновац, үйлдвэрлэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн төслүүд гэх мэт  бодлогын салбаруудад хөрөнгө оруулалт хийдэг. Олон улсын болон дотоодын үнэт цаасны зах зээлд бонд арилждаг, одоогоор  400 гаруй компанийн хувьцаа эзэмшдэг. ТУЗ-ыг шууд Ерөнхий сайд нь удирддаг байна.  Биднийг 1072 хувьцаа ярьж эхэлснээс нэг их хол зөрүүгүй байгуулагдсан тус сан өдгөө 70 тэрбум орчим ам долларын хөрөнгөтэй, дэлхийд 30 дахь том төрийн баялгийн сан болоод байна. 2016 онд гэхэд өмнөх оноос 56% өссөн 455 тэрбум казах тенгегийн ашигтай, манай төсвийн зардлын талтай тэнцэх шахуу 610 тэрбум тенгегийн татвар төлсөн байх юм. Бидний зураг зэрэгцүүлж тавиад гаслаад шогшроод байдаг үсрэнгүй хөгжлийн ард гол нь ийм тогтолцоо буй.

Сумъяабазар сайдаас  “Эрдэнэс Монгол” ХХК-ыг иймэрхүү төрлийн соверн сан буюу үндэсний баялгийн сан болгож хөгжүүлэх хуулийн төсөл УИХ-д оруулах бололтой. Хөгжүүлэх схем өмнө нь батлагдсан Ирээдүйн өв сан, Хөрөнгө оруулалтын сангийн тухай зэрэг хуулиудтай уялдаатай байна.  “Эрдэнэс Монгол” гэдэг маань манай улсын стратегийн ордуудын багцыг эзэмшдэг толгой компани. Дээр жишээ татсан алдарт Эрдэнэс Тавантолгой гэхэд зөвхөн ганц л охин компани нь. Дээр нь нэмээд Оюу Толгойн 34 хувь, Багануур, Шивээ Овоо, Мон Атом, Эрдэнэс метан гээд Монголын гол орд баялгуудыг нэгтгэсэн том нэгдэл юм. Гэхдээ одоогоор бол алтан дээр сандайлсан гуйлгачин гэхэд хилсдэхгүй үзүүлэлттэй. Энержи Ресурс дангаараа 310 сая долларын ашигтай ажилласан 2017 онд гэхэд нэгдлийн хэмжээнд 310 тэрбум төгрөгийн ашиг төлөвлөсөн байх жишээтэй. “Баялгийн сан” нэвтрүүлэгт  34 ордоос цөөн хэдийг, тэр цөөн хэдийнхээ бас хэдхэн хувийг л бүртгэсэн байдалтайг дахин дахин онцолж байгааг анзаарч болно. Тэгэхээр юун түрүүнд баялгаа бүртгэх, гадаад дотоодын хөрөнгийн зах зээлд санал болгох, улмаар орд, уурхайн хөгжүүлэлт бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, тэр нь иргэдийн амьдралд бууж ирэх тогтолцооны шийдэл эрэх шатандаа явж байгаа гэсэн үг.

“Том сэтгэмээр байна, ДНБ-ээ арав дахин, цалинг тав дахин, тэтгэврийг гурав дахин нэмэх боломжтой, гол нь дэлхийн дүрмээр, том зургаар хөдлөх хэрэгтэй.”  Д.Сумъяабазар

Миний хувьд хэлдгээ л хэлэх байна. Хөгжил дэвшил хүсэл эрмэлзлээс чинь эхлэлтэй шүү гэж. Зарим нь юу гэхийг бүр урдчилаад уншиж байна. Сумъяабазар соверн сан хийнэ гэж юу байсан юм гэнэ, Эрдэнэс Монголыг ийм болгоно гэж хаа байсан юм, болдоггүй л биз дээ, бүтдэггүй л биз дээ гэж ирээд няцаалт, үгүйсгэл, үл итгэл ар араасаа хөврөх нь дамжиггүй. Өмнөх тэмдэглэлээсээ давтъя: Аливаа асуудлыг тухайн асуудал үүссэн үеийн сэтгэлгээний түвшинд шийдэх боломжгүй гэдэг алтан дүрэм бий. Үүнд хүсэл эрмэлзэл ч багтана. Тогтолцоотой болъё гэж хүсэхгүйгээр, түүнийгээ илэрхийлэхгүйгээр, тийм санал гаргаж байгаагаа дэмжихгүйгээр тэр санал хүслийг чинь бүлтийтлээ харж байгаад хууль баталдаг муугаар хэлбэл поп, сайнаар хэлбэл ардчилсан улс хаашаа ахих вэ? Том зураг, тогтолцооны дэвшил, хөгжлийн тухай хүсэл мөрөөдөл өгөх зорилгоор нэвтрүүлэг хийгдэж, түүнд нэмэр болох хүслээр үүнийг татлав. Тунгаах ажлыг мэргэн уншигчид үлдээе.

arrow icon