Нийтлэл 04 сарын 19, 2018

Нэг толь бичиг яаж нийтээр мөрдөх хэм хэмжээ болсон бэ?

ТОЛЬ БИЧИГ ИЛТГЭЛ #1.

ОРЧИН ЦАГИЙН ТАЙЛБАР БОЛОН ЗӨВ БИЧИХЗҮЙН ТОЛЬ БИЧИГ

/Үүрэг, ач холбогдол/

ХБНГУ-ын хэлний зөвлөлийн гишүүн, дэлхий дахинаа танигдсан Дүдэн толь бичгийн редакцын эрхлэгч асан, доктор профессор Маттиас Вермкег “Монсудар” хэвлэлийн газар урьж,  МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн болон Гётё институттай хамтран “Хэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арчилж, тордох нь” сэдэвт цуврал илтгэл хэлэлцүүлгийг 2018.04.03-04.05-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

Дээрх өдрүүдэд тавигдсан илтгэлийн агуулгыг бид товчлон цувралаар хүргэж байна.  

Энэхүү илтгэлээрээ тэрээр хэлний хамгийн чухал толь бичиг болох утгазүйн болон зөв бичихзүйн толь бичиг, тэдгээрийн үүрэг, ач холбогдол болон орчин цагийн тользүйн талаар тойм мэдээлэл өгсөн болно. Энд түүний өгүүлэх зүйлс нь Дүдэн хэвлэлийн газрын Дүдэн толь бичгийн редакцыг 15 жил удирдаж, ерөнхий редактораар 8 жил ажилласан мэдлэг туршлагаас нь үүдэлтэй юм. Мэдээж, тэрээр энэ илтгэлдээ энэхүү өргөн ойлголтыг бүгдийг нь багтаан тайлбарлаж амжихгүй тул тэдгээрээс сонгон товч өгүүлэх бөгөөд тодруулах зүйлсээ хэлэлцүүлгийн үеэр асууж болохыг анхааруулсан юм. 

Энэ удаагийн илтгэлээр: 

  1. Хэл нь орчин цагийн тользүйн судлагдахуун болох нь
  2. Утгазүйн буюу тайлбар толь бичгийн тухай
  3. Зөв бичихзүйн толь бичиг (хэлний хэм хэмжээ тогтоодгоороо онцгой тохиолдол болох нь) гэх гурван хэсэгтэй. Эцэст нь товч дүгнэлт хийж, цаашдын хэтийн төлөвийн талаар товч дурдана.

Ингээд илтгэлийн агуулгадаа оръё. 

“Толь бичиг” хэмээх ухагдахууныг зөвхөн хэвлэмэл толь бичигт хамаарахгүйгээр ойлгох хэрэгтэй. Учир нь толь бичгүүд зөвхөн хэвлэмэл байдлаар байхаа больж, өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцэн нэн тэргүүнд онлайн хэлбэрээр байх нь түгээмэл болсон.

1. “Хэл орчин цагийн тользүйн судлагдахуун болох нь”

Өнөөгийн герман хэл нь харагдаж байгаа шигээ тийм ч нэгдмэл хэл биш юм. Хэл нь их бага хэмжээгээр тогтсон дүрэмтэй. Энэ нь тухайн хэлээр харилцагчдад “хэлийг бусадтай ойлголцохын тулд ашигладаг нэгдмэл систем” гэсэн ойлголтыг төрүүлдэг. 

Гэвч эх хэлтэн болон герман хэл сурч буй хүн бүр герман хэл чинь яг герман хэл биш юм байна гэдгийг мэдэрдэг. Сүүлийн 40 жилийн судалгаанаас  үзэхэд герман хэлэнд маш олон нутгийн аялгуу, хувилбар байна. Тэдгээр нь ч герман хэлийг  бүрдүүлж, тодорхойлж байдаг бөгөөд энэ нь цааш маш олон янзаар задардаг. 

Үүнээс үүдэн хэлний маш олон ангилал байх бөгөөд тэдгээрээс тользүйд хамааралтай түгээмэл ангиллуудыг энд дурдъя. 

Газарзүйн /диатопик/ ангилал: Энэ ангиллын дагуу аман аялгуунууд, их бага хэмжээний газар нутгийг хамарсан нутгийн аялгуунууд болон орон даяар албан ёсоор хэрэглэдэг ерөнхий хэл буюу утга зохиолын хэл гэж ангилна.

Давхаргын /диастратик/ ангилал: Үүнд, нийгмийн давхарга болон  боловсролын түвшин зэргээс хамаарч хүмүүсийн хэл яриа өөр байдаг.

Харилцааны /диаситуатив/ ангилал: Энэ нь тухайн нөхцөл байдал, орчин тойрон, харилцагчийн ялгаанаас үүдэх бөгөөд үүнээс хамаарч хэлний харилцаа ч мөн өөр өөр байна. 

Найруулгын зэргийн /диаквалитатив/ ангилал: Үүнд, найруулгын хамгийн доод түвшинд бүдүүлэг хэл яриа, дээд түвшинд  уран зохиол, яруу найргийн хэл багтдаг. 

Түүнчлэн герман хэл нь бие биеэсээ ихээхэн ялгаатай Германы герман хэл, Австрийн герман хэл, Швейцарийн герман хэл гэсэн гурван үндэстний хувилбартай. Герман хэл ийм олон хувилбартайгаараа онцлог бөгөөд тэдгээр хувилбар нь нэгээс нөгөөд шилжиж, нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг.

Герман хэл бусад хэлний нэгэн адил байнга өөрчлөгдөж, хувьсдаг ч авиазүйн түвшинд хэлний хувьсал өөрчлөлт гарах нь маш бага. Тодорхой цаг хугацааны хүрээнд авч үзэхэд хэлзүй нь харьцангуй тогтвортой байдаг. Харин үгийн сан хэн ч харсан мэдэгдэхүйц хурднаар өөрчлөгдөж, хөгжиж байна. Шинэ үг зохиох, өөр хэлнээс буюу өнөөгийн нөхцөл шаардлагаар ихэвчлэн англи хэлнээс үг орж ирэх нь ихсэж, үгийн сан өөрчлөгдөж байна. 

Ерөнхий герман хэлний үгийн санг өнөөдөр 300.000-500.000 үгийн хооронд хэлбэлздэг гэж үздэг. Дээр дурдсанчлан маш олон хувилбар, ялгаа байдаг тул нарийн тоог гаргахад хэцүү. Олон нутгийн аялгуу болон мэргэжлийн хэлнүүдийн нэр томьёог хамруулж үзвэл үгийн тоо ч өсөх нь мэдээж. Харьцуулж үзвээс, одоо баримталж буй Дүдэн зөв бичихзүйн толь 145 000 толгой үгтэй. 

Дүдэн толь бичгийн редакц ийм л герман хэлийг судлагдахуунаа болгон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, толь бичиг нь хэлний хэлбэрүүдийн маш олон хувилбар бүхий ширэнгэн ойн нарийхан жимүүдээр хэлийг хэрэглэгч болон сурч буй хүмүүст замчилж байна.  

Үүгээр илтгэлийн хоёр дахь хэсэгт шилжье. 

2.  Утгазүйн (тайлбартоль бичгүүд – Үүрэг, ач холбогдол 

Өдгөө Герман улсад Варих /Wahrig/-ийн нэг боть толь бичиг, Дүдэний цахим универсал толь бичиг болон Дүдэний 10 боть толь бичгүүдийг идэвхтэй хэрэглэгдэж байгаа бөгөөд эдгээр нь тайлбар толь бичиг юм. Мэдээж, үүний хажуугаар хуучирсан, хэлний архив болсон толь бичиг олон бий. Харин энд зайлшгүй онцлон дурдах ёстой нь Герман хэлний универсал тайлбар толь бичиг болох байнга арчилж тордож байдаг цахим Дүдэн (www.duden.de) юм. 

Толь бичгийн төсөл эхлэхийн өмнө редакц нэн тэргүүнд дээр өгүүлсэн хэлний олон хувилбарт байдлаас тайлбарлах судлагдахуунаа сонгох болдог. Өөрөөр хэлбэл, хэлний бодит байдлыг ямар нэгэн хэмжээгээр хязгаарлан авч үздэг. Дүдэн толь бичгийн редакц  тайлбарлах судлагдахуунаа өнөөг хүртэл “Бидний боловсруулсан толь бичгүүд нь орчин цагийн, ерөнхий герман хэлийг баримтжуулж, дүрслэн тайлбарлана” хэмээн тодорхойлдог. Тодруулбал, Дүдэний тайлбар толь бичгүүд “Орчин цагийн ерөнхий герман хэл”-ийг л судлагдахуунаа болгож тайлбарладаг. Судлагдахууныхаа хүрээг тогтоохдоо: 

Ерөнхий хэл: Бүс нутгийн зааг, бүлэг, нөхцөл байдал, эхийн хэлбэрээс үл хамааран улс даяар нийтээр хэрэглэгдэх тэр хувилбарыг хэлнэ. Мөн нутгийн аялгууны үг, мэргэжлийн үг хэллэг болон тусгай салбарын үг хэллэгүүд ерөнхий хэлэнд хэрхэн хэрэглэгдэж байгааг харгалзаж үздэг.  

Эх сурвалж: Ерөнхий хэлний толь бичиг хийхэд эх сурвалж нь герман хэлний бүх төрлийн эх, бичвэрийг хамарч, харуулах учиртай. Үүнд: уран зохиолын эхээс авхуулаад жирийн хэрэглээний заавар, эрдэм шинжилгээний өгүүлэл, эсээ болон өдөр, долоо хоног тутмын сонин, сэтгүүлүүд гээд бүгдийг хамарсан корпус (corpus - хөмрөг) байх ёстой. Германы засаг захиргааны хил хязгаарт баригдалгүйгээр, Австри, Швейцарь дахь эхийн хэлбэрүүдийг ч мөн харгалзах ёстой. Тэгж байж л ерөнхий герман хэлний дүр зургийг гаргаж чадна. 

Хугацаа: Бие биетэйгээ харилцах гурван үе буюу ойролцоогоор 100 жилийн хугацаанд хамаарах судлагдахуун, эх сурвалжийг авч үзнэ. Эдгээр нь дээрх цаг хугацаанд хамаарах бичгийн эх сурвалжууд байх бөгөөд толь бичиг нь хуучраагүй, шинэлэг байх шаардлагатай байдаг тул цаг хугацаа нь байнга урагш шилжиж байх ёстой. Гэхдээ орчин цагт идэвхгүй болж хэрэглээнээс гарсан ч чухал эх, бичвэрүүдэд тааралдах түүхэн үг хэллэгүүдийг бас хамааруулна. Жишээлбэл, өнөөдөр сургуулиудад үздэг сонгодог уран зохиолуудад тааралдах үг хэллэг юм. 

Эх сурвалжид орж ирсэн үг болон түүний утгууд, тэдгээрийн хэрэглээний заалтыг толь бичигт хэзээ оруулах вэ? гэдэг нь тользүйн хамгийн чухал асуулт юм. Тухайн үг тодорхой цаг хугацаанд маш олон төрлийн эх сурвалжаар батлагдаж байж л толь бичигт ордог. Энэ нь  хэлний бодит байдалтай харьцуулахад маш хатуу шалгуур юм. 

Гэхдээ тухайн үг “бичгийн эх сурвалжуудад хэр удаан хугацаанд, ямар давтамжтай хэрэглэгдэж байгаа нь батлагдаж байж ерөнхий хэлний үг хэмээн хүлээн зөвшөөрөгдөн толь бичигт орно” гэх тоо болон чанарын үзүүлэлтээс гадна тухайн цаг үедээ хэр нийцтэй байх ач холбогдлыг мөн авч үзэх ёстой. Толь бичгүүд, ялангуяа тайлбар толиуд нь өгөгдсөн цаг хугацаан дахь хэлний байдлыг л харуулна гэдгээр хязгаарлагдахгүй. Толь бол тухайн цаг үеийнхээ соёлын өв, түүхийн гэрч болно. Өөрөөр хэлбэл, хэлний, нийгмийн, бүр цаашилбал үндэсний бодит түүх, хэлний түүхийн толь болдог. 

Тайлбар толь бичгийн нэн тэргүүний үүрэг нь өгөгдсөн үг хэллэгүүдийн утгыг эх сурвалж, баримт материалаас тодруулж, утгыг тайлбарлаж, хэрэглээний бодит жишээ өгөхөөс гадна зөв бичих, үеэр таслах, үгийн дуудлага, өргөлтийн мэдээллийг өгөх зэргээр олон үүрэгтэй. Ийм толь бичиг нь хэлзүйн мэдээлэл өгч, үгийн гарал үүслийг тайлбарлаж, найруулгын зэрэг болон мэргэжлийн ямар салбарын үг болохыг тодорхойлдог. Түүнчлэн аль нутагт хэрэглэгддэг, хүлээн авагч тухайн үгийг хэрэглэхдээ юун дээр анхаарах хэрэгтэй зэрэг мэдээллийг ч өгнө.

Мөн толь бичгийн хэвлэмэл хэлбэр нь цахим хэлбэрээсээ хамрах хүрээний хувьд хязгаарлагдмал. Цахим толь бичиг нь маш өргөн хүрээний мэдээллийг хамарч чадна. Жишээлбэл, нэр үг, үйл үгийн хувилгалыг бүгдийг нь харуулах боломжтой байдаг. Энэ нь хэлбэрийн хувьд хэлний хүлээн авах болон илэрхийлэх үйл, аль алинд нь ашиглах олон үүрэгт толь бичиг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бичвэрийг уншиж буй хүн мэдэхгүй үг таарч, утгыг нь хам сэдвээс тайлж чадахгүй бол утгын тайлбар толиос тохирох утгыг олж мэднэ. Харин эх бичиж буй хүн тодорхой нэг үгийг тухайн хам сэдэвт хэрэглэж болох эсэх, хэрхэн хэрэглэхээ мэдэхгүй байх тохиолдолд толь бичгээс хэрэглээний тохирох заавар, заалтыг олж, нөхцөл байдал болон харилцагчдаа тохируулж, зөв зохистой бичих боломжтой болдог. Ингэж олон үүрэгт тайлбар толь нь хэлзүй, найруулгазүйн буюу бичгийн зөвлөхийн үүргийг гүйцэтгэдэг. Харин ганц үүрэгт толь нь эсрэгээрээ. Жишээ нь: Дуудлагын толь бичиг нь өгөгдсөн үг болон нэрийн зөв дуудлагыг л харуулдгаараа хязгаарлагддаг.

Сүүлд дурдсан өгөгдлүүд нь толь бичгийг зөвхөн тайлбарлах биш, хэм хэмжээ тогтоох шинжтэй болгодог. Учир нь тайлбар толь бичиг хэлний хэм хэмжээ тогтоох  зорилгогүй ч хэрэглэгчид түүнийг хэм хэмжээ тогтоож буйгаар л хүлээж авдаг. Германд зөвхөн зөв бичихзүйн хэм хэмжээг л албан ёсоор тогтоосон байдаг. Тэгэхээр хэм хэмжээг тодорхойлох шинжтэй болчхож байгаа учраас  доромж, хүндэтгэлийн хэлбэрийн гэх мэт прагматик өгөгдлүүд чухал бөгөөд үүгээр толь бичиг нь хэлийг хөгжүүлэх, тордох үүргийг гүйцэтгэж, цаашлаад хэлзүйн хувьд аль нь зөв, сайн болохыг заадаг. 

Тиймээс утгын их тайлбар толь бичиг бол хэлийг идэвхтэй, ухамсартай, хариуцлагатай хэрэглэх явдлыг дэмжих, хөгжүүлэх зайлшгүй чухал хэрэгсэл юм. Тайлбар толь бичгүүд  хэлийг дотоодод нь бэхжүүлж байдаг ч ялангуяа үгийн сангийн хувьд нийгмийн хурдацтай хөгжилд нээлттэй байх ёстой. 

Утгын их тайлбар толиуд нь харилцаа, хамтын үйл ажиллагааг хөнгөвчлөх бөгөөд аливаа хязгаарлалт хийхгүйгээр бататгаж, хамгаалж байдаг. Тайлбар толь бичиггүйгээр өнөөгийн хэл ямар байхыг төсөөлөхийн аргагүй болжээ. 

Даяарчлагдаж буй өнөө үед  жижиг хэлнүүд “дэлхийн хэл” гэгдэх том хэлнүүдийн нөлөөнд автах нь ихсэж байгааг хайхрахгүй байж болохгүй. Үүнд зөвхөн англи хэл биш, араб, хятад хэлийг ч оруулах хэрэгтэй.  Иймээс толь бичиг нь хэлийг зөвхөн харилцааны хэрэгсэл гэдэг утгаар нь ойлгох биш, соёлын ухамсар, нэгдлийг дэмжих учиртай гэдгийг мөн харгалзана. Утгын буюу нэг хэлний толь бичиг бол тухайн хэлийг сурч байгаа суралцагчдад соёлыг нь таних, соёлд ойртоход туслах чухал хэрэгсэл болдог. Жишээлбэл, европ хүн монгол хэлийг ахисан түвшинд сурахыг хүсэж байвал хэзээ нэгэн цагт өргөн хүрээг хамарсан, шинэ тайлбар толиос татгалзаж чадахгүй нь ойлгомжтой. Хос хэлний, орчуулгын толь бичгүүд гадаад хэлийг сурахад ихээхэн тус болдог ч хэлний мэдрэмжийг олгож чадахгүй, түүгээр илрэх соёлыг зааж, дамжуулж чадахгүй. 

 Одоо зөв бичихзүйн толь бичгийн талаар товч авч үзье. 

3. Зөв бичихзүйн толь бичиг нь хэм хэмжээ болон онцгой тохиолдол болдог 

Германд Дүдэн толь бичиг нь албан ёсны эх сурвалж болдог. Өөрөөр хэлбэл, “Дүдэн-Герман хэлний зөв бичихзүй” хэмээх толь нь зөв бичгийн эргэлзээг тайлах стандарт лавлах бичиг юм. 1880 онд 32.000 үгтэй зөв бичихзүйн толь гарч байснаас хойш өдгөө 145.000 үгтэй өргөн хэрэглээний толь бичиг болтлоо өргөжин хөгжсөн. Гэвч Дүдэн одоо ч толь бичиг дэх үгсийнхээ зөв бичлэг, үеэр таслах зэрэгт анхаарсаар л байгаа. Үүний зэрэгцээ хэлзүйн, хэрэглээний заалтууд байх бол гадаад болон мэргэжлийн үг хэллэгт нэмэлт утгын өгөгдлүүд байдаг. Тиймээс Дүдэн толь бичиг нь эх хэлтнүүд хэлний бүхий л эргэлзээгээ тайлахад ашигладаг хосолмол толь бичиг болсон. 

Дүдэн толь бичиг герман хэлний хүрээнд ийм үүрэгтэй болсон нь хоёр хүчин зүйлээс шалтгаалсан. Нэг нь агуулгын, нөгөө нь эрхзүйн хүчин зүйл юм. 

Агуулгын хүчин зүйл: Герман хэл бол бусад хэлний нэгэн адил хэлний бүлэг дотроо хүлээн зөвшөөрөгдсөн, хэлзүйгээр бичигдсэн, хэрэглээний дүрэмд захирагддаг. Хэрэглээний дүрэм нь хэлний хувьслаас шалтгаалж тодорхой хугацааны дараа өөрчлөгддөг. Тэдгээр өөрчлөлт нь илэрхий их бол хэлзүйг шинэчлэн бичих шаардлага гардаг. Хэлзүйн дүрэмтэй харьцуулахад Герман, Австри, Швейцарь улсуудад зөв бичих дүрэм, цэг тэмдэг тавих нь албан ёсоор зохицуулагдаж, зайлшгүй дагаж мөрдөх ёстой зүйл болсон байдаг. Тиймээс энэ нь өдөр тутам болон хэлний ухамсарт онцгой байр суурийг эзэлдэг. 

XX зууны эхэн үе буюу 1901 онд албан ёсоор мөрдөх Герман хэлний зөв бичихзүйн дүрмийг баталсан. Тэр дүрэм нь “Нэгд, хэлний институтуудын шаардлагаар нэгдсэн нэг бичлэгтэй болох хэрэгтэй. Хоёрт, үүнээс чухал асуудал нь хүүхдүүд Германы хаана ч сургуульд явдаг байсан, бүгд ижил дүрмээр сурах шаардлагатай” гэсэн үндсэн хоёр зорилготой байсан.

Германд зөв бичих гэдгийг бага сургуульдаа сурсан байх ёстой зүйл гэж ойлгодог. Цээж бичигт муу дүн авах, зохион бичлэгээ алдаатай бичиж, дүнгээ бууруулах зэрэг нь ичгэвтэр зүйлд тооцогддог байсан, одоо ч хэвээр.  Өдгөө хүүхэд залуучуудын зөв бичих чадвар улам бүр муудаж байна гэх яриа байдаг ч судалгаанаас үзэхэд харин ч залуус зөв бичихийн ач холбогдол буюу зөв бичдэг байснаар мэргэжил боловсрол эзэмших, ажилд ороход чухал нөлөөтэй гэдгийг бүрэн ухамсарласан нь харагддаг. 

Зөв бичлэгийн нэгдсэн, сайн дүрэмтэй байхад тухайн хэлийг гадаад хүмүүс сурах, хэл тархахад ч сайн нөлөөтэйг мартаж болохгүй. 

Эрхзүйн хүчин зүйл: 1903 онд Швейцарьт Дүдэн толь бичгийг сургуульд үзэх, нийтээрээ баримтлах, албан ёсны толь бичиг гэж зарласан. Харин 1953 онд Герман улсад мөн тэгж зарласан юм. 1996-2004 онд зөв бичих дүрмийг албан ёсоор шинэчилснээр Дүдэн толь бичгийн онцгой байр суурь Германд эрхзүйн хүрээнд алдагдсан ч Швейцарьт хэвээр. Гэхдээ бодит байдал дээр Дүдэн толь бичгийн үүрэг, хамрах хүрээнд онцын өөрчлөлт огт гараагүй.

Тэгэхээр яагаад нэг толь бичиг нийтээр мөрдөх хэм хэмжээ болчихсон юм бэ? гэсэн асуулт гарах байх. Түүний хариултыг Дүдэнийг үндэслэгч, гимназийн багш асан доктор Конрад Дүдэн /Conrad Duden/ олсон юм. 

Тэрээр хэлийг хэрэглэгчид хэлзүйн нарийн төвөгтэй дүрэм, дүрмийн системийг харж, эргэлзээтэй зүйлсийн учрыг ойлгохыг огтхон ч хүсдэггүй. Харин маш хурдхан, амархнаар л толь бичгээс харж, эргэлзээгээ тайлах нь л тэдэнд чухал гэдгийг тэр анзаарчээ. Тиймээс тэрээр хэлийг хэрэглэгчид юу хүсэж байна түүнд нийцүүлж, 1880 онд герман хэлний зөв бичихзүйн толь бичгийг гаргасан юм. Харин өдгөө Дүдэн хэвлэлийн газрын Дүдэн толь бичгийн редакц нь герман хэлийг байнга ажиглаж, шинжилж Дүдэн толь бичгээ өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн арчилж тордсоор байна.

Өнөөдөр Дүдэний зөв бичихзүйн толь бичгийн онцгой үүрэг дараах байдалтай байна: 

Нэгд, Хэрэглэгчдийн дунд Дүдэнийг Герман хэлний үгийн санг бүрэн дүүрэн багтаадаг гэсэн  ойлголт байна. Бүр болж өгвөл, мэргэжлийн, нутгийн, бүсийн хэлний бүрэлдэхүүн хэсэгтэй нь, хэрэглээний гадаад үгсийг өргөнөөр хамарсан, найруулгын бүхий л төрлийг харгалзсан цогц байдлаар нь хамардаг байгаасай гэсэн хүлээлт байна. Олон нутгийн аялгууны үг хэллэгийг мөчидхөн авч үзэх нь хэвлэмэл толь бичигт хязгаарлагдмал байсан нь ойлгомжтой. Зөв бичихзүйн толь бичигт ч, утгын тайлбар толь бичигт ч энэ нь адилхан хязгаарлагдмал. 

Хоёрт, Хэрэглэгчид Дүдэн толь бичиг зөв хэрэглээний зааварчилгаа өгнө гэсэн хүлээлттэй байдаг. Дүдэн шиг хэрэглээний толь бичгүүд хэлний бүхий л төрлийн гарын авлага болон ойлгоход бэрх гэж үздэг хэлзүйн ном, бичгүүдийг ч орлодог. Учир нь, анхлан суралцагчид эргэлзсэн үедээ ихэвчлэн буруу юу, зөв үү гэсэн хувилбараар л боддог. Гэтэл энэ нь хэл шинжлэлд хэдийнээ сонирхохоо больсон зүйл. 

Иймээс толь бичгүүд нь Дүдэний адил өөрсдийнхөө хэлийг тайлбарлах үүрэгтэй гэдэг ч хэрэглэгчдийнхээ хувьд хэдийнээ зөв, бурууг хэлж өгөх, хэм хэмжээ тогтоох үүрэгтэй болсон байдаг. Тухайн үг Дүдэн толь бичигт байхгүй бол герман үг биш, хэрэглэж болохгүй гэж хэтрүүлэн ойлгодог хэрэглэгчид ч бий. Хэрэв тийм байсан бол толь бичиг нь “хэл хариулагч” байж, хэлний байгалийн, жам ёсны хөгжлийн эсрэг зүйл болох биз. Толь бичгийн үүрэг ийм зүйл байж болохгүй.

Дүгнэлт, хэтийн төлөв

Бид амьдралын бүхий л салбарын өөрчлөлт, хөгжлийн үед амьдарч байна.

Даяаршлын энэ цаг үед ард түмэн, хэлний бүлгүүд нэгдэж, шинжлэх ухаан, техникийн бүхий л салбарт үсрэнгүй хөгжиж, цаг хугацаа, орон зайг үл харгалзан харилцах боломжтой болж, янз бүрийн үндэстнүүдийн хооронд соёлын солилцоо явагдаж байгаа зэрэг нь бидний өдөр тутмын амьдралыг өөрчлөөд зогсохгүй, бидний хэл, түүний хөгжилд ч далайцтайгаар нөлөөлж байна.

Миний герман хэлний жишээн дээр тайлбарлахыг оролдсон зүйлс бусад хэлэнд ч хамаатай. 

Ямар ч салбарын хөгжил тухайн хэлний хөгжилтэйгөө гар гараа барилцан хамт явагдаж байдаг тул орчин үеийн нийгмийг их тайлбар тольгүйгээр төсөөлөх аргагүй. Францын хэлний академи нь 1990 онд гаргасан их тайлбар толь бичгийнхээ 9 дэх хэвлэлд “Энэхүү толь бичигт 60 000 үг нэмсэн” гэж бичсэн байдаг. 8-9 дэх хэвлэлийн хооронд 50 гаруй жил болсон байдаг. Толь бичигт ийм их тоогоор үг нэмэгдэж байна гэдэг нь хэлийг хамгаалж, тордох цаашлаад хэл нь нийгмийн хөгжилтэйгөө хөл нийлүүлэн алхах нь хэчнээн чухал болохыг харуулж байна. 

Энэ нь толь бичиг бүтээх төслүүдэд хэлийг байнга ажиглах, судлах, тасралтгүй тайлбар хийж байх шаардлага тавигдсан нөхцөлд л хэрэгжих боломжтой. Учир нь хэл зогсолтгүйгээр хөгжиж л байдаг. Германд Дүдэн толь бичгийн редакц эрдэм шинжилгээний бусад толь бичгийн нэр хүндийг унагалгүйгээр үүнийг баталгаажуулж чадсан. Франц болон бусад оронд энэ үүргийг гүйцэтгэдэг үндэсний томоохон байгууллагууд байдаг. Францын хэлний академийн дээр дурдсан толь бичиг бол үүний тод томруун жишээ юм.

Хэлний хөгжлийн цөм нь утгын их тайлбар толиуд байдаг бөгөөд түүгээр л шаардлагатай хүрээнд тухайн хэлний бодит байдлыг нарийн тайлбарлаж харуулдаг. Үүний тулд яг таг тодорхойлсон цаг хугацааны хүрээ, өргөн хүрээг хамарсан эх сурвалжийн цуглуулга, толь бичгийн бүтэц, агуулга нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн байх шаардлагатай. 

Францын хэлний академи тайлбар толь бичгийнхээ өмнөх үгэнд ч “Анхаарахгүй орхиж үл болох зүйл бол толь бичиг нь өдөр тутмын хэрэгцээнд тохирсон байх ёстой” гэж дурдсан байдаг. Үүгээрээ толь бичиг нь ажлын чухал хэрэгсэл болох учиртай. Тэгж байж л толь бичиг нь соёлын өвийг хадгалж, өөрөө соёлын нэг өв байгаад зогсохгүй, эрчимтэй хөгжиж өөрчлөгдөж буй энэ дэлхийд бидний хэлийг хамгаалж үлдэх баталгаа болно. 

Сэтгэгдэл бичих

arrow icon