Нийтлэл 05 сарын 21, 2018

Хэнхэг чафка

2004 онд. Нэг өглөө ах маань "Хийх ажилгүй хэнхэг чафкагаас болоод баахан ажил удав" гээд ихэд инээчихсэн сууна. Яасан гэхээр, Baska Shagdar ахын гэр  Вашингтон хотын төвөөс нэлээд зайдуу, хувийн сууцны хороололд байх. Хөдөлгөөнтэй том замаас салаад тэднийх байх циркул буюу тойргийн замруу ороход алив хөдөлгөөн эрс багасна. Тэр сэлүүн замаар нэг км орчим яваад гэртээ хүрэх ба замын яг тэхий дунд нэг ЗОГС тэмдэгтэй (STOP sign) Манай хүн уг нь тэр тэмдэг дээр ямар ч хөдөлгөөн, хүнгүй байсан ч дандаа зогсдог байж л дээ. Нэг удаа тун яарч яваад зогсолгүй өнгөрчихөж, бас нэг хоёр удаа юунаас ч болсон гэлээ, зогсолгүй дүрэм зөрчиж орхиж л дээ. Явган хүн барагтай л үзэгддэггүй зам юм. Гэтэл шуудангаар сануулах бичиг ирэх нь тэр. Тэнд, "Та төдөн цагт, тэнд байх ЗОГС тэмдэг дээр зогсолгүй өнгөрсөн байж магадгүй байна. Анхаарна уу?" гэжээ. Гайхаад өнөөх Зогс тэмдгийн орчимд очиж камер үзээд олсонгүй. Лавлавал, иргэдийн мэдээллээр гэсэн хариу өгчээ. Шалгаж туршиж үзэхнээ нь тэрхүү тэмдгийн дэргэд байх дан цагаан байшинд нэгэн өндөр настай эмгэн амьдардаг агаад, зайлуул, уйдсан самган өдөржин цонхоор ширтэж суудаг байж мэдэхээр. Тэгээд л нэг том бандгар хар машинтай нөхөр Зогс зураас дээр зогсолгүй нэг бус удаа өнгөрөөд явчихаар нь цааш нь утасдаж "матсан" байгаа юм. 

Ах маань хэдий аман дээрээ "Хэнхэг чафка" гэж наргин хөхөрч байвч, цаанаа тэр хөгшний үйлдлийг тун зөвшөөж буй нь анзаарагдав. Ялангуяа АНУ-ын замын хөдөлгөөнд дөнгөж суралцаж буй надад "Дүрмээ яс барих ёстой шүү. Зогс тэмдэг дээр хэзээ ч хүн хөндлөн гардаггүй, хөдөлгөөн байхгүй байсан ч, өдөр ч, шөнө ч заавал зогсож байх ёстой" гэв. Яагаад гэвэл "хэрвээ Зогс тэмдэг дээр зогсолгүй өнгөрөөд сурчихвал хожмоо том осолд хүргэж мэднэ. Дүрмийг өөртөө зуршил болгож хэвшүүлэх ёстой юм. Чи Монголдоо байдаг шигээ боломж харж явна гэж хэзээ ч байж болохгүй" гэж хатуу анхааруулж билээ. Бас болоогүй араас нь "АНУ-г яагаад ийм сүрхий хөгжчихсөний нэг хөл нь энэ дүрэм журмаа аль болох сахин биелүүлэх гэж эрмэлздэг, бас нэгнээсээ нэхдэг явдал юм. Анзаараад байгаарай. Цаадуул чинь айхтар. Төрийн дор хууль буй, хуулийн дор бид амьдрана гэдгээ айхтар мэддэг туучийнууд. Ер нь Зогс гэсэн газар нь зогсож байгаарай. Ямар насаараа зогсох гэж буй биш, тав, сайн бол арван секундын л явдал" гэх мэтээр үглэв. 
Үнэхээр ч тийм. Харин Монголдоо бол өөрөө, өөр. Дөнгөж сая оройн 10,30-д Улиастайн гүүрний буланд нэг явдал болов. Улаан гэрэл урдаас мэлтийж байхад л араас сигнаалдаад байх, Цонхоо онгойлгоод, "Улаан гэрэл байна шүү дээ" гэж учирлавал, "Тэр ямар хамаатай юм, эргүү минь. Цаад зам чинь чөлөөтэй байгаа биз дээ. Хөлдүү гар вэ" гэх. Уг нь тэр залуугийн зөв ч байж мэдэхээр, урд зам чөлөөтэй л байвал, бас тэнд камер л үгүй бол тэр муу улаан гэрэл ер ямар хамаа байх вэ гэмээр... Дээр нь манайд ямар дээр дурдсан "Хэнхэг чафка" нар байх биш. 
Гэхдээ бас тийм биш юм аа. Энэ их энгийн, жижигхэн хэрэг явдал мэт боловч, ахын хэлдгээр хөгжлийн нэг тулгуур мөн үү гэвэл эргэлзээгүй мөн. Ерөөс суурь том асуудал чухам яг энэ мэт энгийн жижигхэн зүйлээр илэрч байгаа нь тэр.
Соц үед 160 хуультай байсан гэдэг. Одоо лавтай 1000 хүрээ байх. Хууль олон болсноор сайхан болчихдог ч юм бас биш шиг ээ, олон цөөндөө гэхээс илүүгээр хуулиа хүндлэн дээдлэх, сахин биелүүлэх эрмэлзэл дээд төрдөө ч, доод бидэндээ ч хэр хэмжээтэй байхаас олон зүйл хамаарч байх шиг байна. Бүх төр засгийн бодлого шийдвэр, хөгжлийн хөтөлбөр, стратегиуд дараалан дампуурсны шалтгаан, энэ их гэмт хэрэг, авилга гаарсны шалтгаан, бид дор бүрдээ ихээр бухимдаж сууцгаадгийн шалтгаан магадгүй энэ мэт энгийн зүйлтэй ч холбоотой байж мэднэ,

Өөрөөр хэлбэл бидний өөрсдийн маань ухамсарт, хууль ёсоо, журам зарчмаа эрхэмлэн дээдлэх, хүндэтгэн сахих хүсэл сонирхол, зориг эрмэлзэл нэн сул байгаа маань бидний хөгжлийг сул дорой болгоод байгаа юм биш үү. 

Надад сүүлийн үед дээд төр засгаас, эрхэм дээдсээс шударга ёс, зарчим нэхэх нь бараг л дэмий талдаа санагдах болсон. Зүйрлэвэл ёроол нь цоорхой хувингаар ус зөөх гэж оролдож буйтай адил мэт. Тэднээс боломжгүй зүйлийг нь бид шаардаад байна шүү дээ. Тэд чинь угаасаа хууль сахиж, хүндэтгэж сураагүй, хэвшиж дадаагүй, зарчим гэж юу байдгийг мэддэг ч үгүй, утга учрыг нь ойлгодог ч тоодоггүй, бүр нулимдаг нөхдүүд шүү дээ. Хөгшин азарга жороо сурдаггүй гэдэг дээ. Харин гэхдээ мэдээж хэрэг тэднийг давраачихгүй шиг л барьж байх нь чухал учраас хянаж, үглэж, шүүмжилж, хааяа бас айлгах гэж оролдож байх нь зөв л байх, гэхдээ айна ч гэж бараг үгүй дээ, ёстой үл тооно. Шоолоод, инээлдээд л сууж байгаа. Тэднийг шахаад шахаад юм гарах шинжгүй. Бас солиод солиод олигтой болшгүй нь. Өнөөгийнх шиг нөхцөлд нэг фийдаалаа нөгөөгөөр нь солихоос хэтрэхгүй. Нэмэгдэхүүний байрыг сольж тавихаас цаашгүй. 
Тэгвэл яах ёстой вэ, энэ байдалтай эвлэрээд бууж өгөөд, нөгөө Гүндалайн хэлдгээр ".ча.... царайлаад сууж байх" хэрэг үү, гэвэл биш. Нийгэмд аливаа зөв хандлага, шударга ёс, зөв зарчим зөвхөн ганцхан дээрээс, толгойноос хамаардаг ч юм биш аж. Харин бид зөвхөн дээрээс, төр засгаас л шударга ёс нэхэх ба өөрийнхөө бичил орчноосоо тэр бүр тэрхүү шударга ёсоо, зарчмаа нэхэж, бас тийм уур амьсгал бүрдүүлж чаддаг уу?.

Нийгмийн суурь гэж нэг айхтар нөлөөтэй хүчирхэг юм байна. Тэр суурь нь бид өөрсдөө шүү дээ.

"Ямар нийгэм байна, тийм л төр засаг байна" гэдэг нэг эзэнгүй постулат тэнээд явдаг даа. Үнэндээ бол гашуун ч үнэн юм. 
Дээр ахын хэлдэг "Жолооны дүрэм журмыг дадал хэвшил болтлоо өөртөө хэвшүүлэх ёстой" гэдэгтэй адил бид хүсч буй, үр хүүхдүүддээ өвлүүлэх гэж буй нийгмээ ямар байлгахыг хүсэж байна вэ, түүнээ ядахдаа эргэн тойрноосоо бүр хэвштэл нь нэхэж шаардаж байх нь явж явж, тэр дээр байгаа болдоггүй төр засгийг өөрчлөх хамгийн сайн, үр дүнтэй арга зам биш байгаа. Ингэхэд нийгмийн хөгжил дэвшил, сайн сайхны өмнө зөвхөн төр засаг л дангаараа хариуцлага үүрдэг, хүлээдэг юм биш, бид, иргэн бүр бас хариуцлага үүрдэг, хүлээдэг байж л урагшлана. Энэ харин ч нэг гарцаагүй постулат болно. Өнөөдөр бид асуудал бүгдийг төрд тохож орхичихоод, тэгээд төрөө хараагаад л суух, ядахдаа тэр "хэнхэг чафка" шиг жолооны дүрэм зөрчсөн хүнд шаардлага тавьж чаддаг билүү. Өрсөөд л зүтгэчихдэг маань олонх нь. Орцны үүдэн дээр шүлсээ, тамхиныхаа ишийг шидэж буй залууст үг хэлдэг нь хэд вэ? Орцондоо, эсвэл хашаагаа давуулаад хогоо цацдагт анхааруулдаг нь хэд вэ? Автобусанд настан, жирэмсэнд суудал тавьдаггүй залуус, хүүхдүүдэд хэлдэг нь хэд вэ? Жолооч нь тамхи баагиулаад байхад шаарддаг нь хэд вэ? Цонхоороо хогоо шиддэг хүмүүст анхааруулж хэлдэг нь хэд вэ? 
Дэндүү цөөхөн нь шахаж шаардаж, үглэх. Тэгээд өөдөөсөө хараалгаж, бөөн хэл ам болдог болохоор халшраад амаа жимийх нь их талдаа. Нэлээд олуулаа тийн үглээд, "хэнхэглээд" эхэлбэл эрх биш өөр болно доо. Ингэхэд төрийн үүрэг, хариуцлагаас гадна бас Иргэн та бидний үүрэг хариуцлага гэж байх ёстой. Иргэний нийгэм гэдгийн маань мөн чанар чухам энд бий. Зэрлэг хогийн ургамал ургах эсэх нь хөрснөөс ихээхэн шалтгаалдаг биз. Тэгээд тэр зэрлэг хогийн ургамал ургасаар эцэст нь толгой дээр гараад зайдагначихаж байна. Нийгмийн суурь үнэлэмж, хандлага, эрмэлзэл өөрчлөгдөөгүй бол төр мянгантаа солигдоод нэмэргүй гэдгийг бид гашуунаар үзэж харж, мэдэрч туулж явна. 
Гэрийнх нь гадаа нэг машин "Зогс" тэмдэг дээр зогсохгүй явах нь үхлээ хүлээн буй хөгшинд бараг юуны хамаа гэмээр. Гэвч тэр хүнд нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлэх хийгээд бусдаас түүнээ нэхэх нь хэвшил болчихсоных юм.
Ер нь зөв зүйл дээрээ бүгдээрээ жаахан хэнхэгдүү л байцгаамаар байна шүү, тэр "Хэнхэг чафка" шиг. 
Хэн ч тэр ЗОГС гэсэн газар зогсдог л болчихвол их юм өөрчлөгдөнө дөө.

Сэтгэгдэл бичих

    • Оно
    • 2018-05-24

    Сайхан бичжээ.

    • Оно
    • 2018-05-24

    Сайхан бичижээ.

arrow icon