Нийтлэл 09 сарын 17, 2018

Дөрөвдүгээр цахилгаан станцийн үнэ цэнэ ба нийслэлчүүдийн ухаарал

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилсэн эрчим хүчний системийн доголдол гарч Улаанбаатар хотын замын гэрлэн дохионууд унтарч, цахим гүйлгээ гацаж, улсын онцгой объектууд харанхуй суулаа.  Төвийн бүсийн эрчим цахилгаан эрчим хүчний хэрэглээний 70 хувийг дангаараа хангадаг IV цахилгаан станцад гэмтэл гарч, улмаар III станцын үйл ажиллагаанд нөлөөлснөөр нийслэл хот тэр чигтээ цахилгаангүй болсон. Цахилгаан эрчим хүчгүйгээр нэг ч хонож чадахгүйгээ ойлгосон Улаанбаатарчууд багш нарын ажил хаялт яах вэ, цахилгаан станцынхан ажил хаявал дуусах юм байна гэж хошигноод ч амжсан. Тэгвэл энэхүү үйл явдал нь нийслэлчүүдэд, бодлого боловсруулагчдад хэд хэдэн чухал зүйлсийг анхааруулав.

Цахилгаангүй бол хот тэр чигтээ хөлдөнө

IV цахилгаан станцад ямар нэгэн гэмтэл гарахад Улаанбаатар хот хөлдөх, хүн ардын амь насанд аюул заналхийлэх эрсдэлтэй гэдгийг аль 2014 онд Монгол Улсын эрсдэлийн тойм шинжилгээ, тайланд өгүүлсэн байдаг. Харин энэ сарын 15-нд IV цахилгаан станцад гарсан гэмтэл нь үүнийг дахин санууллаа. Эрчим хүчний хэрэглээний 70 хувиас гадна өвөл хотын дулааны 60 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг IV цахилгаан станцын үйл ажиллагаанд доголдол гарснаар нийслэл хот хөлдөх хүртэл эрсдэлд хүрч болзошгүй.

Цахилгаангүй үед төв цэвэрлэх байгууламж усанд автав

Цахилгаангүй болсны улмаас Төв цэвэрлэх байгууламж усанд автжээ. Тодруулбал цахилгаан тасрахад бүх насосууд ажиллагаагүй болж бохир ус хальж цахилгааны шитүүд нь бохир усанд живсэн байна. Нийслэл хот цахилгаангүй болоод зогсохгүй бохир усандаа живэх нөхцөл байдал ч үүсэв.

Мэдлэг боловсролыг чанартай эзэмших ёстойг сануулав

Тус гэмтлийн талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэлгэн засах үед технологийн горим зөрчигдсөн байх магадлалтай гэх мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэсэн байж болзошгүй байна.  Хэрэв үнэхээр хэн нэгэн ажлын хариуцлага алдаж эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж чадаагүйн улмаас энэ мэт эвдрэл гэмтэл гарсаар байвал манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад хотод эмх замбараагүй байдал бий болно.

Гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон нэмэлт нөөцөө хангалттай базаахыг сануулав

Гэмтлийн үед эрүүл мэндийн түргэн тусламжийн хэсгүүд болон эмнэлгийн байгууллагууд хэвийн горимд ажиллажээ. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрүүл мэндийн байгууллагууд эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үзүүлсэн байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, Улсын гуравдугаар төв эмнэлэгт бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийсэн тухай холбогдох яамнаас мэдээлэв. Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд есөн эх хэвийн амаржжээ.

Системийн ачаалал нэмэгдэж дахин цахилгаан станц хэрэгтэй байгааг сануулав

 Системийн хэмжээнд дутагдал үүсэхээр үүнийгээ нөхөхийн тулд хугацаа шаарддаг. Тухайлбал, 380 орчим МВт-ын эрчим хүч үйлдвэрлэж буй станц зогсохоор тэр хэмжээний эрчим хүчээ маш хурдан болгох бололцоо Монголын эрчим хүчний системд маш хүнд байдаг. Учир нь Монгол улс импортын эрчим хүч хэрэглэдэг. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчээс шалтгаалан ачаалал нэмэгддэг. Нарны гурав, салхины хоёр станц бий.

Нийлээд 150 орчим МВт гэсэн үг. Орой 17.00 цагаас хойш нарны станцууд автоматаар эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоодог. Үүнийг нүүрсний эрчим хүчний станцууд нөхдөг. Салхины эрчим хүчний хоёр станцын суурилагдсан хүчин чадал 110 МВт. Тэгэхээр яах ч аргагүй дахин цахилгаан станц барих зайлшгүй нөхцөл байдал үүсэж байгааг  Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох онцоллоо. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon