Нийтлэл 01 сарын 16, 2019

ХҮНИЙ ЭРХ: Үл ялгаварлан гадуурхалт ба эрх чөлөө

Хүний эрх нь хүнд угаас заяагдсан, өөрт байдаг төрөлх чанарыг илэрхийлсэн, хүн болж төрснийх нь хувьд байгалиас заяагдсан өгөгдөл бөгөөд түүнийг харин олон улсын түвшинд болон үндэсний түвшинд баталгаажуулах, хамгаалах үүргийг төр, байгууллага, зэрэг олон хүмүүст хүлээлгэдэг. Ийнхүү хүний эрхийг хангах, хамгаалах үүргээ төр биелүүлэхдээ үндэсний хууль тогтоомж , олон улсын гэрээгээр баталгаажуулахдаа тэгш байдлыг ханга ялгаварлан гадуурхах нь хүний эрхийн зөрчлийн суурь болж байгаагтуршлага бий. Гэхдээ хүний эрхийн асуудлыг бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зөөлөн шинжтэй хэм хэмжээ буюу тунхаглал байдлаар хүлээн зөвшөөрүүлж, аажимдаа үзэл баримтлалыг өөриймшүүлсэн тохиолдолд заавал биелүүлэх олон улсын гэрээ байдлаар баталдаг. Үүнийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал баталж, хожим хоёр пакт  байдлаар соёрхон баталснаас харж болно. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл ялгаварлан гадуурхах явдал түгээмэл тохиолдохын хамт хүний эрхийн зөрчлийн үүсгэж, цаашилбал нийгэмд тэгш байдлыг улам сөргөөр нөлөөлж байна. Үүнд соёлын нөлөө их байгааг олон зүйлээс харах боломжтой.

НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2 дугаар зүйлд  “арьс, үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгаа”-гаар ялгаварлан гадуурхахгүйгээр эрхээ эдэлбэл зохих тухай заасан байдаг. Мөн үүнд тухайн хүний амьдарч буй улс, нутаг дэвсгэр, нөхцөл байдалд хязгаарлагдмал нөхцөл үүссэн ч ялгаварлан гадуурхахыг зөвтгөх үндэслэл болохгүй. Ялгаварлан гадуурхахгүй байх зарчим нь тэгш байдлыг хангах, түгээмэл байх, салшгүй байх, хүний эрхэм чанарыг дээдлэх гэх мэт бусад зарчимтайгаа салшгүй уялдаж, нөхцөлдөж байдаг.

Ялгаварлан гадуурхалтын хэмжээ 

Үүний зэрэгцээ олон улсын гэрээгээр тодорхойлсон шалгуур нь хүний эрхэм чанарыг үгүйсгэж байсан хүн төрөлхтний түүхэнд зонхилсон үйл явдлаас жишээлсэн бөгөөд бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхаж болно гэсэн үг биш. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1 дүгээр зүйлд заасан хүний эрхэм чанар (human dignity) тэгш байдлыг хангах зарчмын үндэс бөгөөд хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнэтэй амьдрах, бусдыг хүндэтгэх бусдаар хүндэтгүүлэх, эрхээ эдлэхийг илэрхийлэх тул ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Дэлхийн хаана байх, ямар зан заншил, уламжлал, ёс зүйн үнэт зүйлстэйгээ үл хамааран хүнийг эрхэм чанартай бодь гал хэмээн хүлээн зөвшөөрөх нь түгээмэл байх зарчмын тулгуур юм. Ямар ч тохиолдолд “хуульд заасан үндэслэл” “уламжлал зан үйл” “шашны хэм хэмжээ” зэрэгт үндэслэж, хүний эрхэм чанарыг үл хүндэтгэсэн дордуулсан, хүчирхийллийг зөвтгөсөн, хүч, албадлага хэрэглэхийг хөхиүлэн дэмжсэн үйлдэл гаргаж болохгүй. Үүнийг салшгүй байх зарчим гэнэ.

Дэлхийн 2-р дайны дараа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршил хэсэгт “Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хүлээн үзэж, хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь нэг чухал гэдгийг анхааран” хүн төрөлтний сургамж, мөнхийн хүслийг 7 жилийн тэртээ илэрхийлсэн билээ. Үүнтэй уялдан манай Үндсэн хуулийн оршилд ч ард түмний үндэсний хэмжээний зөвшилцөл алсын хараа, эрхэм зорилгоо буулгасан гэж үзэх үндэстэй юм. Хожим 2010 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаар улам нарийвчлан тодорхойлсон бөгөөд үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийн ч холбогдлыг тусгайлан заасан байна. Тодруулбал

1.1  Үндэсний аюулгүй байдал

1.1.2 Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

1.1.3 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл байдлыг хамгаалан бататгах нь үндэсний аюулгүй байдлыг хангах анхдагч нөхцөл мөн.

 3.3.3 Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх

  3.3.3.1. Нийгмийн ёс суртахуун, сэтгэл зүйн төлөвшил, үнэт зүйлсийн нэгдмэл байдлыг хангах нь үндэсний аюулгүй байдал эв нэгдэл, зөвшилцлийг хангах суурь болно.

 3.3.3.2. Эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төрт ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх бодлогыг төр, иргэн, хэвлэл мэдээллийн салбар хамтран хэрэгжүүлнэ.

3.3.3.3. Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болсон үндэсний эв нэгдэл нийгмийн зөвшилцлийг бэхжүүлж, улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ.

3.3.3.4 Иргэдийг үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхах нутгархаг үзлийг дэврээх, энэ шалтгаанаар хүний эрх, эрх чөлөөг зөрчих, улмаар үндэсний эв нэгдлийг сарниулж, дотоодын тогтворгүй байдалд хүргэж илрэлтэй хатуу тэмцэл хийнэ.

3.3.3.4 Төв, орон нутгийн бүх төвшинд үндэсний нийтлэг ашиг сонирхол, төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дээдэлнэ. Монгол Улсын дэвсгэрт төрийн албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна.

Дээрх үзэл санааны зэрэгцээ дэлхийн улс орны хөгжлийн үзэл баримтлал нь хэнийг ч ардаа үлдээхгүй, хүн бүрийг тэгш хамруулах, хөгжлөөс үр шимийг хамтдаа тэгш, шударгаар хүртэх , сайн сайхан амьдрах тухай анхаарч байгаа өнөө үед л үл ялгаварлан гадуурхах зарчим нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хөрс суурь болно.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon