МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭНЭ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжицгээe!

УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн II хэлэлцүүлгийг 2019.09.06-нд хийж дэмжсэн бол 2019.09.07-нд уг төслийг ард нийтийн санал асуулга (АНСА) руу оруулж батлуулахаар шийдэв. Зарим сайн заалт 57-оос дээш гишүүний санал аваагүй боловч II хэлэлцүүлгээр дэмжсэн бусад заалтууд бол парламентын тогтолцоог бэхжүүлж шүүхийг хараат бус, шударга болгоход чиглэсэн чухал алхмууд болно. Зарим өөрчлөлт ороогүй нь гүйцэтгэх эрх мэдлийг одоогийнхоос илүү хариуцлагах, хууль тогтоох ажиллагааг сайжруулах, шүүхийг илүү хараат бус, шударга болгоход чиглэсэн заалтуудыг дэмжихгүй байх үндэслэл болохгүй. Энэ удаа хийж чадаагүй зарим нэг нэмэлт, өөрчлөлтийг дараа Үндсэн хуульд оруулж болно.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ойлголцол, зөвшилцлөөр гарч байж хүлээн зөвшөөрөгддөг. Энэ нь маш амаргүй процeсс аж. Энэ нэмэлт, өөрчлөлт нь 1992 оны Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үндсэн бүтцийг эвдээгүй, харин ч тодотгож тордсон, үүгээрээ хамгаалж буй юм. Үүнийг эвдэж мэдэх eсөн шийдийн санал гарсан ч шүүгдээд унацгаасан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт амжилттай болох эсэх нь парламeнтын засаглал, цаашлаад бүр ардчилсан дэглэмээ хадгалж үлдэх эсэх том сорилт болж мэдэх нь. УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаан дээр EТГ-ын дарга З.Энхболд орж ирээд Монгол Улсын засаглалын хэлбэр eрөнхийлөгчийн эсхүл парламeнтын байх уу гэдгийг АНСА-аар асуух төсөл Eрөнхийлөгч өргөн барина гэсэн ноцтой мэдэгдэл хийчихлээ. Ийм eрөнхий асуулт бүхий АНСА явуулах нь хуулиар хориотой. Тэгэхээр парламeнтын тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн АНСА-ыг унагахыг оролдох, дараа нь eрөнхийлөгчийн засаглал руу түлхэхээр оролдох юм байна.

Парламентын ардчилал бол Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа төдийгүй тогтвортой хөгжлийн суурь тул үүнээсээ татгалзвал бид хамтаараа "амиа хорлосон"-той адил юм болно. Тиймээс, парламентын засаглалаа бэхжүүлсэн энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй.

20 жил УИХ-ын таван бүрэлдэхүүн дамжин яригдаж маш сайн судлагдаж сүүлийн гурван жилийн турш иргэдийн санаа бодлыг асууж тусгасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сайн төслийг УИХ-ын нэр бүхий 62 гишүүн 2019.06.06-нд өргөн мэдүүлсэн билээ. Сүүлийн гурван сарын турш бий болсон ойлголцол, зөвшилцөлд үндэслэн УИХ-ын 57-оос дээш гишүүдийн саналаар дэмжигдсэн заалтууд нь ДОРВИТОЙ ШИНЭЧЛЭЛ болно. Энэ нийтлэлээр Засгийн газар, УИХ, шүүх, нутгийн удирдлагатай холбоотой орсон заалтуудыг товч танилцуулъя.

НЭГ. ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараах долоон заалт нь нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлж чадах гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно:

 1) Давхар дээлийг хязгаарлана (39.4): Ерөнхий сайд болон засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно. Парламентын засаглалын мөн чанарыг хадгалж УИХ-ын 5 хүртэл гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүнд орж бодлогын асуудлыг шийдвэрлэх хамтын ажиллагааг хангана. Нөгөө талаар, Засгийн газрын бүх гишүүн УИХ-ын гишүүнээр хавсран ажиллаж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа бүдгэрдэг өнөөгийн байдлыг хална.

2) Засгийн газрыг эмхлэн байгуулах журмыг тодорхой, ойлгомжтой болгоно (39.2, 39.3). УИХ дахь олонхоос Eрөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулах үүргийг Ерөнхийлөгчид хүлээлгэх бөгөөд Ерөнхий сайд танхимын гишүүдээ Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шууд УИХ-д өргөн мэдүүлнэ. УИХ дахь олонх засгийн газрыг эмхлэн байгуулдаг парламентын тогтолцооны шинж дээшилнэ.

3) Засгийн газрыг дөрвөн янзаар огцруулж болохоор Үндсэн хууль заасан байгааг нэг болгоcон цөөлнө. Eрөнхий сайдыг одоогийнх шиг хуралдаанд сууж буй гишүүдийн олонхоор биш харин нийт гишүүний олонхоор огцруулах эсэхийг шийдэхээр босгыг өндөрсгөнө (43.1). Огцруулсан бол шинэ Eрөнхий сайдыг 30 хоногт томилно (43.2), тэгж чадахгүй бол УИХ-ыг тараахаар зааж УИХ-ыг хариуцлагажуулна (22.3). Энэ заалт нь Засгийн газрыг тогтвортой байдлыг өнөөдрийнхөөс дээшлүүлээд зогсохгүй шинэ Ерөнхий сайдыг томилохгүй удах эрсдлийг хязгаарлана.

4) Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл үзүүлэхийг УИХ-аас хүсэж, итгэл хүлээвэл тухайн асуудлаа шийдүүлээд хэрэгжүүлнэ, үр дүнг нь үзнэ (44.1). УИХ итгэл үзүүлээгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож УИХ шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт томилно (44.2), ийнхүү томилж чадаагүй бол УИХ-ыг тараана (22.3). Ерөнхий сайд нийгэм, эдийн засгийн бодлогын чухал асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх, тэгж чадаагүй бол УИХ-аас шинэ Ерөнхий сайдыг томилох хариуцлагыг хүлээнэ.

5) Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглоно (25.1.7). Энэ хориглолт нь УИХ улсын төслийг дур зоргоор өөрчилдгийг хязгаарлаж, харин тооцоо, судалгаатай төсөв батлагдах, нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц болох суурь болно.

 6) Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно (30.2). Энэ нь нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх “идэвхтэй” хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх, харин хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хооронд хямрал үүссэн тохиолдолд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж үндэсний эв нэгдлийг хангах “идэвхгүй” хариуцлагыг Ерөнхийлөгч хүлээх Үндсэн хуулийн үзэл баримтлал хэрэгжихэд дэм болно.

7) Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь хуулиар олгож болно (33.4). Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар нэмж олгодгийг зогсооно.

ХОЁР. ХУУЛЬ ТОГТООХ ЭРХ МЭДЭЛ

Дараах 11 нэмэлт, өөрчлөлт нь УИХ-ын хууль тогтоох ажиллагааг чанаржуулах, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулна:

1) Хууль батлах босгыг өндөрсгөнө (27.2). 20-оос доошгүй гишүүн хуулийг баталдаг байсныг 39-өөс доошгүй болгон нэмэгдүүлж буй нь хуулийн чанар, тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ.

2) УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам 50-аас доошгүй ажлын өдөр чуулдаг байсныг 75-аас доошгүй болгоно (27.6). Чуулганы чуулах хугацааг сунгаж байнгын ажиллагаатай парламентын шинжийг бэхжүүлнэ.

3) УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татах үндэслэл, журмыг тодорхой болгоно (29.3). Ингэснээр гишүүн ард түмний эрчийн хувьд илүү хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

4) Ерөнхий сайдыг томилох саналыг анх оруулснаас хойш 45 хоногт (39.1), Ерөнхий сайдыг огцруулснаас хойш шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт (43.1), эсхүл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзсанаас хойш 30 хоногт (44.2) тус тус шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль товлон зарлана (22.3, 22.4). Ингэснээр Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг байгуулахтай холбоотой УИХ-ын үүрэг хариуцлагыг дээшлүүлнэ. Мөн, УИХ өөрөө тарах нөхцөл, журмыг тодорхой болгоно (22.2).

(5) Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно (26.1). Хууль санаачлах эрхийн цөм рүү халдахгүйгээр зохистой хязгаарлалтыг тогтоосноор хууль тогтоох ажиллагаа сайжирна.

6) Намууд зохион байгуулалтын хувьд дотоод ардчилалтай байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа илт тод байлгах үүргийг хүлээлгэнэ (19(1).3). Энэ заалтаар УИХ-ын сүүлийн гурван удаагийн бүрэлдэхүүн хийхийг зориод чадахгүй байгаа намын шинэчлэл явагдах үндэс болно.

7) УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн хуулийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно (21.4). Ингэснээр 2016 онд сонгууль болохоос 2 сарын өмнө сонгуулийн хуулийг орвонгоор нь өөрчилж байсан шиг зүйл гарахгүй болно.

8) Гүйцэтгэх эрх мэдэлд тавих парламентын хяналтыг сайжруулна (28.2). Бодлогын тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог УИХ-ын нийт гишүүний санаачилгаар заавал байгуулж, тухайн асуудлаарх бодитой дүгнэлт, мэдээллийг УИХ-ын гишүүд болон иргэдэд хүргэх боломж нээгдэнэ. “Олонх шийдэж, цөөнх хяналтаа тавина” гэх парламентын засаглалын зарчим хэрэгжинэ.

9) Төрийн санхүү, төслийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх аудитын байгууллагыг бэхжүүлэх үндэс тавигдана (25.1.6). Ингэснээр төрийн аудит хараат бусаар хэрэгжиж ард түмэн, татвар төлөгчдийн нүд чих болно.

10) Байгалын баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтооно (6.2). Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй болно.

(1) Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэхэд чиглэсэн ард нийтийн санал асуулга эсхүл бусад оролдлогыг хориглоно (25.1.16).

ГУРАВ. ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ

Дараах гурван заалт нь шүүхийг илүү хараат бус, хариуцлагатай, шударга болгох суурийг тавина.

1) Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд зааж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлнэ (49.5). Тус зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж хуульд заасан журмаар томилно; гишүүд нь дөрвөн жилээр зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд даргаа дотроосоо сонгоно.

Зөвлөлийн гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг царцааж өгснөөрөө түүний тогтвортой байдал, залгамж чанарыг дээшлүүлнэ. Зөвлөлийн гишүүдийн талыг шүүгчид дотроосоо сонгож, зөвлөлийн гишүүд даргаа дотроосоо сонгож буй нь тус зөвлөл дахь улс төрийн болон бусад зүй бус нөлөөллийг хязгаарлана. Шүүгч болон шүүгч бус гишүүдийг тэнцүү төлөөлөлтэй оруулснаар шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцлийг хангана. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулахаар зааж буй нь УДШ-ийн дор ШЕЗ-ийг захируулах, хянуулах зорилгогүй, харин тус зөвлөл болон шүүх хоорондын уялдаа холбоог хангах, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн Зөвлөлийн үйл ажиллагааг ил тод болгох, хариуцлагажуулах зорилготой.

2) Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно (49.6). Шүүхийн сахилгын хороог бие даалган байгуулснаар шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоог тогтвортой, үр нөлөөтэй болгох үндсийг тавихын зэрэгцээ ШЕЗ-ийн зүгээс уг хорооны үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлана.

3) Шүүхийг тойргийн журмаар байгуулах боломжийг нээнэ (48.1). Энэ нь дүүрэг дундын, аймаг дундын шүүхийг байгуулах, улмаар иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүхийн ачааллыг жигдлэх төдийгүй шүүхийг эдийн засгийн хувьд бие даах, төсвийг хэмнэх, зохистой зарцуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

ДӨРӨВ. НУТГИЙН УДИРДЛАГА

Дараах дөрвөн өөрчлөлт нь нутгийн удирдлагыг боловсронгуй болгоно:

1) Нутгийн удирдлагын хүрээнд хотын эрх зүйн үндсийг тодорхой болгоно (57.2). Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

2) Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх журмыг тодорхой болгоно (57.3). Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

3) Иргэдийн төөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хүрээн хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй болно (59.2). Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.

4) Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн институтыг устгана. Өнөөдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг ч бодит байдал дээр тэдгээрийн тэргүүлэгчид гэх цөөн хүмүүс тухайн нэгжийн хамаг асуудлыг далд байдлаар, явцуу хүрээнд шийддэг. Үүнийг таслан зогсоож иргэдийн төөлөгчдийн хурал нь хурлын бүх чиг үүргийг хэрэгжүүлдэг болсноор нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлнэ.

ДҮГНЭЛТ

Дээрхийн бүхэлд нь харвал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдээд буй энэ нэмэлт, өөрчлөлт нь өргөн баригдсан төслийнхөө хэмжээнд биш ч парламентын тогтолцоог төгөлдөржүүлнэ. Зарим өөрчлөлт өндөр босгыг даваагүй ч гүйцэтгэх эрх мэдлийг одоогийнхоос илүү тогтворжуулж хариуцлагажуулсан, хууль тогтоох ажиллагааг сайжруулсан, шүүхийг хараат бус, шударга болгох, нутгийн удирдлагыг боловсронгуй болгоход чиглэсэн заалтуудыг УИХ гурван сар гаран хэлэлцэж дэмжээд АНСА-аар оруулахаар шийдвэрлэж байна. Иргэд бид уг төслийг дэмжвэл дорвитой өөрчлөлт авч ирнэ. Монгол хүний саруул ухаанд итгэж байна.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%