Яагаад УИХ-ын ээлжит бус сонгуулийг АНСА-тай зэрэг явуулж болохгүй вэ?

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор, Ажлын дэд хэсгийн гишүүн О.Мөнхсайхантай ярилцаж, Ард нийтийн санал асуулгад оруулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, УИХ тарах үндэслэл, түүний үр дагавар, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдол, шүүмжлэгдэж буй зарим заалтын талаарх түүний байр суурийг сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай тогтоолд хориг тавилаа. Хориг тавих үндэслэл нь юу байв? 

УИХ-ын 2019.09.11-ний өдрийн 73 дугаартай дээрх тогтоолд 2019.09.20-ны өдөр Ерөнхийлөгч хориг тавилаа. Хоригийг УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 3/1 нь хүлээгээд авчих юм бол энэ тогтоол хүчин төгөлдөр болохгүй. Найдвартай гэвэл ядаж 51-ээс доошгүй гишүүн хоригийн эсрэг санал өгч байж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулна гэсэн үг. 

Ерөнхийлөгчийн хоригт хоёр багц үндэслэл дурдсан байсан. Агуулга талаас нь харах юм бол үндэслэл муутай.

Хамгийн эхний үндэслэлийг тайлбарлая. “Ард нийтийн санал асуулга руу оруулж байгаа эхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн байна. Ийм байж болохгүй. Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль гэдэг гарчигтай байх ёстой” гэсэн агуулга байна. Тэгэхээр энэ бол гарчгийн л асуудал юм. 

Ерөнхийлөгч хуулийн олон заалт эшилсний хамгийн гол нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.4.2-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт байна. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэж нэрлээд байгаа нь энэ заалтыг зөрчсөн, харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж нэрлэх ёстой гэж хэлжээ.      

УИХ-ын 62 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан биз дээ? 

62 гишүүн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” өргөн барьсан. Энэ гарчигт “хууль” гэдэг үг байхгүй байна гээд байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн. Энд нэмэлт, өөрчлөлт нь хууль гэсэн нэртэй юм уу, гарчигтай байна гэж заагаагүй. Зөвхөн хэлбэрийн хувьд хууль байна гэсэн. 62 гишүүний өргөн барьсан төслийн гарчигт хууль гэдэг үг ороогүй ч бичилт, зохион байгуулалт, дараалал, агуулга нь хууль юм. Тиймээс, хэлбэрийн хувьд хууль байх шаардлагыг бүрэн хангасан. 

Анхнаасаа 62 гишүүн төслөө өргөн барихдаа хууль гэдэг үг оруулж болоогүй юм уу? 

Энэ бас цаанаа учир шалтгаантай. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг Монголын ард түмнийг төлөөлөх тусгай хурал буюу Ардын Их Хурлаас баталсан. Үндсэн хуулийн дагуу УИХ нь сонгуулиар байгуулагдаж, УИХ дахь олонх Засгийн газрыг эмхлэн байгуулдаг. УИХ-ын баталсан хууль нь Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Эрэмбээрээ Үндсэн хууль хуулиас давуу хүчин чадалтай. Хууль, Үндсэн хууль хоёр зөрчилдвөл Үндсэн хуулиа дагана. Ийм эрэмбийн ялгааг илэрхийлэх үүднээс Үндсэн хуулийн 68, 69-р зүйлд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нэрлэх асуудлыг тусгайлан тодорхой зааж өгсөн. Эдгээр зүйлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль гэж бичээгүй.

Харин Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэдэг нэр томьёо хэрэглэсэн нь ямар ч маргаангүй. Үндсэн хуулийн 6 дугаар бүлэг “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах” гэсэн гарчигтай бөгөөд уг бүлгийн 68-р зүйлд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах,” 69-р зүйлд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт,” “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” гэх мэтээр бичсэн байна. Гэхдээ мэдээж хэлбэрийн хувьд хуулийн шаардлага хангана. 62 гишүүн Үндсэн хуулийн тодорхой нэр томьёог хэрэглэж энэ төслийг нэрлэсэн нь Үндсэн хуульд бүрнээ нийцсэн. Өнгөрсөн 20 жилд энэ нэр томьёог удаа дараа хэрэглэж хэвшсэн л дээ. 

2000 оны нэмэлт, өөрчлөлт ямар гарчигтай вэ?

Үндсэн хуулийн цор ганц нэмэлт, өөрчлөлт нь “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэсэн гарчигтай батлагдсан. 1996-2000 оны УИХ-ын 76 суудлын 50-ыг нь Ардчилсан холбоо эвсэл авсан. 1999.12.24-ний өдөр энэ УИХ “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг баталсан. Одоогийн АН-ыг байгуулсан намууд олонх байсан тэр үед ч “нэмэлт, өөрчлөлт” гэж гарчигласан гэсэн үг.

Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлт дээр саналаа өргөн мэдүүлэх боломжийг Цэцэд олгоогүй, хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх шалтгаанаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг 1999.03.15-нд, уг нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгох тогтоолыг 2000.11.29-нд Цэц тус тус гаргасан. Энэ хооронд сонгууль явагдаж УИХ-ын шинэ бүрэлдэхүүн бүрдэж одоогийн МАН (МАХН) дийлэнх олонх суудалтай болсон бөгөөд энэ УИХ 1999 оны нэмэлт, өөрчлөлтийг дахин хэлэлцээд 2000.12.14-нд тэр чигээр нь баталсан. Батлахдаа “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэж гарчиглаж, өнөөдрийг хүртэл 19 жилийн турш хүчин төгөлдөр үйлчилж байна. 

Өмнө нь энэ нэр томьёотой холбоотой маргаан Цэц дээр үүсч байсан уу?

2000 оны нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг иргэд Цэцэд өгч, хэд хэдэн шийдвэр гарч байв. Тухайлбал, 2006.03.06-нд Цэцээс 2000 оны нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэхээс татгалзах тухай 3/06 дугаар магадлалыг гаргасан.

“Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2000.12.14-нд дахин сэргээн батлахдаа УИХ урд буюу 1999.12.24-нд гаргасан алдааг засч, Үндсэн хуулийн цэцээс уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болох агуулгатай санал авч байсан” тул маргаан үүсгэхээс татгалзсан нь зүйтэй болжээ хэмээн уг магадлалаар шийдсэн. 

Цэцийн энэхүү магадлалд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль” гэж байх ёстой гэж огт бичээгүй, шаардаагүй. 1999 оны болон 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Цэц тэдгээрийн гарчгийг буруушааж байгаагүй. 

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэц 2000.12.14-ны өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзэж хэрэглэн олон маргаан шийдвэрлэсэн. Тухайлбал, УИХ-ын тухай хуулийн тодорхой заалт Үндсэн хуулийн 24.1-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зөрчсөн гэсэн 07 дугаартай дүгнэлтийг Цэц 2005.09.30-ны өдөр гаргаж байсан. Дараа нь, 2017.10.25-нд 06-р дүгнэлт гаргаж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.4 дэх заалт 2000 онд Үндсэн хуулийн 33.1.2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтийг зөрчсөн гэж шийдсэн.

Өнгөрсөн 19 жилд Цэц энэ мэт маргаан шийдэхдээ 2000 оны долоон нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр тул үүнийг зөрчсөн хууль хүчингүй болно шүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цэц 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн талаарх шийдвэрүүдээр ч тэр, уг нэмэлт, өөрчлөлтийг хэрэглэн маргаан шийдэж байгаа практикаараа ч тэр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэдэг нэр томьёо нь Үндсэн хуульд нийцсэн гэж үзсэн бөгөөд хууль гэсэн нэртэй байхыг Үндсэн хуульд шаардсан гэж үзээгүй. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэх нэрийг түгээмэл хэрэглэж тогтсон гэсэн үг үү?

Нийт дөрвөн удаагийн УИХ-д “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэсэн гарчигтай төслүүдийг өргөн барьсан байдаг. Түрүүн дурдсан 1999.12.24-нд тухай үеийн УИХ яг энэ гарчгийг хэрэглэсэн. Дараа нь 2000 онд шинээр байгуулагдсан УИХ мөн хэрэглэсэн. Гурав дахь нь буюу 2012-2016 оны хооронд ажиллаж байсан УИХ-д АН хамгийн олон суудалтай байсан бөгөөд тус УИХ-ын нэр бүхий 47 гишүүн 2015.11.06-нд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэсэн гарчигтай төсөл өргөн барьсан. Тэгээд одоогийн УИХ байна. Ийм дөрвөн парламентын үед өргөн барьсан төслүүд бүгдээрээ ийм л нэртэй. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн нэр томьёог үгүйсгэж буй хүмүүс өөрсдөө зарчимгүй хандаж байна уу гэсэн бодол төрж байна. Хамгийн сонин нь 2015.11.6-ны өдрийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл гэсэн баримт бичигт одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд, мөн түүний зөвлөх Г.Уянга нар гишүүний хувиар гурвуулаа гарын үсэг зурсан байдаг. Өөрсдөө гарын үсэг зураад дээрээс нь ийм нэртэй төслийг УИХ-ын дарга З.Энхболд өөрөө хүлээж авч байсан.

Түүнчлэн, 62 гишүүний өргөн барьсан төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийн дараа 2019.07.16-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийг УИХ-д өргөн барьсан. Ерөнхийлөгч өөрөө хоёр сарын өмнө яг ийм гарчигтай төсөл өргөн барьсан хэр нь одоо гэнэт хууль гэх ёстой гэж байгаа нь ойлгомжгүй. 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль гэсэн нэр томьёог хуульчилсан байхад түүнийг хэрэглээгүй гэж Ерөнхийлөгчийн хоригт дурдсан. Яг ийм нэр томьёол байхад яагаад хэрэглээгүй вэ?

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд хэд хэдэн нэр томьёог хэрэглэсэн. Тус хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэсэн нэр томьёог хамгийн олон удаа хэрэглэсэн төдийгүй тус хуулийн 2.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл” гэж, бусад хэд хэдэн заалтад “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэж бичсэн. Уг хуульд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн гарчигт хууль гэж заавал бичнэ гэж заагаагүй. Нөгөө талаар, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль,” “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл” гэх нэр томьёог хэрэглэсэн. Ийм ялгаатай нэр томьёонууд хуульд бий тул аль нэгийг нь л сонгохоос өөр аргагүй бөгөөд 62 гишүүн “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэж төслөө нэрлэснийг буруутгах олигтой үндэслэл алга. 

Хуулиудад ялгаатай нэр томьёо хэрэглэсэн байвал Үндсэн хуульд хэрэглэгдсэн нэр томьёог сонгох нь Үндсэн хуулийн 70.1-д “Үндсэн хуульд төрийн байгууллагын шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтаар зөвтгөгдөнө. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах,” “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт” гэсэн нэр томьёог Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуульд төдийгүй Үндсэн хуулийн 68, 69-р зүйлд хэрэглэсэн учраас 62 гишүүний төсөл уг хэллэгийг хэрэглэх нь зүйтэй. 

УИХ-ын зөвхөн нэг бүрэлдэхүүний үе (2008-2011)-д өргөн мэдүүлсэн төслийг “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” гэж гарчиглаж байсан ч УИХ-ын өөр дөрвөн бүрэлдэхүүний үед Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн Үндсэн хуулийн өөрийнх нь хэллэгийг шууд хэрэглэсэн төсөл өргөн баригдаж байв. Хэдийгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн олон төсөл өргөн баригдаж байсан ч үүнээс зөвхөн нэг нь буюу 2000 оных нь батлагдаж өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. 2000 оны тэр нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэсэн нэр томьёо хэрэглэж, Цэц үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй төдийгүй удаа дараагийн маргаанаараа хууль ёсны болохыг нь хүлээн зөвшөөрсөн. Үндсэн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсаны дараа ч уг нэр томьёог хэрэглэсэн нийт гурван төслийг 2015, 2019 онд УИХ-д өргөн мэдүүлж байснаас хоёр төслийг нь одоогийн Ерөнхийлөгч санаачилж гарын үсэг зурж байсан нь уг нэр томьёог хүлээн зөвшөөрч байсны илрэл.

Ерөнхийлөгчийн хоригт тусгасан хоёр дахь үндэслэл нь юу вэ? 

“2019.09.11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн 25.1.16 дахь заалтыг үндэслээгүй орхиж зөвхөн Үндсэн хуулийн 68.2 дахь хэсгийг үндэслэсэн байна. Мөн түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг огт үндэслээгүй орхигдуулсан байна” гэж хоригт бичсэн байгаа юм. 

Монголын эрх зүйд хүлээн зөвшөөрөгдөж тогтсон нэг зарчим бий. Аливаа харилцааг зохицуулсан тухайлсан хууль байх юм бол тэр хуулийг л хэрэглэнэ, тийм хууль байхгүй бол ерөнхий хуулиудыг хэрэглэнэ. Хууль дотор тусгайлсан заалт байвал тэрийг хэрэглэнэ, байхгүй бол ерөнхий заалтыг хэрэглэнэ.  

УИХ-ын 73 дугаар тогтоол Үндсэн хуулийн 68.2 дахь хэсгийг үндэслэсэн нь зүйтэй болсон. Уг 68.2 дахь хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар УИХ-ын гишүүдийн 3/2-оос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн 25.1.16-д заасан үндэслэлийн дагуу явуулна” гэсэн байгаа. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгыг тусгайлан зохицуулсан заалт тул үүнийг үндэслэсэн нь зөв юм. Дээрээс нь, Үндсэн хуулийн 68.2-т өөрт нь Үндсэн хуулийн 25.1.16-г ишилсэн. Үүнийг давтаж дурдах шаардлагагүй. 

Нөгөө талаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга (АНСА) явуулах харилцааг тусгайлан зохицуулсан хууль бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль юм. Энэ хуулийн 3-р бүлгийг “Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журам” гэж нэрлэж уг харилцааг тусгайлан зохицуулсан. Энэ хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ хуулиас гадуур Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг болно гэж хуульчилсан. Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс бусад асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэхэд зориулагдсан ерөнхий хууль юм.

Тусгайлсан хэм хэмжээ буюу хуулийг баримтална гэсэн зарчмын дагуу УИХ-ын 73-р тогтоол Үндсэн хуулийн 68.2 болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль хоёрт үндэслэсэн байна. 

Томоор нь харах юм бол өөрсдөө ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт гэж нэрлэж, гарын үсэг зурж байсан. Хоёрхон сарын өмнө яг ийм нэртэй төсөл өргөн барьж байсан хэр нь гарчиг нь хууль биш байна гээд байгаа, ерөнхий зохицуулалт хэрэглэхгүй тусгайлсан зохицуулалт ишилж байна гээд байгаа нь ор үндэсгүй зүйл юм. Тэгэхээр энэ асуудал дээр хуулийн ноцтой алдаа байхгүй харин үүний цаана өөр зорилго байна гэж харж байгаа юм. Хардах үндэслэл ч бий.

Энэ бүхнээс харахад Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг зогсоох, гацаах сонирхол их байна уу гэсэн хардлага төрж байна?

Тийм хардлага байгаа. Шальдар булдар шалтгаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хойшлуулах эсвэл огт хийлгэхгүй байх зорилго байна уу даа гэж харж байна. Энэ нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч дээр хэт төвлөрөөд байгаа эрх мэдлийг хязгаарлах, хяналт, тэнцлийг хангаж эрх мэдэлтэн дураар авирлах эрсдэлийг бууруулах гэж байгаатай холбоотой байж магадгүй. Ямар ч байсан энэ нэмэлт, өөрчлөлтийг явуулах сонирхолгүй нь тодорхой байна.

Наадмын дараа Үндсэн хуулийн үндсэн бүтэц, үзэл баримтлалд огт нийцэхгүй маргаантай заалтууд бүхий төслийг өргөн барьж, 62 гишүүний төслийн амин сүнс болсон шүүхтэй холбоотой бүх заалтыг хасах санал ирүүлж байсан. Үндэсний зөвшилцөл үүсгэхийн тулд УИХ Ерөнхийлөгчийн энэ төсөл, саналд хүндэтгэлтэй хандаж, зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан өөрөөр нь толгойлуулсан. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд парламентын засаглалтай улсад байж боломгүй өөрчлөлтийг тусгасан байсан нь зөвшилцөж, ойлголцоход маш их хугацаа шаардсан.

Уг зөвшилцлийн үр дүнд 62 гишүүний төслийн зарим заалт хасагдаж өөрчлөгдсөн ч гол амин сүнс нь гарч УИХ-аар дэмжигдсэн. Гэвч үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс үгүйсгэж бүр парламентын засаглалаас татгалзаж энэ Үндсэн хуулийг бүхэлд нь үгүйсгэх санаачилга гаргачхаад байна. Маргаантай асуудлуудыг удаа дараа өргөн барьж, цаг хугацаа авч байна. Дээрх үндэслэлүүдээс харахад зүгээр л зогсоохын тулд хориг тавьчихлаа гэж хардаж байна.

Хориг тавьж байгаа нь үүнийг хойшлуулсаар байгаад өвөл болгох сонирхол байна. Эсвэл өвөл болчих юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болчихно. Өвлийн хахир цагт ирц бүрдэх үү гэдэг асуудал бий. 

Хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дэх заалтуудыг зөвшилцлийн ажлын хэсгээс оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгч Зөвшилцлийн ажлын хэсгийг ахалж байсан хэр нь яагаад тухайн үед дээр дурдсан үндэслэлүүдийг гаргаж тавьсангүй вэ? 

Уг нь өөрийнх нь ахалсан ажлын хэсгээс гаргаж ирсэн төслийг хэлэлцээд сайжруулаад, 62 гишүүний өргөн барьсан төслөөс авахыг нь аваад явсан. Зөвшилцлөөс гарч ирээд УИХ-аар шүүгдэж нуруутай батлагдсан төслийг Ерөнхийлөгч дэмжихгүй байгаагаа илэрхийлснийг ойлгоход төвөгтэй. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийн хугацааг нь сунгах, сонгуулийн пропорционал элементийг тусгах заалтууд УИХ-ын 57-оос дээш гишүүдийн дэмжлэг авч чадаагүй унасан. Иргэдийн дийлэнх нь дэмжихгүй байгаа эдгээр заалтыг оруулаагүйд УИХ-ыг буруутгаж байгаа нь зохимжгүй. Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахтай холбоотой заалт ороогүй гээд байгаа нь ор үндэсгүй юм. Ийм заалт хангалттай орсон шүү дээ.

Ээлжит сонгууль болох гэж байхад УИХ наана нь тарах бодит шаардлага бий эсэх эргэлзээтэй

Ард нийтийн санал асуулга явуулах бэлтгэл ажилтай зэрэгцээд УИХ өөрөө тарах, ээлжит бус сонгууль явуулах тухай яриа гарах боллоо. 

УИХ тарах шаардлага, үндэслэл хууль зүйн талаасаа алга. Үндсэн хуулийн 22.2-т УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн 3/2-оос доошгүй нь буюу 51 нь эсвэл Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж мөнхүү шалтгаанаар санал болгосон бол УИХ хэлэлцэн шийддэг. Нэг талаар, УИХ-ын гишүүд гарын үсэг зураад 51-д хүрэх ёстой. Хэрэв тэгвэл УИХ-аар хэлэлцээд, дахин 3/2-оор шийднэ. Ийм хэцүү процесс байхад УИХ тартлаа удна. Ингэсээр АНСА-аа хийх цаг алдах вий. 

Нөгөө талаар Үндсэн хуулийн 22.2-т УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн гэж байгаа. Энэ нөхцөл нь хангагдаагүй байна. УИХ-ын гол бүрэн эрхэд төсөв батлах, хууль батлах, Ерөнхий сайдыг томилох зэрэг багтдаг. Энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал одоогоор огт үүсээгүй байна. Ерөнхий сайд ажлаа хийж байна, төсвөө хуулийн хугацаанд хэлэлцэн батлах боломж байна. Энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой. 

Харин гишүүдийн ёс зүйтэй холбоотойгоор энэ парламентын нэр хүн уналаа гэдэг. Гэхдээ үе үеийн парламент тийм өндөр нэр хүндтэй байдаггүй. Бусад улсын парламент ч шүүмжлэлд өртөж байдаг. УИХ-ын нэр хүндийг санаатайгаар унагаж, үүний цаана парламентын засаглалд итгэх иргэдийн итгэлийг сулруулах зорилготой зүйлүүд ч ажиглагдаж байна. Нэр хүнд муу байна гээд УИХ тарах нь утгагүй. 

Одоогоос есөн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Угаасаа ээлжит сонгууль болох гэж байхад наана нь тарах бодит шаардлага бий эсэх эргэлзээтэй. Энэ есдүгээр сард УИХ тараад арваннэгдүгээр сард ээлжит бус сонгууль явууллаа гэж үзье. Тэртээ тэргүй түүнээс хойш зургаахан сарын дараа ээлжит сонгууль болно. Сонгуулийг зургаан сарын наана татаж яах юм бэ. Цаг хугацааны ч шаардлага алга. 

Үүнийг дагаад улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл байна. Засгийн газар тогтворгүй, богино настай гэдэг байсан бол үүнийг дагаад УИХ тардаг болчихвол яах вэ. Араас нь сонгуультай холбоотойгоор тогтворгүй байдал руу шилжих эрсдэл байхыг үгүйсгэхгүй. 

Олон улсын туршлагад ч гэсэн парламентыг хамаагүй тараадаг байдлаас татгалзаж байгаа. Жишээ нь, ХБНГУ-д Ерөнхий сайдыг томилж (сонгож) чадаагүй, эсвэл Ерөнхий сайдыг итгэл үзүүлээч гэхэд татгалзчихаад шинэ Ерөнхий сайдыг томилж чадаагүй гэсэн хоёр нөхцөлийн нэг үүсвэл Ерөнхийлөгч парламентын доод танхим (Бундестаг)-ыг тарааж болдог. Түүнээс биш Бундестаг өөрөө тардаггүй. Канцлер нь Бундестагаа үзэмжээрээ тараадаггүй. 

Их Британид 2011 он хүртэл Ерөнхий сайдад итгэл эс үзүүлэх юм бол Ерөнхий сайд нь доод танхимаа тараадаг байсныг болиулсан. Харин үүний оронд Ерөнхий сайдыг огцруулчхаад 14 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол парламентын доод танхим тарна. Эсвэл доод танхимын гишүүдийн 3/2-оос доошгүй нь тарна гэвэл ээлжит сонгууль зарладаг. Гэхдээ олон зуун гишүүнтэй учраас ингэж өөрөө тарахад ихээхэн төвөгтэй. 

Олон улсын хандлага тогтвортой, хариуцлагатай парламентын төлөвшүүлэх чиглэл рүү илүүтэй анхаарч байгаа учраас манай энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ч тэр хүрээнд хийгдсэн. УИХ-ын гишүүдийн 2/3-ын шийдвэрээр “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн шалтгаанаар тарж болохоос гадна Ерөнхий сайдыг томилох саналыг оруулснаас хойш 45 хоногт томилоогүй, Ерөнхий сайдыг огцруулсан эсхүл түүнд итгэл үзүүлэхээс  татгалзсанаас хойш шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах заалтыг УИХ-ын дэмжчихсэн байгаа. Энэ бол УИХ-ыг хариуцлагажуулахад чиглэсэн маш чухал алхам юм. 

Зарим гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр санал асуулга явуулахтай давхцуулаад УИХ-ын ээлжит бус сонгууль явуулна гэж байх шиг. 

УИХ тарлаа гэхэд ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын сонгууль явуулна гэсэн яриа гарч байна. Энэ хоёр асуудал хоёулаа амжилттай болчихлоо гэж бодъё л доо. Тарчихлаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дэмжигдлээ гэе.

Гэхдээ яг одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн дараагийн сонгуулиар гарч ирэх баталгаа байхгүй. Шинэ парламент бүрдэнэ. Шинээр бүрдсэн УИХ энэ нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргах үүрэгтэй. Гэхдээ, тэрэн дээр асуудал үүсвэл яах вэ. Эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг цааш нь гүйцээж үр дүнг гаргахын тулд араас нь 30-аад хуулийг уг нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуу, судалгаатай сайн боловсруулж батлах ёстой. Энэ УИХ нэмэлт, өөрчлөлтийн талаар 3-4 жил ярьж хэлэлцэж ойлголцол үүссэн учраас эхлүүлсэн ажлаа дуусгах буюу дагаж гарах хуулиудаа бас өөрсдөө шийдээсэй гэж хүсэж байна. Өөрөө хийхгүй бол үр дүн гарахгүй.

Энэ УИХ түүхэн хариуцлага хүлээж байна. Гурван УИХ дамжаад таван ч төсөл өргөн баригдсан. Энэ дөрөв дэх төсөл дэмжигдээд батлагдах юм бол олон чухал асуудлыг шийдсэн УИХ болж үлдэнэ. Хэрэв тэгж чадахгүй бол 65 суудал авч, энэ хүртэл явсны хэрэг гарахгүй. 

Ээлжит бус сонгуулиар шинэ УИХ бүрдээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг ойлгох гэж хугацаа авна эсхүл маргалдаад хэдэн жил болно. Аягүй бол үзэл баримтлалд нь нийцэхгүй байдлаар ч хуулиуд баталчих эрсдэлтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах эхний хуулиуд нь шинэ практик тогтоодог тул нэмэлт, өөрчлөлтөөсөө дутуугүй маш чухал. Буруу хууль гараад, буруу практик тогтвол хожим засахад хэцүү болно. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гацаах, ард нийтийн санал асуулгад эсрэг дүн гаргуулах зорилгоор УИХ-ыг тараана гэх яриа гаргаад байгаа юм байгаа гэх хардлага байгаа? 

Адилхан хардлага олон хүнд байх шиг. Надад ч байна. Үндсэн хууль-парламентын засаглалыг үгүйсгэдэг Ерөнхийлөгчтэй ийм “ороо бусгаа” үед УИХ өөрөө тарвал парламентын засаглалын нэр хүндийг унагасан хэрэг болно, улмаар Ерөнхийлөгчийн засаглал эсхүл ийм нэртэй дарангуй дэглэм рүү түлхэх гэж бүр хүчтэй оролдоно.

УИХ тарсан ч, эс тарсан ч УИХ-ын сонгуультай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ард нийтийн санал асуулгыг хамт явуулбал Үндсэн хуулийн өөрчлөлт унах магадлалтай. УИХ-ыг тараана гэдэг яриа хориг тавьж байгаатай адил бас л нэг арга хэрэгсэл болгож буй хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Ард нийтийн санал асуулгаа дангаар нь явуулах огноогоо шийдэж чадахгүй хойшилсоор байгаад ирэх жилийн зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулах нөхцөл байдал руу орчих гээд байна. УИХ-ын сонгуультай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ард нийтийн санал асуулгыг хамт явуулах нь маш эрсдэлтэй. 

Яагаад вэ?

Яагаад гэвэл, энэ нэмэлт, өөрчлөлт 2000 оны долоон өөрчлөлтийн алдаа дутагдлыг засч байгаа. Сүүлийн гурван парламент дамжсан засгийн газрын тогтворгүй, үр нөлөөгүй байдлыг шийдэж байгаа. УИХ-ын хууль тогтоох чанар муудаад байгааг өөрчлөх гэж байгаа. Шүүхийг хараат бус, шударга бус болгох гэж байгаа. Энэ агуулга нь зөвхөн МАН-ын зүйл биш, харин сүүлийн гурван УИХ дамжиж яригдсан.

2015 оны З.Энхболд даргын үеийн Н.Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан төслийн бараг 80 хувь нь ийшээ орсон, маш их судлагдсан, иргэдийн санаа бодлыг авсан төсөл. Зунжингаа бүтэн гурван сар хэлэлцээд Ерөнхийлөгчийн болон АН-ын маш олон саналыг авч зөвшилцсөн. Нэгэнт ийм сайн агуулга бий болгочихсон төслийг МАН-ын гэлтгүй АН-аас дэмжиж байгаа олон хүн бий. Энэ төслийн агуулгын хувьд бусад намын төлөөлөл, улс төрд идэвхтэй оръё гэж байгаа залуу үеийн төлөөлөл, иргэний нийгэм, хуульчид дэмжиж байна л даа. 

Гэтэл ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт хийвэл саяын ойлголцол, өргөн дэмжлэг байхгүй болохоор харагдаж байна.

Сонгуульд оролцож байгаа бусад намууд, улс төрчид ялахын тулд энэ төслийг дэмжих нь МАН-ыг дэмжиж байгаа хэрэг гэж ойлгуулна.

Төсөл юу байхаас үл хамаараад бүгдийг нь үгүйсгэх байдал руу орох шинжтэй харагдаж байна л даа. Нам бус хүмүүс хэт улс төржихөөс жийрхэнэ. Ийм байдалд иргэд сонголт хийхдээ МАН, Үндсэн хуулийн төсөл хоёрыг хоёуланг нь дэмжинэ, эсвэл хоёуланг нь унагаана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл талаас дээш хувийн дэмжлэг авалгүй, хэлмэгдчих гээд байна. 

Энэ УИХ-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттайгаар авч гарах түүхэн хариуцлага хүлээж байгаа. Амжилттай авч гарах ажлынхаа 50 хувийг хийчихсэн. Маш сайн төсөл өргөн барьсан. Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн баталгаа болсон парламентын засаглалыг бэхжүүлэх нэмэлт, өөрчлөлт амжилттай дуусах ёстой. Амжилттай дуусгахын тулд ард нийтийн санал асуулгыг парламентын сонгуулиас тусад нь явуулж байж, өргөн хүрээнд иргэдийн дэмжлэг авч чадах болов уу. 

Ерөнхийлөгч маргаантай заалтууд бүхий төслийг өргөн барьж, 62 гишүүний төслийн амин сүнс болсон шүүхтэй холбоотой бүх заалтыг хасах санал ирүүлж байсан 

Хоёр жилийн өмнө энэ чиглэлээр мэргэжсэн гадны судлаач манайд ирээд анхааруулж байсан. Парламентын сонгуультай хамт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг АНСА-д оруулах юм бол нэг намынх гэж үзээд, улстөржүүлээд унагаана шүү. Тэгээд арай гэж үүссэн ойлголцол, зөвшилцөл талаар болно шүү гэдгийг анхааруулж байсан.

Жишээлбэл, 2016 онд Нэгдсэн вант улс Европын холбооноос гаргах нь тийм ч оновчтой бус байсан ч уг асуултаар рефрендум хийсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд Камероны нэр хүндтэй энэ чухал асуудлыг уяж улс төржүүлснээс Европын холбооноос гаргахыг иргэдийн олонх нь дэмжсэн. Үүнээс бол хүнд нөхцөлд байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар нэгэн байдлаар хойшилсоор байгаад, батлагдахгүй, эсвэл сонгуультай хамт явагдаад унах юм бол бүр том аюул руу явах гээд байна. Тэр нь юу вэ гэхээр, нэгэнт сүүлийн гурван УИХ парламентын тогтолцоогоо бэхжүүлэхийн тулд нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулах гэж оролдсон ч чадсангүй. Одоо тэгэхээр Ерөнхийлөгчийн засаглал руу явъя гэдэг зүйлийг илүү их ярих дүр зураг харагдаж байна. Тэр үед нь бид амаа барих вий. Ийм ноцтой зүйл рүү явуулахгүй байх үүрэг энэ УИХ-ын гишүүдэд бий.

Энэ парламент Ерөнхийлөгчийн хориг, УИХ-ыг тараах гэх мэтчилсэн саад бэрхшээлийг эс тооцон, зоригловол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацаа, боломж байгаа юу?

Байгаа. Нэгэнт гол ажлаа хийчихсэн. УИХ тарах ямар ч шаардлагагүй. Харин ойрын хугацаанд зөвхөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхийг ард нийтийн санал асуулгаар асуухаар шийдвэрлээсэй.

Энд зарцуулах зардлаа бодитой тооцож гаргах нь чухал л даа. Ард нийтийн санал асуулгад зарцуулах мөнгө нь энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулах үнэ цэнэтэй харьцуулахад юу ч биш. Үндсэн хуулийн амин чухал зүйлийг шийдвэрлэхэд зарцуулж байгаа мөнгө ирээдүйд ирэх үр ашигтай харьцуулшгүй доогуур. 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээс батлагдан гарсан өөрчлөлтүүд 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээс батлагдсан эх УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслөөс нэлээд өөрчлөгдсөн гэдэг шүүмжлэл гараад байгаа. Анх өргөн баригдсан төслөөс ямар байдлаар өөрчлөгдсөн бэ?

Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг ч зөвшилцөл суурь зарчмын дагуу явагдах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хүлээн зөвшөөрөгдөх чадвартай байх ёстой. Иргэдийн санаа бодлыг тусгах төдийгүй парламентын доторх, гаднах улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй ойлголцож байж хүлээн зөвшөөрөгдөх ёстой. 1992 оны Үндсэн хууль маш сайн оролцоо, ойлголцлоор гарсан учраас хүлээн зөвшөөрөгдсөн. 

62 гишүүний өргөн барьсан төсөл олон парламент дамжиж яригдсан, иргэдийн санаа бодлыг тусгаж, Үндсэн хуулийн 70 зүйлийн 24 зүйл, 50 гаруй заалтыг хөндсөн байсан. Хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангахын тулд УИХ гурван сарын турш ажилласан. Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг гарч ирсэн. Маш олон саналууд гарч ирсэн. Энэ бүхний үр дүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн одоогийн эх гарч ирсэн. Ингэхдээ 62 гишүүний анх өргөн барьсан төслийн гол агуулга ерөнхийдөө хэвээр байгаа. Гишүүдийн төсөл таван багц асуудлыг шийдэхийг зорьсон. Нэг нэгээр нь товч яръя. Эхний багц өөрчлөлт бол Засгийн газартай холбоотой.

Нэгд, төсөл Засгийн газрын тогтвортой, хариуцлагатай болгох асуудлыг тавьсан. Ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгэм, эдийн засгийн асуудал шийдэгдэхгүй байна, төр хайчив гэж иргэд ярьдаг. Энэ нь Засгийн газрын тогтворгүй байдалтай холбоотой. Дунджаар 1.8 жилийн настай тул Засгийн газар гарч ирээд ажлаа хийх гэж байтал огцорчихдог. Үүнийг болиулаад Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бий болгох ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах дөрвөн янзын боломж байсныг цөөлж нэг болгосон. Одоогийн Үндсэн хуулиар Засгийн газрыг хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонх огцруулчихдаг. 36хан хүний саналаар Ерөнхий сайдыг огцруулж байсан тохиолдол бий. Харин сая дэмжигдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг УИХ-ын нийт гишүүний олонх шийддэг болохоор заасан. 39-оос доошгүй болгож, босгыг нь өндөрсгөсөн гэсэн үг.

Мөн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг 19-өөс доошгүй гишүүн гаргаж тавих юм бол 3-10 хоногийн дотор шийдэх ёстой гэж хугацаа зааж өгсөн. Ерөнхий сайдыг огцруулсан бол дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно. Томилж чадахгүй бол  УИХ тарна. Ингэж хариуцлагажуулж өгсөн. 

62 гишүүний төсөлд конструктив санал гэдэг зүйл орж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах гэж байгаа бол дараагийн хүнийг нь оруулж ир заалт нь Ерөнхий сайдыг огцруулж чадахгүй, хэтэрхий бөхөлчих юм биш үү гэдэг болгоомжлол байсан учраас болиулсан. Харин энэ төсөл дээр орсон нь адилхан сайн хувилбар. Ийм жишиг Их Британи, Эстони зэрэг дийлэнх улсад байдаг.

Хоёрт, Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэх асуудлыг тодруулсан. Төмөр зам, цахилгаан станц барих зэрэг бодлогын тодорхой асуудлаар итгэл үзүүлээч гэж УИХ руу оруулсан тохиолдол УИХ дэмжвэл тэр асуудлаа шийдүүлсэнд тооцно. Хэрэв түүнийг нь дэмжихгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцоод, 30 хоногийн дотор дараагийн Ерөнхий сайдыг томилох ёстой. Чадахгүй бол УИХ тарна. 27 жилийн хугацаанд Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг нэг ч удаа асууж байгаагүй нь ийм тодорхой зохицуулалт байхгүй байсантай холбоотой. Үүний улмаас УИХ-ын олонхтой бодлогын зөрүү үүсвэл хагалах бүтээлч боломж хязгаарлагдаж байв. 

Гуравт, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн томилох, огцруулах асуудлыг бие даан шийддэг байх заалтыг 62 гишүүний төсөлд тусгасан боловч 57-оос дээш гишүүнээр дэмжигдэж чадаагүй. Гэхдээ дэмжигдээгүй ч гэсэн энэ тал дээр бага ч гэсэн ахиц гарсан. Одоо бол Ерөнхий сайд сайдаа томилохын тулд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, тэгээд УИХ руу оруулдаг. Энэ хоёр шат дамжлагын Ерөнхийлөгчтэй зөвшилцдөгийг нь болиулж, зөвхөн УИХ руу томилж, огцруулахын тулд оруулдаг болгосон. Тэгэхээр Ерөнхий сайд харьцангуй бие даан сайд нарын нэрээ УИХ руу оруулж, шийдүүлэх боломжтой болсон. 

Дөрөвт, Бас нэг чухал өөрчлөлт нь Засгийн газрын боловсруулаад, өргөн мэдүүлсэн төсвийг УИХ бужигнуулаад юу ч биш болгодог. Тойрог руугаа татдаг, шинээр зарлага нэмдэг. Үүнийг хязгаарлах заалт 62 гишүүний өргөн барьсан агуулгаар батлагдсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглосон. Нэмэгдүүлэхийг хүсч байвал Засгийн газарт санал тавиад дахин оруулуулж болно.

Тавд, давхар дээл гэдэг зүйлийг шийдсэн. Ерөнхий сайд дээр нэмэх нь дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно. Давхар дээлийг бүрэн хориглохоос яагаад татгалзсан бэ гэхээр парламент дахь олонх ард түмний итгэл авч гарч ирээд мөрийн хөтөлбөртөө тулгуурлан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, Засгийн газар нь тэрний дагуу бодлогоо боловсруулж, УИХ руу оруулж ирээд, тэр нь зөв зүйтэй бол хэлэлцэн батлаад, хамтарч ажиллаж байж үр дүн гарна. Ингэж уялдаа холбоотой ажиллахад Засгийн газрын зарим гишүүн УИХ-ын гишүүн байх нь чухал үүрэгтэй. Тийм ч учраас парламентын засаглалтай олонх улсад парламентыг зуугаас дээш тооны гишүүнээс бүрдүүлж, давхар дээлийг зөвшөөрдөг. Манайд УИХ 76хан гишүүнтэй учраас тодорхой хязгаарлалт тавьж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгааг хадгалах, хяналт тэнцлийг хангахыг зориод байгаа юм. 

Энэ бүхнийг харах юм бол нийгэм эдийн засгийн асуудлыг шийдэх бодлогыг тодорхойлоод, хэрэгжүүлэх, үр дүнг нь үзэх, тогтвортой хариуцлагатай гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газрыг бэхжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн алхам хийнэ. 

Харин УИХ-тай холбоотой ямар заалтууд ямар байдлаар тусгагдсан бол? 

Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаа учраас энд тавих хяналтыг сайжруулж байгаа. Аудит, Хянан шалгах түр хороо хоёр гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулна. 

Нэгдүгээрт, хянан шалгах түр хороог байгуулна гэсэн. Энэ хороог УИХ-ын нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй буюу 19-өөс доошгүй гишүүн санаачлах юм бол заавал байгуулагдах ба түүний бүрэн эрх зэрэг асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулахаар болсон. Одоо бол манайд УИХ дээр ажлын хэсэг байгуулдаг. Гэтэл нөгөө ажлын хэсэг нь бодитой мэдээлэл авъя гэхээр тэр мэдээллийг нь өгдөггүй. Эсвэл ажлын хэсэг юу руу ч хамаагүй ороод байдаг. Шүүхийн шийдвэрийг авч хэлэлцдэг ч юм уу. Ийм үр нөлөө муутай хяналт байна л даа. 

Парламентын тогтолцоотой ардчилсан 90-ээд улсад Хянан шалгах түр хороо байгуулж болдог. Энэ хороо нь цөөнхийн санаачилгаар байгуулагдана. Бодлогын тодорхой асуудлаар жишээ нь, агаарын бохирдолтой холбоотой асуудлаар байгуулагдаж болно. Хянан шалгах түр хороонд хоёр эрх мэдэл өгнө. Нэгдүгээрт, тодорхой баримт, мэдээлэл гаргуулж авах. Хоёрдугаарт, хууль сануулаад, тайлбар мэдүүлэг авах.

Жишээ нь, агаарын бохирдолтой холбоотой статистик гаргаж өг гэж шаардаж болно. Хэрэв гаргаж өгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн энэ чиглэлийн мэргэжилтнээс худал хэлбэл хуулийн хариуцлага хүлээнэ гэж сануулж байгаад тайлбар авна. Энэ хоёр бүрэн эрхээрээ бодитой мэдээлэл цуглуулаад дүгнэлт гаргана. Парламентад танилцуулна, ил гаргана. Тэгээд л болно. Тэр дүгнэлт нь шүүхэд даалгавар өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа руу орохгүй. Зөвхөн бодит мэдээллийг нэгтгээд ил гаргаж тавина. Олонх шийдвэрээ гаргаж, цөөнх хяналт

<

avatar
    • Иргэн
    • 162.158.119.*

    2012-2016 онд танай Ардчилсан намын оруулсан өрөнд өдөрт, сард хэдэн төгрөг төлж байгааг мэдэж байна. Чи мэтийн постчин улсын эдийн засаг мэдэх болоогүй.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%