Нийтлэл 02 сарын 04, 2020

Германы хорих лагерт нугараагүй цэрэг эрийн түүх

 Фашистын Германы үхлийн хорих лагеруудын хүнд бэрх амьдралыг тэвчээр хатуужил, эр зоригтойгоор даван туулж эх орондоо үнэнч цэрэг эрийн ёсоор амь эрстсэн ЗХУ-ын баатар, Инженерийн цэргийн дэслэгч генерал, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Дмитрий Михайлович Карбышевын тухай энд өгүүлнэ.

Генерал Карбышев 1880 оны 10-р сарын 26 Омск хотод удам дамжсан цэргийн эрхтэний гэр бүл төржээ. Түүний эцэг Михаила Ильич Карбышев (1829-1892) Крымийн дайнд оролцогч, Сибирийн кадетын корпус төгсөгч Хаант Оросын үе дамжсан язгууртан цэргийн эрхтэн офицер байсан харин эх Александр Ефимовны Лузгиной Омскийн баян чинээлэг худалдаачны охин бөгөөд өндөр боловсролтой эмэгтэй байжээ.

Түүний эцэг цэргийн алба хаах хугацаандаа  Станислав Анна-III зэргийн одонгоор шагнагдаж байсан. Том хүү нь сургуулийн насанд хүрэх үед эцэг Михаил Ильич цэргийн идэвхтэй албанаас өвчний улмаас чөлөөлөгдөн, гэр бүлийнхээ хамт Сибирийн казак цэргийн хороонд алба хаахаар Омск хотод нүүж иржээ.

Тэрээр 4 хүү 2 охинтой, хүхдүүдийнхээ боловсролд анхаардаг байсан (Дмитрий бол хамгийн отгон хүү нь) том хүү Владимир Омскийн эрэгтэйчүүдийн гимназад, эгч София, Евгений нар эмэгтэйчүүдийн гимназд, ах Михаил, Сергей нар нь Сибирийн кадетын корпуст сурч боловсрол эзэмшсэн. Өндөр боловсролтой ээжийнхээ ачаар Дмитрий хүүхэд наснаасаа эхлэн Орос болон дэлхийн сонгодог уран зохиолын амтанд орсон их уншдаг франц, герман хэл шамдан суралцаж чөлөөтэй ярьж чаддаг болсон байна.

Түүнийг 12 настай байхад аав нь нас барж бараг хэзээ ч гэрээсээ гарч байгаагүй өвчтэй ээж хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлсэн. Дмитрий Карбышевын том ах Владимир нь 1887 онд Казанийн их сургуулийн ангаах ухааны факультетэд суралцаж байх үедээ оюутны хувьсгалт хөдөлгөөнд оролцсон учир (В.И.Лениний ах А.И. Ульянов болон түүний бүлэгтэй хамт хааны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан) баривчлагдан шоронд хоригдож их сургуулиас хөөгдөн цөллөгт явсан байна.  

Бүрэн бус эмч тэрээр Сибирийн казак цэргийн 3-р морин хороонд энгийн казак цэргээр илгээгдсэн. Тэрээр 2 жилийн дараа хүнд хэлбэрийн сүрьеэгийн өвчний учир суллагдан гэртээ буцаж ирсэн боловч 1890-ээд оны эхээр хаан ширээг залгамжлагч Омск хотод айлчлах үеэр түүнийг урьдчилан сэргийлэх зорилгоор шоронд хорих үед нас баржээ. Ирээдүйн генералын үеэл ах буюу эцгийнх нь дүүгийн хүү Александр Дмитриевич Шайтанов мөн хувьсгалт хөдөлгөөнд идэвхтэй оролцогч байсан ба ял сонсон Архангельск мужид цөллөгдөж байжээ.

Карбышевын гэр бүл Хаант засгийн Цагдаагийн газрын хяналтад байсан учир түүнийг Сибирийн кадет корпусд улсын зардлаар сургахаар хүлээж аваагүй. Тэрээр 1891 онд "төлбөртэй  суралцах" гэсэн тусгай тэмдэглэлтэй кадетын корпус элссэн орсон.

(Дмитрий Карбышевын төгссөн Омскийн катедын сургуулийн )

Дмитрий Карбышев хичээлдээ тогтмол идвэхтэй оролцдог шилдэг оюутан байсан бөгөөд Сибирийн кадетын корпус төгсөгчдийн дундаас анхны онц дүнтэй төгсөгч болсон байна.  Түүнд Михайловскийн артиллерийн сургууль эсвэл Николаев инженерийн сургуульд элсэх зөвлөмж олгосон. Залуу Дмитрий Урлагийн академи эсвэл Иргэний инженерийн дээд сургуульд элсэхийг хүссэн боловч ар гэрийн мөнгөний гачаал зовлонтой байдлаас болж тийм мэргэжлээр суралцаж чадаагүй. Харин тэрээр эцгийнхээ нэгэн адил цэргийн хүн болохоор шийдэн цэргийн инженерийн мэргэжлээр суралцахаар Николаевын инженерийн сургуулийг сонгосон байна.

Тэрээр 1898 онд Николаевын цэргийн инженерийн сургуульд элсэн суралцаж 1900 онд онц дүнтэй төгсөн Дорнод Сибирийн цэргийн инженерийн 1-р батальонд телеграф кабель холбооны салаан даргаар томилогджээ. Түүний  алба хааж байсан батальон нь Манжуурт байрлаж байсан ба 1903 онд тэрээр дэслэгч цол хүртсэн байна.

Орос-Японы дайны үед залуу офицер Карбышевын авъяас чадвар тод илэрч гол мөрний дагуу гүүр барих, харилцаа холбооны байгууламж байгуулах гээд байлдааны үйл ажиллагаанд идвэх зүтгэлтэй оролцож анхны цэргийн шагнал Сэлэм, Гэгээн Владимирын IVзэрэг, Гэгээн Анны III-IV зэрэг, Гэгээн Станиславын II зэргийн одонгуудаар шагнагдаж байжээ.

Түүнийг 1906 онд цэргүүдийн дунд хувьсгалт ухуулга суртчилгааны ажил хийсэн гэх хэргээр буруутган (албандаа хайхрамжгүй байдал гаргасан - тэрээр бүхэл амьдралынхаа турш хэзээ ч албандаа хайхрамгүй байдал гаргаж байгаагүй) цэргийн шүүх цаазаар авах ял эсвэл бүх насаар нь шоронд хорих ял өгөхөөр төлөвлөж байсан. Гэхдээ офицерын нэр төрийн шүүх зоригтой явъяаслаг залуу офицерийг цаазаар авахыг зөвшөөрөөгүй бөгөөд Шүүхийн шийдвэрээр тэрээр цэргийн албанаас чөлөөлөгдөн Владивосток хотод инженерийн зураг зуран ажиллаж амьдарч байжээ. Анхны эхнэр Алиса Карловна Троянович-Пиотровскаятай Дмитрий Михайлович Карбышев Никольск-Уссурийск дэх Гэгээн Николасын сүмд гэрлэж байжээ.

Түүнийг 1907 онд цэргийн албанд буцаан дуудаж Владивосток хотод шинээр байгуулагдсан инженер сапёрын  батальонд ротын даргын тушаалд томилжээ. Карбышев 1908 оны намар Санкт-Петербург хотын Николаевын цэргийн инженерийн академид элсэн орсон бөгөөд 1911 онд тус академийг онц дүнтэй төгссөн байна.

Ахмад цолтой (штабс-капитан) Карбышевыг Оросын эзэнт гүрний баруун хилийг бэхжүүлэх ажилд дайчлагдан Севастополь цайзад илгээгдсэн байна. Түүнийг 1912 оны 10-р сард Варшавын цэргийн тойргийн Брест-Литовскийн инженерийн цэргийн минжүүлэх ротын даргаар томилжээ. Энэ албан тушаалд байхдаа Брестын цайзын бэхлэлт барих сайжруулах ажилд тэргүүлэн оролцож байжээ.

(Хаант Оросын армийн залуу офицер Д.Карбышев)

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцогч тэрбээр баруун өмнөд фронтын 78, 69-р явган цэргийн дивизийн инженер, дараа нь Финландын 22-р армийн корпусын инженерийн албаны даргын албан тушаалд алба хаасан. Тэрбээр 1915 оны эхээр тэр Пржемысль цайз руу довтлох тулаанд оролцож байхдаа хөлдөө шархаджээ. Дэлхийн I дайнт оролцох үедээ Эр зоригийн төлөө Гэгээн Анны II зэргийн одонгоор шагнагдсан бөгөөд дэд хурандаа цол хүртсэн байна.

Улаан армийн эгнээнд

Хаант Оросын цэргийн дэд хурандаа Д.М.Карбышев 1917 оны 12-р сард Могилев-Подольский хотын дэргэд Улаан армийн эгнээнд нэгдэн  орж иргэний дайнд оролцон байна.

Д.М.Карбышев 1918 оны 4-р сараас Улаан армийн Цэргийн техникийн ерөнхий газрын харьяа  батлан ​​хамгаалах зөвлөлд ажиллаж байсан бөгөөд 1918 оны 7-р сард Хойд Кавказын цэргийн тойргийн  инженерийн хэлтсийн даргаар томилогдсон байна.

Тэрээр 1919оны хавар Дорнод фронтын хамгаалалтын үйл ажиллагааны удирдагчаар  томилогдон Симбирск, Самара, Саратов, Челябинск, Златоуст, Троицкий, Курган районы бэхлэлтийн бүтээн байгуулалтыг ажлыг удирдсан байна. 1920 онд Зүүн фронтын 5-р армийн инженерын цэргийн даргаар томилогдон ажиллаж байсан ба Каховскийн гүүрэн дээрх бэхлэлт барих ажлыг удирдаж байжээ.

 Фрунзийн нэрэмжит цэргийн академи, Жанжин штабын академид

Д.М.Карбышев 1923-1926 онд Улаан армийн Цэргийн инженерийн ерөнхий газрын инженерийн зөвлөлийн дарга,1926 оноос М.В.Фрунзын нэрэмжит Цэргийн академид багшаар ажиллаж, 1929 онд Зөвлөлт Холбоот Улсын баруун хил дагуу хориглолт барих бэхжүүлэх ажлын зураг төслийн ажилд оролцсон. Түүнийг 1934 оны 2-р сард Жанжин штабын дэрэгдэх цэргийн академийн цэргийн инженерийн тэнхимийн эрхлэгчээр томилсон бөгөөд 1935 оны 12-р сарын 5-ны өдөр дивизийн инженер цол олгож байжээ.

Тэр 1936 оноос К.Е.Ворошиловын нэрэмжит Цэргийн дээд академийн (жанжин штабын дэргэдэх цэргийн дээд академи) инженерийн тэнхимд дээд түвшний тактикийн тэнхимийн эрхлэгчийн туслах ажилтанаар ажиллаж байсан ба 1938 онд тус академийг төгссөн байна.  Түүнд 1938 оны 10-р сард тус академийн профессор цол олгосон.

Дмитрий Карбышев 1930-аад оны сүүлчээр зөвхөн Зөвлөлт Холбоот Улсад төдийгүй дэлхийд нэрт гарсан шилдэг цэргийн инженерийн мэргэжилтэнд байсан төдийгүй цэргийн шинжлэх ухааны нэрт эрдэмтэн онолчод зүй ёсоор тооцогдож байсан.  Генерал Карбышев нь бэхлэлт саад тотгорыг бүрэн устгах түүнийг оновчтой ашиглах талаархи иж бүрэн судалгаа шинжилгээний ажил онолыг эзэмшдэг байсан. 

Гол мөрний ус болон бусад усны саад тотгорыг шийдвэрлэх асуудлаар цэргийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан түүний хувь нэмэр өндөрөөр үнэлэгддэг.

Тэрээр цэргийн инженерчлэл, цэргийн түүхийн талаар 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлэн нийтлүүлсэн бөгөөд байлдааны ажиллагаанд инженерийн цэргийн гүйцэтгэх үүрэг чиглэлийн онол, инженерийн цэргийн тактикийн талаарх түүний өгүүлэл, гарын авлага нь дайны өмнөх жилүүдэд Улаан армийн цэрэг дарга нарын үндсэн сурах бичиг нь болдог байсан юм.

Түүнээс гадна Генерал Карбышев нь төмөр зам, гүүр, хонгилыг барих, түүнийг ашиглах, сэргээн босгох, эртний цайз, сүм хийдийг сэргээх чиглэлийн томоохон мэргэжилтэн байсан төдийгүй Троице-Сергиевой Лавре дуганыг сэргээн босголтын ажилд оролцож байжээ.

Түүнд 1940 онд  инженерийн цэргийн дэслэгч генерал цол олгосон ба 1941 онд Цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1939-1940 оны Зөвлөлт-Финландын дайнд оролцож БХЯ-ны барилгын инженерийн ерөнхий газрын орлогч даргын хувьд Маннерхаймийн шугамыг эвдэх инженерийн дэмжлэг үзүүлэх талаар цэргүүдэд техникийн зөвлөмж боловсруулжээ. Карбышев 1940 онд ВКП (большвек)  буюу комунист намын гишүүн болсон байна.

Аугаа их эх орны дайн эхлэхээс өмнө тэрээр К.Е.Ворошиловын нэрэмжит Цэргийн академийн дээд удирдалгын тактикийн тэнхимд ахлах багшийн албан тушаалд ажиллаж байжээ.  Д.М.Карбышев 1941 оны 6-р сарын эхээр Баруун бүсийн тусгай цэргийн тойрогт илгээгдэж, Гродно мужийн 68-р бэхлэлтийн барилгын ажлын явцтай танилцаж байх үед  дайн эхэлсэн байна.

Тэрээр дайны эхний өдрүүдэд Гродно дахь 3-р армийн төв байранд байсан ба 2 хоногийн дараа 10-р армийн штабд ирсэн гэсэн мээдлэл байдаг 6-р сарын 27-нд 10-р армийн штаб дайсанд бүслэгдсэн байна.1941 оны 8-р сард Белорусийн Могилев мужийн Добрейка тосгоны ойролцоох Днепр мөрний эрэг дээр болсон тулалдаанд генерал Карбышев хүнд шархтан ухаангүй байх үедээ дайсанд олзлогдожээ.

Хорих лагерийн хүнд бэрх зам туулссан нь

Генерал Карбышев Фашист Германы олон хорих лагериуд дамжин хоригдож байсан бөгөөд Зөвлөлтийн цэргийн олзлогсодын Шталаг-324 хорих лагерь (түүний салбар Гродно хотод), Берлин дэх Гестапын шорон, Бреслау дахь Зөвлөлтийн цэргийн олзлогсод дамжин өнгөрөх лагерь, Германы хорих лагерьт: Замоск, Хаммельбург, Флоссенбургт Заксенхаузен, Маутхаузен гээд чанга хатуу дэглэмтэй олон хорих лагерь дамжин хоригдож байжээ. Хорих лагерийн захиргаанаас түүнд удаа дараа Германы талд хамтран ажиллах санал тавьж янз бүрийн бузар арга хэрэглэж байсан боловч түүний эр зориг, цэрэг хүний үүрэгтээ үнэнч занг нуглаж чадаагүй юм.

Власовын шүүх хуралд оролцож байсан Оросын Чөлөөлөх армийн офицер Власовын хувийн туслах байсан Хмыров-Долгорукийн гэрчийн мэдүүлэгтээ нацистууд Хаант Оросын армийн дэд хурандаа байсан Дмитрий Карбышевыг маш их ятгаж, айлган сүрдүүлэх, тамлан зовоох янз бүрийн арга хэрэглэн өөрийн талд ажлуулахыг оролдож байсан. Тэгээд ч түүний анхны эхнэр Герман гаралтай хүн байсан тэр герман хэлийг төрлөх хэл шигээ эзэмшсэн түүнд янз бүрийн ажил, албан тушаал, шагнал мөнгө санал болгож байсан ч тэрээр хэзээ ч тэдний талд ажиллаагүй юм гэж мэдүүлж байжээ.

Германчууд эхний үед олзлогдсон Зөвлөлтийн агуу эрдэмтэн профессор Карбышевд эелдэгээр хандаж гестопын харгалцаатайгаар  Берлинд хүргэн дэглэм сул шоронд байрлуулан хамтран ажиллах санал тавьж байсан. Германы алдарт эрдэмтэн профессор Хайнц Рубенхаймертай уулзуулан, тэд сүүлийн хорин жилийн туршид цэргийн инженерийн салбарын олон сэтгүүл, бүтээлд  гарч байгаа онол арга зүйн тухай харилцан ярилцаж хэд хэдэн удаа уулзаж байжээ.

Түүнтэй Хамран ажиллах тухай гэрээний бичигт “Зөвлөлтийн генералыг зуслангын байшин, хувийн орон сууцаар хангах, түүнчлэн түүний аюулгүй байдлыг бүрэн хангах хамгаалалт санал болгосон. Мөн Германы бүх номын сангуудтай танилцах үйлчлүүлэх эрх олгох, түүний сонирходог цэргийн инженерийн чиглэлээр бусад материалуудтай танилцах боломжийг олгох, шаардлагатай бол орон тооны туслах ажилчид, иж бүрэн лаборатор тоноглох, туршилтын зураг төсөл боловсруулах товчоо, бусад судалгаа шижилгээний ажил гүйцэтгэх боломж баталгаа гаргаж өгөх, шинжлэх ухаан судалгааны эрдмийн эрх чөлөө олгох, судалгааны шинжилгээний ажлын үр дүн нь Германы мэргэжилтнүүдийн өмч болох ёстой тухай, түүнд Германы Рейхийн армийн инженерийн цэргийн дэслэгч генерал цол олгох гэх мэтийн олон зүйл заалт орсон байна.

 Тэрээр “Хамтын ажиллагааны гэрээний" бүх нөхцөл шаардлагыг  анхааралтай сонссоны дараа огт эргэлзэх тээнгэлэзэх зүйлгүйгээр тайванаар хариулахдаа: "Миний итгэл үнэмшил зуслангийн байр, амттай сайхан хоолны дэглэмээс илүү. Би бол цэрэг хүн өргөсөн тангараг үүрэгтээ үнэнч байхыг баримталдаг. Тэгээд ч цэргийн үүрэгт минь дайсны талд ажиллахыг хориглодог" гэж хэлж байжээ.

  Германчуудын архивд "...Зөвлөлтийн армийн том эрдэмтэн, хуучин Хаант Оросын армийн кадр офицер, жаран насыг хэдий давсан энэ хүн цэргийн хүний тангараг үүрэг, эх оронч үзэлдээ хэлбэрэлтгүй үнэнч фанатик үзэлтэй хүн байна..... Түүнийг бид өөрийн цэргийн инженерийн чиглэлд ашиглах нь итгэл найдвар муутай утгагүй хэрэг болно” гэж бичиж үлдээсэн байдаг. Түүнийг 2 жил ятгаж янз бүрийн арга хэрэглсэний дараа 1943 онд  нас цол харгалзахгүй ямар ч хөнгөлөлтгүй хүнд хүчир хөдөлмөр эрхлэх  нөхцөлтэй "Флоссенбургийн  хорих лагерт” илгээсэн байна.

Тэрээр наснаасаа үл хамааран хорих лагерийн эсэргүүцэх хөдөлгөөний идэвхтэй удирдагчдын нэг байсан төдийгүй Зөвлөлтийн мөн Гитлерийн Германы эсрэг эвслийн  орнуудын хоригдлуудад эх орон, цэрэг хүний өргөсөн тангарагтаа үнэнч байх, дайсантай хамтран ажиллахгүй байхыг уриалан дууддагч зоригжуулагч нь байсан. Тэр Зөвлөлтийн цэрэг  офицерүүдад хорих лагерийн хүнд бэрхийг зориг тэвчээртэй даван туулах ямарч нөхцөлд  цэрэг хүний нэр төрөө алдахгүй байх, Гитлерийн талд ажиллуулахгүй байхын тулд өөрийн биеээр үлгэрлэн харуулагч зоригжуулан манлайлагч нь байсан юм.

Түүний алдартай уриа: "Өөрийгөө ялахаас илүү том ялалт байхгүй! Хамгийн гол нь дайсны өмнө өвдөг сөхрөхгүй байх явдал юм" гэж хэлж байжээ. Д.Карбышевын хамгийн сүүлд хоригдож байсан газар бол Гитлерын Германы Австри дахь Перг хотын нойролцоо орших Маутхаузены хорих лагерь.

Түүнийг 1945 оны 2-р сарын 18-нд шилжих шөнө Маутхаузены хорих лагерийн бусад 500 хоригдлуудын хамт харгис хэрцгий тамлан зовоож өвлийн тэсгэм хүйтэнд олон цагаар нүцгэн зогсоож хүйтэн усаар шүршиж (агаарын температур −12 ° C байсан) хөлдөөж алсан юм. Генерал Д.М.Карбышевын цогцсыг Маутаусены хорих лагерын шатаах зууханд шатаасан гэдэг.

Хожим 1946 оны 2-р сарын 13-ны өдөр Лондонгийн ойролцоох эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан Канадын армийн хошууч Седдон Де Сент-Клерк Англид Зөвлөлтийн төлөөлөгчид очиход "чухал мэдээлэл" өгөхийг хүсэн мэдүүлэхдээ.

Би урт удаан амьдрахгүй байх зөвлөлтийн армийн дэслэгч генерал Д.М.Карбышев  цэрэг хүний ёсоор баатарлагаар амиа алдсан тухай бодит түүхийг хойч үедээ хүргэх нь миний үүрэг. Би түүнтэй хамт Германы хорих лагерт хоригдож байсан. Биднийг тэр өдөр германчууд хувцасаа тайлж хүйтэн шүршүүрийн өрөөнд орохыг тушааж хүйтэн усаар шүршиж байсан ба энэ тамлалд маш удаан үргэлжилсэн. Олон хүн босоогоороо мөстөн хөлдөж шалан дээр унаж тэр даруй үхэж байсан бөгөөд ядарч туйлдсан хорих лагерийн хүмүүсийн бие организм зүрх ийм тамлалтыг тэсч чадаагүй юм.

Өвлийн хүйтэн шөнө гадаа дан дотуур хувцастай хүмүүсийн удаан зогсоож олон дахин хүйтэн усаар шүршин норгож тамлан зовоосон юм. Генерал Карбышев надаас холгүй Оросын нөхдийн дунд зогсож байсан бөгөөд бидний амьдралын сүүлийн хэдэн мөч өнгөрч байгааг би ойлгож байлаа.

Надаас холгүй зогсож байсан Генерал Карбышев хэрхэн унахыг би харсан. Эсрүүцэн галын усны хойлойг булаах гэж оролдсон хүмүүсийг толгой дээрээс нь хүнд бороохойгоор цохиж байсан бөгөөд олон зуун хүн хөлдөж эсвэл гавлын ясан нь хагарч амь эрстсэн юм. Тэр эмгэнэлтэй шөнө 70 хүн амьд үлдэж чадсан би хэрхэн яаж амьд үлдэж чадсанаа одоо ч төсөөлж чаддаггүй, Нацистууд шөнө залхаж унтахыг хүссэн байх өглөө нь Холбоотны армийхан хорих лагерт ойртож ирэх үед Германчууд сандран зугтасан билээ......Би та нараас миний энэ гэрчийн мэдүүлгийг Орос оронд хүргэхийг гуйж байна, түүний талаар мэддэг бүх зүйлээ шударга үнэнээр мэдүүлэх нь миний ариун үүрэг гэж үздэг, тэр эр зоригтой, цэрэг эрийн ариун дурсамжийн төлөө өөрийн үүргээ биелүүлэх болно"гэж хэлсэн байна.

(Маутхаузене музей дахь гнерал Дмитрий Карбышевд зориулсан хөшөө, дурсгалын самбар)

Хувийн амьдрал

Тэрээр хоёр удаа гэрэлсэн бөгөөд түүний анхны эхнэр Алиса Карловна Троянович (1874-1913), герман гаралтай тэд Владивостокт танилцаж гэрэлсэн байна. Тэд 6 жил хамт амьдарсаны дараа 1913 онд эхнэр нь эмгэнэлтэйгээр нас барсан гэдэг.

Дмитрий Михайлович 1916 онд Беларусийн Прземысль цайзын бэхлэлтийн үед хөлөндөө шархадсан эмчлүүлж байхдаа эмнэлэгийн асрагч Лидия Васильевна Опатскаятай (1891-176), танилцаж гэрэлжээ. Тэд гурван хүүхэд төрүүлж өсгөсөн охин Елена (1919-2006), охин Татьяна (1926-2003), хүү Алексей (1929-1988) нар юм.

Том охин Елена эцгийнхээ мэргэжлийг өвлөн цэргийн инженер болсон, бага охин Татьяна эдийн засагчаар ажиллаж байсан бөгөөд хүү Алексей эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж, Москвагийн Санхүүгийн дээд сургуулийн профессор, тэнхимийг эрхлэгчээр ажиллаж байжээ.

Гарамгай инженер, цэргийн шинжлэх ухааны доктор профессор Дмитрий Карбышев XX зууны цэрэг улс төрийн хамгийн том мөргөлдөөн дэлхийн I ба II дайн болон иргэний дайнд биечлэн оролцогч жинхэн цэрэг эр, шилдэг офицер байсан. Түүнд эр зориг, байгуулсан гавъяаныхан нь төлөө ЗХУ-н Дээд Зөвлөлийн 1946 оны 8-р сарын 16-ны өдрийн зарлигаар "Зөвлөлт Холбоот Улсын баатар" цол нэхэн шагнасан юм.

(Курган хот дахь Д.М.Карбышевын хөшөө:  Москва хотын Генерал Карбышевын нэрэмжит бульвар дахь түүнд зориулсан дурсгалын хөшөө)

 

 

 

 

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-Технологийн Сургуулийн тэргүүлэх мэргэжилтэн

Д.Отгонбаатар

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon