Нийтлэл 01 сарын 27, 2015

Авлига: Цуврал No2 - Мэдээллийн ил тод байдал (Public Domain)

Төрийн байгууллагын мэдээлэл харьцангуй ил болж, бүртгэл, лавлагааны цахим  системүүд үүсэж байгаа боловч сайтын ашиглалтын нөхцөл тун тааруу, аливаа төсөл, тендерийн төсөв, санхүүжүүлэгч этгээд, зарцуулалтын задаргаа, худалдан авалтын болон дамжуулан гүйцэтгэгчийн санхүүгийн задаргаа зэрэг мэдээллийг цогцоор нь, хараат бус байдлаар, итгэл дүүрэн авч ашиглах, хяналт тавих боломж бүрдэхгүй байсаар байна. Мэдээлэл бүдэг балархай, тодорхойгүй, аль болох “нууц” нэрийн дор далдлагдсан тохиолдолд ажил горилогч буюу төсөл хэрэгжүүлэгч ажлын төлөвлөгөө гаргах, судалгаа явуулах зэрэг боломжийн төлөө мөн л авилгын механизм хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. 

Аливаа ажлын чадамж, чанарын баталгаа, зарцуулалтын үнэн бодит байдлыг хангах бус нэг удаагийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх казино маягийн тоглолтод өөрийн эрхгүй оролцуулах механизм ажиллаж байна.

Энэ бүхэн хардалт, үл итгэл, үл хүндэтгэл, зөрчил, бухимдлыг байнга дагуулж нийгмийн тогтворгүй байдлын үүсгэдэг суурь шалтгаан юм.

Жишээ нь орон сууцны 8%-ийн зээлд хамрагдсан иргэдийн, нэрс, тоо, барилгын төслүүд, тухайн банкны бодит чадамж, эргэн төлөлтөөр бүрдэж буй төсөв, түүнээс хэрэгжих дараагийн зээлийн төсөл, найдваргүй зээлийг дараачийн зээлдэгчид шилжүүлсэн бүртгэл гэхчлэн захын мэдээлэл үгүйгээс орон сууцны болон барилгын зах зээлийн бодит тооцоо судалгаа гаргаж бизнесийн алдаагүй төсөл хийх, хөрөнгө оруулагчдад бодит санал тавих боломж бүрддэггүй. Мөн дулаан, эрчим хүч гэхчлэн техник инженерийн бодит үндэслэл дээр тулгуурласан, дэд бүтцийн даацад нийцсэн төлөвлөлтийг тооцоход хэрэгтэй бүхий л төрлийн мэдээлэл хаалттай байдаг. Үүний улмаас зөвхөн газарт улайрсан барилгажилт явагдаж, нийгэм хүн ам зүй, тээврийн хэрэгсэл, замын сүлжээний эргэлтийг зохицуулах боломжгүй болтол хэтрүүлж, ижил төрлийн хэр нь ямар ч зохион байгуулалтгүй барилга шавуулснаар өвлийн улиралд зарим газрууддаа 5-с дээш давхарлуу цахилгаан, дулаан хүрэхээ байж, байнгын цахилгааны хязгаарлалтад өртөх, замын түгжрэл тэг зогсолтын байдалд орох болсон. Одоогоор Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа ТЭЦ-үүд байнгын түгшүүрт нөхцөл байдалд даац хэтрүүлэн, дөнгөн данган өвлөөс өвлийг даван явсаар хүний амьдралын баталгаа бүү хэл  хэзээ мөдгүй эрсдэлд орохоор амь дүйн амьдарч буй иргэдтэй нийслэл хот болон хувираад байна. 

Нэг өглөө сэрэхэд л хашаа татаад барилгын ажил эхлүүлчихдэг ийм нийгэмд хэний ч амьдрал, хөрөнгө, бизнес баталгаажих боломжгүй. Ямар ч барилгын болон, тендерийн ажил, танилцуулга, зураг төсөл, захиалагч, гүйцэтгэгч, санхүүжилтийн хэмжээ болон санхүүжүүлэгч этгээд, гүйцэтгэх ажлын хугацаа, холбоо барих мэдээлэл бүхий самбар бүү хэл ямар ч пайз, хаяггүйгээр, хандах хариуцах эзэн биегүй байдаг. Иймд иргэд тухайн төслийн асуудал бодит болон бодит бусаас үл хамаарч хардсан, таамагласан, цуурхсан, зүхсэн бүхий л хэлбэрээр бухимддаг ч хууль эрх зүйн замыг барагтай сонгодоггүй. Сонгосон ч хохирсон иргэд хууль шүүхийн системдээ улам дарлагдан, яллагдаж, харин цаад хохирол учруулсан эзэн хариуцагчгүй үлддэг тул Авилга амь бөхтэй оршиж, албан тушаалтнууд иргэдийг тавласан, даажигнасан байдлаар явсаар ирлээ. 

Нөгөө талаар манай нийгэм бүхэлдээ авилгын сүлжээгээр зохицуулагддаг сэтгэхүйтэй болсон бөгөөд ойлгомжтой, тууштай, тогтвортой байх тухай ойлголт үгүй болсноос ёс суртахуунт үзлийг нэгэнт эрхэмлэхээ больжээ. Мэдээлэл аль болох нээлттэй, аль болох дэлгэрэнгүй задаргаатай, харьяалагдах хуулийн этгээдтэй, хязгаарлагдах эрх, үүрэг нь тодорхойлогдсон бүх мэдээлэл ил болж, түүнд нэвтрэх бүх арга хэрэгслийг иргэдэд чөлөөтэй олгож байж л авилга орших үндэс үгүй болно гэдгийг бид дээр, дооргүй хүлээн зөвшөөрч, энэ зарчмыг шаардаж, өөрсдөө ч мөрдлөг болгож сурах цаг нэгэнт ирээд байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon