Нийтлэл 06 сарын 13, 2025

Шинэ Ерөнхий сайдын эмзэг цэг

МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал намын даргаа сонгож, МАН-ын бүлэг шинэ Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой байв.

Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулсныг УИХ-ын нийт гишүүдийн олонх дэмжээгүй тул Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Ингэснээр Үндсэн хуулийн 44.2-т заасны дагуу УИХ шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилох үүрэг хүлээв. Үйлдлийн дарааллын хувьд Үндсэн хуулийн 39.2-т “Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг ... Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.” гэж зохицуулсны дагуу явлаа. Энэ дараалал хууль зүйн хувьд мухардалгүй, олон салаа утгагүй. Харин үүнийг хэрэгжүүлж буй арга хэлбэр нь Ардчилсан засаглалын шинжид нийцэж байна уу? гэдэгт тодорхой эргэлзээ төрлөө.

Тухайлбал, УИХ-ын дийлэнх олонхийг бүрдүүлж буй МАН шинэ Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх нь зүйн хэрэг гэхдээ намын Удирдах зөвлөл цаашлаад Бага хурлаас нэрлэж буй нь зарчмын хувьд зөв үү? Улс төрийн шинжлэх ухааны системийн онолоор авч үзвэл улс төрийн тогтолцооны оролт буюу иргэдийн хүсэл сонирхлыг бодлого болгон парламентад хүргэх үүрэгтэй улс төрийн нам гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүнийг шууд сонгож байна. Нам бол төр биш, төрийн бүтэц ч биш учраас энэ арга зам нь Засгийн газрын тэргүүнийг сонгох парламентын бүрэн эрхэд халдаж байна гэх үндэслэлтэй. Нам буюу тодорхой бүлэг төрийн удирдлагыг бүхэлд нь тодорхойлж шууд удирддаг тоталитар, авторитар улс төрийн дэглэмд дээрхтэй ижил үйлдэл нийтлэг ажиглагддаг. Харин парламентын засаглалтай орнуудад намын дарга нь Ерөнхий сайдаар томилогддог нийтлэг жишигтэй.

Манай улс төрчдийн жишээ авах дуртай Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад төлөөлөгчдийн танхимын дийлэнх олонхийг бүрдүүлж буй эрх баригч намын дарга солигдох нь Ерөнхий сайд, Засгийн газар бүрэлдэхүүнээр огцрох нэг үндэслэл болдог аж. Жишээгээр тайлбарлавал, эрх баригч Консерватив намын Лиз Трасс намын гишүүдийн 1/3 саналаар 2022 оны 9 дүгээр сард намын даргаар сонгогдож тус улсын Ерөнхий сайд болсон. Гэвч тэрээр 10 сарын 24-нд дотоод сунгаагаар намын шинэ даргаар сонгогдсон Риши Сунакт маргааш нь улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээлгэн өгсөн. Тэднээс өмнөх болон хойших тус улсын Ерөнхий сайдууд эхлээд намынхаа дарга болдог байна.

Парламентад эрх мэдэл төвлөрдөг Япон, Канад, Австрали төдийгүй эрх мэдлийн хяналт, тэнцлийг бий болгосон Герман, Австри зэрэг Европын парламентын засаглалтай улсуудад ч адил зарчим үйлчилдэг. Энэ нь Ерөнхий сайд огцорно гэдэг парламент дахь олонх буюу өөрийн намынхаа итгэлийг алдсаныг агуулгын хувьд тодорхойлдог. Түүнчлэн намын даргын хувьд улс төрийн манлайлал, хүлээн зөвшөөрөгдөх чадваргүй болсны илрэл юм.

Шинэ томилогдсон Ерөнхий сайд Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн Монгол Ардын намын дүрмийн 20.3.7-т “намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох” гэсэн заалт байна.

Өөрөөр хэлбэл намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь УИХ дахь өөрийн намын олонх, цаашлаад УИХ-ынхаа итгэлийг хүлээхгүй болсон тул намын даргын албан тушаал нь албан бусаар түтгэлзсэн гэж үзэж намын Бага хурлаараа даргаа солих боломж байв. Мөн тэд шинэ даргаа сонгоод дүрмийнхээ 20.3.5-т “Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах;” гэснийг ашиглаж Ардчилсан тогтолцооны нийтлэг жишгийг удиртгал болгох эрх зүйн боломж байсан. Гэсэн ч Монгол Ардын нам дүрмээрээ тоглосонгүй.

АЧААГАА ҮҮРСЭН Ч ЯМБАА ЯАВ

Парламент, Засгийн газар хоорондын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хадгалах, зохист хэмжээнд байлгах нь хууль тогтоомж ард иргэдийн хүсэл сонирхлыг илэрхийлэх, түүнийг нь Засгийн газар өөрийн сонгосон арга замаар хараат бусаар, бие даан хэрэгжүүлэх, нөгөө талаар парламент хууль, бодлогын хэрэгжилтийг хянадаг, хариуцлага тооцох боломжтой байх үндсэн үзэл баримтлал дээр суурилдаг. Угтаа хяналт, тэнцэл гэдэг тус тусын утга, харилцааг илэрхийлнэ. Эрх мэдэл харилцан тэнцвэртэй байхын нэг шалгуур бол Засгийн газрын тэргүүн нь намынхаа дарга байж өөрийн Засгийн газрынхаа бүрэн эрхийг парламент дахь намын гишүүдийн нэгдмэл, сахилга батаар баталгаажуулдаг. Түүнчлэн намын дарга парламентын сонгуулийн нэр дэвшүүлэлтэд голлох эрх мэдэлтэй оролцдог нь парламент дахь өөрийн намын олонхийг удирдан чиглүүлэх гол хөзөр болдог. Нөгөө талаар гүйцэтгэх эрх мэдлийн парламентдаа барьц алдах мөнхийн шинж бол сөрөг хүчний идэвхтэй хяналт, улс төржилт, огцруулах санаачлага юм.

Парламентын Засгийн газартаа хяналт тавих үндсэн үүргийг бодит байдал дээр сөрөг хүчин гүйцэтгэж байдаг. Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах санаачлага ихэвчлэн сөрөг хүчнээс гардаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны сул тал, зайлшгүй огцруулах нөхцөлийг гаргаж тавьснаар сөрөг хүчин нь дараагийн сонгуулиар парламентад ялах боломжоо нэмэгдүүлдэг онцлогтой. Тэгэхээр яг үнэндээ Ерөнхий сайд парламентынхаа итгэлийг хүлээж байна гэдэг нь өөрийн намын олонхынхоо итгэлийг хүлээж байхын нэр юм. Учир нь парламентын олонх бол түүний нам шүү дээ. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад шинээр сонгогдсон Ерөнхий сайд Г.Занданшатар намын тамгаа аваагүй нь Засгийн газрынхаа УИХ-тай тэнцвэртэй байх үндсэн зэвсэггүй орж ирлээ гэсэн үг. Ингэснээр Ж.Эрдэнэбатын /2016 он/ 1.2 жилийн богино настай Засгийн газрын хувь тавиланг давтах нөхцөл байдалд орлоо.

Эхний ээлжинд Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ хараат бус, бие даасан байдлаар бүрдүүлэх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ УИХ буюу УИХ дахь өөрийн намаас ангид байлгах боломжгүй болж, Засгийн газар нь УИХ-ын бөөрөнд хавчуулагдаж, харцаар нь хөдлөхгүй гэх баталгаагүй болж байна. Өөрөөр хэлбэл шинэ Ерөнхий сайд хүчний тэнцвэрийг тогтоох, УИХ-ын олонхийн гишүүд дараагийн засагт орох “тасалбар захиалах” эсэхийг шийдэх үндсэн эрхээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс аваагүй байна.

Уг нь Ерөнхий сайдаа томилж буй Монгол Ардын нам УИХ-ын 53.9 хувийг бүрдүүлж буй энэ үед хууль батлах, Засгийн газартаа бодлогын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй олонх нэгдмэл, сахилга баттай байх зайлшгүй шаардлагатай. Гэтэл тэр энэ олонхдоо улс төрийн манлайлал үзүүлэх, шийдвэрт нөлөөлөх улс төрийн эрхээ олж авсангүй. Шинэ Ерөнхий сайд маань Хангайн бүсийн 9 мандатын сүүл мушгиж 55,935 сонгогчийн саналаар сонгогдсон УИХ-ын гишүүнтэй ч эн зэрэгцэхүйц иргэдийн дэмжлэгийг авч чадаагүй, хүлээн зөвшөөрөгдөх чадамж сул манлайлагч гэдгийг санахад илүүдэхгүй. Жагсаалт, тойргоос үл хамааран иргэдээс эрхээ авсан Их хурлын гишүүд маань иргэдээс “илгээлт” аваагүй Ерөнхий сайдад хэр удаан итгэл хүлээлгэж бодлогын дэмжлэг үзүүлэх вэ? Энэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байхад л эрх баригч намын УИХ-ын гишүүд шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа нэр бүхий гишүүний албан бланк дээр илэрхийлээд байна. Энэ бол дөнгөж томилогдсон Ерөнхий сайдын “эмзэг цэг” төдийгүй бүрэн эрхийн хугацааг тодорхойлох тооцоолуур боллоо.

 

Улаанбаатар хот

2025.06.13

Улс төр судлаач Э.Сундуй

 

Сэтгэгдэл бичих

    • Уншигч
    • Өчигдөр

    Ул суурьтай сайн бичьэр болжээ.

arrow icon