Нийтлэл 01 сарын 27, 2015

Авлига: Цуврал No4 - Муу засаглал (Poor Governance)

Улс орны амин чухал асуудлууд бүү хэл, нийгмийн амьдралын өдөр тутмын харилцааг зохицуулах хуулиуд нь хэрэгжихгүй байгаа шалтгааныг судлан, дүн шинжилгээ хийж сайжруулах бус гэнэт огцом, цочмог шийдвэр, захирамж, хууль яаран гаргадаг нь амьдралд нийцдэггүй, хууль хэрэгжүүлэх дэд бүтцийн ажиллагааны менежментээр хангах бололцоогүй, дутуу түүхий боловсруулагддаг байдал Муу засаглал бий болгосон үндсэн шалтгаан юм.

Нийгмийн харилцаа, ялангуяа хөгжлийн бодлоготой холбоотой хуулиудыг салбарын мэргэжилтнүүдийн бүрэн оролцоо, судалгаатай, тухайн харилцаанд оролцогч субъект бүрийн эрх ашиг, үүсэж болох эрсдэл, зөрчлийг шинжлэлгүйгээр, гагцхүү улс төрийн ашиг сонирхлын шийдэлтэй боловсруулж, батлагдсан хуулиуд нь амьдралын хэмнэлийг зохицуулагч, хөгжлийн бодлогыг тодорхойлогч байх чадамжаа алдаж, бидний тоглох үндсэн дүрэм биш эсрэгээрээ бүх үйл ажиллагаа, харилцааг  боомилсон гол саад тотгор болж байна. Энэ мэтээр нийгмийг цухалд хүргэсэн зэвсэг болдог тул хоорондоо үл авцалдах, хуулийн үйлчлэл нь үйл ажиллагааг зохицуулах бус улам зөрчилд оруулсан, аль ч салбар хуулиар хамгаалагдах үндэслэлгүй байгаа байдал авилга үүсгэсээр байгаа юм.

Миний бодлоор Засаглалын бүтэц өөрөө утгаа алдчихаад байгаагаас Муу засаглал ноёрхох суурь бий болсон болов уу. Монгол Улс хэдийгээр Парламентын засаглалтай гэгддэг боловч өнөөдөр Парламентынх ч биш, Ерөнхийлөгчийнх ч биш, бүр яг ямар засаглалын хэлбэрээр явж байгаа нь хэнд ойлгогдохоо байчихсан. Энэ нь улс төрийн хүчнүүд бодлогоор уралдах, тогтвортой хөгжлийн бодлого баримтлах бус тухайн цаг зуурын үзэгдлийг хянахын тулд нийгмийн дэмжлэгийг ямар ч хамаагүй аргаар өөрийн эрх ашигт нийцүүлэхийг л зорилго болгон намчирхах, нам дотроо бүлэгрэх, олон нийтийн дунд популист, шовинист үзэл дэлгэрүүлэх, цуурхал тарааж талцалдтатан оруулах байдал байнга өрнөх болсноор нийгэм тогтворгүйжиж, гадаад болон дотоод зах зээлийн араншин тогтмол сөрөг хандлагаар явсаар ирлээ.

Хуулиараа бол эрх мэдлийг нэг бүрчлэн хуваарилан, алдалгүй хувааж авсан мэт боловч хариуцлага хүлээдэг эрх мэдэлтэн харин олддоггүй нь юунаас үүдэлтэй вэ? 

Хэсэг улс төр судлаачид Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон зүйл”-ээс эхтэй хэмээн дүгнэдэг. Зарим хэсэг нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үеэс эрх мэдлийг өөртөө төвлөрүүлснээс үүдэлтэй гэдэг.

Манай орны нөхцөлд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог нь хэр оновчтой арга юм бол? Энэ жишиг намуудыг анхнаасаа хөгжлийн бодлогоор сонгуульд өрсөлдөх шалгуурыг үгүй хийж, гагцхүү ялахын тулд л улс орныг сөхрүүлэх аюултай, эсхүл биелшгүй амлалтууд байсан ч хамаагүй, төр, нийгмээ засаглах бус буяны үйлс амлаж халамжийн хүрээнд сонгогчдын тархийг угаах, үүгээр амжилтыг олохооргүй бол сонгуулийн санал худалдан авах, булхай, луйвар, завхрал, хор найруулал хийх зэрэг аль л муу жишгийг ил тод өдөөсөөр ирсэн билээ.

Энэ бүхнийг даван туулсныхаа шагналд тухайн намын дарга Ерөнхий Сайдын сэнтийд очсон ч бодлого хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх чадварлаг мэргэжлийн багаар кабинетаа бүрдүүлэх бололцоогүй байдаг. Засгийн газар байгуулах цаг үеэс эхлэн  албан тушаал, төсөв мөнгө, эрх мэдлийн хуваарилалтын найраа, талцаа, хэрүүл, тохиролцоо парламентын дунд ширүүн өрнөж ирсэн бөгөөд энэ бүхний эцэст ХАРИУЦЛАГА харин хэнд ч очдоггүй нэг тийм гажиг тогтолцоо нэгэнт бүрдээд байна.

Нөгөө талаар бохир бүхнийг давж хоёргүй сэтгэлээр зүтгэх эрмэлзэл байлаа ч хусмаа голсон намын нөхөд, бүлэглэлийн эрх ашгийн зөрчилдөөнтэй тулж Засгийн газрын ажлыг хэрэгжүүлэхэд бус Парламент, эсхүл нам доторх зөрчил, хэрүүлээ шийдвэрлэхэд сонгуульт хугацааныхаа ихэнхийг зарцуулсаар ямар ч ажил урагшилдаггүй. Нөгөө талд АТГ, Прокурор, Шүүх гэх зэрэг хуулийн засаглалыг бүх шатлалаар нь атгасан Ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй алив зөрчил Төрийг хямрал руу түлхдэг жүжиг бий болсныг саяхны үйл явдлууд гэрчилнэ.

Урт хугацааны мастер төлөвлөгөө байдаггүй, байсан ч түүнтэй уялдуулсан мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгуульд өрсөлддөггүй, гол төлөв амархан аз жаргалд хүрэх романтик төсөөлөл дээр ард түмнээ хууран гарч ирдэг тул хөгжлийн чиг хандлага тодорхойгүй, ямар аргаар, хэрхэн замнах, эсхүл үүсэж болох эрсдэлийг тооцох зэрэгт бус цаг зуурын үзэгдэл дээр тулгуурласан бодлогын бус, мөчлөгийн төсвийг жилээс жилд баталж, хяналт тооцоогүй зарцуулж ирснээс Засгийн газар ямар ч ажил хийсэн бай ард иргэдэд үр шим нь хүртээмжгүй байсан хэвээр.

Монгол Улс Парламентын засаглалтай л юм бол түүнийг улам бүр төгөлдөржүүлж, сонгодог парламентын төвшинд авчрах хөгжлийн алхмууд хийхийн тулд наад зах нь бодлого тогтоож шийдвэр гаргах эрхийг Ерөнхий сайддаа бүрэн олгож байж аливаа асуудал эзэн хариуцагчтай байхсан. Эзэнгүй байлгах сонирхол байсаар байвал шийдвэр гаргах “кноп” худалддаг, хусмаа голсон зодоонд кабинет нь туйлддаг, төрийн аливаа бодлого тулхтай хэрэгжих чиглэлгүй байдал хэвээр үлдэж ард иргэдийн төр засагт итгэх итгэл бүрэн сульдаж, нийгмийн ёс суртахууны доройтол дахин засагдах боломжгүй болтлоо гажуудахад хүрнэ.

Сэтгэгдэл бичих

arrow icon