Нийтлэл 02 сарын 02, 2015

Хуулийн шинэтгэл яагаад гацаанд орсон бэ?

Төгсгөл. Эхлэлийг эндээс уншина уу!

“RECHTSSTAAT” болон ”RULE OF LAW”-ийн ялгаа ба хамaг зүйлийн үндэс

Ром-Германы “Rechtsstaat” гэсэн ойлголт болон Англи-Америкийн ”Rule of law” гэх ойлголтуудын хооронд зарчмын үндсэн гол ялгаа байхгүй. Гэхдээ энэ хоёр тус тусдаа эрс тэс өөр эрх зүйн бүлийн ойлголт. Энэхүү үзэл баримтлалаа тайлбарлахын тулд энэ герман болон англи нэр томьёо нь алдаагүй зөв томьёологдсон юм гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Үүнийг хэлэх болсон шалтгаан нь миний бие 2005-2007 оны хооронд Дэлхийн банкны шугамаар Монголын нийт Хуулийн их дээд сургуулиудын Үндсэн хуулийн эрх зүй, Эрх зүйн философийн хөтөлбөр, хэрэглэгдэх гарын авлагыг МУИС-ын ХЗС-ын захирал доктор Д.Солонго багш, одоогийн ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, зарим багш нарын хамт боловсруулан гаргасан юм. Одоо ч хэрэглэгдэж байгаа. Тэр үүднээсээ жирийн сонирхогчийн бус, эрх зүйн философийн онолын хүрээнд хуулийн шинэтгэлийг хялбар байдлаар тайлбарлах нь арга зүйн хувьд зөв санагдлаа.

Угтаа “Rechsstaat” нь төрийн /state/  тодорхой шинжүүдийг өөртөө агуулдаг бол ”Rule of law” нь төр /state/ гэсэн ухагдахууныг өөртөө хамааруулдаггүй. Харин монголчууд эртнээс Төрөө дээдэлдэг, Төр бүх зүйлийн үндэс гэдэг.

Британийн Үндсэн хуулийн эрх зүйд “Төр” /state/ нь хэзээд эрх зүйн нэр томъёо гэж ойлгогдож байгаагүй бол АНУ-д энэ ухагдахуун Холбооны төр /Federal state/ гэж ойлгогдож хэрэглэгддэг. Британид бие даасан сувернийн /individual sovereign/ асуудал хэзээ ч туйлын хэлбэрээрээ хөгжиж байсангүй тиймдээ ч үүний үр дүнд засаглалын туйлын эрхийн /absolute governmental power/ асуудал хөндөгдөж байсангүй.

Герман дахь үндсэн хуулийн эрх зүйн хөгжил бусдаас тэс өөр.  XIX болон XX зууны туршид Төрийн эрх, хуулийн засаглалын тэмцэл өрнөсөн байдаг.

Үүнтэй адил маргаантай асуудал тодруулбал улсын бүрэн эрхт бие даасан байдлыг хадгалах үүднээс Парламентыг болон хаан ширээнээс тусгаарлаж, хараат бус байлгах талаар маргаантай асуудал түүхийн арай өмнөх үед Их Британид болж байсан юм. Карл Стюарт хааныг цаазалснаар илэрдэг.

“Rechsstaat” эсвэл өөрөөр ”Rule of law” гэж нэрлэж байгаа энэхүү ойлголтын талаарх онолын үзэл баримтлалыг тайлбарлахын тулд бид юун түрүүн засгийн газар, нийгэм дэх эрх зүйг дээдлэн хүндэтгэх практик зарчмуудын постулатуудыг авч үзэх ёстой.

Хоёрдугаарт яагаад эдгээр зарчмууд нь зайлшгүй байх ёстой, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх тухай хэдэн юм хэлье.

Эцэст нь бид эдгээр зарчмууд болон бидний хэрэглэж буй “Rechsstaat” болон ”Rule of law” гэсэн ойлголтуудаар илэрхийлэгдэж байгаа уламжлалын хоорондох холбоог олох ёстой юм. Ингэхгүйгээр эрх зүйн бүлийн холимог бүтэц яагаад үр дагавар тарьдаг болохыг мэдэх бололцоогүй.

Ингээд авч буй асуудлын зангилааг тайлах үүднээс дараах асуултын аль нь зөв болох тухай ярилцъя.

Бидэнд хоорондоо ялгаатай үндсэн суурь зарчим шаардлагатай юу, өөрөөр хэлбэл нэг нь “Rechsstaat”-ын үндэс суурь нөгөө нь ”Rule of law”–н суурь зарчим байх ялгаатай зарчмууд хэрэгтэй юу? Эсвэл хоёуланг нь нийлүүлээд дундаас нь Холимог хуурга болгочих юм уу? Тэгвэл эдгээр хоёр ойлголтод аль алинд нь тохирох нийтлэг үндсэн зарчмууд байх шаардлагатай юу?

Герман болон Их Британийн түүхэн уламжлал болон өнөөгийн улс төрийн байдлыг аль алиныг нь авч үзвэл дээрх хоёр нэр томъёо хэлбэрийн хувьд ижил утгатай мэт. Тэгэхээр нийтлэг үндсэн зарчим байх ёстой болох нь гэж ойлгож болох.

Тэр үүднээс авч үзвэл ”Rule of law”-н талаарх хамгийн сайн концепц бол “Rechsstaat” талаарх концепц байна гэсэн үг.

Гэхдээ Үндсэн хуулийн үндсэн бүтцийн ерөнхий онолын дагуу Үндсэн хуульчлагдсан Үндсэн хуулийн хоёр өөр эрх зүйн бүлийн ойлголт нь бодит байдал дээр тулгуурлаж байгаа болохоор ижил зарчмын үр дүн нь ижил байх албагүй гэдгийг энд анхааруулж хэлэх нь зүйтэй биз.

Би өөрийн үзэл бодлыг хоёр үе шаттайгаар тайлбарлая.

Нэгдүгээрт “Rechsstaat” болон ”Rule of law”–н хоорондох ялгаа бол цэвэр нэр томъёоны асуудал бөгөөд цаад мөн чанар нь ижил гэдгийг батлах гэж оролдоно.

Хоёрдугаарт эдгээр нэр томъёо, эрх зүйн бүлийн алийг нь хэрэглэсэн бай аль алинд нь баримтлах нийтлэг зарчмуудыг гаргаж ирэх явдал болно.

Германы Үндсэн хуулийг судлаачид “Төр” гэж ярьдаг бол энэхүү “Төр” гэсэн ойлголтын дор Англичууд “Хаан ширээ”, “Засгийн газар”-аа ойлгодог бүр зарим тохиолдолд “Парламент”,  “Шүүх”-г хүртэл энэ ойлголтод хамруулж ойлгодог гээч.

Кельзений “Rechsstaat”-н талаарх “материаллаг” үзэл баримтлалыг хөндөхгүйгээр бид энэхүү нэр томъёогоор илэрхийлэгдэх тэр зүйлийг тодорхойлох шалгуурыг гаргаж ирж чадахгүй.

“Recht” болон ”Law” гэсэн ухагдахуунууд нь агуулгын хувьд идеал шинжтэй бөгөөд аль аль нь хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг илэрхийлдэг. Энэхүү идеалын цаад мөн чанарын тухайд маргах шаардлагагүй. Бүх хуульчид мэднэ. Тиймээс цаг үрэх хэрэггүй байх.

Кельзений “Rechsstaat”–н талаархи материаллаг ойлголт нь цэвэр формаль байдаг. Энэ нь процессын асуудлыг агуулгыг нь үл харгалзан тайлбарлана гэсэн үг.

Өөрөөр хэлбэл ”Rule of law”-н талаарх миний концепцыг тодорхойлж буй зарчмууд нь уг зүйлийн агуулгыг эсвэл зорилгыг огт тайлбарлахгүй харин хууль тогтоох, гүйцэтгэн засаглан удирдах, шүүн таслах асуудлыг цэвэр хэлбэр талаас нь тодорхойлох боломжтой.

Эрх зүйн идеал хэлбэрийг агуулж буй идеалууд нь идеал агуулгатай байх албагүй юм. ”Rule of law” нь шударга ёсыг тодорхойлогч олон элементүүдийн зөвхөн нэг нь боловч хамгийн чухал элемент бодлогоороо онцлогтой.

Иймээс эрх зүйн энэхүү идеал хэлбэрийн хамгийн чухал зарчмуудын талаар тайлбарлах гэж оролдъё.

Ж.Локк нэгэнтээ “Хууль тогтоох буюу хамгийн дээд засаглал нь өөрийн гаргасан хууль тогтоомжийг Засаглан Хэрэгжүүлэх эрхийг өөртөө олгох ёсгүй. Харин шударга ёсыг тогтоох үүднээс ингэх нь зөв эсэхийг асууж тогтоолгох Шүүхийг байгуулж түүнийг шийдвэрлэх эрхтэй шүүгчдийг бий болгох хэрэгтэй” гэсэн байдаг.

Локкийн энэ үгнээс бид амьдралд хэрэгжиж байгаа, үйлчилж байгаа хуулиуд нь бүх хүмүүст хүрсэн түгээмэл шинжтэй байх ёстой гэсэн зарчмыг олж харж болно. Эрх зүйн хэм хэмжээнүүдийн үнэлэмжийг тодотгосноор идеал эрх зүйн хоёр дахь зарчмыг гаргасан. Энэ бол тогтвортой байх зарчим юм. Гэтэл ганцхан жишээ хэлэхэд бид бүгдийн сайн мэдэж байгаачлан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байх нь муухай гээд хэчнээн ч ярьж, хурал зөвлөгөөн хийж, лобби, хуйвалдаан болов доо.

Гурав дахь зарчмын хувьд гэвэл хууль бүх нийтэд тодорхой нээлттэй байж тухайн хуулийн үйлчлэлийг хүртэх тэр бүх хүмүүс мэдсэн байх ёстой гэсэн санаан дээр тулгуурлах нээлттэй ил тод байх зарчим юм.

Ийм арга замаар л хүмүүс өөрсдийн эрх, үүргийн талаар ойлголттой болно. Түүнээс биш хэн нэг дарга, мундаг хүн хориглосон хууль санаачлан батлуулснаар бүх асуудал шийдэгдэх ч үгүй, боломж ч байхгүй. Том даргын үгэнд хууль тогтоогчид нэг удаа орж болох ч, дахин орохгүй байх ч боломж бий.

Эдгээр үүргүүдийг авч үзсэнээр дээрх бүгдээс уламжлаад дөрөв дэх зарчим урган гарч ирж байна. Энэ бол эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэхийг үл хүлээн зөвшөөрөх агуулга бүхий зарчим юм.

Энэ зарчмууд Лон Фюллерийн “The Мorality of Law” номд тусгагдсан байдаг онол. Фюллер дээрх түгээмэл байх, тогтвортой байх, ил тод байх,  урьдчилан таагдахуйц тодорхой байх гэсэн зарчмууд дээр нэмж нэмэлт шалгууруудыг авч үздэг.

Тухайлбал хууль, эрх зүй нь хоёр салаа утгагүй, нэг мөр ойлгогддог байх, хууль, эрх зүй нь эрх зүйн бүлийн хувьд өөр хоорондоо зөрчилддөггүй байх, хууль, эрх зүй нь бололцоогүй зүйлийг шаарддаггүй байх гэх мэт онолын зарчмыг дэвшүүлсэн байдаг.

Энэ нь шууд утгаараа авч үзвэл эрх зүйн бүлийн өөр өөр бүлийн баримжаатай хууль эрх зүй нь байнгын зөрчилдөөнт үр дагаврыг үүсгэдэг байж болохыг илэрхийлж байна.

Иймд миний ойлгосноор Төрийн хамгийн анхдагч зорилго бол тодорхой дүрэм, журмын /Rule and Procedure/ дагуу хууль, эрх зүйг хэрэгжүүлэх л явдал юм. Гэхдээ Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн ерөнхий онол арга зүйн хүрээнд тухайн улсын Үндсэн хуульчлагдсан үндсэн эх сурвалж болох уламжлалт эрх зүйн бүлийн дагуу хууль тогтоомжоо засамжлах, хуулийн шинэтгэлийг хийх ёстой гэж үзэж байна.

 

Алтан цээжтэй, Мөнгөн бөгстэй, Зэсэн туурьтай, Гоолиг сайхан Эрлийз адуу

Монголын эрх зүйн системийн одоогийн энэ замбараагүй холимог байдлыг миний багш Бираагийн Чимидтэн “Алтан цээжтэй, Мөнгөн бөгстэй, Зэсэн туурьтай, Гоолиг сайхан Эрлийз адуу”-тай зүйрлэн хэлж, шүүмжилдэг байсныг хуулийнхан бүгдээрээ санаж байгаа биз.

Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн өнөөгийн зогсонги, буурай, төрийн институтүүд нь хоорондоо учир жанцангаа олж чадахгүй, жонхуурсан, хуулийн салбарын шинэчлэгдэхгүй зогсонги байдал, нийгэм, эдийн засгийн бэрхшээлт байдал, эцсийн дүндээ нийгмийг найрсалтай болгох үйл явцад саад болоод байгаа гол зүйл бол эрх зүйн системийн холимог эрээвэр хураавар цуглуулга юм.

Монгол Улс эрх зүйн /бүл/ системийн хувьд 1913 оноос Үндсэн хуулийн төслөө боловсруулж эхлэхдээ ч, 1924 онд баталсан Анхны Үндсэн хуулийн бүтэц нь Ром-Германы эх газрын эрх зүйн бүлийг чиг баримжаагаа болгосон.

1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд, 1990 оны Үндсэн хуулийн Нэмэлтийн хууль бүгд Эх газрын эрх зүйн бүлийг суурь фундамент болсоор ирсэн.

Гэтэл сүүлийн 10 илүү жил далайн холимог эрх зүйн чиглэлийн хууль тогтоомжууд олноор батлан гаргах, сүүлийн хоёр жил англо-америкийн эрх зүйн системийг шууд авах замаар явсан байна.

Нөгөөтэйгүүр Хуулийн амин сүнс гэх /Spirit of law/ ойлголт нь ганц тухайн хуульд л хамаатай зүйл биш бөгөөд комплект байдлаар нэгээс нөгөө хуульдаа шилжих замаар цогцоор хэрэгжих өвөрмөц зүй тогтол юм. Үүнтэй холбоотойгоор хэлэхэд манай улс Ром-Германы эрх зүйн бүлд хамаарагддаг гэгдэн ихэнх хууль тухайн бүлд хамаарагдан боловсрогдсон.

Тухайлбал, иргэний эрх зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомжууд нь эх газрын эрх зүйн системд үндэслэсэн, шууд үйлчлэлийн механизмтай байхад, Санхүү, бизнесийн харилцааг зохицуулсан зэрэг зарим хууль тогтоомжууд нь Англо-Саксоны, бүр Далайн эрх зүйд үндэслэн зохицуулагдсанаас хамаарч системийн хямралд хүргэж байна. Учир нь улс орны эдийн засгийн болон хөгжлийн хурдасгуурт хуулийн салбарын шинэчлэгдэхгүй удааширсан байдал шууд нөлөөлж, хойш чирээд байгаа гол шалтгаан нь шүү.

Энэ нь бусад орны дэвшилтэд технологи, арга зүйг авч хэрэглэх нь зүйтэй ч, зарим талаараа тухайн уламжлалт өөрийнхөө систем, араа шүдэнд таарахгүй, цагийн механизмыг гацаачих, асуудал тарих боломжит суурийг бүрдүүлж болохыг үгүйсгэхгүй мэт. Онолын хувьд өөр эрх зүйн бүлийн хууль тогтоомжууд зохицолдохгүй гэж баталсан нь байхгүй ч, анхнаасаа концепцын хувьд өөр аспектууд бэрхшээл дагуулах нь дамжиггүй байх.

Үүнийг бичих шалтгаан нь хэн нэгнийг сайшаах, шүүмжлэх гэсэнгүй, манай хуулийнхан хийж буй зүйлээ олон өнцгөөс харж хэлэлцдэг, мэтгэлцдэг байх нь эрүүл үзэгдэл бөгөөд гол нь олон олон альтернатив гаргаж байх нь нийтлэг эрх ашгийн үүднээс зөв санагдсан болно.  Үүнийг ойлгон хүлээн авна биз ээ.

Гэвч эцсийн дүндээ хуулийн салбарын шинэчлэгдэхгүй, зогсонги удааширсан, бугшсан, өөрөө өөрийгөө барьж иддэг аалз шиг тогтолцоог ингэж задлахаас өөр арга байхгүй.

Энэ үүднээсээ Х.Тэмүжингийн маань хийсэн тэмцэл яруу тод бөгөөд үүргээ гүйцэтгэж чадсан юм шүү. Маш эр зоригтой, манлайллыг тэр үзүүлж чадсан, жим ч гаргасан.

Монгол Улсын ерөнхийлөгчийн эхлүүлэн хэрэгжүүлж буй зөв зүйтэй эрх зүйн шинэтгэлийг бүх талаар дэмжиж байгаа, арга зүйн хувьд анхаарах зүйл буйг судлаачийн хувьд илэрхийлэхийг хүслээ.

Одоо нэг зүйлийг төрийн институтүүд болоод улс төрийн хүчнүүд, иргэний нийгэм, хувийн секторууд ойлгож, нэгдэх хэрэгтэй.

Энэ бол нийгэм-эдийн засаг, нийгэм-төрийн институт байгууламж, манай бүх салбарт хойш чирэгч, гацаагч түгжээ болоод байгаа хуулийн салбарыг нэгдсэн нэг ойлголт, концепцоор шинэтгэх явдал юм. Өөр юу ч биш.

Монголын нийгмийн бүх бэрхшээлт асуудлын үндэс тэр юм. Талцал маргалдалгүй нэгдсэн нэг аргачлал, концепциор заавал хийх ёстой. Эс тэгвээс хуулийн салбарын ажилладаг механизм өөрөө хүсээгүй ч нийгмээ, цаашилбал тусгаар тогтнолоо хамгаалагч биш, харин ч идэгч болж хувирч магадгүй дүр зураг харагдаж эхэллээ. 

Учир нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш хэд хэдэн удаагийн шинэтгэх оролдлогууд, алдаа оноо, сургамжууд байгаа болохоор, гол нь тэдгээрийг хэрэгжүүлэгч субъектүүд нь амьд сэрүүн тул тэднийг хамтатган онолын нэгдсэн арга зүй, үзэл баримтлалын дагуу энэ удаа хийж чадах бүрэн боломжтой.

Эцэст нь хэлэхэд хуулийн салбарыг шинэтгэж байна гээд Үндсэн хууль, түүний үзэл баримтлалыг өөрчлөх, эрх зүйн бүлийн чиг баримжааг нураахыг хэлэхгүй гэдгийг хатуу ойлгох ёстой.

Дүгнээд хэлэхэд Б.Чимид багшийн хэлсэн “Намын дээр Төрийг гаргаж, Төрийн дээр Иргэнийг тавих” нь Эрх зүйт төрийн мөн чанар, аливаа Шинэтгэлийн мөнхийн агуулгат концепц байх ёстой шүү.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-02-03

    Энэ хоёр ойлголт бол мэдээж зарчимын хувьд бол нэг нь нөгөөгөөс үүдэн гарсан зүйл шүү дээ. Харин Үндсэн хуулийн эрх зүйн хувьд бууж хэрэглэгдэх хүрээндээ бол зарчмын хэд хэдэн том яалгаатай. Түүний хамгийн гол шинж бол нийгмийн халамжид түшиглэсэн болон Хувь хүний үзэлд найдах гэх ялгаа. Нөгөө нэг чухал шинж бол Ваймерын Бүгд найрамдах улсаас үүдэн гарсан Үндсэн хуулийн зарчмын асуулдлууд. Эцсийн дүндээ эдгээр ойлголтууд өөр хоорондоо салж байдаг гол зүйл бол dignity гэдэг ойлголт бөгөөд түүнийг Германд түүний Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд нэн чухалд тооцон авч үздэг бол Америк бол үүнээс өөр. Дээрхээс хархад нэг эхлэлтэй боловч өөр хоорндоо ялгаатай ойлголтууд болж таарч байгаа. Хагийн чухал нь эдгээр ойлголтыг манайд хэрхэн яаж оноон хэрэглэж буй гэдэг өөрөө агуулгыг хэрхэн танин мэдэхтэй холбоотой болох байхаа. Таныхаар энэ нэр томьёог хэрхэн буулгах бэ? Эрх зүйт төр? Эрх зүйт ёс? Хууль дээдлэх ёс? Хуулийн засаглал? бусад? Яагаад монголд хэрхэн буух бэ гэж асууж байна гэвэл манайд энэ ойлголт байдаг уу үгүй гэх зүйлийн хариулахад хялбар болох үүнднээс ийнхүү хөндөж тавьлаа.

    • Зочин
    • 2015-02-02

    Sain bichsen bna.

    • Зочин
    • 2015-02-02

    Rechtsstaat gej bichdeg

arrow icon