Саусгоби Сэндс ХХК дампуурах эрсдэлтэй.

Саусгоби Сэндс ХХК-ийн ажилтан асан 3 гадаад иргэн татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхээс хорих ял авсантай холбогдуулан уг компаниас гаргасан мэдэгдлийг товчлон хүргэж байна.

Саусгоби компанийн тухайд:

Саусгоби Ресурс компани нь Торонто болон Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй бөгөөд нийт хувьцааных нь 47.9%-ийг Торонто болон Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс компани эзэмшдэг. Туркойз Хилл Ресурс нь Саусгоби компанийг 2012 оны 9-р сараас удирдах болж,  компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулсан. Туркойз Хилл Ресурс компанийн ихэнх хувийг Рио Тинто эзэмшдэг. Саусгоби Ресурс компани нь Монгол Улсын өмнийн хэсэгт орших төмөрлөгийн болон эрчим хүчний нүүрсний орд газрын хайгуул болон олборлолтын үйл ажиллагаанд төвлөрөн ажиллаж байна. Тус компани нь Монгол Улсад бүртгэлтэй, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин, өөрийн гол орд болох Овоот Толгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг Саусгоби Сэндс компанийг 100 хувь эзэмшдэг юм. Компани нь Овоот Толгойн ордоос олборлосон нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлдэг.

Хэрэг эхэлсэн хугацаа:

2012 оны 10 сар- 2015 оны 1 сар

 30 сарын турш Саусгоби Сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан 3 иргэн болох Жастин Капла, Хиларион Кажуком, Кристобал Дэвид нарыг Монгол Улсын Татварын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан, ажил олгогчийн хувьд Саусгоби Сэндс ХХК-ийг иргэний хариуцагчаар татан шалгасан. Эдгээр иргэдийг Монгол Улсын хилээр гарахыг мөн хоригложээ.

Шүүх хурлын дүгнэлт:

2015 оны 1 сарын 28 - 1 сарын 30-нд шүүх хурал явагдаж, дараах дүгнэлтийг гаргасан.

  1. Компанийн ажилтан асан 3 иргэнийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт буруутайд тооцон чанга дэглэмтэй хорих ангид 5 жил 6 сараас 5 жил 10 сар хүртэлх хугацаагаар хорих
  2. Саусгоби Сэндс ХХК-аар иргэний хариуцагчийн хувьд 35.3 тэрбум төгрөгийн торгууль төлүүлэх

Саусгоби Сэндс ХХК нь тус шүүх үйл явцад бүрэн оролцож чадаагүй, өөрийн гэрчүүдийг дуудах бололцоо олгоогүй аж.

Компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал С.Энх-Амгалан ийн мэдэгджээ:

“Бид шүүхээс гаргасан шийдвэрт маш сэтгэл дундуур байна. Шинжээчдийн хилс дүгнэлтэд үндэслэн ял оноох ёсгүй. Бид хуучин ажилтнуудаа тууштайгаар хамгаалж буй бөгөөд давж заалдах болно.”

 

 ТАЙЛБАР, ДҮН ШИНЖИЛГЭЭ

Шинжээчийн дүгнэлтийн асуудалтай байдал:

Хууль хяналтын байгууллагаас томилогдсон шинжээчид нийт 4 удаа өөр хоорондоо агуулгын хувьд зөрчилтэй, ямар ч баримт нотолгоогүй, Монгол Улсын татварын тухай хууль тогтоомж болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартуудтай нийцэхгүй дүгнэлтүүд гаргасан гэж Саусгоби Сэндс үзэж байна.

Шинжээчдийн татвараас зайлсхийсэн гэж дүгнэсэн дүн хэд хэд өөрчлөгдсөн:

  • 2014 оны 12-р сарын дүгнэлт: 35,3 тэрбум
  • 2012 оны 12-р сарын дүгнэлт: 234 тэрбум
  • 2014 оны 1-р сарын дүгнэлт: 84,9 тэрбум

 

Анхан шатны шүүхийн дүгнэлт:

2014 оны 8-р сард эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс дээрх дүгнэлтүүдийн эрс зөрүүтэй болон алдаатай байдлыг хүлээн зөвшөөрч прокурорын зүгээс гаргасан яллах дүгнэлтийг эргэлзээтэй, нотлох баримтууд хангалтгүй байна гэж үзэн уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулах шийдвэр гаргасан.

 

Нэмэлт мөрдөн байцаалтын хүрээнд гарсан өөрчлөлт:

Нэмэлт мөрдөн байцаалтын хүрээнд шинжээчдийн гаргасан сүүлийн 4 дэх дүгнэлтийг 2015 оны 1 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болсон шүүх хуралд танилцуулсан билээ.  Сүүлийн дүгнэлт нь өмнөх гурван дүгнэлтүүд дэх мэдээлэл, алдааг давтсан бөгөөд зөвхөн татвараас зайлсхийсэн гэх дүнг л өөрчилсөн юм. Компанийн зүгээс сүүлийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдийн адил хэргийн нотолгоо болох чадваргүй гэж үзэж байна.

 

Татвараас зайлсхийсэн гэх дүнг компанийн борлуулалтад харьцуулвал:

Хэрэгт хамаарч буй 2007-2011 онуудад Саусгоби Сэндс ХХК нүүрсний борлуулалтаас нийт 456.8 тэрбум төгрөгийн орлого олж, 103.1 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төлсөн. Дээрх татвараас зайлсхийсэн гэх дүгнэлтүүдийн дүнг Компанийн төлсөн татвар дээр нэмж тооцвол Компани нийт олсон орлогынхоо (ашгийнхаа биш) 74%, 41% болон 30%-ийг төлөхөөр байгаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжоор зөвшөөрсөн хувь хэмжээнээс илт хэтэрсэн байна.

 

Олон улсын аудитын компанийн дүгнэлт:

Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад Компани энэ хэрэгт дурдагдсан “зөрчлүүдийг” хянаж шалгах зорилгоор дэлхийн том, нэр хүндтэй аудитын компанийг хөндлөнгийн зөвлөхөөр урьж ажиллуулсан. Тус аудитын компани бүх асуудлыг шинжлэн ажилласны үр дүнд шинжээчдийн илрүүлсэн гэх “зөрчлүүд” нь үндэслэлгүй болохыг баталсан байдаг ба энэхүү буруу дүгнэлтүүд нь Монгол Улсын Татварын тухай холбогдох хууль тогтоомж болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу бэлтгэдэг уул уурхайн компанийн санхүү, бүртгэлийн тайланг алдаатай ойлгосноос үүдэлтэй гэж үзсэн байна. Мөн тус аудитын компани шинжээчид нь Компанийн баримт бичиг, мэдээллийг бүрэн гүйцэд шалгаагүй болохыг онцолсон юм.

 

Шинжээчдийн дүгнэлтээр гарсан мөнгөн дүнгийн тайлбар:

2015 оны 1 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болсон шүүх хуралд танилцуулсан шинжээчдийн дүгнэлт нь эргэлзээтэй, баримт нотолгоогүй болохыг харуулсан жишээнүүдээс дурдвал:

  1. Шинжээчид нь Саусгоби Сэндс ХХК-ийг  24,3 тэрбум төгрөгийн хуурамч өглөг үүсгэсэн “зөрчил” гаргасан гэж дүгнэж буй юм. Энэ нь нийт 35.3 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх дүгнэлтийн 70% орчим юм.

 Энэ дүн нь зөвхөн Саусгоби Сэндс ХХК-д толгой компани Саусгоби Ресурс компаниас оруулсан 693.9 сая ам.долларын (968.9 тэрбум төгрөг) хөрөнгө оруулалтыг төгрөгт хөрвүүлсэн дүнд валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн бодит бус алдагдалтай холбоотой юм.  Уг дүнг МУ-ын татварын хуулиар татвар ногдуулах орлогоос хасдаггүй боловч олон улсын стандартаар бэлддэг санхүүгийн тайланд хасаж тооцдог. Энэ хоёр тайлангийн ялгааг ойлгоход туслах үүднээс Саусгоби Сэндс ХХК-ийн зүгээс мөрдөн байцаалтын явцад шинжээчдэд болон холбогдох байгууллагуудад зөрүүгийн тайлангуудыг хүргүүлсэн. Гэвч шинжээчид зөрүүгийн тайлангуудыг үнэн зөв хянаж шалгасангүй.

  1. Өөр нэг жишээ нь, шинжээчид нь “бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн” бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлөх ёстой гэж дүгнэж буй юм. Шинжээчдийн дүгнэлтэнд дурдсан эдгээр бараа нь

1) галд шатаж устсан тоног төхөөрөмж,

2) бүрэн элэгдэж хорогдсон одоог хүртэл уурхай дээр байгаа үндсэн хөрөнгө

3) хэрэгцээний шаардлага хангахгүй болж акталсан одоог хүртэл уурхай дээр байгаа тоног төхөөрөмж

4) орон нутгийн байгууллагуудад хүсэлтийнх нь дагуу цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийн төлбөрийг шилжүүлэх зэрэгт бэлэн мөнгөөр зарцуулсан хандив тусламж юм.

Эдгээр зүйлст НӨАТ ногдуулах нь Монгол Улсын НӨАТ-ын тухай хуультай зөрчилдөж байна.

Иргэний ба эрүүгийн шүүхийн хэрэг болох талаар:

Татварын маргааныг иргэний журмаар шийдвэрлэх ёстой байдаг ч эрүүгийн гэмт хэрэг болгон шалгаж, ял ногдуулсан. Холбогдох байгууллагуудаас удаа дараа тодруулах хүсэлт явуулаад хариу аваагүй.

 

Прокурорын яллах дүгнэлт өөрчлөгдсөн тухай:

Прокуророос 2015 оны 1 сарын 29-ний өдөр гаргасан яллах саналд Саусгоби Сэндс ХХК-ийн ажилтан асан 3 иргэнийг хорих талаар огт дурдаагүй болохыг Компани онцолж байна. Харин 2015 оны 1 сарын 30-ны өдөр прокурор яллах саналаа өөрчилж хорих ялын санал оруулсан юм.

 Саусгоби Сэндсийн байр суурь:

Компанийн зүгээс энэ үйлдлийг тодруулах зорилгоор хуулийн туслалцаа авч буй болно. Компани ямарваа нэг байдлаар татвараас зайлсхийгээгүй бөгөөд давж заалдах болно. Компани өөрийгөө тууштайгаар хамгаалах бөгөөд ажилтан асан 3 иргэнийг давж заалдах үе шатанд бүрэн дэмжих болно.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР КОМПАНИД НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ

2015 оны 1 сарын 30-ны байдлаар Компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 3.3 сая ам.доллар байгаа нь дээр дурдсан торгуулийг төлөхөд хүрэлцэхгүй юм. Уг бэлэн мөнгөний үлдэгдэлд Монгол Улс дахь банкны дансанд битүүмжлэгдсэн байгаа 1.2 сая ам.долларыг оруулаагүй болно. Өмнө нь мэдэгдэж байсанчлан Компани үйл ажиллагаагаа явуулах, төлбөрийн үүргээ биелүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг идэвхтэй хайж буй болно. Компаниас 2014 оны 11 сарын 10-нд гаргасан Удирдлагын Мэдээлэл болон Дүгнэлтийн “Эрсдлийн хүчин зүйлс” хэсэгт (www.sedar.com-д буй) дурдсанчлан хэрэв энэ хэрэг үнэн зөв шийдэхгүй бол Компани төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болж сайн дурын болон сайн дурын бус дампууралд орж болзошгүй юм. 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4819

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%