Нийтлэл 02 сарын 09, 2015

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛД ЗААВАЛ СУУХ 4 ШАЛТГААН

Монголын өнөөгийн нөхцөл байдал

Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал алгуур сайжирч байгаа ч олон улсын түвшинд хүрээгүй хэвээр байна. Энэ нь хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сулрахад хүчтэй нөлөөлдөг. Тэгвэл гадаадын томоохон биржүүдэд бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийг зохицуулагч байгууллагаас, компаниас өөрөөс нь эсвэл санхүүгийн мэдээлэл, судалгааны байгууллагын сайтуудаас  авах боломж бүрэн дүүрэн байдаг.

Жишээ нь, АНУ-ын “Үнэт цаасны арилжааны хороо”-ны EDGAR /Electronic Data Gathering, Analysis, and Retrieval/ системд АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд зохицуулалтын шаардлагын дагуу олон төрлийн чухал мэдээлэл, тайлангаа  илгээдэг. 

Харин “Үнэт цаасны арилжааны хороо” нь зохицуулалтаар хүлээн зөвшөөрөгдсөн мэдээлэл, тайланг өөрийн сайтаар дамжуулан олон нийт үзэж болохоор зохион байгуулжээ. Ингэснээр мэдээллийн ил тод байдал эрс сайжирч, зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл эрс өсдөг.

 Дээрхээс гадна хувьцаат компаниуд өөрсдийн вэб сайтаараа дамжуулан санхүүгийн тайлан, үйл ажиллагааны тайлангаа цаг тухай бүрт нь олон нийтэд хүргэдэг. IR буюу Investor Relations-ийг хариуцсан алба эсвэл хүнийг томилж хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх ажлыг хариуцуулж байна. Үр дүнд нь, тухайн компанид итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгддэг.

Мөн блүүмбэрг, ройтерс, маркет воч, сийкийн альфа гэх зэрэг санхүүгийн томоохон хэвлэл мэдээлэл, судалгааны байгууллагууд нь хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниудтай холбоотой мэдээллийг цаг тухайн бүрт нь бүрэн гүйцэт хүргэх ажлыг дэвшилтэт технологи ашиглан гүйцэтгэж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид шийдвэр гаргахад шаардлагатай дийлэнхи мэдээллээ цаг алдалгүй, их хүч хөдөлмөр, зардал гаргалгүй авч чаддаг.

Ройтерсийн вэбсайтад байршиж буй Оюу Толгой төслийн 66 хувийг эзэмшиж буй Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Turquoise Hill Resources –ийн мэдээлэл http://www.reuters.com/finance/stocks/overview?symbol=TRQ

Мэдээллийг үнэн бодит, бүрэн гүйцэт хэлбэрээр ил тод болгож буй эдгээр сувгууд нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, шийдвэр гаргах процессийг хялбаршуулсаар байна. Үүний хэрээр арилжааны хэмжээ өсч, зах зээлийн хөрвөх чадвар сайжирдаг. Харин Монголын хувьд дээрх мэдээллийн сувгуудаас аль ч хангалттай түвшинд хүрч хөгжөөгүй.

 Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ашиглах үнэн бодит, бүрэн гүйцэт мэдээлэл, судалгааг хэрхэн цуглуулах вэ гэдэг нь маш хүнд даалгавар юм.

Хувьцаа эзэмшигчдийн хурал бол мэдээлэл авах хамгийн оновчтой эх сурвалж

 Монгол улсын “Компанийн тухай” хуулийн 59.4-д заасны дагуу хувьцаат компаниуд нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах үүрэгтэй. Харин бид та бүхэнд уг хуралд заавал суух 4 шалтгааныг хүргэж байна.

 1. Анхдагч эх сурвалж: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд компанийн ТУЗ-ийн гишүүд болон гүйцэтгэх удирдлагууд оролцдог. Энэ нь танд шийдвэр гаргах түвшиний хүмүүст өөрийн биеэр шууд асуулт тавьж, хариултаа өөрсдөөс нь буюу анхдагч эх сурвалжаас нь ямар нэг дамжуулагчгүйгээр шууд авах боломжийг олгоно. Энэ утгаараа хамгийн үнэн бодит мэдээлэл авна гэсэн үг. Авсан мэдээлэлдээ зөв анализ хийж чадвал оновчтой шийдвэр гаргаж чадна.

2. Бүрэн гүйцэд мэдээлэл: Ээлжит хуралд гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн захирал, үйлдвэрлэл хариуцсан захирал, маркетинг, борлуулалтын албаны захирал гэх мэт шийдвэр гаргах түвшиний хүмүүс бүгд оролцдог. Эдгээр эрх бүхий хүмүүс нэг дор цуглах, тэднээс асуулт асуух боломжийг ээлжит хурал олгодгоороо бүрэн гүйцэт мэдээлэл авах боломж бүрддэг. Ийнхүү ээлжит хуралд оролцсоноор танд үнэн бодит, бүрэн гүйцэт мэдээлэл авах боломж нээгдэнэ.

3.  Цаг бага зарцуулж, зардал хэмнэнэ: Монголын өнөөгийн нөхцөл байдалд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд суухгүйгээр үнэн бодит, бүрэн гүйцэт мэдээлэл цуглуулна гэдэг маш их цаг хугацаа, зардал гаргадаг ажил болдог. Мөн үр дүн нь ямар байхыг шууд таамаглах боломжгүй. Харин хуралд оролцсоноор цаг хугацаа, зардал хэмнэнэ. Үр дүн ч тодорхой болно.

4. Өнгөрсөнийг үнэлэх, ирээдүйг төлөвлөх цаг: Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн удирдлагууд өнгөрсөн жил ямар төлөвлөгөө тавьсан болоод бодит байдалд хэрхэн ажилласан тухай өөрсдийн дүгнэлтийг өгч, байр сууриа илэрхийлдэг. Ингэснээр хөрөнгө оруулагчид компанийн удирдлагуудыг зорьсондоо хүрсэн эсэхэд бодит дүгнэлт хийх боломжтой болно. Үүний дараа удирдлагууд ирэх жилийн төлөвлөгөөгөө танилцуулдаг. Эндээс тэдний төлөвлөгөөнд үндэслэн ханшийн таамаг хийх боломж гарч ирнэ. Хамгийн гол нь төлөвлөгөөнд тусгасан тоог ашиглахдаа өнгөрсөн жил зорьсондоо хүрч чадсан эсэхтэй зөв уялдуулан дүгнэлт хийх хэрэгтэй. Ингэж чадвал харьцангуй бодит таамаг хийнэ. Өнгөрсөн ба ирээдүйн холбоосыг бодитоор харах боломжийг ээлжит хурал танд олгоно.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал бол хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай үнэн бодит, бүрэн гүйцэт, чухал мэдээллийг хамгийн бага зардлаар, богино хугацаанд авах суваг юм. Хэрэв та хувьцаанд хөрөнгө оруулсан, түүнийгээ өсгөхийг хүсч байгаа бол ээлжит хуралдаа заавал суугаарай. Хуралд оролцсоноор хувьцааныхаа өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг бодитоор үнэлэх боломж бүрдэж оновчтой шийдвэр гаргаж чадна.

Эцэст нь хэлэхэд, хамгийн гол нь ЗӨВ АСУУЛТАА ЗӨВ ЦАГТ НЬ ЗӨВ ТАВИХ юм.

 Энэ жилийн ээлжит хурлын товууд зарлагдсаар байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тов МХБ-ийн сайтад байршдаг. Та дараах линкээр орж үзнэ үү. http://mse.mn/conf/list

Сэтгэгдэл бичих

arrow icon